Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00957

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалтай, 

С.Б-ын нэхэмжлэлтэй

ОТ ХХК-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, өмгөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүнд машин механизмын операторын ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр HR 3746 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны шөнийн ээлжид LO-042 тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллаж байгаа уулын идэвхитэй талбайд найдвартай харилцаа холбоо тогтоохгүйгээр зөвшөөрөл авахгүйгээр нэвтрэн орсон гэж үзээд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үед холбоо харилцаа тогтоох гэж оролдлого хийсэн боловч холбогдож чадаагүй, арга буюу нэвтэрсэн гэдэг. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил биш юм. Хөдөлмөрийн гэрээнд Компанийн аюулгүй ажиллагааны журам зөрчвөл ажлаас халах ноцтой зөрчилд тооцохоор заасан нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заасан гэж үзэхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1-т туйлын тодорхойгүй заалт учир үүнийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөх нь түүний хуулиар хамгаалагдсан эрх ашиг болон хуульд нийцэхгүй. Компанийн хуульч өөрөө ч тухайн компанид аюулгүй ажиллагааны ямар журмууд үйлчилдэг болохыг нэрлэж чадахгүй байгаа энэ тохиолдолд ажил олгогч дээрх заалтыг дур зоргоороо хэрэглэх үндэс болохоор байна. Гүйцэтгэх захирлын тушаалд амь нас хамгаалах дүрмийг зөрчсөн гэж үзсэн ч тухайн дүрмийн зөрчил нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үр дагаварт хүргэх үү гэдэг асуудал тодорхой бус юм. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний дагуу шат дараалсан сахилгын арга хэмжээг авах ёстой бөгөөд ажлаас халах арга хэмжээг шууд авдаггүй, эхлээд сануулах, дараа нь цалингийн 20 хувиар торгох, тэгээд ажлаас халах гэсэн практик тус компанид тогтсон байдаг. Гэтэл шат дараалсан арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан нь хуулийн өмнө эрх тэгш байх, ялгаварлахгүй байх зарчим зөрчигдөж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОТ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ....С.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. С.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил а-д заасан компанийн аюулгүй ажиллагаатай холбоотой журмыг зөрчсөн тохиолдол ноцтой зөрчилд тооцохоор байгаа. Тухайн өдөр С.Б- нь харилцаа холбоо тогтоох оролдлого хийгээгүй болох нь зөрчлийн шалгалтаар тогтоогдсон, түүний радио холбоо нь бүрэн ажиллаж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул гаргасан ноцтой зөрчил нь бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. ОТ ХХК-ийн хувьд ажилтнуудын үйл ажиллагаа, үйлдэл бүр дээр дүрэм, журмууд мөрдөгддөг. Тухайн ажлын байрнаас шалтгаалан тухайн харилцааг зохицуулсан дүрэм, журмууд үйлчилдэг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээнд заасан аюулгүй ажиллагааны журам гэдэгт ажлын байрнаас хамаарч, өөр өөр дүрэм, журмуудыг ойлгоно. Энэ бүгдийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах боломжгүйгээс нийтэд нь оруулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Б-ыг ОТ ХХК-ийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ОТ ХХК-иас 33 942 144 төгрөгийг гаргуулж С.Б-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Б-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, ОТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327 661 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 661 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэрт “...хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авахаас шүүх татгалзахдаа “өмнө гаргаж өгөх боломжтой байсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдалд шүүх дүгнэлт хийх журмыг зөрчиж, 26 хуудас бүхий нотлох баримтыг урьдчилан дүгнэж хүсэлтийг хангаагүй нь буруу болжээ” гэсэн. Нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны шүүх хуралдаан анх 2018 оны 8 сарын 01-ний өдөр товлогдсон бөгөөд үүнээс хойш хэд хэдэн удаа хойшилж байсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдох давж заалдах гомдолд дурьдагдсан нотлох баримтуудаа гаргаж өгөх, тэдгээрийг бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан боловч тус нотлох баримтуудыг гаргаж өгөлгүй 2019 оны 3 сарын 20-ныг хүрсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг шүүхийн журмаар хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтийг гаргаж, улмаар тус хүсэлтийг ханган шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг тусгайлан олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгсөөр байтал хариуцагч байгууллагаас давж заалдах гомдолд дурьдагдсан баримтуудыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно" гэсэн заалтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн тохиолдолд л шүүх түүнийг хүлээн авч болдог. Энэ байдал тогтоогдоогүй бол шүүх нотлох баримтыг хүлээн авахгүй байх эрхтэй байна. Хариуцагчаас шүүх хуралдааны өдөр ийнхүү нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бий болсон гэдгийг нотлоогүй тул анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн тус шийдвэрт "...Талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргаж ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагаатай холбогдох журамд ямар дүрэм байдаг, үүнд амь нас хамгаалах дүрэм орж байгаа эсэх нь тодорхой бус байна. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 26 хуудас бичмэл нотлох баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна" гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу талуудын шүүхэд гарган өгч буй нотлох баримт нь шүүхийн шийдвэр гаргахад ач холбогдолтой байхын тулд юун түрүүнд хуульд заасны дагуу хэрэгт авагдаж баталгаажсан байх ёстой. Ийнхүү баталгаажихын тулд талуудаас хуульд заасан журмын дагуу баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх нь зүйтэй. Нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх журамд “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” журам хамаардаг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар талууд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүхээс шийдвэр гаргахдаа талуудын зүгээс хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Хэдий талуудын гарган өгч буй баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч тус баримтуудын ач холбогдолтой эсэхийг тогтоох үндэслэлээр хуульд заасан журмыг зөрчин гаргаж буй баримт бүрийг хүлээн авч шийдвэрлэх нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчдын хэн аль нь нөгөө талын гарган өгч буй баримттай танилцан, тус баримтын талаар зохих тайлбар, өөр нотлох баримтыг гарган өгөх эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл зохигчдын хэн нэгэн нь шинээр нотлох баримт гаргаж өгөх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдал үүсдэг. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүйгээр удаашрах нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд зохигчдод нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломжийг олгодог. Ийнхүү олгосоор байхад хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр нотлох баримт гаргаж өгөөгүй бол шүүхээс зохих арга хэмжээг авахаар зохицуулсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “...нотлох баримт тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна...” гэсэн үндэслэлээр хуульд заасан журмыг зөрчин гаргаж өгч буй нотлох баримт бүрийг хүлээн авч шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг гаргаж өгөхтэй холбоотой зохицуулалтын ач холбогдлуудыг үгүйсгэсэн тайлбар гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хяналтын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч ОТ ХХК зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор шийдвэрийг хянахдаа хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчаас гаргасан 26 хуудас нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байхад шүүх “өмнө нь гаргах боломжтой” байсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

а. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан байна.

Дээрх журмын дагуу нотлох баримт бүрдүүлж өгөхийг хэргийн оролцогч хүссэн боловч шүүх уг нотлох баримтыг бүрдүүлээгүй, уг баримтууд нь ач холбогдол бүхий байсан, эсхүл ийм хүсэлт гаргасныг шүүх огт шийдвэрлээгүй орхигдуулсан бол шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцогдож, энэ нь улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл болдог.

Хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч ОТ ХХК-ийн  гаргасан 26 хуудас баримтыг анхан шатны шүүх хүлээн аваагүйг, давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх” ойлголтод хамааруулж, улмаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь алдаатай байна.

б. Хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 26 хуудас баримт гаргасныг шүүх өмнө гаргах боломжтой байсан үндэслэлээр хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч... өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хүлээдэг бөгөөд нотлох баримтыг хуульд заасан хугацаанд гаргана. Нотлох баримтыг урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж болох ч ийм үндэслэл тогтоогдоогүй байна. Хэргийн баримтаас үзвэл шүүх С.Б-ын нэхэмжлэлд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариуцагч 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хариу тайлбараа гаргаснаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хэлэлцэх хүртэл 4 сар гаруй хугацаа өнгөрчээ. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан баримтууд нь тус компанийн өөрийнх нь дүрэм, журам байх бөгөөд эдгээр баримтыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урьд нь гаргаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

С.Б-, ОТ ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хүнд машин механизмын оператораар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн HR3746 дугаар тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.1а, амь нас хамгаалах дүрмийн 3 дах заалтыг хууль зүйн үндэслэл болгосон байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн  санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.

С.Б- 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхдээ буюу хөдөлгөөнт тоног төхөөрөмж ажиллаж байгаа уулын болон барилгын идэвхитэй талбайд найдвартай харилцаа холбоо тогтоож, зөвшөөрөл авахгүйгээр нэвтэрсэн үйлдэл гаргасан нь тогтоогдсон боловч энэхүү үйлдлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчил болгон тохиролцсон гэж үзэх нь учир дутагдалтай байна.

Тухайлбал, ОТ ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбоотой олон тооны журам байдгийг зохигч маргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.2.1а-д “компанийн аюулгүй ажиллагаатай холбоотой журмыг зөрчвөл” тухайн зөрчлийг ноцтойд тооцох гэсэн нь хэт өргөжүүлсэн агуулгатай зохицуулалт гэж үзэхээр байна. Иймд уг зохицуулалт ямар зөрчлийг ноцтойд тооцохыг гэрээгээр тухайлан нэг бүрчлэн тохирох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан агуулгад нийцэхгүй байх тул нэхэмжлэгч С.Б-ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, улмаар ажлаас халсан нь буруу байна. 

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ