Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 120

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А М” ХХК

Хариуцагч: АМГТГ КХ-ийн дарга,

Хариуцагч: Ц*******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Ц*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ц*******т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ц*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох.

Нэхэмжлэлийн үндэслэл: А******* компани нь Цөмийн энергийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн 33 дугаартай “Э” хайгуулын талбайд 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл (хуулийн 15.2.2-д заасан) хүсч өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 17.3 болон 17.4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 17.3 дахь хэсэгт “энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч... дараах нөхцлийг хангасан байна: 17.3.2. цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байх; 17.3.3. цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх; 17.3.4. цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт хийх санхүүгийн чадавхитай байх; 17.3.5. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх; 17.3.6. цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх; 17.3.7. цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх; 17.3.8. цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх” гэж цацраг идэвхит ашигт малтмал ашиглах хуулийн этгээдэд зарим нэг нэмэлт шаардлагыг тавьсан байдаг.

Тус компанийн 50 хувийг Япон Улсын иргэн, 49 хувийг Монгол Улсын иргэн, 1 хувийг БНСУ-ын Эль-Жи (*******) корпораци БНХАУ-ын засаг захиргааны тусгай нутаг дэвсгэр Хонг Конгод бүртгэлтэй өөрийн 100 хувийн өмчлөлийн охин компаниараа дамжуулан эзэмшиж байна.

Ийнхүү тус компанийн эцсийн өмчлөгч нарын нэг нь дэлхийд технологийн дэвшлээр тэргүүлэгч БНСУ-ын Э******* тул Цөмийн энергийн тухай хуульд заасан цацраг идэвхт ашигт малтмалыг дэлхийн зах зээлд үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн болон дэвшилтэт технологи нэвтрүүлэх чадавхитай байх зэрэг хуулийн шалгуурыг хангана гэж тус компани итгэж байсан.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас...тус тус санал авсан байна” гэжээ.

Энэ заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс холбогдох байгууллагуудын саналыг авахад, бидэнд мэдэгдсэнээр, Ц*******ын Ажлын албанаас Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан заалтуудыг нотлох баримтууд, 19 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийн бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй байгаа тул Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй байна гэсэн бол Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуульд нийцүүлэн ажиллаж байгаа нөхцөлд татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсэн байдаг.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл сунжирч байгаад компанийн зүгээс дүгнэлт хийж, Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйпд заасан шаардлагыг хангах зорилгоор Финланд Улсын Хельсинк хот дахь НАСДАК хөрөнгийн биржид бүртгэлтэй цөмийн технологиороо олон улсад нэр хүнд бүхий Финландын “О*******” компанитай хамтран ажиллах тапаар Харилцан ойлголцлын санамж байгуулж, нэмэлт баримт материалыг Кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Тус компанийн зүгээс дээрх нэмэлт баримт материалыг Кадастрын хэлтэс хүлээн авч Цөмийн энергийн тухай хуулийн дагуу холбогдох байгууллагаас шинэ нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр дахин санал авна гэж итгэж хүлээж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим"-ыг тусгасан бөгөөд үүний дотор “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчим нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ зарчмын хүрээнд Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, манай компанийн оролцоог хангаж, уулзалт хийсэн ба уулзалтын дагуу бид бичгээр саналаа хүргүүлсэн.

Гэсэн хэдий ч, Кадастрын хэлтэс бидний гаргасан нэмэлт материалын дагуу холбогдох эрх бүхий байгууллагын саналыг авалгүйгээр өргөдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Кадастрын хэлтсийн өргөдлөөс татгалзсан үндэслэлийн нэг нь Цөмийн энергийн тухай хуулийн 17.4 дэх хэсэг бөгөөд үүнд “энэ хуулийн 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.4, 17.1.5-д заасан нөхцөлийг хангасан байна" гэсэн заалт юм.

Тус компани нь Цөмийн энергийн тухай хуулийн 15.2.2 дахь хэсэгт заасан цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд харин уг хуулийн 15.2.3 (цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх) болон 15.3 дахь хэсэг (15.3.1 цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах; 15.3.2 цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах; 15.3.3 цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох; 15.3.4 цацрагийн үүсгүүрийн хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа)-т заасан тусгай зөвшөөрөл хүсээгүй.

Тиймээс, Кадастрын хэлтсийн өргөдлөөс татгалзахдаа баримтласан Цөмийн энергийн тухай хуулийн 17.4 дэх хэсэг нь тус компанийн гаргасан өргөдөлд огтхон ч хамааралгүй зүйл заалт байна.

Цөмийн энергийн тухай хууль нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар нарийвчилсан зохицуулалт бүхий хуульд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд зайлшгүй уг хуульд заасны дагуу Ц*******ын дэмжсэн, эсхүл эс дэмжсэн саналыг заавал авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл уг өргөдөл шийдвэрлэлтэд Ц*******ын санал байхгүй, харин уг комиссын Ажлын албаны даргын “хэлэлцүүлэх боломжгүй” гэсэн албан бичиг авагдсан нь комисс тус компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээгүйг батлан харуулж байгаа бөгөөд энэ тохиолдолд Ц*******ын саналыг авах уг хуулийн шаардлага бүрэн хангагдаагүй байхад тус компанийн өргөдлөөс татгалзсан байна.

Ц*******ын Ажлын албаны даргын “Комиссоор хэлэлцүүлэх боломжгүй” байгаа тухай мэдэгдсэн албан бичгийг Ц*******ын саналд орлуулан тооцож болохгүй.

Иймээс, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиг үүрэгтэй Кадастрын хэлтсээс өргөдлийг шийдвэрлэхдээ өргөдөл гаргагчийн гаргаж өгсөн нэмэлт баримт материал нь түүний хувийн байдал, өргөдлийн нөхцөл байдлыг өөрчилж байгааг харгалзан үзэж, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбогдуулан Ц*******ын саналыг хуулийн дагуу авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж тус компанийн зүгээс үзэж байна.

Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүлээн авсны дараа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тус компани дээд шатны захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул бид шүүхэд хандсан.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалтын дагуу “А М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзан шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “ ... Ц*******ын хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тул холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор Ц*******оор хэлэлцүүлэхийг тухайн захиргааны байгууллагад даалгах.

Нэхэмжлэлийн үндэслэл: Ц*******ын Ажлын албанаас Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан заалтуудыг нотлох баримтууд, 19 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийн бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй байгаа тул Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй байна гэсэн хариу мэдэгдсэн байдаг.

Цөмийн энергийн тухай хууль нь цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талаар нарийвчилсан зохицуулалт бүхий хуульд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд зайлшгүй уг хуульд заасны дагуу Ц*******ын дэмжсэн, эсхүл эс дэмжсэн саналыг заавал авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл уг өргөдөл шийдвэрлэлтэд Ц*******ын санал байхгүй, харин уг комиссын Ажлын албаны даргын “хэлэлцүүлэх боломжгүй” гэсэн албан бичиг авагдсан нь комисс тус компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээгүйг батлан харуулж байгаа бөгөөд энэ тохиолдолд Ц*******ын саналыг авах уг хуулийн шаардлага бүрэн хангагдаагүй байхад тус компанийн өргөдлөөс татгалзсан байна.

Ц*******ын Ажлын албаны даргын “Комиссоор хэлэлцүүлэх боломжгүй” байгаа тухай мэдэгдсэн албан бичгийг Ц*******ын саналд оруулан тооцож болохгүй. Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.5-д “Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг батлагдсан маягтын дагуу хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заасан байдаг бол Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ: 48.6.1 тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор" гэж заасан байдаг.

Харин Цөмийн энергийн тухай хуулийн 19.1-д “энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 19.1.1 .эрхлэх үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, ...” хэмээн өөрөөр зохицуулжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн шаардлагыг хангах үүднээс тус компани өөрийн зүгээс техник-эдийн засгийн үндэслэлийг урьдчилсан байдлаар боловсруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа буюу тус компанийн технологийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд дахин нарийвчлан эрх бүхий байгууллагаар батлуулахаар Ц*******ын Ажлын албанд хүргүүлсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө”-ний хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсны дараа тус компани гагцхүү байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах боломж бүрдэнэ.

Учир нь, тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаа 12,000 гаруй га талбайгаар багасгаж байгаа тул нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө нь зөвхөн тухайн өртөгдөх талбайн хэмжээгээр хийгдэх болохоор тусгай зөвшөөрөл гараагүй байхад нарийвчилсан үнэлгээ хийлгэх, байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах боломжгүй байгаа. Гэтэл Ц*******ын Ажлын алба баримт бичиг дутуу, шаардлага хангахгүй үндэслэлээр Ц*******оор хэлэлцүүлэхгүй байгаа нь хуулиар тус комисст олгосон эрх хэмжээг өөртөө хүлээн авч шийдвэр гаргаж байгаа хэрэг төдийгүй хуульчийн нүдэнд тус комиссын эс үйлдэхүй болон харагдаж байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалтын дагуу “А М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ц*******ын хуралдаанаар хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор Ц*******оор хэлэлцэхийг Ц*******т даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А М” ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасны дагуу 36 дугаартай “Э*******” нэртэй хайгуулын талбайд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүсэж өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 болон 17.4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.3-т цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах, хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг заасан байдаг. Нэхэмжлэгч компанийн 49 хувийг нь Монгол Улсын иргэн, 50 хувийг Япон Улсын иргэн, 1 хувийг Солонгосын “*******” компани БНХАУ-ын Хонг Конгод бүртгэлтэй аж ахуйн нэгжээрээ дамжуулан эзэмшдэг. Нэгэнт компанийн хувь нийлүүлэгчээр дэлхийд тэргүүлэх “*******” компани байгаа учраас хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэдэгтээ итгэлтэй байсан. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авахад Ц*******, Тагнуулын төв байгууллага, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус тус санал авсан байна гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ дагуу Ашигт малтмалын газраас санал авахад Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар санал өгч тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэсэн бичиг ирүүлсэн. Энэ баримт нотлох баримтаар авагдсан байгаа. Харин Цөмийн энергийн тухай хуулийн дагуу санал авах асуудал нь Ц******* дээр очоод гацсан байдалтай байгаа. Ц*******ын Ажлын албанаас Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байна гэдэг хариу өгсөн. Гэтэл хуульд Ц*******оос санал авна гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч 2015 онд өргөдөл гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд  хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тодорхой хэмжээний хугацаа алдагдсан. Хамгийн сүүлд Ц*******ын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадасрын хэлтэст хандсан. Кадастрын хэлтсээс сонсох ажиллагаа хийх үед нь нэхэмжлэгчийн зүгээс бичгээр албан хүсэлтээ тавьж зарим нэмэлт баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэсэн хэдий ч хуулийн дагуу саналыг авалгүйгээр өргөдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт нь хамааралгүй заалт гэдгийг тодруулах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хамааралгүй, ач холбогдолгүй заалтыг үндэслэж татгалзсан гэж үзэж байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуулийн зохицуулалтын дагуу хийгдэх ажиллагаагаа бүрэн хийгээгүй атлаа тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзсан. Ц******* гэдэг нь өөрөө олон хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хэлбэрийн байгууллага. Гэтэл Ажлын албаны дарга албан бичгээр “...хэлэлцүүлэх боломжгүй...” гэсэн хариу өгснийг татгалзсан санал гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгчээс өгсөн өргөдлийг хуулийн дагуу комиссоос санал авч шийдвэрлэх ёстой.

Мөн Ц*******ын Ажлын албанд бид тодорхой хэмжээний шаардсан баримтуудыг нь гаргаж өгсөн. Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.5-д “...Ашигт малтмалын тухай хуулийн 48.6-д заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг батлагдсан маягтын дагуу хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заасан байдаг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн заалт нь өөр зохицуулалттай. Өөрөөр хэлбэл 2 хуулийн зохицуулалт хоорондоо зөрүүтэй. Гэсэн хэдий ч бид нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримталж, Ц*******оос тавьсан шаардлагыг хангасан. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тухай зохицуулалт байгаа. Ашиглалтын лиценз хүсэхдээ талбайгаа багасгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг зөвшөөрөл гарсны дараа зөвшөөрөлд хамаарах талбайн хэмжээнд хийлгэх ёстой. Иймээс Ц*******ын өргөдөл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хэлэлцүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “... Дорнод аймгийн Д*******, Гурванзагал сумдын нутаг Э******* нэртэй 39942 гектар талбай бүхий газарт Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр иргэн Б.У-д ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Иргэн Б.У нь ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг гаргаснаар Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “А*******” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 32, 2006 оны 410, 2008 оны 878 дугаар шийдвэрүүдээр тус тус сунгаж ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаагаар тооцсон байна.

Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээ хүчингүй болгож “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар тооцсон байна.

Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.6 дахь хэсэг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 402 дугаар шүүгчийн захирамж, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар шүүхийн тогтоол зэргийг тус тус үндэслэн Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал З жилийн хугацаагаар сунгаж бүртгэсэн байна.

“А М” ХХКнь Кадастрын хэлтэст 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг гаргахад тавигдах шаардлагын талаар Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан ба тусгай зөвшөөрөл олгох журмыг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хуульчилсан болно.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “ Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Ц*******оос тус тус санал авсан байна” гэж заасан.

“А М” ХХК-ийн хувьд Цөмийн энергийн тухай хуулийн 15.2.2 дахь хэсэгт заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн тул Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санал авсны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхээр байсан.

Дээрх холбогдох байгууллагуудаас санал ирүүлсэн байдлыг шүүж үзэхэд

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2/2430 тоот албан бичгээр “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбайд Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4 дэх хэсэгт заасан шаардлагатай баримт бичгүүд бүрдсэн тохиолдолд татгалзах зүйлгүй болно гэсэн хариу ирүүлсэн.

- Ц*******ын Ажпын албанаас ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоот албан бичгүүдээр Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан баримтууд дутуу шаардлага хангахгүй байх тул Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй гэж хариу ирүүлсэн.

- Тагнуулын еренхий газрын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1583 дугаар албан бичгээр ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тухайн үеийн Цөмийн энергийн газарт ирүүлээгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахдаа Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг мөрдөж ажиллахад анхаарна уу гэсэн хариуг тус тус ирүүлсэн байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй гэж хариу ирүүлсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ “А М” ХХКнь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад тавигдах шаардлага нь Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйл, тусгай зөвшөөрөл авах журам нь 18 дугаар зүйлд тодорхой хуульчилсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Ц*******оос тус тус санал авсан байна” гэж заасан байдаг. Үүний дагуу Ц*******оос 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоот албан бичгүүдээр Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дэх заалтад заасан баримтууд дутуу ирүүлсэн учраас шаардлага хангахгүй байгаа учраас Ц******* хуралдаанаар хэлэлцэж санал өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Уг албан бичгийг үндэслэж Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын  2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 824 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан шаардлагаас гадна 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг үндэслэж шийдвэр гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлээ өгч, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийж, 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрээ гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гарсантай зэрэгцэж “А М” ХХК-иас хүсэлт ирсэн.  Тэр үед шийдвэр гарсан байсан. Манайд ирүүлсэн зузаан хавтастай материалыг бүгдийг Ц*******т хүргүүлсэн.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Ц*******ын Ажлын албаны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/376 тоот албан бичиг ирэхээс өмнө гаргасан шийдвэр бөгөөд цаг хугацааг шүүх харгалзаж шийдвэрлэж өгнө үү. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ц******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “...”А М” ХХК-ийн “Ц*******ын хуралдаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тул холбогдох захиргааны акт /санал/ гаргах зорилгоор Ц*******оор хэлэлцүүлэхийг тухайн захиргааны байгууллагад даалгах, түүний эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ц******* нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасан “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх үүрэгтэй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас Дорнод аймгийн Д*******, Гурванзагал сумын нутагт орших Э нэрт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан Ц*******оос санал авахаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5572 тоот албан бичгийг тус Ажлын албанд ирүүлсэн.

Тус Ажлын албанаас өргөдлийн материалыг хянан үзээд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйлд заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлагуудыг хангаагүй, материалын бүрдүүлэлт дутуу байх учир ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй талаар 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5572 тоот албан бичигт “А М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг дутуу хүргүүлсэн байх тул Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр нэмэлт 167 хуудас материалыг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6/6560 тоот албан бичгээр тус Ажлын албанд дахин ирүүлсэн байдаг.

Өргөдлийн материалд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа эсхүл хангах боломжтойгоо нотлох баримт материал, холбогдох дүгнэлт, баталгаа, үнэлгээ зэрэг байхгүй, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан мөн хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр хавсаргагдаагүй байсан тул Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангасан тохиолдолд санал авахаар ирүүлж байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоот албан бичгээр мэдэгдсэн.

“А М” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхтэй холбогдуулан холбогдох тайлбар, нэмэлт мэдээлэл, тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай асуудлыг Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлж өгөх тухай дээр дурдсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/16 тоот албан бичигт холбогдох тайлбар, тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн авах талаар хуулийн үндэслэлийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/376 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн.

Түүнчлэн тус Ажлын албанаас 2015-2017 онд “А М” ХХК-ийн төлөөлөлтэй хийсэн удаа дараагийн уулзалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалын бүрдүүлбэрийг хангах, Цөмийн энергийн тухай хуульд заасан шаардлагуудын талаар тодруулга, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, эдгээр нөхцлийг хангасан тохиолдолд Ц*******ын хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой болохыг тухай бүр тайлбар өгч, мэдэгдэж ажилласан болно. Эдгээр уулзалтын талаар тус компаниас ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/16 тоот албан бичигт дурдсан байх бөгөөд уг асуудал нь шийдвэрлэгдээгүй нь тухайн компанийн идэвх санаачлага, үүрэг хариуцлагатай тодорхой хэмжээгээр холбоотойг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газар нь өргөдлийг хүлээн авахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах”, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй болох нь тодорхой байна.

Ашигт малтмалын газар /хуучнаар/ нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “А М” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн шаардлага хангаагүй өргөдлийн материалыг хүлээн авч, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2, 15.2,3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар .... дотор шийдвэрлэнэ.” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Ц*******ын дүрмийн 3.3-т “Комиссын нарийн бичгийн дарга нь комиссын өдөр тутмын ажлыг хариуцаж, ажлын албыг удирдана. Нарийн бичгийн дарга нь комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангана” гэж заасны дагуу Ц*******ын Ажпын албанаас “А М” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх асуудлыг Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хууль ёсны шаардлага тавьж, энэ талаар тухай бүр Ашигт малтмал, газрын тосны газар болон “А М” ХХК-д тодорхой мэдэгдэж ажилласан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан бөгөөд Ц*******, Ажлын албанаас чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хууль, тогтоомжид заасан шаардлага тавих нь “А М” ХХК-ийн хууль ёсны ашигт сонирхлыг зөрчсөн, хууль заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангахгүй байхад цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэх нь өөрөө хуульд нийцэхгүй юм.

Иймд “А М” ХХК-ийн Ц*******т холбогдох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэн өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ц*******ын Ажлын алба 2017 оны 01 дүгээр сард 60 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн байгаа. Ц*******ын дүрэмд заасны дагуу Ц*******ын Ажлын алба нь комиссын өдөр тутмын үйл ажиллагааг, комиссын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар заасан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан санал авахаар ирүүлсэн албан бичиг нь хууль тогтоомжид заасан бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй байсан учраас санал өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ц*******ын хуралдаанаар хуульд заасан шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу баримтуудыг хэлэлцэх шаардлагагүй. Иймээс Ц*******ын хууль бус эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ц*******оос “А М” ХХК-ийн бүрдүүлсэн материалд техник эдийн засгийн үндэслэлийг бүрдүүлсэн гэж тооцсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж Цөмийн энергийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан шаардлага дахь нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагыг тавиагүй. Мөн л бүрдүүлбэр хангасан гэж үзсэн. Харин Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг зөвшөөрсөн буюу хувьцаа эзэмшигч ТУЗ-ийн шийдвэр бүхий баримтыг ирүүлээгүй байсан. Мөн нэхэмжлэгч нь бусад эрх бүхий байгууллагаас аюулгүй ажиллагаа хангуулахтай холбоотой баримтыг авч ирүүлээгүй байсан. Энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Засгийн газрын онцгой бүрэн эрхийг зааж, 7 дугаар зүйлийн 7.1-д “...Энэ хуулийн 15.1.2, 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нь дараах асуудлаар шийдвэр гаргахаас өмнө Ц*******оос зөвшөөрөл авна” гэж заасан. Зөвшөөрөл авсны үндсэн дээр мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар батламжлах тухай заасан. Иймээс төлөөлөн удирдах зөвлөлийн 34, 51 хувьтай холбоотой шийдвэр гарсан асуудлаар хандаж зөвшөөрөл авч, түүнийхээ дагуу ажиллагаа хийх ёстой.

Ослын төлөвлөгөө гэх мэт аюулгүй ажиллагааны шаардлагатай холбоотой баримтуудыг Цөмийн энергийн газар байх үедээ авч байсан. Энэ нь хайгуулын шатанд байсан. Хайгуулын үйл ажиллагаатай холбоотой цэргийн хамгаалалт аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаарх асуудал юм. Ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн хувьд техник эдийн засгийн үндэслэл нь ашиглалт олборлох үед ямар ямар үйл ажиллагаа хийх болон уг ажиллагаатай холбоотой шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаарх баримтыг шинээр гаргаж өгөх ёстой. Түүнээс бус хайгуулын шатанд ашиглаж байсан баримтуудаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ ашиглах боломжгүй. Мөн 2014, 2015 онуудад хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн үеэс өмнө өөр үйл ажиллагаатай байсан бөгөөд үүнийгээ шинэчилж өгөхийг шаардаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас Ц*******ын Ажлын албанаас өгсөн “комиссоор хэлэлцүүлэх боломжгүй” гэсэн саналыг Ц*******ын “дэмжээгүй” санал гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байгаа.

Ц******* 16 хүний бүрэлдэхүүнтэй. Ц*******ын Ажлын албанаас бүх шаардлагыг хангасан баримтыг комиссын хуралдаанд хэлэлцүүлж танилцуулж, үүнээс үүдэж тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргадаг. Ажлын албанаас хуульд заасан шаардлагуудаа бүрдүүлж ирсний дараа комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль ёсны биш гэж үзэж байна.” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А М” ХХКнь “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Ц*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхийг Ц*******т даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 372 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Д*******, Гурванзагал сумдын нутаг “Э*******” нэртэй 39942 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 33 тоот тусгай зөвшөөрлийг иргэн Б.У*******д анх олгож, 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “А М” ХХК-д шилжүүлжээ.

“А М” ХХКнь уг талбайдаа Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...Энэ хуулийн ... 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ...  тус тус санал авсан байх”-аар заажээ.

Хуулийн энэ шаардлагын дагуу санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6/5572 тоотоор Ц*******ын ажлын албанд, мөн өдрийн 6/5573 тоотоор Тагнуулын ерөнхий газарт, 6/5574 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус “А М” ХХК нь Дорнод аймгийн Д*******, Гурванзагал сумдын нутаг “Э*******” нэртэй газрын Мардайн гол, Нэмэрийн ураны ордуудад 33 тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал авахаар ханджээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дээрх албан бичгүүдийн дагуу Тагнуулын ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/1583 тоотоор “тус компани хайгуулын ажил хийх явцдаа хууль тогтоомжийг биелүүлэх талаар зарим дутагдал гаргаж байсан /Нэмэр, Мардайн ордуудын 33 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дууссанаас хойш хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тухайн үеийн Цөмийн энергийн газарт өгөөгүй/ байх тул цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахдаа Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг мөрдүүлж ажиллахад анхаарна уу.” гэсэн хариуг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2/2430 тоотоор “ ... “А М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын талбайд Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4 дэх хэсэгт заасан шаардлагатай баримт бичгүүд бүрдсэн тохиолдолд татгалзах зүйлгүй.” гэсэн хариуг тус тус ирүүлж, харин Ц*******ын Ажлын албаны дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385 тоотоор “... Тус компани нь Цөмийн энергийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлагуудыг хангахгүй байгаа тул цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар Ц*******ын хурлаар оруулах боломжгүй байгаа” гэж хариу ирүүлсэн байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 6/6560 тоотоор “дутуу хүргүүлсэн 167 хуудас нэмэлт материалыг хавсарган Ц*******оор хэлэлцүүлэхээр” дахин хандсан боловч Ц*******ын Ажлын албаны дарга 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоотоор мөн л “... Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан заалтуудын нотлох баримтууд, 19 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийн бүрдүүлэлт дутуу шаардлага хангахгүй байгаа тул Ц*******ын хуралдаанаар хэлэлцүүлэн санал өгөх боломжгүй байна” гэж хариу ирүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2018 оны 4 дүгээр сарын 13-нд сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл хүргүүлснээр 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн тус компанийн төлөөллийг байлцуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой сонсох ажиллагаа хийж, тус компанийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр багтааж тайлбараа өгөх хугацаа тогтоосон байдаг.

Сонсох ажиллагааны дагуу тус компаниас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өргөдлийн талаарх тайлбар, санал, 5 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн тухай тайлбар, тусгай зөвшөөрлийн бичиг баримтын жагсаалт, 5 дугаар сарын 10-ны өдөр “ ... Ц*******ын саналыг авсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх талаарх” саналыг тус тус хүргүүлсэн байна.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар Ц*******оос дэмжсэн санал ирээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц*******ын хурлаар хэлэлцээгүй байхад Ажлын албаны даргын “... комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй” гэх хариуг комиссын саналд тооцон “Ц******* дэмжсэн санал ирүүлээгүй” үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, татгалзсан үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт хамаарахгүй, 17.3 дахь заалтыг хангаж байсан” гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “... Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй” гэж, хариуцагч Ц******* “... Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т заасан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг зөвшөөрсөнөө нотолсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр бүхий баримтыг ирүүлээгүй байсан, аюулгүй ажиллагаа хангуулахтай холбоотой баримтыг ирүүлээгүй байсан тул комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байсан.” гэж тус тус тайлбарлан  маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2-т зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар /түүний холбогдох нэгж болох Кадастрын хэлтэс/ олгох бөгөөд энэ төрлийн тусгай зөвшөөрөл хүсэгчид мөн хуулийн 16 дугаар зүйлээр ерөнхий шаардлага, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсгээр тодорхой нөхцлийг хангасан байхыг шаарддаг ба 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг журамлаж, тухайлбал 18.8-д “энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Ц*******, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ...  тус тус санал авсан байх”-аар зааж, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ажиллагааг журамлажээ.

Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч “А М” ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар Ц*******оос дэмжсэн санал ирээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэл баримталжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 17.3 дахь хэсэгт “энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч 17.2.1 цацраг идэвхт ашигт малтмал ашиглах санхүүгийн чадавхтай байх, 17.2.2 байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх санхүүгийн чадавхтай байх, 17.2.3 хариуцлагатай уул уурхайг хөтлөн явуулдаг, энэ талаар зохих туршлага хуримтлуулсан байх, 17.2.4 уул уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, шаардлагыг хангаж ажилладаг байх, 17.3.2 цацраг идэвхт ашигт малтмалыг энхийн зорилгоор, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулах чадвартай, санхүүгийн хувьд бүрэн бие даасан байх, 17.3.3 цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн байх, 17.3.4 цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт хийх санхүүгийн чадавхитай байх, 17.3.5 цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай байх, 17.3.6 цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн ашиглах тэргүүний технологитой байх, 17.3.7 цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулах, ашиглахдаа эдийн засгийн илүү үр ашигтай, дэвшилтэт технологи ашигладаг байх, 17.3.8 цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх нөхцлийг хангасан байх”-ыг цацраг идэвхт ашигт малтмал ашиглах хуулийн этгээдээс шаарддаг байна.

Хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь эдгээр шаардлагуудаас чухам аль хэсгийг нэхэмжлэгч компанийг хангаагүй гэж үзсэнээ шийдвэртээ тодорхой тусгаагүйн дээр тайлбарлаагүй болно. “А М” ХХКнь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн материалыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч “А М” ХХКхолбогдох баримтуудыг бүрдүүлсэн хэмээн тайлбарладаг бөгөөд үүндээ ямар материалыг бүрдүүлээгүй, дутуу гэж үзсэнээ хариуцагч тодорхой тайлбарлаагүй байхад тухайн материалуудад дүн шинжилгээ хийх, хуульд заасан шаардлагуудыг тусгай зөвшөөрөл хүсэгч хангасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй, ийнхүү дүгнэх нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэгт хамаарна.

Мөн маргаан бүхий актад баримталсан Цөмийн энергийн тухай хуулийн 17.4 дэх хэсэг нь мөн хуулийн 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчид хамааралтай шаардлага байх тул “А М” ХХК-ийн хүссэн 15.2.2-т заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлагад хамааралгүй байна.  

Хариуцагч  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн тухайд  Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д зааснаар Ц*******оос дэмжсэн санал ирээгүй хэмээн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэлээ болгон тайлбарладаг бөгөөд Ц*******оор хэлэлцэгдээгүй байхад энэ үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.  

Учир нь Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т зааснаар Ц*******ын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тогтоолоор батлагдсан комиссын бүрэлдэхүүнд нь байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн, эрчим хүчний асуудал эрхэлсэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын ахлах референт зэрэг албан тушаалтнууд албан тушаалын дагуу хамаардаг 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ бүрэлдэхүүнээр комисс нь хуралдаж “А М” ХХК-ийн Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн материалыг хэлэлцээгүй, дэмжсэн, дэмжээгүй талаарх санал гаргаагүй, харин Ашигт малтмал, газрын тосны газраас санал авахаар материал хүргүүлсэн албан бичиг, “А М” ХХК-ийн хүсэлтэд Ц*******ын Ажлын албаны дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/385, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/510 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “... комиссоор хэлэлцүүлэх боломжгүй” гэж, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/376 тоотоор “А М” ХХК-д болон Ашигт малтмал, газрын тосны газарт “ ... санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд хуулийн шаардлагад нийцсэн материалыг үндэслэн  комиссын хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн байх тул Ажлын албаны даргын энэ хариуг комиссын шийдвэр гэж үзэхгүй.

Хариуцагч Ц*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч комиссын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлээгүй үндэслэлээ “Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлагуудыг хангаагүй, материалын бүрдүүлэлт дутуу, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан мөн хуулийн 5.2, 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр хавсаргаагүй” хэмээн тайлбарлаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “17 дугаар зүйлийн техникийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх материалыг шинээр ирүүлээгүй гэж үзсэн, хайгуулын ажлын үед ашиглаж байсан материалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ ашиглах боломжгүй, мөн энэ хуулийн 5.2, 5.3-т заасан нөхцлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр хавсаргаагүй гэж үзсэн, харин урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг бүрдүүлбэр хангасан гэж тооцсон” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалд “А М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Төрийн хувь эзэмшлийг баталгаажуулах” тухай буюу Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д зааснаар мөн хуулийн 5.2, 5.3-т заасан цацраг идэвхт ашигт малтмалын лицензийг эзэмших хуулийн этгээдийн хувьцааны төрийн өмчлөлийн хувь хэмжээг хүлээн зөвшөөрч үнэ төлбөргүй шилжүүлэхээ баталгаажуулсан тогтоол авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч ийм шийдвэр гаргаж хавсаргасан болохоо илэрхийлж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох материал бүхэлдээ Ц*******т хүргэгдсэн гэх тул дээрх үндэслэл няцаагдаж байна.

Мөн дээрх материалд техникийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандарт баримтууд авагдсан байх ба эдгээр материалыг Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг Ц******* болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх ба шүүх дүгнэх боломжгүй юм.   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ба Ц*******оор хэлэлцэгдээгүй байхад тусгай зөвшөөрөл олгохоос энэ үндэслэлээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Ц*******оор хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хэлэлцүүлэхийг даалгах шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалын доторх агуулга тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шүүх дүгнэх шаардлагагүй, үүнийг дүгнэх нь тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарна.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д зааснаар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хянан үзээд 6-12 сарын дотор шийдвэрлэхээр заасан, энэ хугацаанд Ц*******ын санал өгөх хугацаа багтаж байх тул өргөдлийн материалыг комиссын хуралдаанаар хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь боломжит холбогдох бүхий л материалыг бүрдүүлсэн талаар тайлбар хүргүүлсээр байсан байх тул тухайн материалаар тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулиар тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг хуралдаанаараа хэлэлцэж санал өгөх нь Ц*******ын үүрэг байна.    

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Ц*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхийг Ц*******т даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Ц*******ыг хариуцагчаар татсан боловч тус комиссын Ажлын албаны дарга бөгөөд комиссын нарийн бичгийн дарга нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон тайлбар ирүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцсон ба Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан комиссын Ажлын албаны дарга буюу комиссын нарийн бичгийн дарга нь Ц*******ын дүрмийн 3.3-т зааснаар комиссын өдөр тутмын ажлыг хариуцаж, ажлын албыг удирдахаар байх тул хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасныг баримтлан “А М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хуралдаанаараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэхгүй, санал өгөхгүй байгаа Ц*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцүүлэхийг Ц*******т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан м******* хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.Х