Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Мөрөн сумын Мустанг худалдаа үйлчилгээний эзэн ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт оршин суух, Бөөчүүд овогт Долгорсүрэнгийн Баасанчулуун /РД76101400 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 10-9 тоотод оршин суух, Тоост овогт Алтангэрэлийн Пүрэвдорж /РБ89011914/-т холбогдох  дутагдуулсан барааны үнэ 6.231.135 /зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин тав / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Баасанчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч А.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасанчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Пүрэвдорж нь Мустанг худалдаа үйлчилгээний төвд 2015 оны  3 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын  хугацаанд барааны худалдагчаар ажиллахдаа 6.231.135 төгрөгийн дутагдал гаргасан юм. Түүнд бараа материалыг хүлээлгэн өгөхдөө баримтаар нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгөхийн зэрэгцээ үнийн дүнг тооцон өгдөг бөгөөд өдөр тутам зарсан барааны үнийг төвд тушаах, барааны бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээлгэж, харилцан тохиролцсон хөлс төлөх үүргийг төв хүлээсэн. Барааны тооллогыг сар бүр явуулж үлдэгдэл бараа, зарж борлуулсан барааны тушаасан үнийг тооцсон тооллого тооцоогоор 6.231.135 төгрөгийн дутагдал гарсан. А.Пүрэвдорж нь түүнтэй хамт бодсон тооллогын дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн ба   тэдгээрт   заасан

 

хугацаа дуусч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Иймд А.Пүрэвдоржоос 6.231.135 төгрөгийг гаргуулж надад олгоно уу гэв.

Хариуцагч А.Пүрэвдорж шүүхэд гаргасан  тайлбартаа: Миний бие Мустанг худалдаа үйлчилгээний төвийн эзэн Д.Баасанчулууны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Мустанг худалдаа үйлчилгээний төвд 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хугацаанд худалдагчаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Баасанчулуун нь  намайг худалдагчаар ажиллаж байхдаа 6.321.135 төгрөгийн бараа дутагдуулсан гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа ямар төрлийн барааг хэдэн тоо, ширхэгээр дутаасныг нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байна. Би 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн тайлангаар 150 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдрийн 31.750 төгрөг, мөн 5 сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцоогоор 7.000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний тооцоогоор 490 төгрөгийг тус тус дутаасан байснаа хүлээн зөвшөөрч байна. Харин 9 дүгээр сарын 08-ны өдрийн тооцоогоор 4.894.000 төгрөг, 10 дугаар сарын 7-ны өдрийн тооцоогоор 1.337.135 төгрөгийн дутагдал төлбөр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажилд орсон өдрөөсөө эхлээд өдөр бүр зарсан барааныхаа үнийг Мустанг худалдаа үйлчилгээний төвд тооцоо хийж тушаадаг байсан. Би бараа материал дутагдуулаагүй. Харин Мустанг худалдаа үйлчилгээний төв надад 7,8,9 дүгээр сарын цалин ч олгоогүй. Нэхэмжлэгч Д.Баасанчулуун намайг тооллогын дүнг хүлээн зөвшөөрсөн, төлөхөө илэрхийлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Намайг 8 дугаар сард тооцоо нийлсэн тайлан дээр 4.894.000 төгрөг дутаасан гарын үсэг зур гэхээр нь би зөвшөөрөөгүй, гарын үсэг ч зураагүй. Тэгэхэд шүүхэд гаргаж өгсөн тооллого нийлсэн тайландаа  9 дүгээр сарын 8-нд дутаасан гэх 4.894.000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдрийн тайланд 1.337.135 төгрөг дутаасан гэх жагсаалтанд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн байгууллагын нярав болох Баяржаргал нь олон удаа барааны борлуулалтын мөнгөнөөс зээлж аваад надад буцааж өгөөгүй юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

  Хариуцагч А:Пүрэвдорж нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Сүүлийн 2 сарын дутагдал дээр хадуур голчлон дутсан байдаг. Зах хааж, намайг ажлаасаа буусны дараа складанд байсан хадуурыг зөөсөн байсан. Тухайн складанд Мустанг-1 дэлгүүрийн 2 худалдагчийн хадуур байдаг. Түлхүүр нь бол надад байдаггүй. Манаач, мотоциклын худалдагч, захирал гэх хүмүүст тухайн складны түлхүүр дамжиж явдаг юм. Би түлхүүр ерөөсөө хүлээж аваагүй. Өдрийн цагаар буюу ажилтай үедээ л орж хадуураа авдаг байсан юм.   Бусдад    шилжүүлсэн  хадуурын үнийн дүнгээ надад дутагдал болгоод гаргаад байгаа юм болов уу гэж бодож байна. Захирлын зөвшөөрлөөр сумдад зээлээр явуулсан хадуурын тухай дурдвал: Мөнхцэцэгт 2 хадуур, Мустанг-1 1 хадуур, Хадхүүд 1 хадуур, Баатарт 1 хадуур, Эрдэнэчулуунд 1 хадуур, Энх-Амгаланд 1 хадуур, Эрдэнэбилэгт 1 хадуур, Лувсанбатад 1 хадуур, Батбилэгт 1 хадуур, Отгонсамбууд 14 хадуур, захирлын дансанд 1 хадуур зэрэг нийт 6 сая гаруй төгрөг болж байна. Эдгээр хүмүүсийн хадуурын  мөнгө орсон үгүйг би мэдэхгүй. Миний тооцооноос хасаагүй болоод л надад дутагдал гарсан байх гэж ойлгоод байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасанчулуун нь хариуцагч А.Пүрэвдоржоос дутагдуулсан барааны үнэ 6.231.135  / зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин тав / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч А.Пүрэвдорж нь “... намайг 8 дугаар сард тооцоо нийлсэн тайлан дээр 4.894.000 төгрөг дутаа   сан гарын үсэг зур гэхээр нь би зөвшөөрөөгүй, гарын үсэг ч зураагүй. Тэгэхэд шүүхэд гаргаж өгсөн тооллого нийлсэн тайландаа 9 дүгээр сарын 8-нд дутаасан гэх 4.894.000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдрийн тайланд 1.337.135 төгрөг дутаасан гэх жагсаалтанд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Би ажилд орсон өдрөөсөө эхлээд өдөр бүр зарсан барааныхаа үнийг Мустанг худалдаа үйлчилгээний төвд тооцоо хийж тушаадаг байсан. Би бараа материал дутагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэж маргажээ.

  Хариуцагч А.Пүрэвдорж нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мустанг худалдаа үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байсан нь Мустанг худалдаа үйлчилгээний төвийн эзэн ажилтай нэхэмжлэгч Д.Баасанчулуунтай 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар,

Нэхэмжлэгч Д.Баасанчулуун нь хариуцагч А.Пүрэвдоржоос байгууллагын үндсэн чиглэл болох бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг дутагдуулсан,  ашиглан шамшигдуулсан үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл  гаргах  эрхтэй  болох нь  тэдний  хооронд

 

 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын  гэрээ” зэргээр нотлогдож байна.

Хариуцагч буюу Мустанг худалдаа үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байсан А.Пүрэвдорж нь Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан гарчээ.

2015 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 13 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.3-т  Ажил олгогчоос худалдаа үйлчилгээнийхээ үйл ажиллагааныхаа чиглэлээр олгосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тооллого бүртгэлд үнэн зөвөөр бүртгүүлэх, эд зүйлсийн орлого, зарлагыг бүрэн гүйцэд гаргах, элэгдэл хорогдол, нэмэлт хөрөнгө оруулалтыг тухайн үед нь  эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаж байна.

           Мөн гэрээний 3.4-т  Хариуцсан эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож бүртгэсэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулна гэж тус тус заасан байх бөгөөд хариуцагч А.Пүрэвдоржийг Мустанг худалдаа үйлчилгээний төвд  ажиллах хугацаанд нийт 6-н удаагийн тооллого хийгдсэн, тооллого явагдах үед хариуцагч өөрөө байлцсан нь мөн гарын үсэг зурж баталгаажуулсан нь  Мустанг худалдаа үйлчилгээний төвөөс эд хариуцагч А.Пүрэвдоржтой 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд зургаан удаагийн Бараа материалд тооллого хийсэн тухай тэмдэглэгдсэн тайлангийн эх хувь,

          2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай “ Мустанг худалдаа үйлчилгээний төвийн бараа материалд тооллого хийсэн тайлангийн худалдагчийн гарын үсэг гэсний 6,7 дугаар хүснэгтэнд байх гарын үсэг А.Пүрэвдоржийн гарын үсгийн загвартай тохирч байна “ гэх  Шинжээчийн дүгнэлт,

 Нэхэмжлэгчийн “ ... барааны тооллогыг сар бүр явуулж үлдэгдэл бараа, зарж борлуулсан барааны тушаасан үнийг тооцсон тооллого тооцоогоор 6.231.135 төгрөгийн дутагдал гарсан...” гэх тайлбар,

 хариуцагчийн “...Намайг ажилд орсноос хойш нийт 6 удаагийн тооллого хийсэн. Үүний 4 удаагийх нь дутагдалгүй ажилласан юм. Сүүлийн 2 сарын дутагдал дээр хадуур голчлон дутсан байдаг. Төлбөрийн хэмжээ арай л их байна. Миний хувьд 2.000.000 төгрөгөнд эвлэрэх боломжтой юм....” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин хариуцагч А.Пүрэвдорж нь  6.231.135 / зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин тав / төгрөгийн бараа дутаасан  болох нь:

Нэхэмжлэгч Д.Баасанчулуун, хариуцагч А.Пүрэвдорж нарын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдоржийн гарын үсэг бүхий “2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 69.576.130 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 150 төгрөг дутав” гэх  Бараа материалын тооцоо бодсон баримт,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдорж нарын гарын үсэг бүхий “ 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд 68.560.780 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 12.750 төгрөг дутав” гэх  Бараа материалын тооцоо бодсон баримт,

2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдоржийн гарын үсэг бүхий “ 2015 оны 5 дугаар сарын 26ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд 59.330.740 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 7.000 төгрөг дутав” гэх  Бараа материалын тооцоо бодсон баримт,

2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдоржийн гарын үсэг бүхий “ 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд 74.465.740 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 490 төгрөг дутав” гэх  Бараа материалын тооцоо бодсон баримт,

2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдоржийн гарын үсэг бүхий “2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 91.040.900 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 4.894.200 төгрөг дутав” гэх  Бараа материалын тооцоо бодсон баримт,

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар нягтлан бодогч Д.Баяржаргал, эд хариуцагч А.Пүрэвдоржийн гарын үсэг бүхий “ 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд 76.196.650 төгрөгийн дүнтэй бараа материалд тооллого хийхэд 1.337.135 төгрөг дутав” гэх Бараа материалын тооцоо бодсон баримтуудын эх хувь болон хуулбаруудаар тогтоогдож байна.

Харин хариуцагч А.Пүрэвдорж нь “... би бараа материал дутагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэж маргасан боловч үүнийгээ нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч А.Пүрэвдорж шүүх хуралдаанд: Зах хааж, намайг ажлаасаа буусны дараа складанд байсан хадуурыг зөөсөн байсан. Тухайн складанд Мустанг-1 дэлгүүрийн 2 худалдагчийн хадуур байдаг. Түлхүүр нь бол надад байдаггүй. Манаач, мотоциклын худалдагч, захирал гэх хүмүүст тухайн складны түлхүүр дамжиж явдаг юм. Би түлхүүр ерөөсөө хүлээж аваагүй. Өдрийн цагаар буюу ажилтай үедээ л орж хадуураа авдаг байсан юм. Бусдад шилжүүлсэн хадуурын үнийн дүнгээ надад дутагдал болгоод гаргаад байгаа юм болов уу гэж бодож байна. Захирлын зөвшөөрлөөр сумдад зээлээр явуулсан хадуурын тухай дурдвал: Мөнхцэцэгт 2 хадуур, Мустанг-1 1 хадуур, Хадхүүд 1 хадуур, Баатарт 1 хадуур, Эрдэнэчулуунд 1 хадуур, Энх-Амгаланд 1 хадуур, Эрдэнэбилэгт 1 хадуур, Лувсанбатад 1 хадуур, Батбилэгт 1 хадуур, Отгонсамбууд 14 хадуур, захирлын дансанд 1 хадуур зэрэг нийт 6 сая гаруй төгрөг болж байна.

 Эдгээр хүмүүсийн хадуурын  мөнгө орсон үгүйг би мэдэхгүй гэж мэтгэлцсэн боловч нотлох баримтыг шинжлэн судлахад дээрхи сумдад зээлээр явуулсан хадууруудыг хариуцагч А.Пүрэвдоржийн хүлээн авсан барааны тооцооны үнийн дүнгээс бусдад шилжүүлсэн гэж хассан, тооцоо бодсон баримтанд тухайн хүмүүсийн нэрсээр бичигдэн бодогдсон бараа материалын тооцоо бодсон баримт,

Нэхэмжлэгч Баасанчулууны шүүх хуралдаанд : ...А.Пүрэвдорж нь надад түлхүүр байдаггүй, намайг байхгүйд хадуур зөөсөн гэж хэллээ л дээ. Манай хойд талын складанд борооны дусаал гоожоод байхаар нь өөр складруу зөөсөн юм. Мустанг-1 дэлгүүрийн худалдагч Мөнхбаяртай хамт хоёр хүнд хүлээлгэж өгсөн хайрцагтай хадуур байдаг. Эдгээрийг өөр складанд 2 талд тусад нь оруулж тавиад, за чиний төдөн ширхэг, тэдэн хайрцаг хадуур энэ буланд байгаа шүү гэж хэлсэн...

... Хариуцагч тухайн үед складнаас алга болсон байх гэх гээд байна л даа. Үнэхээр тийм байсан юм бол чи тухайн үед миний хадуурнаас дутчлаа гээд хэлэхгүй яасан юм. Хадуур нь хайрцгандаа 2 болон 4-өөр байдаг. Тэр чинь тийм хэцүү олон ширхэг юм биш ш дээ. Чи өөрөө хөтлөөд явдаг байсан байж дутвал хэлэх байсан ш дээ. Түлхүүр бол мотоциклын няравт байдаг. Няравт хэлээд очиж авдаг байсан шүү дээ. Тэгээд ч складнаас хэн, юу авч байгаа нь мэдэгдэнэ. Учир нь камертай байдаг юм. Чи өөрөө хадуураа бүртгэж бичдэг байсан шүү дээ гэх тайлбар зэргээр няцаагдаж байна.

     Иймд нэхэмжлэгч Д.Баасанчулууны хариуцагч А.Пүрэвдоржоос дутагдуулсан барааны үнэ 6.231.135 /зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянган нэг зуун гучин тав / төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Хариуцагч А.Пүрэвдоржоос хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “ Мустанг худалдаа үйлчилгээний төвийн худалдагч  А.Пүрэвдоржийн бараа худалдан борлуулсаны бэлэн мөнгийг няравт хүлээлгэн өгсөн  8 хуудсан дээр наасан 62 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаж байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1-т зааснаар нэхэмжлэгч Д.Баасанчулуунаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114.648 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Пүрэвдоржоос 114.648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баасанчулуунд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч А.Пүрэвдоржоос  6.231.135 /зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин тав / төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Д.Баасанчулуунд олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.648 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөчин найм / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Пүрэвдоржоос 114.648 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөчин найм /  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Баасанчулуунд олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХТУЯА