| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0769/и |
| Дугаар | 00769 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээлгэх, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Хосбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтох, Ц.Гантуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Хосбаяр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны шийдвэрээр иргэн Ц.Баттогтох, Ц.Гантуяа нараас 288.008.667 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Ингээд зээлдэгч нар буюу хариуцагч нар нь зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх хуудас бичүүлэн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгүүлэхээр өгч мөн өдөр №29 тоот ШГАлбатай гэрээ байгуулсан юм.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2 жил гаран явагдаж өнөөдрийн байдлаар зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй төлбөр төлөгч Ц.Баттогтох Ц.Гантуяа нарын өмчлөлийн Мөрөн сумын 7-р баг 29 дүгээр гудамж, 13 тоотод байрлах 400 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Мөрөн сумын 7-р баг 29 дүгээр гудамж, 13а тоотод байрлах 390 кв.м талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 914.3 кв.м хэмжээтэй газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар ажиллагаа хийгдсэн боловч дуудлага худалдаанд нэг ч оролцогч оролцохгүй тухайн эд хөрөнгийг худалдан авахаар сонирхогч этгээд гарахгүй өдий хүрсэн болно. Тухайн үед төлбөр төлөгч нар эд хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байсан ба хөрөнгийн үнэлгээчин нь дундуур нь үнэлсэн гээд 740 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж манайд мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд болон ШШГЕГазарт нь гомдол гаргасан юм. Одоо ШГАлбанаас дээрхи эд хөрөнгийг 50% буюу 300 гаран сая төгрөгөөр манай байгууллагыг аваад зөрүү 80 гаран сая төгрөг буцааж төл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээн тогтоолгож, үнэлгээчний үнийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь: Тухайн үед эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин Ш.Даваасүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлан нь иргэн Ц.Баттогтох, Ц.Гантуяа нарын үнийн саналыг багасгасан мэтээр харагдаж байгаа боловч бодит байдал дээр Зах зээлийн харьцуулсан арга хэрэглэсэн нь хийсвэр төсөөллийн байдалтай үнэмшилгүй, бодит байдалтай илтэд нийцэхгүй байгаагаас үнэлгээ нь үндэслэл бүхий болж чадаагүй ба төлбөр төлөгч нарын 1 тэрбум гэсэн үнийн 50% бууруулж тогтоосон явдал юм. Бид 300 сая төгрөгөөр зарагдахгүй байгааг эд хөрөнгийг төлбөрт аваад зөрүү 80 сая төгрөг өгөх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин манай зүгээс зарагдахгүй байгаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөр буюу 288 сая төгрөгт тооцож авахыг зөвшөөрч байгаа юм гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Гантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед бид эд хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр үнэлснийг үнэлгээчин нь 740 сая төгрөгөөр үнэлснийг зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Харин Голомт банкны Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан юм байна. Тухайн үед зээл олгохдоо бидний үл хөдлөх хөрөнгийг 385 сая төгрөгөөр үнэлж зээл гаргасан байж одоо үнийн саналаа өгөхдөө 288 саяд өгсөн байгаа дээр гайхаж ойлгохгүй байна. Бид банкны мөнгийг төлөх нь үнэн, зээл авсан нь үнэн тул ямарч л байсан банкийг хохиролгүй болгоно. Бидний зээлийн хугацааг сунгаад өгч болох уу гэж очиж байсан гэтэл бидэнтэй тохиролцоогүй.
Одоо тэгээд хууль шүүхийн байгууллага нь үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтохын шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүх юм л анхнаасаа шүүхээр яваад л шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжаад явж байгаа болохоор өмнө гарсан шүүхийн шийдвэрүүд байгаа учраас үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж “Үнийн дүнгийн зөрүү болох 81.367.336 төгрөгийг төлөхийг шаардаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах”-аар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээлгэх, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж “Үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээлгэх, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
Шүүх хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ж.Батмөнхөд нэхэмжлэлийн 1 хувийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирүүлэх үүрэгтэй”-г тайлбарлан өгч баримтанд гарын үсэг зуруулжээ.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаан дотор үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй байх тул хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Баттогтох, Ц.Гантуяа нарын: “....бид эд хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр үнэлснийг үнэлгээчин нь 740 сая төгрөгөөр үнэлснийг зөвшөөрсөн учир гомдол гаргаагүй. Харин Голомт банкны Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан юм байна. Тухайн үед зээл олгохдоо бидний үл хөдлөх хөрөнгийг 385 сая төгрөгөөр үнэлж зээл гаргасан байж одоо үнийн саналаа өгөхдөө 288 саяд өгсөн байгаа дээр гайхаж ойлгохгүй байна....” гэх тайлбар өгч байх хэдий ч хуульд зааснаар үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюунтуяад шүүх хуралдааны товыг түүний 86086104 дугаарын гар утсаар нь мэдэгдэхэд “....оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэх тайлбар хүсэлт, утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн “Үнийн дүнгийн зөрүү болох 81.367.336 төгрөгийг төлөхийг шаардаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах”-аар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 564.787 төгрөгнөөс, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн буюу “Үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээлгэх, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгох”-ыг хүссэн “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг, улсын орлогоос буцаан 494.557 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7-т зааснаар Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Үнэлгээнд гомдол гаргах хугацааг сэргээж, үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564.787 /таван зуун жаран дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгнөөс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, улсын орлогоос буцаан 494.557 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ