Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1121

 

 

 

 

 

 

 

 

   2021            11           09                                      1121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Ундрах,

Хохирогч “......” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч Б.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д холбогдох эрүүгийн 1808 04817 0717 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ном судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Я.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд .... ХХК-ны Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” сүлжээ дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсаны улмаас бусдад нийт 8,433,550.10 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 985 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх234/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх232/, эд хөрөнгөтэй эсэх, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх238, 240/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Б-, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд,

 “....” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б/04/194 дугаар “Ажилд авах тухай” гүйцэтгэх захирлын тушаал /1хх8/, хөдөлмөрийн гэрээ /1хх9-10/ зэрэг баримтаар шүүгдэгч Я.Б- нь тус байгууллагын салбар “......” сүлжээ дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байсан болох тогтоогдож байна.

            Шүүгдэгч Я.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “.....” ХХК-ны Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” сүлжээ дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа борлуулсны орлого нийт 8,433,550.10 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр хувьдаа захиран зарцуулсан болох нь:

- Хохирогч “..........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б өгсөн “...“..........” ХХК-ын 22-н товчооны зам дагуу байрлах “.........” сүлжээ дэлгүүрт зохион байгуулагч албан тушаалтай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Я.Б- ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 01-ний хоорондох дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогыг банканд тушаалгүй хувьдаа завшсан. Я.Б- 2018 онд хохирлоо төлнө гэж явж байгаад алга болчихсон. Хилээр гарахын өмнө уулзаж, хэлж, ярьж байсан удаагүй. 2018 онд төлж барагдуулна гэж хэлж, ярьж байсан ба тэрнээс хойш төлөхөө илэрхийлж, баталгаа гаргасан зүйл байхгүй. Манай компанид эцсийн байдлаар нийт 8,433,550.10 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэсэн мэдүүлэг (2хх87),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн “... шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “..........” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 5 сарын 28-ны өдрийн Б/04/194 тоот тушаалаар Я.Б-ийг “..............” ХХК-ний “22-ын товчоо” салбарт салбарын менежерээр 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн томилсон байна. Мөн 2018 оны 05 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байна. Шинжилгээнд ирүүлсэн салбарын менежер буюу дэлгүүрийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын бэлэн мөнгө, эд хөрөнгийг бие дааж зарцуулж, гүйлгээ хийнэ гэсэн заалт тусгагдаагүй байна. “........... ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 17/35 тоот тогтоолын хавсралт 05-аар батлагдсан Бэлэн мөнгө хүлээн авах, зарцуулах журмын 2.2.1-д “Кассын өдөр бүрийн орлогыг тухайн өдөртөө багтаан Капитал банкны мөнгө хураагчид баримтын дагуу хүлээлгэн өгсөн. Эсвэл дараа өдрийн өглөөний 10.00 цагаас өмнө өөрийн харилцах банкны дансанд тушаасан байна...” гэж тусгасан байна. Шинжилгээгээр ..... сүлжээний “22-ын товчоо” салбар дэлгүүрийн зохион байгуулагч Я.Б- нь 2018 оны 09 сарын 22-ноос 2018 оны 10 сарын 11-ний өдрийн хооронд 6 өдрийн орлого нийт 7,088,510.10 төгрөгийн борлуулалтын орлогыг компанийн төв касст тушаагаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд ................ сүлжээний 22-ын товчоо салбар дэлгүүрийн зохион байгуулагч Я.Б- нь 2018 оны 09 сарын 22-ноос 2018 оны 10 сарын 15-ны хоорондох хугацаанд дэлгүүрийн орлогыг төв касст тушаагаагүй бэлэн мөнгө 7,088,510.10 төгрөг, бараа материал 1,345,040.00 төгрөг, нийт 8,433,550.10 төгрөгийн дутагдал гаргасан байна...” гэсэн дүгнэлт (1хх47-50),

- Шүүгдэгч Я.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гаргасан “...Би 2012 оны 12 дугаар сард ......... ХХК-нд менежерээр буюу эрхлэгчээр орж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Велл март” супер маркетад очиж хариуцан ажиллах болсон. Миний ажил нь супер маркетын ажлыг зохион байгуулж явуулах, бараа материал захиалах, хүлээж авах, орлогыг хүлээн авч банканд тушаах зэрэг бүхий л ажлыг хариуцан явуулдаг байсан. Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан... 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буцаж ажилдаа орж ажилласан. Би тэр үед Франц улсад төвтэй “................” нэртэй олон улсын байгууллага санхүүгийн зээл олгоно гэсэн мэдээлэл фэйсбүүк дээр байхыг олж хараад тухайн хаягаар нь холбогдож мэдээллийг нь аваад зээл хүсэхэд зээл авах боломжтой гэсэн болохоор түүнээс хойш холбогдож тухайн газрын шаардлагатай гэсэн мэдээллийг болон мөнгийг шилжүүлэх болсон. Би анхандаа өөрөөс мөнгө төгрөг гаргаж шилжүүлж байсан боловч сүүлдээ мөнгө төгрөггүй болсон тул супер маркетын бэлэн мөнгөний орлогоос авч шилжүүлэх болсон...Тэр үед надад бэлэн мөнгө хэд хоногоор тушаагдахгүй төвлөрч байдаг байсан учраас нийт 7,088,510 төгрөгийг өөртөө авсан байсан. Би авсан мөнгөө “Finance credit” байгууллага руу шилжүүлэх үлдэгдэл цөөн мөнгийг өөртөө зарцуулах зэргээр хэрэглэсэн. Мөн манай дэлгүүрт хүнсний зүйл болох мах, гурил, ундаа, ус, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг зүйлүүд ирдэг болохоор өөрийн хэрэгцээнд 42,850 төгрөгийн үнэ бүхий хонины мах, 7 шуудай гурил, 55,280 төгрөгийн үнэ бүхий лаазалсан бүтээгдэхүүн, 1,050,000 төгрөгийн үнэ бүхий ус, ундаа зэргийг авч хэрэглэсэн, тиймээс би нийт 8,433,550 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би энэ хэргийнхээ хохирлыг барагдуулах гээд мөнгө хайж байхад Турк улсад байдаг найз маань хүрээд ир гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр яваад тус улсад ажил хийж байгаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байгаа. Би айгаад хувийн баталгаа авчихсан байхад нь мэдэгдэлгүйгээр хилээр гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг (1хх68-69-р, 2хх82, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага ..............аас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг хувьдаа  захиран зарцуулах санаа бий болж хэрэгжих бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх тухай ойлголт.

 

            Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллагаас буюу .............” ХХК-иас өөрийн салбар дэлгүүрийн барааг хариуцуулахаар захирлын тушаалаар дэлгүүрийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон үүрэг хүлээсэн этгээд буюу шүүгдэгч Я.Б-ийг ойлгохоор байна. Албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх хамаарах бөгөөд Я.Б-ийн дэлгүүрийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтоор “байгууллагын бэлэн мөнгө, эд хөрөнгийг бие дааж зарцуулж, гүйлгээ хийнэ гэсэн заалт тусгагдаагүй” тул байгууллагын бэлэн мөнгө, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулсан үйлдлийг Завших гэдэгт хамааруулан ойлгоно. Өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үндэслэл тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас “төв касст тушаагаагүй бэлэн мөнгө 7,088,510.10 төгрөг, бараа материал 1,345,040.00 төгрөг, нийт 8,433,550 төгрөг”-ийн хохирол “Бишрэлт трейд” ХХК-д учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-ээс 8,433,550 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж ................ ХХК-д олгуулахаар шийдвэрлэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацааны хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Я.Б- нь гэм буруу дээр маргадаггүй, хувийн байдлын хувьд нөхөр хүүхдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Я.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Я.Б- нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хувьдаа завшсан нь гэмт санаа бодол урьдаас төрсөн гэж үзэх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч ...................... ХХК-д учруулсан хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно. Тодруулбал шүүгдэгчид торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирохгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их биш ч гэсэн хохирлоо төлөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хэрэг үйлдсэн этгээд урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Я.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гаргасан ажлын хөлс болох 800,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ээс гаргуулж шийдвэрлэв.

 

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Б-ийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-ээс 8,433,550 /найман сая дөрвөн зуун гучин гурван мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж, “Бишрэлт трейд” ХХК-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ээс 800,000 төгрөг гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (Төрийн сан 1009 0001 2005 тоот данс)-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б