Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0646

 

 

Г.Т, Д.Х нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэл гаргагч: Г.Т, Д.Х

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/3** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, цол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 613 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Т, Д.Х ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-Э, Х.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0309/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Т, Д.Х нараас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” Б/3** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, цол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 613 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан Г.Т, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо:

3.1.“...М.З-ын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбарыг шүүх гол нотлох баримт болгосон.

Гэвч М.З нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбараа зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Захиргааны хэргийн материалаас хуулбарлан авсан тайлбартайгаа сүүлд танилцахад миний ярьснаас өөр зүйл бичигдсэн байсан, ер нь бол надад тухайн тайлбарыг уншуулаагүй тул дотор нь юу бичигдсэнийг огт мэдээгүй” гэсэн.Тиймээс шүүхэд хандан түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан.

3.2. М.З-ын хэлж байгаа тайлбарыг уншуулаагүй, хэлснээс өөр зүйл бичсэн гэдэг нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбарын хуудас бүрт “гарын үсэг зурж баталгаажуулаагүй”-ээр нотлогдоно. М.З-ын тайлбар /61 дүгээр тал/-ыг хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээс дээгүүр үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр тухайн хэрэгт байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

3.3. Шийдвэрт “4.Нэхэмжлэгч Д.Х ...цагдаагийн байгууллагын ахмад ажилтан 2 хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй гэж тайлбарлаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/3** дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч дараах баримтаар нэхэмжлэгч Д.Х-ын гаргасан зөрчил тогтоогдож байна:

-Нэхэмжлэгч Д.Х-ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “... цагдаагийн дэд хурандаа М.Л-ээс цагдаагаас тэтгэвэртээ гарсан 2 ажилтан Дарив сумын алт руу орж үзэх юм гэнэ. Чи постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид руугаа хэлээрэй гэж хэлсэн” гэх илтгэх хуудас,

 -... дэд хурандаа М.Л-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Х-тай уулзаад чи өөрийн хариуцсан алба хаагчид хэлээд хамгаалалтын бүс рүү оруулаад өгчих гэж хэлсэн, энэ дагуу Т, З нар руу эндээс ярьсан тайлбар” гэжээ.

3.4.Шийдвэрт “4.Нэхэмжлэгч Г.Т нь ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж буй ч дараах баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна:

-Нэхэмжлэгч Д.Х-ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний ... илтгэх хуудас,

- дэд хурандаа М.Л-ийн 2023.02.01-ний ... тайлбар” гэжээ.

3.5.Нэхэмжлэгч нарыг буруутгаж байгаа үндэслэлээ Б/3**дугаар тушаалд “олборлолт хийж байх үед”, "хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлуулсан” гэж байгаа.

3.6.Нэхэмжлэгч нар нь түүнийг эс зөвшөөрч “ямар ч алт хэнээр ч олборлуулаагүй, шинээр ухсан ямар ч газар байхгүй” гэж байгаа ба шүүгчийн эш татсан баримт дунд галт олборлуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэсэн нэг ч баримт байхгүй байна.

3.7.Гэтэл шүүх “уулзаагүй хэмээн худлаа ярьсан” зөрчлийг нэхэмжлэгч нар гаргасан нь нэр бүхий хүмүүсийн тайлбараар тогтоогдож байна гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

3.8.Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газрын хэвлийд хууль бусаар халдсан хүн байхгүй, гар аргаар алт олборлосон тохиолдол ч гараагүй тул тэдгээрийг баримтжуулсан ямар ч баримт хэрэг дотор цуглараагүй байна. Тушаалд заасан “хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлуулсан зөрчил гарсан эсэхийг шүүх нотлох баримтын хүрээнд шинэ судлаж, өөрийн дотоод итгэлээр дүгнэлт хийх ёстой байсан ч чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсонгүй.

3.9.Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам /код 112/-ын 112.7.3-т “Шалгуулж байгаа алба хаагч, ажилтан нь дараахь эрхтэй

а/ ямар асуудлаар албаны шалгалт явагдаж байгааг мэдэх;

б/ тайлбар, баримт, материал гаргаж;

в/ баримт, материал шалгуулах хүсэлт тавих" хэмээн заасан. Гэвч шалгуулж буй Г.Т, Д.Х нарын хэн аль нь дээрх эрхээ эдлэж чадаагүй тул ямар ч баримт, тайлбар гаргаагүй ба өөрийн буруугүйг нотлох зорилгоор баримт цуглуулах хүсэлт тавиагүйгээс захиргааны цуглуулсан баримт нь зөвхөн буруутгах, үйл ажиллагааг нь харлуулах өнгө аястай байна.

3.10.Мөн журмын 112.2.5.-д “Дотоод хяналт шалгалтад холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглоно” хэмээн заасан.

3.11.Шүүх хуралдаан дээр гэрч Г.Г-өөс нэхэмжлэгч “Яагаад биднийг дуудаж тайлбар аваагүй юм бэ” гэхэд “угаасаа асуудал ойлгомжтой байсан” хэмээн хариулснаас үзэхэд хориглосон хэм хэмжээг зөрчиж, хяналт шалгалт хийсэн байна. Тэгэхээр эрхийг нь эдлүүлэхгүй, холбогдох заалтыг зөрчиж буюу хууль бусаар цуглуулсан захиргааны баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хуульд нийцэхгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1.Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1.Маргааны үйл баримтын талаар;

Цагдаагийн ерөнхий газрын даргын  “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/3**дугаар тушаалын

1 дэх заалтаар “Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д-ийн Х нь тус аймгийн Дарви сумын Хавцгайн амны дунд хамар гэх газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад хууль бус үүрэг чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан нь ...”,

2 дахь заалтаар “Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г-ийн Т нь тус аймгийн Дарви сумын Хавцгайн амны дунд хамар гэх газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ удирдлагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэн иргэдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ирэхэд иргэдийг өөрсдөө барьж саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан үйлдэл нь…”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.10, 2.3.6, 2.3.8, 2.3.10, 2.3.12, 2.4.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг Цагдаагийн албанаас халж, Д.Х-ын “цагдаагийн хошууч” цол, Г.Т-ийн “цагдаагийн дэслэгч” цолыг хурааж шийдвэрлэжээ. /1-р хх-223 тал/

 

2.2.Хэрэгт авагдсан баримтууд болон Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нарт явуулсан 20230011800027 дугаар албаны шалгалтын материалаас үзэхэд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 цаг 37 минутад “Дарви сумын Жавхлант багийн нутаг хавцгайн ам гэх газарт газрын хэвлийд хууль бусаар халдсан” гэх гомдол мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүд үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. /1-р хх-ийн 118, 171-175 дахь талд/

 

2.3. Улмаар мөн цагдаагийн газрын мөрдөх байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.М 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудастаа “...иргэд хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх Г-31/103 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад тухайн газарт иргэд газрын хэвлийд хууль бусаар халдаж алт олборлоосон үйлдэлд хамгаалалтад гарч байсан цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй байх тул тусгаарлан шалгуулах саналтай ...” /2-р хх-ийн 34 дэх тал/ гэж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон гомдлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан байна.

 

2.4.Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Г “Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхлант багийн Хавцгайн амны дунд хамар гэх газарт иргэд гар аргаар газрын ховор элемент ашиг малтмал хууль бусаар олборлосон асуудалд тус аймгийн цагдаагийн албан хаагчид холбогдсон байж болзошгүй” гэх албан хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг албаны шалгалт явуулж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №1/39 дугаар “Албаны шалгалтын дүнгийн талаар” танилцуулгадаа нэхэмжлэгч Д.Х, Г.Т нарыг алба хаагчийн буруутай үйлдэл тогтоогдсон, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулах саналтайгаар илтгэн танилцуулжээ. (1-р хх-ийн 43-48 дахь талд)

 

2.5.Энэхүү албаны шалгалтаар нэхэмжлэгч Д.Х Говь-Алтай аймгийн Дарви сумын “Хавцгайн амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан гэх үйлдэл, нэхэмжлэгч Г.Т мөн тус газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үедээ удирдлагаас өгсөн хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэн иргэдийг хамгаалалтын бүсэд нэвтрүүлэн, олборлолт хийж байх үед нь Дарви сумын тамгын газрын ажилчид, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ирэхэд иргэдийг өөрсдөө барьж саатуулсан мэтээр хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан гэх үйлдлийг хууль тогтоомжийн хүрээнд  шалгаж, тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын албаны шалгалтын ажиллагааны баримтууд (үүнд нэр бүхий цагдаагийн алба хаагч нараас авсан тайлбарууд, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албаны шалгалтын дүнгийн талаар танилцуулга  болон 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

2.6.Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн  81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болжээ.

 

3.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар,

 

3.1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.10-д “цагдаагийн албан хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгосон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үлдэл гаргахгүй байх” гэж тус тус заажээ.

      

3.2.Дээрх хууль тогтоомж болон Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдлөг болгон ажиллах үүргээ сахин биелүүлээгүй нэхэмжлэгч нарын зөрчилд цагдаагийн албанаас халж, цол хурааж, хариуцлагын арга хэмжээ авсан Цагдаагийн ерөнхий газрын даргын “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай”  2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/3**дугаар тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална” гэж, мөн хуулийн 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж заасантай нийцсэн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.  

       

3.3.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн төрийн албаны маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3.4.Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...М.З-ын 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбарыг шүүх гол нотлох баримт болгосон ...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газрын хэвлийд хууль бусаар халдсан хүн байхгүй, гар аргаар алт олборлосон тохиолдол ч гараагүй тул тэдгээрийг баримтжуулсан ямар ч баримт хэрэг дотор цуглараагүй байна. Тушаалд заасан хууль бусаар газрын хэвлийд халдаж, гар аргаар алт олборлуулсан зөрчил гарсан эсэхийг шүүх нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаж, өөрийн дотоод итгэлээр дүгнэлт хийх ёстой байсан ч чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсонгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0613 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                                  З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА