Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/682

 

 

 

 

 

 

 

 

 

2021             10           29                                      2021/ШЦТ/682

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Э.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхтөрийн Ц-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905045701288 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хийн цахилгааны гагнуурчин мэргэжилтэй, Хэнтий аймаг Бор Өндөр сум ..... ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Орбит ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймаг Бор Өндөр сум Бумбат ... дугаар баг Хангайн ... гудамжны ....  тоотод түр оршин суух,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овог Энхтөрийн Ц-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Ц- нь 2019 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Магнай трейд ХХК-ний ШТС-52 салбарт түгээгчээр ажиллаж байхдаа орлогын 760,856 төгрөг, 276,000 төгрөгийн үнэ бүхий Samsung /Самсунг/ маркийн гар утас 1 ширхэг, 252,000 төгрөгийн үнэ бүхий Гота брендийн гар станц 1 ширхгийг тус тус авч яван итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг зарж борлуулсаны улмаас Магнай трейд ХХК-д 1,288,856 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Ц- нь 2019 оны 11 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Магнай трейд ХХК-ний ШТС-52 салбарт түгээгчээр ажиллаж байхдаа орлогын 760,856 төгрөг, 276,000 төгрөгийн үнэ бүхий Samsung /Самсунг/ маркийн гар утас 1 ширхэг, 252,000 төгрөгийн үнэ бүхий Гота брендийн гар станц 1 ширхгийг тус тус авч яван итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг зарж борлуулсаны улмаас Магнай трейд ХХК-д 1,288,856 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-ын “.. .Би Магнай трейд ХХК-ийн хуулийн хэлтэст 2013 оноос хойш менежерээр ажиллаж байгаа юм.

... Уг салбарыг эрхлэгч Ц- гэж хүн хариуцаж ажиллуулдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд түгээгчээр гарах хүн байхгүй байсан учраас хүн нөхөх байдлаар манай компани ажилтан буюу түгээгчээр ажилладаг Энхтөр овогтой Ц-ийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн оройны 20 цаг хүртэл ажиллуулахаар гаргасан юм. Ингээд түгээгчээр ажиллаж байсан Ц- хамт түгээгчээр ажиллаж байсан Лхагвасүрэндээ мэдэгдэлгүйгээр орлогын мөнгө болон үйл ажиллагаандаа ашигладаг гар утас, гар станц зэргийг аваад явсанг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц- нь ээлжинд гарч байх хугацаандаа компаниас тавьж өгсөн Samsung J-5 загварын гар утас, гар станцыг дараагийн ээлж авах хүндээ хүлээлгэж өгөх, мөн орлогын мөнгийг банкинд хүлээлгэж өгсөн баримт үйлдэж өгөх ёстой байсан боловч хүлээлгэж өгөлгүй, ажлын байрыг орхиж эд зүйлс, орлогын мөнгийг авч явсан байсан юм.

... Компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 35-36 дугаар хуудас/

“... Манай байгууллагаас нэхэмжилж гаргасан зардал мөнгө нь одоо бүрэн төлөгдсөн байгаа. Мөн манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа авч явсан мөнгөн орлого 760,856 төгрөг болсон байсан. Бид хөрөнгө үнэлгээний газраас гаргаж өгсөн гар утас болон гар станцын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд одоо энэ үнэлгээгээр оруулаад нийт 1,288,856 төгрөг болсон байна. Э.Ц- нь манай байгууллагаас гарсан хохирол мөнгийг бүрэн барагдуулсан байгаа тул одоо манай байгууллагаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болсон ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ц-ын “Би Магнай трейд ХХК-д 2001 оноос хойш ажиллаж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг МТ шатахуун түгээх станцыг хариуцаж ажилладаг байсан. Тухайн өдөр манай салбар дээр нэг түгээгч хэрэгтэй болоод би компаний хүний нөөц рүү яриад нэг хүн явуул гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн орчим Ц- ирсэн. Тэгээд Лхагвасүрэн гэдэг хүнтэй цуг үлдээгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 07 цаг орчим над руу Лхагвасүрэн залгаад нөгөө хамт гарсан хүн алга болчихлоо гэж ярьсан. Тэгээд би компаний жижүүрт хэлээд цагдаад дуудлага өгсөн.

... Дотоод гар утас, ажлын хувцас, Samsung J-5 загварын гар утас, түгээлт хийсэн мөнгө зэрэг эд зүйл авч явсан. Би тодорхой сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шатахуун, тос тосолгооны материалын бэлэн мөнгө болон мөнгөн талоны үлдэгдлийг тоолсон тооллогын бүртгэл. /хэргийн 79 дүгээр хуудас/

 

Э.Ц-ийн яллагдагчаар өгсөн “... Миний бие 2019 оны 4 дүгээр сараас эхлэн ажилд орох хүсэлт гаргаж МТ ХХК-д түгээгч хамгаалагч гэх ажилд орсон.

... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг өглөө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг МТ шатахуун түгээх газар очиж ажилласан бөгөөд тухайн орой 19 цагаас ээлж аваад 23 цагийн үед гэнэт ажил хиймээргүй санагдаад байхаар нь 760,000 орчим төгрөг байсныг аваад карт уншуулдаг G mobile гэх хаягтай гар утас, Гота станц гэх нэртэй гар станц зэрэг байсныг аваад Саппоро орчим нэг буудалд ороод хоол идээд ганц нэг пиво уугаад хоносон бөгөөд маргааш нь Драгон орж гар утсыг гар утас засвар худалдааны газар 88,000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ Теди орсон бөгөөд гар станцыг гадаа утас аваад зараад байдаг хүмүүст 40,000 төгрөгөөр зарсан. Тэгээд өөрт байсан мөнгөөрөө архи уугаад гадуур тэнэж байгаад ойролцоогоор 2-3 хоноод шуурхай зараар Хэнтий аймаг Бор-Өндөр суманд уулын баяжуулах үйлдвэрт хамгаалагч ажилд авна гэх зараар очиж шууд тэндээ уулын баяжуулах үйлдвэрт 1 дүгээр постод хамгаалагчаар ажилд орж ажилласан. Тухайн ажилд орохоор явж байхдаа Хэнтий аймаг Баян-Өндөр сумын нэг эмэгтэй буюу одоогийн миний эхнэр болох Мөнхцэцэг гэх хүнтэй танилцсан юм.

... Би хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үндсэн ажилтан байсан. Би тухайн өдрийн орлого болон гар утас, гар станц зэрэг эд зүйл авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо тухайн байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо ямар нэг санал гомдолгүй болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д-ын “... Э.Ц- нь хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол саналгүй болно. ...” гэсэн хүсэлт /хэргийн 159 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

                                                                                                                                                           

Шүүгдэгч Э.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Ц- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ