Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/717

 

 

 

 

 

 

 

 

2021             11           12                                      2021/ШЦТ/717

 

 

       

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Дархчуул овогт Хасбатын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005009411279 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймаг Түдэвтэй суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, 86 дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн ард аюуш ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархчуул овогт Хасбатын Т-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синчи ойл шатахуун түгээх газраас бэлэн мөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авах зорилгоор довтлон хохирогч У.Э-ыг чулуугаар цохиж биед тархи доргилт, баруун зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Х.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 12-20 дугаар хуудас/,

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Баянгол дүүрэг 21 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Синчи ойл шатахуун түгээх 3 дугаар станцын түгээгч нарын суудаг постон доторх хэсгийг харуулсан камерт 2020.02.27-ны өдрийн 19:03:19 секундэд гаднаас орж ирсэн малгайтай куртикныхаа малгайг өмссөн цайвар өнгийн амны хаалттай эмэгтэй хүн зүүн гартаа ямар дүрс хэлбэртэй нь мэдэгдэхгүй хүний гарын атганд багтах зүйлээр хохирогч У.Э-ын зүүн чамархай хэсэгт 2 удаа цохиж байгаа нь харагдаж байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 23-28 дугаар хуудас/,

 

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 29-32 дугаар хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Синчи ойл ХХК-аас гаргаж өгсөн хяналтын камер бүхий 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 34 дүгээр хуудас/,

 

          Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “...цүнхтэй мөнгөний дагалдах бичгийн 1 хуудас зурган материалыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 35 дугаар хуудас/,

 

          Хохирогч У.Э-ын “2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах Синчи ойл ХХК-ны шатанхуун түгээх станцын ажлын байран дээрээ байж байхад 21 цагийн орчимд гаднаас чулуу барьсан хар өнгийн куртиктэй үл таних эмэгтэй хүн ажлын байран дээр дайрч орж ирээд надаас мөнгө өгөхийг шаардаж намайг айлган сүрдүүлсэн.

          Тухайн үед би татгалзсан боловч тэр эмэгтэй гартаа барьсан чулуугаараа миний толгойн орой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Уг цохилтын улмаас миний баруун, зүүн зулайд шарх гэмтэл үүссэн бөгөөд үүнээс болж тархи доргисон. Тэгээд энэ үед надтай хамт ажилладаг Н- гэх залуу гарч ирж тэр эмэгтэйг барьж аваад надаас холдуулж намайг цохиж байсан үйлдлийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад хандсан.

          Тухайн үед би байгууллагын орлогын мөнгийг хурааж байсан боловч тэр эмэгтэй орлогын мөнгөө өг гэж шаардаагүй. Надаас мөнгөө өг гэж шаардаж байсан болохоор тэр эмэгтэйг би надаас мөнгө нэхэж байна гэж ойлгосон.

          ... Би энэ гэмт хэргийн улмаас ажилдаа явалгүй чөлөө авсан. Ажлаагүй хоногийн цалингаа мөн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан мөнгөний баримт байгаа. Одоогоор хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хэлж мэдэхгүй байна. Тооцоогоо гаргаж байж энэ талаар дараагийн мэдүүлгээрээ өгье. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

         

          Гэрч Ж.Н-гийн “2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цагийн үед байх би Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Синчи ойл шатахуун түгээх газар машинд бензин шахаад ажлаа хийгээд байж байсан хамт ажилладаг Энхжаргал эгч мөнгө далд хийчхээд цай уучхаад гараад ирье гээд орсон. Тэгээд удалгүй 10 минут орчим болсон байх манай дохиолол дугарсан. Харахад түгээгч нарын байрлах газар хоёр хүн зууралдаж ноцолдож байсан. Би гүйж ороод Энхжаргал эгчийг цохиж байсан эмэгтэйг араас нь татаад холдуулаад гадагшаа гаргаад мухарт очоод тэврээд зогсож байхад бинзен авч байсан хүн цагдаа түргэн дуудаж өгсөн. Тэгээд яасан бэ Энхжаргал эгчээ гэхэд эгч нь сайн мэдэхгүй байна, наад эмэгтэй чинь орж ирээд мөнгө өг гээд тор гаргаж ирээд миний толгой руу цохичихлоо гээд толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд манай хамгаалалтын албаны хамгаалагч нар ирсэн. Тэгээд цагдаа түргэн ирээд Энхжаргал эгч болон уг эмэгтэй хоёрыг авч явахад уг эмэгтэйг харахад манай ажлын Эрдэнэмөнхийн эхнэр байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3152 дугаартай:

          “1. У.Э-ын биед тархи доргилт, баруун, зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 60-61 дүгээр хуудас/,

 

          Х.Т-ын яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Эрдэнэмөнхтэй хэрүүл маргаан хийсэн бөгөөд ... Эрдэнэмөнх гэртээ 0,5 литрийн савлагаатай нэрийг нь мэдэхгүй архи уусан. Тэгээд манай нөхөр намайг гэрээс хөөгөөд хараагаад байсан. Тэгэхээр нь би нөхөртөө уурлаад гэрээсээ гараад явсан ба би нөхрийнхөө ажилладаг Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синчи ойл шатахуун түгээх станц дээр очихоор явсан ба би шатахуун түгээх станц руу явж байх үедээ замаараа газраас гарын атганд багтах хэмжээний чулуу авч нөхрийнхөө ажилладаг шатахуун түгээх станц дээр очсон. Тэгээд би түгээгч нарын ажлын өрөөнд ортол үл таних улаан хувцастай эмэгтэй мөнгө тоолоод сууж байсан. Би ороод баруун талын халааснаасаа гялгар уут гаргаж ирээд тухайн түгээгч эмэгтэйд мөнгөө хий гэж хэлсэн. Тэгтэл тэр түгээгч босоод ирэхээр нь би нөгөө авч очсон чулуугаараа түгээгч эмэгтэйн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гаднаас нэг эрэгтэй шатахуун түгээгч орж ирсэн бөгөөд удалгүй хамгаалалтын алба болон цагдаагийн алба хаагчид ирсэн.

          ... Би ямар нэгэн шалтгаанаар нөхрийнхөө ажил руу яваагүй бөгөөд зүгээр нөхөртэйгээ хэрүүл маргаан хийсэн учир уурандаа л нөхрийнхөө ажил руу яваад оччихсон.

          ... Би яагаад тухайн түгээгчийн тоолж байсан мөнгийг авах гэж байснаа сайн мэдэхгүй байна. Зүгээр л согтуудаа тэгээд хэлчихсэн байсан. Би тэр мөнгийг аваагүй бөгөөд надад тэр мөнгө ямар ч хэрэггүй байсан.

          ... Би хохирогч У.Э-ын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би У.Э-д 1,600,000 төгрөг хохирлын мөнгө гэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синчи ойл шатахуун түгээх газрын байранд түгээгчээр ажиллаж байсан У.Э-ын эд хөрөнгийг нь хууль бусаар авах зорилгоор түүний эсэргүүцлийг няцааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хүч хэрэглэсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Т- нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдэх явцдаа хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд хор хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Хохирогч У.Э-ын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учиржээ.

Хавтаст хэрэгт хохирогч У.Э-ын “... 2020.02.27 нд биедээ гэмтэл авч хохирлыг 2020.10.31 нд 950,000 төгрөгөөр Х.Т- нь барагдуулж дуусав. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн баримт /хэргийн 117 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргажээ.

Шүүх, шүүгдэгч Х.Т-ыг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Гэхдээ шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хамаарч байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 хуудас зурган материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархчуул овогт Хасбатын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Х.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Т- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, 1 хуудас зурган материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Х.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ