Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 4

 

2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар 226/МА2017/00004                                                        Хэрлэн сум 

Г.Ёндонгийн нэхэмжлэлтэй, “Монголросцветмет” ХХК-ийн харъяа

 Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох 

иргэний хэргийн талаар

226/2017/00004/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 

Нэхэмжлэгч: Г.Ёндон, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Баасан,

 Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Түвшинбат нарыг  оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00013 дугаар шийдвэртэй, Г.Ёндонгийн нэхэмжлэлтэй Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очир, С.Ичинноров нарт холбогдох “Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүд болох цалин болон нийгмийн хамгааллын заалтуудыг өмнөхөөс дордуулахгүй авч үлдэх, 2016 оны 8 дугаар сарын 25-наас хойш шүүхийн шийдвар гарах хүртэл хугацааны цалингийн  зөрүүг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноровын   давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Ёндон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 08 сарын 25-ны өдөр тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир 880к тушаал гарган намайг Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр ажиллуулах шийдвэр гаргасан. Уг тушаалаар миний ажлын байрны нөхцөл, цалин зэргийг дордуулсан. Үндсэн цалин 440000 төгрөгөөр, ур чадварын нэмэлт цалин 775 ам.доллараар буураад байна. “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны 23к тушаалын заалтаар тус үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн осолд намайг буруутгах байдал ажиглагддаг. Намайг Монголросцветмет ХХК-ийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж уг захирлын тушаалаар ажилд авсан байхад намайг анх ажилд авах тушаал гаргаагүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир тушаал гаргаж одоо хүчин төгөлдөр үйлчилж буй миний хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль зөрчиж байна. Надтай зөвшилцөхгүйгээр ахлах инженерийн ажилд тохоон томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчсөн. Тушаал гарснаас хойш миний бие хөдөлмөрийн нөхцлийг хэтэрхий дордуулсаныг 2016.08.19, 2016.08.29-ний өдрүүдэд бичгээр мэдэгдсэн боловч надтай уулзах, зөвшилцөхийн оронд цехийн даргын ажлаас халж, хяналтын ахлах инженерээр томилсон. Миний хувьд удирдлагаа хүндэтгэх, хувийн амьдралаа зохицуулахын тулд хууль бусаар шилжүүлсэн ажилд очиж ажиллаж байна. Энэ нь миний болон байгууллагын аль алинд нь хохиролтой зүйл болно. 880к тоот тушаалд миний ажлыг өгч авалцах асуудлыг орхигдуулсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас намайг яаравчлан зайлуулах бодлого явагдсан байна. Иймд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, Бор-Өндөрийн УБҮ-ийн Баргилт цехийн даргаар эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 25-наас хойш шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг, 3875 ам доллар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ёндон нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 871 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг намайг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Би тэр бичгийг нь  гар дээрээ хүлээн авлаа гэсэн цохолт хийснээс  биш санал болгосон ажилд ажиллахыг зөвшөөрнө гэсэн утгыг огт агуулаагүй.  Хариуцагч талаас энэ байдлыг  өөрт ашигтайгаар тайлбарлаж байна. Бор-Өндөр УБҮ-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалд Г.Ёндонтой зөвшилцсөн тул үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерийн ажилд шилжүүлсэн тухай дурдсан байна. Би энэ ажилд ажиллана гэдэг шийдвэрийг амаар болон бичгээр гаргаагүй. Харин ч хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлүүдийг маань дордуулсан ажлын байран дээр ажиллах боломжгүй байгаа тухайгаа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын нарийн бичиг Д.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн албан бичигтээ тодорхой дурдсан. Отгонжаргал уг албан бичгийг хүлээн авч надад үлдсэн хувь дээр хүлээн авлаа гэж гарын үсгээ зурсан. “Монголросцветмет” ХХК-ийн дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийн журмаар ирж буй албан бичгүүд ерөнхий захирлын цохолтын дагуу холбогдох албан тушаалтнуудад /энэ тохиолдолд Бор-Өндөр УБҮ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очирт/ тэр даруй тараагдаж хүргэгддэг болно. Мөн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалаар надтай хэлэлцэж байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн MR-15-05-077 тоот хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох эрх хэмжээг ажил олгогч тал эдэлсэнд гайхаж байна. Надтай байгуулсан дээрхи гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр  цуцлагдаагүй тул автоматаар сунгагдсан гэж ойлгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Дээрх 880к тушаалыг гаргах үедээ Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс надтай Үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын ахлах инженерээр ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан бөгөөд энэ талаар дээрх тушаалын 2 дахь заалтанд тодорхой байгаа. Хөдөлмөрийн  хэлэлцээр хийгээгүй байж намайг Үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерийн ажилд томилсон ба тушаалд гэрээ байгуулахыг хүний нөөцийн асуудал хариуцсан дарга Ж.Энхтуяад даалгасан байна. Бор-Өндөр УБҮ-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1079 тоот албан бичиг буюу тайлбарт Г.Ёндон намайг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр хангах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоох” үүрэгтэй талаар дурдсан байна. Тухайн осол гардаг өдөр Баргилт цех дээр тэсэлгээний ажилтай уурхай руу явах ёстой байсан боловч “Монголросцветмет” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал А.С.Югов, Бор-Өндөр УБҮ-ийн захирал С.Ичинноров нарын шийдвэрээр Бор-Өндөр УБҮ-ийн захирлын өрөөнд БНХАУ-ын “ПенгФей” /НьюСиян/ ХХКомпанитай хийсэн хэлэлцээрт оролцож тэдэнд нийлүүлж буй хүдрийн үнэ чанарын асуудлаар ярилцаж байсан тул дээр дурдсанчлан тухайн осол болох үеийн аюултай нөхцөл байдал сөрөг үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох ямар нэгэн боломж бололцоо надад болон С.Ичинноров, А.С.Югов нарын хэнд ч байгаагүй болно. Тус үйлдвэрт гарсан осолд намайг буруутай гэж үзсэн мөн гэм буруугийн хэм хэмжээг тогтоосон ямар нэгэн акт, шийдвэр, баримт байхгүй байхад хамгийн гол буруутан мэтээр авч үзэн цөөхөн хэдэн хүний үзэмжээр шат дараалан авах ёстой арга хэмжээг алгасан өөр ажилд хөдөлмөрийн гол нөхцөлийг бууруулан шилжүүлснийг зөвшөөрөх боломжгүй. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаалыг л хүчингүй болгочихвол хуучин ажилдаа буцаж орж болдог юм байна гэж буруу бодсон байна. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хүчингүй болгуулж, хуучин ажилдаа эгүүлэн  томилуулан, цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны мөнгөө нэмж олгуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С. Ган-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: .... “Үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 880к тоот тушаалд Г.Ёндонг ажлаас халсан заалт огт байхгүй болно. Тушаалын ерөнхий агуулга нь “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 23к тоот тушаалаар Г.Ёндонг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож сунгахгүй болохыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн /цахим хаягаар хүргүүлсэн/, үүнтэй холбогдуулан “Бор-Өндөр” УБҮ-ээс санал болгосон ажлын байранд шилжин ажиллахыг Г.Ёндон өөрөө зөвшөөрсөн хариуг бичгээр өгсөн зэргийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр юм. Иймээс 880к тушаалын агуулгад Хөдөлмөрийн тухай хуулийн 37-43, 40 дүгээр зүйлүүдийн заалт хамааралгүй болно. “Монголросцветмет” ХХК-ийн удирдлага харьяа үйлдвэрийн онцлох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй тусгайлан гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Энэ зарчмын дагуу Баргилт цехийн дарга Г.Ёндонтой MR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир Ерөнхий захирал  23к дугаар тушаалд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дурьдан, гэрээг дуусгавар болгох мэдэгдэл өгөх итгэмжлэлийг “Бор-Өндөр” УБҮ-ийн захиралд олгосон байдаг. Энэ шийдвэрийн дагуу Г.Ёндонгийн гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон юм. Тухайн үед Г.Ёндон ээлжийн амралттай, өвчтэй байсан хугацааг тооцон 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тушаалд тэмдэглэсэн. Г.Ёндон нь “Бор-Өндөр” УБҮ-ийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны 223к тоот тушаалаар “Баргилт” цехийн даргын үүрэгт ажилд томилогдсон юм. Энэ тушаалын дагуу үүрэгт ажлыг 3 жил гаруй хугацаанд гүйцэтгэж ажилласан тэрээр “намайг анх ажилд авах тушаал гаргаагүй этгээд” хэмээн үл мэдэгдэгчийн дүрээр нэхэмжлэлд дурдсан нь ойлгомжгүй байна. С.Ган-Очир нь  2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 880к тоот тушаал гаргах үед “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Г.Ёндонг анх ажилд томилсон субъектын байр сууринд ажиллаж байсан болно. “Бор-Өндөр” УБҮ-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн Уулын ажлын чиглэл хариуцсан хяналтын ахлах инженерээр ажиллахыг санал болгон “Ажлын санал тавих тухай” албан бичгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Ёндонд хүргүүлсэн ба 17-ны өдөр ажлын байрны саналыг хүлээн авлаа гэсэн хариуг тэрээр бичгээр өгсөн. Энэ албан тушаалыг тэрээр хүлээн авч компанийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Г.Ёндон тухайн үед надтай уулзах, зөвшилцөх талаар ямар ч хүсэлт ирүүлээгүй атал 2 удаа бичгээр мэдэгдсэн гэх гүтгэлгийн шинжтэй асуудлыг нэхэмжлэлд дурдсан байгаа нь ойлгомжгүй байна. “Бор-Өндөр” УБҮ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 880к дугаар тушаал нь Г.Ёндонг ажлаас халах агуулгагүй бөгөөд өөртэй нь зөвшилцсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл хамаарахгүй болно. Иймд Г.Ёндонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал ажилтай байсан С. Ган-Очир нь шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Би тухайн үед Бор-Өндөр үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа захирлыг ээлжийн амралттай үед нь түүний ажил үүргийг гүйцэтгэж 880к тушаалыг гаргаж байсан. Харин би одоогийн байдлаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн учраас уг үйлдвэрийг  төлөөлөх эрхгүй энгийн иргэн болсон гэж өөрийгөө ойлгож байна. Надад ямар нэгэн эрх олгосон итгэмжлэл  байхгүй, тухайн байгууллагыг төлөөлөх эрхгүй учир шүүх хуралдаанд оролцох үндэслэлгүй болов уу гэж бодож байна. Би нэгэнт энэ шүүх хуралдаанд хариуцагч гэсэн байр сууринаас оролцож байгаа болохоор  өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан 880к тушаалын агуулга, үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Уг тушаалд Г.Ёндонг ажлаас халсан заалт огт байхгүй. Тушаалын ерөнхий агуулга нь “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 23к тоот тушаалаар Г.Ёндонг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож сунгахгүй болохыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн /цахим хаягаар хүргүүлсэн/. Санал болгосон ажлын байранд шилжин ажиллахыг Ёндон өөрөө зөвшөөрсөн хариуг бичгээр өгсөн зэргийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр юм. “Монголросцветмет” ХХК-ийн удирдлага харьяа үйлдвэрийн онцлох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй тусгайлан гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Энэ зарчмын дагуу Баргилт цехийн дарга Ёндонтой MR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир ерөнхий захирал  23к дугаар тушаалд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дурьдан, гэрээг дуусгавар болгох мэдэгдэл өгөх итгэмжлэлийг “Бор-Өндөр” УБҮ-ийн захиралд олгосон байдаг. Энэ шийдвэрийн дагуу Ёндонгийн гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон юм. Тухайн үед Ёндонгийн ээлжийн амралттай, өвчтэй байсан хугацааг тооцон 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тушаалд тэмдэглэсэн. Тэгээд 2014 оны 03 дугаар сарын 20-ны 223к тоот тушаалаар “Баргилт” цехийн даргын үүрэгт ажилд томилогдсон юм. Энэ тушаалын дагуу үүрэгт ажлыг 3 жил гаруй хугацаанд гүйцэтгэж ажилласан тэрээр “намайг анх ажилд авах тушаал гаргаагүй этгээд” хэмээн үл мэдэгдэгчийн дүрээр нэхэмжлэлд дурдсан нь ойлгомжгүй байна. “Бор-Өндөр” УБҮ-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн Уулын ажлын чиглэл хариуцсан хяналтын ахлах инженерээр ажиллахыг санал болгон “Ажлын санал тавих тухай” албан бичгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Ёндонд хүргүүлсэн ба 17-ны өдөр ажлын байрны саналыг хүлээн авлаа гэсэн хариуг тэрээр бичгээр өгсөн. Энэ албан тушаалыг тэрээр хүлээн авч компанийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Г.Ёндон тухайн үед надтай уулзах, зөвшилцөх талаар ямарч хүсэлт ирүүлээгүй атал 2 удаа бичгээр мэдэгдсэн гэх гүтгэлгийн шинжтэй асуудлыг нэхэмжлэлд дурдсан байгаа нь ойлгомжгүй байна. “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 880к дугаар тушаал нь Г.Ёндонг ажлаас халах агуулгагүй бөгөөд өөртэй нь зөвшилцсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд хамаарахгүй болно гэжээ. 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00013 дугаартай шийдвэрээр:  Бор-Өндөр УБҮ ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гэлэнгийн Ёндонг Монголросцветмет ХХК ийн харъяа Бор-Өндөр Уулын Баяжуулах Үйлдвэрийн Баргилт цехийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Гэлэнгийн Ёндонгийн Монголроцветмет ХХК нийн ерөнхий захиралтай байгуулсан МR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ, МR-16-05-172 дугаартай контракт зэргээр тохирсон цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг, 3875 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар Г.Ёндонгийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийхийг Бор-Өндөр УБҮ-ийн захиргаанд даалгаж, нэхэмжлэгч Г.Ёндон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноров нь давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бүрэн дүгнэлт хийхгүйгээр 2016 оны  05 дугаар сарын 31-ны өдрийн итгэмжилсэн баримт бичгийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Гэтэл “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 23к тушаалаар Г.Ёндонд сахилгын шийтгэл оногдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг болгосны дагуу түүнийг ажлаас чөлөөлснийг шүүх дүгнэж үзсэнгүй. Хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очир нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш “Монголросцветмет” ХХК болон Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлөх эрхгүй болсон атал шүүх хариуцагчаар оролцуулсан нь хууль  зөрчсөн байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Ёндон нь “Монголросцветмет”  ХХК-ийн харъяа “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очир, захирал С.Ичинноров нарт холбогдуулан тус үйлдвэрийн захирлын 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бус гэж тооцуулах, хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлүүд болох цалин болон нийгмийн хамгааллын заалтуудыг өмнөх байдлаас дордуулахгүй авч үлдэх, 2016 оны 08 сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хоёр этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэр хуулийн этгээд болон иргэний алинд нь холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атал дээрх шаардлагыг хариуцагчийн төлөөлөгчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчсөн байна. / хх-ийн 104 /

Мөн хариуцагчийн төлөөлөгч С.Ган-Очир нь шүүх хуралдаан дээр 2016 оны 12 сарын 26-ны өдөр эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. “Бор-Өндөр”-ийн  Уулын баяжуулах үйлдвэрт ажиллахгүй болсон талаар тайлбар гаргасаар байтал нэхэмжлэгч тал хариуцагчийг солихгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааны нэг талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр”-ийн  Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноров нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Монголросцветмет” ХХК-ийн харъяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноровын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭНСМАА 

 

             ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                      З.ЭНХЦЭЦЭГ