| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00524/и |
| Дугаар | 00752 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00752
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РД64052335 регистрийн дугаартай, Барнууд овогт Далхын Мөнхбатад холбогдох
сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 4.099.580 / дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун ная / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхбат нь Монгол улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлээс авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно.
Иймд үндсэн зээл 4.089.380 төгрөг, зээлийн хүү 10.200 төгрөг, нийт 4.099.580 төгрөгийг хариуцагч Д.Мөнхбатаас гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 5 дугаар багийн иргэн Д.Мөнхбатаас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, үндсэн зээл болох 4.099.580 төгрөгийг гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр 4.099.580 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Галт сумын засаг даргын Тамгын газар нь “тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх тайлбарыг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Мөнхбатаас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 4.099.580 / дөрвөн зуун ерэн есөн мянга таван зуун ная / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА