Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

 

 

 

   О.Б, Б.Н, Г.Ннарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

өсвөр насны шүүгдэгч О.Бын хууль ёсны төлөөлөгч В.Оргилбаяр, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

өсвөр насны шүүгдэгч Б.Нын хууль ёсны төлөөлөгч А.Баттөр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

өсвөр насны шүүгдэгч Г.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гиваасүрэн, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч О.Б, өсвөр насны шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Б, Б.Н, Г.Ннарт холбогдох 1808007520203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэсүд овгийн О-н Б, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ иргэншил мэргэжил сургалтын төвийн .... бүлэгт суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........./,

2. Бага булаг овгийн Б-н Н, 2002 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн .... бүлэгт суралцдаг, ам бүл 3, эцэг, ах нарын хамт Төв аймгийн ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......./,

3. Алтан Шагайнхан овгийн Г-н Н, 2002 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чухал амжилт” гоо сайханы мэргэжлийн сургалтын төвд суралцдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........./,

1. О.Б нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Зиндаа” гэх мотелийн 1 тоот өрөөнд хулгайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилан, Б.Н, Г.Ннартай “Б.Нын ахын гэрээс” зурагт хулгайлахаар тохиролцож, улмаар Г.Н, Б.Н нар нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-32 тоотод оршин суух С.Мийн байнга амьдрах өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Н, Г.Ннар нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Зиндаа” гэх мотелийн 1 тоот өрөөнд О.Бын хулгайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилсанаар “Б.Нын ахын гэрээс” зурагтыг нь хулгайлахаар тохиролцож, улмаар 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-32 тоотод оршин суух С.Мийн байнга амьдрах өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 350.000 төгрөгийн хохирол, мөн Б.Бтай тохиролцсоноос зөрж, “Шанел” брендийн үнэртэй ус, “Самсунг-2” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 290.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Г.Н,  Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Бэсүд овогт О-н Б, Алтан Шагайнхан овогт Г-н Н, Бага булаг овогт Б-н Н нарыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Нийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Ныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Б, Г.Н, Б.Н нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг хоёр дахин багасгаж, тус бүрийн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар О.Б, Г.Н, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Нын урьдчилан цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Нийн хууль ёсны төлөөлөгч Б.Гиваасүрэнгээс 145.000 төгрөг, Б.Нын хууль ёсны төлөөлөгч А.Баттөрөөс 145.000 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-33 тоотод оршин суух С.Мт олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өсвөр насны шүүгдэгч Г.Нийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх хар өнгийн үдээстэй хар өнгийн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Нт буцаан олгож,

О.Б, Г.Н, Б.Н нарын иргэний бичиг баримт шүүхэд    шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, О.Б, Г.Ннар    цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, О.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

О.Б, Г.Н, Б.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн байдлыг харгалзаж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч Г.Ннь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн өөрчлөлт оруулсан хуулийн заалтыг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нартай санал нэг байна.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх хэрэг хийхдээ ийм зүйл болно гэж бодоогүй. Гэрээсээ гараад нэг жил болж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн хууль ёсны төлөөлөгч Б.Гиваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Бын хууль ёсны төлөөлөгч В.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Нын хууль ёсны төлөөлөгч А.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нартай санал нэг байна.” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нарын гаргасан санал дээр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О.Б нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Зиндаа” гэх дэн буудлын 01 тоот өрөөнд “Б.Нын ахын гэрээс зурагт хулгайлах” талаар Б.Н, Г.Ннартай тохиролцон санаачилж зохион байгуулсан,

улмаар Б.Н, Г.Ннар нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Зиндаа” гэх дэн буудлын 01 тоот өрөөнд О.Бын хулгайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилснаар “Б.Нын ахын гэрээс зурагтыг нь хулгайлах” талаар тохиролцож, маргааш нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28-32 тоотод оршин суух С.Мийн байнга амьдрах өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулан,

мөн Б.Бтай тохиролцсоноос зөрж, “Шанел” брендийн үнэртэй ус, “Самсунг-2” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 290.000 төгрөгийн хохирол, нийт 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

өсвөр насны шүүгдэгч Г.Нийн “...Батжаргал “Бид хоёр гэрээсээ зурагтаа аваад мөнгөтэй болсон одоо чи ахынхаасаа зурагтыг авчих” гэсэн...Тэгээд Нарангарав грашийн хажуу талын модоор дарж хадсан цонхны модыг түлхэж бид хоёр дотогшоо ороод Нарангарав хичээлийн хар өнгийн цүнхэнд юм хийгээд би анзаарч хараагүй, “Самсунг Эс-2” загварын гар утсыг авсан, тэгээд том өрөөнд байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг авсан, ...Батжаргал Нарангарав бид хоёртой яваагүй, харин Нарангаравын ахынхаас анх зурагт авах санааг гаргасан...” гэх мэдүүлэг /хх1, х42-43, х102-104/,

өсвөр насны шүүгдэгч Б.Нын “...маргааш өглөө манайх ах Мөнхтөмөрийн гэрээс зурагтыг нь авахаар болоод амарцгаасан. ...том өрөөнд хар өнгийн ЛСД зурагтыг залгуураар нь салгаад би тэдний гэрт байхдаа үлдээсэн өөрийн үүрдэг хар цүнхэнд үнэртэй ус, “Самсунг Эс-2” загварын гар утас зэргийг авсан ... Батжаргал зочид буудалд үлдээд хамт яваагүй харин зурагт авах санааг гаргаад зочид буудалд бид хоёрыг хүлээгээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх1, х109-110/,

хохирогч С.М /хх1, х31-34/, иргэний нэхэмжлэгч Р.Раднаа /хх1, х71-73/ нарын мэдүүлгүүд, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1, х17-18/, “Чин арвижих” барьцаат зээлийн гэрээ /хх1, х19-20/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Н, Г.Ннарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан “...Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн өөрчлөлт оруулсан хуулийн заалтыг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” бүлгийн зарим зүйл, хэсэгт Улсын Их хурлаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж өөрчлөн хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Н, Г.Ннар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус илэрхийлсэн, хохирол төлбөрийг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг нь тус тус харгалзан О.Б, Б.Н, Г.Ннарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч нар хоорондоо харьцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Н, Г.Ннарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч нарыг хоорондоо харьцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б, Б.Н, Г.Ннар нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж, нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ