Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0644

 

“Ю о” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Гомдлын шаардлага: нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0071478 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 684 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Д.У, Ж.Д

Хариуцагч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0496/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Ю о” ХХК-иас “нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0071478 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр: Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан “Ю о” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт “Түүнчлэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаас үзвэл хөлдөөгчийг залгасан уртасгагчаас гал үүсээгүй байна” гэжээ.

Гэвч түрээслэгч Н.А-ын хөлдөөгчийг залгасан уртасгагч болон хананы разетканы зураг хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт огт авагдаагүй. Мөн дэлгүүрийн гал гарсан хэсэг болох зүүн талд олон залгуурын уртасгагч байдаг ба түүнээс дахин уртасгагч залгаж түүгээрээ шатсан хоёр хөлдөөгчийг залгадаг байсан талаар хурлын явцад хариуцагч болон манай талаас маргаагүй.

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт авагдсан шатаагүй уртасгагчийн зураг нь зүүн талын уртасгагчийн зураг байх бөгөөд зөрчлийн хэргийн 7 дугаар хуудсанд гал гарах шөнийн өмнөх өдөр түрээслэгч Н.А-ын ажиллуулдаг махны лангууны худалдагч хөлдөөгчөө уртасгагчид залгаж байгаа зургийг харуулсан байдаг.

Тус гэрэл зургаас үзэхэд, хэргийн газрын үзлэгийг баталгаажуулсан зурагт харагдаж буй уртасгагчаас өөр загварын уртасгагч болох нь тодорхой харагдаж байна. Мөн галын улмаас хөлдөөгчийн арын хэсэг шаталт их хэмжээгээр авсан болох нь тодорхой харагдаж байх ба хөлдөөгчийг залгадаг байсан уртасгагч түүний ард байрладаг байхад уртасгагч шатаагүй байх боломжгүй юм.

Хариуцагч Э.Т хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ “шатсан хоёр хөлдөөгчийг гадагш гаргасан байсан ба хэргийн газрын үзлэг хийхэд хүндрэлтэй болгосон байв. Махны лангууны байрлах хэсгийн баруун талаас ирсэн цахилгааны шугамын утасны шугамаас дээж авч бэхжүүлсэн” гэж тэмдэглэсэн байх хэдий ч шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчаас “Та бүхний шинжилгээнд өгсөн утас нь уртасгагчийнх уу? цаад утасных уу гэдэг шинжилгээгээр гарч ирэх үү? гэх асуултад “Гарах боломжгүй. Би тэрийг хэлэх боломжгүй. Шинжээч л хэлнэ” гэж хариулсан байдаг ба хурлын явцад шинжилгээнд хамруулсан цахилгааны утсыг уртасгагчийн утас байх боломжтой гэж хариулдаг.

Мөн шүүх хурлын явцад өмгөөлөгч Д.У, хариуцагч Э.Т-ээс шинжилгээнд хамруулсан утас хэнийх болохыг асуухад хариуцагч нь “Н” ХХК-ийн утас гэх бөгөөд түүнээс баримтаар тогтоосон эсэх талаар асуухад тухайн утасны эзэн хэн болохыг тогтоох боломжгүй” гэж хариулсан. Үүнээс үзэхэд хариуцагч шинжилгээнд хүргүүлсэн уртасгагчийн утас нь хэний хэрэглэж байсан уртасгагчийн утас болохыг ч тодорхойлж чадахгүй байхад шүүгч бодит нөхцөл байдлыг буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн хариуцагч Э.Т дээрх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хананд байрлах разетка шатаж хайлсан байдалтай байсан гэх хэдий ч зургаар баталгаажуулаагүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ NIKON маркийн зургийн аппаратаар 10 кадр зургаар бэхжүүлэв гэсэн байх боловч нийт 8 фото зураг хавсаргасан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулахад тухайн үед тог тасарсан байсан учир харанхуйд харагдахгүй байсан учир зургийг оруулаагүй гэдэг. Түүний хавсаргасан бусад зургаас харахад харахуйд авсан зураг байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, барилгын хананд байрлах разетканаас гал анх гарсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх разетканаас гал гарсан байна гэж үзээд “Ю о” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаарт “Ю о” ХХК нь “Н” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр UO22/42 дугаар Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.17-д “Гүйцэтгэгч нь аливаа ХАБЭА-н ажиллагааг бие даан хариуцах ба үйл ажиллагааг явуулахдаа гарч болох эрсдэлийг арилгах, түүнээс сэргийлэх асуудлуудыг хариуцна гэж заажээ” гэж, 7 дугаар хэсэгт “Гэрээний уг заалтаас үзвэл, ханан дахь разетка болон түүнд залгасан уртасгагчийн хэвийн ажиллагаа, чанар, стандартын шаардлага хангасан эсэх зэрэг галын аюулгүй байдлыг хангаж ажиллах, галын аюулаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах үүрэг нь “Ю о” ХХК-д байсан нь дээрх гэрээний үүргээс харагдана” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэсэн тус гэрээний 3.1-д “Гүйцэтгэгч буюу “Ю о” ХХК нь үйлчилгээ үзүүлэх объектын цахилгаан хангамжийн дэд бүтцийн системийн хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах техник зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн.

Харин Х.Г шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Цахилгаан хангамжийн дэд бүтэц гэдэг нь үндсэндээ манайх хаалттай цахилгааны ТП болон ТП-д холбох тоноглол, кабель, шугам, ерөнхийдөө 2 ангилдаг дотор, гадна цахилгаан хангамж гэсэн дэд бүтцийг хэлдэг. Гадна цахилгаан хангамж гэдэг нь ТП-ний дотор цахилгаан тоноглол, кабель шугамуудыг хэлнэ. Дотор цахилгаан гэдэг нь барилгын хуваарилах самбар, гэрэлтүүлгийн самбар, ослын самбар, гэрэлтүүлэг, тухайн үндсэн разетка, далд шугамын цахилгааны монтаж, шугамыг хэлж байгаа юм” гэсэн, мөн “... хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл болон уртасгагчид манайх ашиглалтыг хариуцдаггүй” гэж мэдүүлсэн.

Тодруулбал, ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хариуцагч буюу “Ю о” ХХК нь цахилгаан хангамжийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ үзүүлж, тус хүрээнд л ХАБЭА-н ажиллагааг бие даан хариуцах ба үйл ажиллагааг явуулахдаа гарч болох эрсдэлийг арилгах, түүнээс сэргийлэх бүхий л арга хэмжээг урьдчилан харж осол аваараас сэргийлэх асуудлуудыг хариуцахаар харилцан тохиролцсон байдаг.

Өөрөөр хэлбэл, “Ю о” ХХК хэрэглэгчийн уртасгагчийн бүрэн бүтэн байдал, түүний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэх хуулийн зохицуулалтыг үл харгалзан ханан дахь разетканд залгасан уртасгагчийн хэвийн ажиллагаа, түүний галын аюулгүй байдлыг хариуцах мэтээр дүгнэн “Н” ХХК болон “Ю о” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг гэрээгээр тохиролцсон харилцаанаас хэтрүүлэн тайлбарлаж гэрээ байгуулсан нэг талын нөгөөдөө үүрэг болгоогүй зохицуулалтыг үүрэг хүлээж, түүнийгээ биелүүлээгүй мэтээр тайлбарласан байна.

Харин хэрэглэгчийн уртасгагч залгуур, түүний галын аюулгүй байдлыг хэн хариуцах талаарх харилцааг “Н” ХХК болон түрээслэгч Н.А нарын хооронд байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ” буюу нэг төрлийн түрээсийн гэрээгээр зохицуулдаг ба тухайлбал тус гэрээний 6.4-д “Хамтрагч /түрээслэгч/ буюу Н.А нь цахилгааны болон бусад цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ашиглах ба тэдгээртэй холбогдсон Монгол Улсын дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй гэж тухайлан зохицуулж, үүрэгжүүлсэн байхад анхан шатны шүүхээс тус хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр тус үүргийг “Ю о” ХХК биелүүлэх ёстой мэтээр дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад дутуу, буруу үнэлэлт, дүгнэлт өгч шударга ёсны зарчмыг зөрчсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаарт “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Харин Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хариуцлага оногдуулах тухай заасан.

Гэтэл хариуцагч нь гомдол гаргагчийг галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах шаардлагыг зөрчсөн гэж буруутгасан хэмээн анхан шатны шүүхэд тайлбарласан ч ямар хууль тогтоомж, дүрэм журмын аль заалт, хэсгийг зөрчсөн тухай шийтгэлийн хуудсандаа тусгаагүй бөгөөд шүүхэд ч тайлбарлаж чадаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу шийтгэлийн хуудсанд түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заах шаардлагатай. Энэ хүрээнд галын аюулгүй байдлын тухай ямар хууль тогтоомж, дүрэм журмын аль хэсэг зөрчигдсөн болохыг заах шаардлагатай боловч шийтгэлийн хуудас нь тус шаардлагыг хангаагүй.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дүгээрт “Иймд Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллажээ” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтад заасан галын аюулгүй байдлын шаардлагыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүйн улмаас тухайн зөрчил гарсан нь тогтоогдож байгаа учраас шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан.

Гэвч гомдол гаргагчаас “Хариуцагч нь шийтгэл оногдуулаад байгаа үндэслэлээ Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үндэслээд байгаа боловч ямар норм, нормативын баримт бичгийн, цаашлаад тухайн норм, нормативын баримт бичгийн ямар зүйл, заалтыг “Ю о” ХХК зөрчсөн юм бэ” гэж тодруулахад хариуцагч нь “Бичиг баримтын шаардлагыг биелүүлнэ гэдэг нь өдөр тутмын үзлэг хийх” Шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дахь талд үзлэг шалгалт хийсэн тэмдэглэл байхгүй. Тийм учраас энэ зүйл заалтыг авсан” гэж тайлбарладаг.

Харин “Ю о” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр гомдол гаргагч нь үзлэг шалгалтыг сар тутам хийх байхаар буюу Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д “Объект бүрээр Улаанбаатар хотод сард 1 удаа, орон нутагт хагас жилд 1 удаа шалгах хөтөлж хийгдэх ажлуудыг гаргаж захиалагч талд шийдэлийн хамт танилцуулна” гэж тохиролцож, сар тутам хийж байсан үзлэг шалгалтын тэмдэглэл нь зөрчлийн хэрэгт авагдсан байхад шүүх харгалзан үзээгүй.

Мөн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдэгт үзлэг шалгалт хийсэн тэмдэглэл хамаарахгүй тул хэний, хэзээ баталсан, ямар норм, дүрэм, журмын хэд дэх заалтыг биелүүлэх талаарх асуудал яригдаж байгаа талаар тодруулахад хариуцагч нь мөн хууль харж байж хэлэхгүй бол одоо цээжээр хэлэх боломжгүй гэдэг. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө гаргасан шийдвэрийг нотлох үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу шийтгэлийн хуудаст түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг заана гэсэн хуулийн шаардлагыг хангасан эсэхийг шүүх бүрэн дүүрэн дүгнээгүй.

Түүнчлэн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж дурдаж, хариу тайлбартаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг зөрчсөн гэх боловч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дотроо яг аль төрлийн зөрчлийг гаргасан гэж үзсэн нь шийтгэлийн хуудсанд тодорхойгүй, түүнд хуулийн шаардлагыг хангуулж дурдаагүй, үүнийг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй, ийм зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, гаргаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч эрх бүхий албан тушаалтны өмнөөс дүгнэлт хийжээ.

3.5. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудас нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэх учиртай боловч лабораторийн дүгнэлтэд үндэслээгүй.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн эсхүл хэрчдэс үүсэх эсэх, уг цахилгааны утсанд шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, хэт ачааллын аль хэсэгт хамаарах вэ? гэсэн асуултын “1, 2 дугаар асуултуудын хариулт хэсэгт “Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино залгаа үүсэж бөмбөлөг үүссэн байна. Дээрх бөмбөлөг нь гал түймрийн улмаас эсвэл цахилгааны гэмтлээс (богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м) болсон эсэхийг нарийвчилсан шинжилгээнд хамруулсны дараа тогтоох боломжтой гэж буюу нарийвчилсан шинжилгээнд хамруулсны үндсэн дээр гал гарсан шалтгааныг тогтоох шаардлагатай гэсэн.

Үүний дагуу гомдол гаргагч нь хариуцагчийг Геологийн төв лабораториор дээрх нарийвчилсан шинжилгээнд хамруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэж маргасан боловч анхан шатны шүүх бидний энэхүү үндэслэлийн няцаасан үндэслэлийг шүүхийн шийдвэрт тайлбарлаж, дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн “...нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэсэн хэсгээс бусад хариултуудыг үнэлж, дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нөхцөл байдлыг дутуу үнэлсэн нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь “лабораторийн дүгнэлтэд үндэслэх шаардлага хэрэгжүүлж ажиллажээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь лабораторийн дүгнэлт огт хийгдээгүй.

Шинжээчийн дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт нь тусдаа ойлголт тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэх тухай Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндэслэлээ болгосон шинжээчийн дүгнэлтийн объект болон уртасгагчийн аюулгүй ажиллагааг “Ю о” ХХК нь хариуцахгүй байтал гомдол гаргагч “Ю о” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэж үзэн, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл бүхий гомдлын шаардлагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0071478 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч Э.Т 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Н супермаркет *** салбарын махны худалдааны лангууны 2 хөлдөөгч шатсан гэх зөрчлийг шалган “Ю о” ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байна гэж үзэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0071478 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ю о” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохиролд 47 503 747 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Гомдол гаргагчаас “...шинжилгээнд дээж авсан хайлж түлэгдсэн цахилгааны утас нь олон залгуурын утас байгаагаас харахад гал гарсан шалтгаан нөхцөл нь барилгын хананы разетканы цахилгааны холболт, монтажнаас бус хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл буюу олон залгуурын хэт ачаалал, хэвийн бус ажиллагаанаас үүдэн гарсан байх боломжтой, “Ю о” ХХК нь Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тус барилгын ханан дахь разетка хүртэлх цахилгааны холболт, монтаж, цахилгааны аюулгүй байдлыг хариуцаж, ээлжит хяналт шалгалтыг хийж ажилладаг болохоос разеткаас тог авч буй хэрэглэгчдийн цахилгааны хэрэгслийн хэвийн, аюулгүй ажиллагааг хариуцдаггүй...” гэж тайлбарлан маргах бөгөөд анхан шатны шүүхээс “... Гал түймрийн улсын байцаагч нь Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу “Ю о” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 01071478 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Тодруулбал, 2302000072 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн UO/22/42 дугаартай “Ашиглалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нээс үзэхэд гомдол гаргагч “Ю о” ХХК нь “Н” ХХК-ийн “... эзэмшлийн болон ашиглаж буй объектын цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ашиглалтын засвар, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хариуцан ажиллах” бөгөөд тус гэрээний 3.17-д “Гүйцэтгэгч нь аливаа ХАБЭА-н ажиллагааг бие даан хариуцах ба үйл ажиллагааг явуулахдаа гарч болох эрсдэлийг арилгах, түүнээс сэргийлэх бүхий л арга хэмжээг урьдчилан харж осол аваараас сэргийлэх асуудлуудыг хариуцна. Мөн ХАБЭА-н шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас гарсан эд материалын болон ажилтан бэртэж гэмтэх цаашилбал хүний амь нас хохирсон нөхцөлд бүхий л хариуцлагыг хүлээнэ”, 3.18-д “Хариуцсан ажлын хүрээнд галын аюулгүй байдлыг хангах, тал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга зохион байгуулж ажиллана”, 3.19-д “Объект бүрээр Улаанбаатар хотод сард 1 удаа, орон нутагт хагас жилд 1 удаа шалгах хуудас хөтөлж хийгдэх ажлуудыг гаргаж захиалагч талд шийдлийн хамт танилцуулна”, 3.20-д “Үйлчилгээ үзүүлэх объектууд дээр цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллах заавар, санамж, анхааруулах тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулах ажлуудыг зохион байгуулна” гэж тус тус заажээ.

2.4. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12/47 дугаар дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино залгаа үүсч бөмбөлөг үүссэн байна...”, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/463 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, теле хяналтын бичлэг зэрэг материалуудаас үзэхэд гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэний улмаас гал гарахад хүргэсэн байх үндэслэлтэй байна. Теле хяналтын бичлэгийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04:09:03 цагт гал түймэр нь “Бидний Нийслэл” гэсэн бичиглэлтэй улаан хөргөгчний хойд талаас үүсвэрлэн гарч байна” гэсэн, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “Ю о” ХХК-ийн цахилгааны инженер Х.Г “...гал гарсан Н супермаркет *** салбарын цахилгааны аюулгүй байдлыг сүүлд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шалгасан, гал гарсан хэсгийн хөлдөөгчүүдийн ард байрлах разеткыг 2023 оны 03 дугаар сарын 09-нд цахилгаанчин Л, П нар үзлэг шалгалт хийсэн” гэж мэдүүлсэн байна.

2.5. Хэдийгээр “Н” ХХК нь махны лангууны түрээслэгч Н.А-тай “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан ч гэсэн “Ю о” ХХК нь тус салбарын цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр сүүлд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэгийн үеэрээ үндсэн разеткад цахилгааны ачаалал ихэссэн, хэт олон уртасгагч залгасан утас хайлахаар нөхцөл байдалтай байсан бол гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, заавар, санамж, анхааруулга зэргийг өгөөгүй буюу гэрээгээр хүлээсэн ХАБАЭ-н чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажилласан гэж үзэхээргүй байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уртасгагчийн бүрэн бүтэн байдал, түүний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй, ... “Н” ХХК болон түрээслэгч Н.А нарын хооронд байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-ний 6.4-д “Хамтран /түрээслэгч/ буюу Н.А нь цахилгааны болон бусад цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ашиглах ба тэдгээртэй холбогдсон Монгол Улсын дүрэм, журмыг баримтлах үүрэгтэй” гэж тухайлан зохицуулж, үүрэгжүүлсэн байхад анхан шатны шүүхээс тус хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

2.6. Нөгөөтээгүүр, гомдол гаргагчаас “... галын аюулгүй байдлын хэний, хэзээ баталсан, ямар норм, дүрэм, журмын хэд дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь шийтгэлийн хуудаснаас тодорхойгүй, түүнд хуулийн шаардлагыг хангуулж дурдаагүй, үүнийг эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй байхад анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтны өмнөөс дүгнэлт хийсэн” гэх гомдлын хувьд норм, нормативыг тухайлан зөрчлийн хуудаст зааж, шийтгэл ногдуулаагүй, тухайн хэм хэмжээг заагаагүй байх нь гал гарсан үйл баримтыг үгүйсгэх, гомдол гаргагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН