Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар     2021/ШЦТ/980  

 

 

 

 

 

 

     2021             9           23                                          2021/ШЦТ/980  

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч М.Д............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт М............лын Д............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0123 51245 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт М............лын Д............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, хүргэн ах, дүү нарын хамт амьдардаг, .............................. байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Д............н нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны 61-81 УАВ улсын дугаартай Тоёота аква маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Б.............рт такси үйлчилгээ үзүүлж Б.Б.............рыг Сонгинохайрхан дүүргийн ............................. буудлын орчим дэлгүүр ороход нь түүний цэнэглүүлэх зорилгоор түр хариуцуулан үлдээсэн айпон Х маркийн утас болон утасны гэрэнд байсан хаан банкны виза карт, автобусны карт зэрэг эд зүйлсийг авч яван бусдад худалдан борлуулж завшсаны улмаас иргэн Б.Б.............рт 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Да............эн мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс ...цагаан өнгийн суудлын авто машинд суусан. Тухайн машин нь цагаан өнгийн “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн машинд сууж яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг дэлгүүрийн гадаа ...зогсоогоод жолоочид нь “ундаа аваад гараад ирье” гэж хэлээд машинаас буусан юм. Би машинаас буухаасаа өмнө өөрийн гар утсыг цэнэглүүлэх гээд тухайн жолоочид өгсөн байсан бөгөөд жолооч нь миний гар утсыг аваад цэнэглэгчид залгаад,  урд талын суудлын голын тавиур дээр тавьсан юм. Тэгээд би тухайн машинаас бууж дэлгүүр ороод ундаа аваад тооцоогоо хийх гэтэл гар утасны гэрнийхээ ард хавчуулсан “ХААН” банкны виза картаа санаад буцаж ...картаа авах гээд гартал нөгөө таксины жолооч хөдлөөд явчихсан байсан. Тухайн таксины жолооч миний гар утсыг аваад надаас таксины мөнгө авалгүйгээр хөдлөөд явчихсан. Миний гар утас “I Phone X” маркийн гар утас байсан. ...Миний гар утасны гэрний ард “ХААН” банкны виза карт, PCR шинжилгээний бичиг, автобусны карт зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

-  “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр М.Д............н надад цагаан өгийн“ I Phone X” маркийн гар утас авч өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),

 

2. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний 584 дүгээр тайланд: “...Үнэлгээ “I Phone X” маркийн гар утас ...1.770.000 төгрөг, “ХААН” банкны виза карт ... 5.000 төгрөг, Гар утасны гэр 10.000 төгрөг... нийт 1.785.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 11-12),

 

3. Шүүгдэгч М.Д............ний мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би “Toyota Aqua” маркийн цагаан өнгийн 61-81 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж халтуур хийдэг юм.  2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 дугаар хорооллын зам дагуу машинтайгаа явж байтал хүн гараа өргөхөөр нь зогсоод тэр хүнээс “Хаашаа явах вэ” гэж асуутал тэр хүн “Нисэх орно” гэхээр нь суулгасан юм. Тухайн хүн миний машины ард талын суудалд суухдаа гартаа 1 лааз пиво барьчихсан, халамцуу байсан.  Орж ирээд шууд “утас цэнэггүй болоод унтарчихлаа, утас цэнэглээдэх” гэж хэлэхээр нь би машинаасаа гар утасны залгуур өгтөл тэр хүн өөрөө гар утастайгаа холбоод машины голын хайрцгийн таг дээр тавьсан юм. Тэгээд ...явж байтал тэр хүн нь машинд тамхи татаад, машин дотор шүлсээ хаяад, зам дээр зогсож байгаа цагдаа нарыг “алаад хаячихъя” гэж хэлж орилоод, надаас татаж чангаагаад, арын суудал дээр хөлөө тавьж хэвтээд, “хүүхэн олоод өг” гэх мэтээр зүй бус үйлдэл гаргаад яваад байсан. Тэгээд явж байснаа тэр хүн “алив зогсоодох, дэлгүүр орж пиво авъя” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо... 5 шарын автобусны буудлын ойролцоо зогстол тэр хүн машинаас буугаад зам дагуу байдаг дэлгүүр лүү орохоор би “Энэ хүнээс хурдхан шиг салъя, нисэх рүү угаасаа түгжрээтэй байгаа, энэ хүнээс мөнгө авсан ч яалаа, байсан ч яалаа” гэж бодоод яваад өгсөн юм. Тэгээд тэндээсээ шууд хөдлөөд өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 16-90 тоот эгчийн гэрийн гадаа ирж машинаа байрлуулчхаад буух гэтэл машины голын хайрцаг дээр тэр хүний “I Phone X” маркийн дэлгэц нь хагарчихсан гар утас байхаар нь тэр хүнийг гар утсаа үлдээчихсэн байсныг санасан юм. Тэгээд... тухайн өдрөөс хойш тухайн гар утсыг машиндаа хадгалж байж байгаад 2021 оны 07 дугаар сарын дундуур ...мөнгөгүй болоод ...утсыг ... “Өргөө” кино театрын хажууд байдаг “Теди-2” төвийн урд талд гар утас авна гээд гадаа зогсож байдаг хүмүүст 100.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),

 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43), хувийн байдлын талаарх тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 39, 40, 41), хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлох “ХААН” банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 45-69), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 97) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Д............н нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн цагаан өнгийн 61-81 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б.Б.............рт такси үйлчилгээ үзүүлжээ. Ийнхүү түүнийг үйлчилгээ үзүүлж байхад Б.Б.............р нь өөрийн эзэмшлийн “I Phone X” маркийн гар утсыг Д.Д............ний тээврийн хэрэгсэлд цэнэглэсэн, ийнхүү утсаа цэнэглэснийг нь мэдсээр байж Д.Д............н нь Б.Б.............рыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шарын автобусны буудлын орчимд байх дэлгүүр орох үед нь орхин явж түүний “I Phone X” маркийн гар утас, “ХААН” банкны виза карт, гар утасны гэр зэрэг 1.785.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг завшсан болох нь

- Хохирогч Б.Б.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс ...цагаан өнгийн суудлын авто машинд суусан. ...Би тухайн машинд сууж яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг дэлгүүрийн гадаа ...зогсоогоод жолоочид нь “ундаа аваад гараад ирье” гэж хэлээд машинаас буусан юм. Би машинаас буухаасаа өмнө өөрийн гар утсыг цэнэглүүлэх гээд тухайн жолоочид өгсөн байсан бөгөөд жолооч нь миний гар утсыг аваад цэнэглэгчид залгаад,  урд талын суудлын голын тавиур дээр тавьсан юм. Тэгээд би тухайн машинаас бууж дэлгүүр ороод ундаа аваад тооцоогоо хийх гэтэл гар утасны гэрнийхээ ард хавчуулсан “ХААН” банкны виза картаа санаад буцаж ...картаа авах гээд гартал нөгөө таксины жолооч хөдлөөд явчихсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний 584 дүгээр тайланд: “...Үнэлгээ “I Phone X” маркийн гар утас ...1.770.000 төгрөг, “ХААН” банкны виза карт ... 5.000 төгрөг, Гар утасны гэр 10.000 төгрөг... нийт 1.785.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 11-12),

- Шүүгдэгч М.Д............ний мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 дугаар хорооллын зам дагуу машинтайгаа явж байгаад хүн гараа өргөхөөр нь зогсоод ...суулгасан юм. Тухайн хүн миний машины ард талын суудалд суухдаа гартаа 1 лааз пиво барьчихсан, халамцуу байсан.  Орж ирээд шууд “утас цэнэггүй болоод унтарчихлаа, утас цэнэглээдэх” гэж хэлэхээр нь би машинаасаа гар утасны залгуур өгтөл тэр хүн өөрөө гар утастайгаа холбоод машины голын хайрцгийн таг дээр тавьсан юм. Тэгээд ...явж байтал тэр хүн нь машинд тамхи татаад, машин дотор шүлсээ хаяад, зам дээр зогсож байгаа цагдаа нарыг “алаад хаячихъя” гэж хэлж орилоод, надаас татаж чангаагаад, арын суудал дээр хөлөө тавьж хэвтээд, “хүүхэн олоод өг” гэх мэтээр зүй бус үйлдэл гаргаад яваад байсан. Тэгээд явж байснаа тэр хүн “алив зогсоодох, дэлгүүр орж пиво авъя” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо... 5 шарын автобусны буудлын ойролцоо зогстол тэр хүн машинаас буугаад зам дагуу байдаг дэлгүүр лүү орохоор би “Энэ хүнээс хурдхан шиг салъя, нисэх рүү угаасаа түгжрээтэй байгаа, энэ хүнээс мөнгө авсан ч яалаа, байсан ч яалаа” гэж бодоод яваад өгсөн юм. ...тэр хүний “I Phone X” маркийн дэлгэц нь хагарчихсан гар утсыг ...тухайн өдрөөс хойш ...хадгалж ...байгаад 2021 оны 07 дугаар сарын дундуур ...мөнгөгүй болоод ...утсыг ... “Өргөө” кино театрын хажууд байдаг “Теди-2” төвийн урд талд гар утас авна гээд гадаа зогсож байдаг хүмүүст 100.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Д............н нь шууд санаатай үйлдлээр, 1.785.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Б.............р нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгө болох “I Phone X” маркийн гар утсыг шүүгдэгч Д.Д............ний тээврийн хэрэгсэлд цэнэглэж үлдээн түүнд хариуцуулсан байхад тэрээр хохирогчийг зориуд дэлгүүрийн гадна үлдээж түүний  “I Phone X” маркийн гар утсыг шууд санаатай үйлдлээр завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Д............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.............рт 1.785.000 төгрөгийн хохирол, учирснаас шүүгдэгч М.Д............н нь дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.Д............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх хуульд багтаж байх тул энэ хуулийн 17.4 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Д............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Д............нийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүн, хуулийн этгээдэд 2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1... дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч М.Д............ний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 10 цагийн орчим үйлдэгдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1...-т нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарах хэдий ч шүүхээс түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох,... нийтэд тустай ажил хийлгэх,... зорчих эрхийг хязгаарлах,... хорих ял...” шийтгэлгүй түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацааг шүүхээс өршөөн хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн 2108 0123 51245 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт М............лын Д............нийг Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч М.Д............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д............нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 8 сарын хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ