Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1881

 

Ц.Уранчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

                                                                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/02290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Сүх-Очирт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, Ц.Уранчимэг, хүү С.Дөлгөөнтамир, охин С.Намуунзаяа нарын өмчлөлд орон сууцыг үлдээж, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 16 418 160 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж 4/1 хувийг буюу 4 104 540 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгөх, орон сууцны зээлд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийт мөнгөн дүнг гэр бүлийн гишүүдэд хуваан 4/1 хувийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгөх, орон сууцны зээлийн үлдэгдэл 68 205 082 төгрөгийн 50 хувь буюу 34 102 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ө.Сүх-Очиртой 2006 онд танилцаж, улмаар 2007 оны 01 дүгээр сарын 15-нд гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.Дөлгөөнтамир, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин С.Намуунзаяа нар төрсөн. Гэвч гэр бүлийн гишүүдийн дунд хувийн таарамжгүй олон харилцаа гарч, улмаар даамжирсаар 2016 оны 04 дүгээр сараас хойш би нөхрөөсөө тусдаа амьдрах болсон. Бид эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч эвлэрэх боломжгүй, цаашид хамтран амьдрахгүй гэж шийдсэн тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоож, бидний дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2 хороо, ШУТИС-ийн ажилчдын 180 айлын орон сууцны 2-р байрны 5 давхарт байрлах 3 өрөө 91.5 м.кв талбай бүхий орон сууцыг хуулийн дагуу хуваарилаж, бидний дундын өмчийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: Хариуцагч хуүхдээс татгалзаж байгаа тул хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч Ц.Уранчимэг, хүү С.Дөлгөөнтамир, охин С.Намуунзаяа нарын өмчлөлд орон сууцыг үлдээн, Улаанбаатар хотын банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь цаашид хариуцах, ингэхдээ орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 16 418 160 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж 4/1 хувийг буюу 4 104 540 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгөх, түүнчлэн хэрэгт авагдсан дансны хуулгаар харагдах орон сууцны зээлд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийт мөнгөн дүнг гэр бүлийн гишүүдэд хуваан 4/1 хувийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгөх, мөн орон сууцны зээлийн үлдэгдэл 68 205 082 төгрөгийн 50 хувь буюу 34 102 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах байдлаар нарийвчлан нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч Ө.Сүх-Очирын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2006 онд танилцан 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас нэг хүү, нэг охин төрсөн бөгөөд хүү маань одоо 9 нас, охин маань 8 нас хүрч байна. Энэ амьдралыг босгохын төлөө хэн хэн маань зүтгэн, хоёр сайхан хүүхэдтэй болсон хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үл ойлголцох байдал үүсэж, хэрүүл маргаан гарах болсон тул 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон нь үнэн. Нэгэнт цаашид хамтран амьдрахгүй гэж хэн хэн маань шийдсэн тул гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрнө. Харин хүүхдийн асрамж, дундын эд хөрөнгийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр хүүхдийнхээ асрамжийг өөр дээрээ авч, өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн хувьд дундын эд хөрөнгө хэмээн зөвхөн орон сууцыг тооцон бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 2003 оноос хойш ШУТИС-д багшаар ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 2-р хороонд баригдсан ШУТИС-ийн ажилчдын 180 айлын орон сууц нь тухайн сургуулийн захиалгаар баригдсан, зөвхөн ажилчиддаа олгосон байр юм. Уг орон сууц нь Улаанбаатар хотын банкны барьцаанд байдаг бөгөөд зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 68 815 043 төгрөг байна. Дээрх орон сууц нь ШУТИС ажилчдынхаа зээлийн эргэн төлөлтийг батлан даан банктай батлан даалтын гэрээ байгуулсан орон сууц юм. Бид амьдарч байх хугацаандаа Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелд хоёр ч хашаа байшин, худалдан авч байсан ба Ц.Уранчимэг гэр хороололд амьдрахад хэцүү байна гээд өөрөө зарж мөнгийг нь зарцуулсан. Мөн компьютер тоглоомын газар, "Өнө Цаг" нэртэй караоке ажиллуулдаг байсан. Тус тусдаа амьдарч эхэлснээс хойш дээрх ажлыг эхнэр ганцаараа үргэлжлүүлж авч явсан бөгөөд 2012 онд караоке ажиллуулахад зориулан хорь гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, тоног төхөөрөмж авсан байдаг. Баянгол дүүргийн Модны хоёрын дунд замд MJS караокены дотор байрлах "Өнө Цаг" караокег мөн дундын хөрөнгөнд тооцож үзэх нь зүйтэй гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч Ө.Сүх-Очир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг ээж дээр нь үлдээх, хүүхдийн тэтгэмж төлөх, орон сууцны урьдчилгаанд төлсөн 16 418 160 төгрөгийг гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцуулан хуваах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн 2-р хороо, ШУТИС-ийн ажилчдын орон сууцны 2-р байрны 5 давхарт байрлах 3 өрөө 91.5 м.кв орон сууцыг Ц.Уранчимэг болон хүүхдүүддээ өгөх боломжгүй. Учир нь уг орон сууц анх ШУТИС-ийн захиалгаар баригдсан бөгөөд захиалагч нь ажилчдынхаа зээлийн эргэн төлөлтийг Улаанбаатар хотын банкинд батлан дааж зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Уг орон сууцны зээлийг анхнаас нь би ганцаараа төлж ирсэн бөгөөд цаашид зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүсвэл уг орон сууц нь банкинд хураагдах, цаашлаад миний ажлын байртай холбогдох эрсдэлтэй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг өөрийн нэр дээр үлдээх хүсэлтэй байна. Мөн Ц.Уранчимэг хашаа байшинг өөрөө захиран зарцуулсан атлаа одоо надад байгууллагаас минь олгосон байрыг булаацалдаж байгаад харамсаж байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бүрэн овогт Өлзийжаргалын Сүх-Очир, Жалайр овогт Цэрэнжавын Уранчимэг нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 04-нд төрсөн хүү С.Дөлгөөнтамир, 2009 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн охин С.Намуунзаяа нарыг эх Ц.Уранчимэгийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 04-нд төрсөн хүү С.Дөлгөөнтамир, 2009 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн охин С.Намуунзаяа нарыг 11  нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Ө.Сүх-Очироор тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 2-р хороо Эрдэм хотхон /13361/ Б.Доржийн гудамж 10в байрны 19 тоот 91.5 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч Ө.Сүх-Очирын өмчлөлд үлдээж, хариуцагч Ө.Сүх-Очироос 12 313 620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уранчимэгт олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 760 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сүх-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 332 696 төгрөгийг гаргуулан, үүнээс 282 168 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Уранчимэгт олгож, үлдэх 50 528 төгрөгийг улсын орлогод оруулж,

Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн", мөн 126.2.4 "Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэсэн заалтууд бий.

Гэр бүлийн дундын өмчийг үүсгэхэд гэрлэгчид байх шаардлагыг хангасан буюу 2007 оны 01 дүгээр сарын 15-нд гэр бүл болсон байдаг бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Ө.Сүх-Очир бид 2 ярилцсны дагуу би цалингаараа хоол ундаа авч, хүүхдээ хувцаслаж байсан, харин Ө.Сүх-Очир цалингаа шууд зээлд төлж байсан, энэ бол бид хоёрын амьдралын зохион байгуулалтын хэлбэр байсан талаар тодорхой ярьсан байхад шүүх Ө.Сүх-Очирыг орон сууцны зээлийг төлж байсан гэж онцлон дүгнэсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр ШУТИС орон сууцны зээлийг батлан даасан бичгийн ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, үндсэн зээлдэгчээр Ө.Сүх-Очир, хамтран зээлдэгчээр нэхэмжлэгч Ц.Уранчимэг батлан даасан баримт хэрэгт авагдсан байхад мөн л хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн шүүх дүгнэлт хийжээ.

Түүнчлэн Ц.Уранчимэгийг cap бүрийн орон сууцны зээлийн эргэн төлөлтийг төлөх чадвартай гэдгээ нотлох баримт хэрэгт өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу, Ц.Уранчимэгийн хувьд тогтсон ажилтай болох нь зохигч нарын тайлбараар тогтоогдсон, өөр бусад байдлаар зээлийг төлөх чадвартай гэдгээ нотлох шаардлага байхгүй. Харин шүүх хариуцагч Ө.Сүх-Очир нь цалингаас гадуур орлоготой гэж үзэж цаашид зээлээ төлж явах боломжтой гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй байна. Ө.Сүх-Очирын хувьд ажлаас гадуур орлоготой гэх нэг ч ширхэг баримт хэрэгт авагдаагүй, хүн амын орлогын дэвтэрийн хуулбар мөн хэрэгт авагдаагүй атал шүүх илтэд нэг талыг барьж Ө.Сүх-Очирыг илүү орлоготой, зээлээ төлөх чадвартай гэж үзсэн нь буруу байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу "Эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх" зэргээр хүүхдийн амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, орон байр, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй байх тул хүүхдийн эрх ашгийн үүднээс БЗД, 2 хороо Эрдэм хотхон Доржийн гудамж, 10в байрны 19 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Уранчимэг, хүү С.Дөлгөөнтамир, охин С.Намуунзаяа нарын өмчлөлд үлдээж өгнө үү. /Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь 2 хүүхдийн хамт одоо түрээсийн байранд амьдарч байгаа болно, дээрх нөхцөл байдлуудыг хүүхдийн эрх ашгийн үүднээс харгалзаж үзнэ үү/

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101//ШШ2017/02290 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Ц.Уранчимэг, хүү С.Дөлгөөнтамир, охин С.Намуунзаяа нарын өмчлөлд орон сууцыг үлдээн, Улаанбаатар xoтын банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь цаашид хариуцахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэн шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаж буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг хариуцагч Ө.Сүх-Очирт холбогдуулан "гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, орон сууцыг өгөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ "ажлын газар батлан дааж олгосон, зээлийг өөрөө төлдөг, хашаа байшинг Ц.Уранчимэг зарж мөнгийг авсан, машинаа үлдээсэн" гэсэн шалтгааныг заасан.

 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа Баянзүрх дүүрэг 5-р хороонд 2 хашаа байшин,  автомашин, караоке, компьютерийн тоглоомын газрын тоног төхөөрөмжүүд зэрэг хөрөнгүүдийг бий болгосон гэх боловч эдгээрийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, ногдох хэсгийг хуваарилах талаар маргаагүй байна.

 

Зохигчдын маргаж буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Эрдэм хотхон Б.Доржийн гудамж, 10в байрны 19 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан ипотекийн зээлийн гэрээнд Ө.Сүх-Очир нь үндсэн зээлдэгчээр оролцсон, уг гэрээний үүргийн ихэнхи хэсэг төлөгдөөгүй, үйл баримт хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, орон сууцны зээлийн барьцааны гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар /хх.36-45/ тогтоогдож байна. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх хариуцагч Ө.Сүх-Очирын өмчлөлд орон сууцыг үлдээж, уг хөрөнгөөс ногдох хэсгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин шүүх орон сууцнаас нэхэмжлэгч Ц.Уранчимэгт ногдох хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхол, орон сууцыг барьцаалсан зээлийн үлдэгдэл зэрэг ач холбогдолтой нөхцөл байдлыг харгалзаагүй нь буруу бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөн залруулах боломжтой юм.

 

Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөд хамаарч буй орон сууцны үнэ 106 418 160 төгрөг болох талаар талууд маргахгүй байгаа /хх-37/ тул уг хэмжээгээр гэрлэгчид ногдох хэсгийг тодорхойлж болох бөгөөд орон сууцыг хариуцагч Ө.Сүх-Очирт үлдээж байгаа учраас нэхэмжлэгчийн 2 хүүхдийг асрамждаа үлдээж байгаа нөхцөл байдлыг харгалзан орон сууцны үнээс 4/3 хэсэг 79 813 620 төгрөгийн зөрүү нэхэмжлэгчид ногдох боловч уг орон сууцны зээлийн 68 205 000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийн тал хувь болох 34 102 541 төгрөгийг хасахад нэхэмжлэгч Ц.Уранчимэгт ногдох хэсэг 45 711 079 төгрөгийг Ц.Уранчимэгт олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/02290 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “12 313 620” гэснийг “45 711 079” гэж,

6 дах заалтын “332 696” гэснийг “437 033” гэж, “282 168” гэснийг “386 505” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 041 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                                      ШҮҮГЧИД                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                          

                                                                                                Б.НАРМАНДАХ