Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00753

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар,   

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багт оршин суух, РД72030714 регистрийн дугаартай, Дайртан овогт Бямбажавын Өлзийнасанд холбогдох  

 сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 10.950.300 / арван сая есөн зуун тавин мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Өлзийнасан нь Монгол улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлээс мужаан хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно.

 Иймд үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 950.300 төгрөг, нийт 10.950.300 төгрөгийг хариуцагч Бямбажавын Өлзийнасангаас гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Б.Өлзийнасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний  бие нь сум хөгжүүлэх сангаас 10.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоогоор эрхэлсэн ажилгүй, орлогогүй, биеийн эрүүл мэнд сайнгүй байгаа тул тус зээлийг даруй төлөх санхүүгийн баталгаагүй байна. Цагийн аясаар байдал өөрчлөгдөж Б.Өлзийнасан би авсан зээлээ эргүүлж төлөх болно. Учир нь тус зээлийг авахад  барьцаалсан эд хөрөнгө болон зээлийн мөнгөөр авсан багаж, тоног төхөөрөмж маань 2014 оны 6 дугаар сарын 11-ны өдөр манай гэрт гарсан гал түймэрт шатсан бөгөөд би нутгаасаа өмсөх хувцасгүй гарсныг маань сум орон нутгийн удирдлага, ард иргэд маань бүгд мэдэж байгаа.

   Иймд миний бие Галт сумын ЗДТГ-аас нэхэмжилж байгаа 10.950.300 төгрөгийг боломжит хугацаагаар  төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

    Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 4 дүгээр багийн иргэн Б.Өлзийнасан нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээл болох 10.950.300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Өлзийнасанд холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр 10.950.300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 10.950.300 төгрөгийг хариуцагч Б.Өлзийнасан нь төлөхийг зөвшөөрсөн  тухай тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч  Б.Өлзийнасангаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 10.950.300 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 190.155 төгрөгийн тал хувь 95.078 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Өлзийнасанд холбогдох 10.950.300 /  арван сая есөн зуун тавин мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Б.Өлзийнасангаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 10.950.300 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж

 

болох 190.155 төгрөгийн тал хувь 95.078 төгрөгийг  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА