| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00659/и |
| Дугаар | 00761 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 00761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, Тайж овогт Готовын Даваажаргал / РК62110207/-ийн “ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,2017 оны 6 дугаар сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадарч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Даваажаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 55 нас хүрч байгаа ба 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгын Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар баргиадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан юм. Гэтэл тус нэгдэлд ажилласан хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ хаяж гээгдүүлсэн тул ажилласан хугацаа минь тооцогдохгүй байгаа юм.
Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Даваажаргал нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1981-1989 онуудад малчин, саальчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/242 дугаартай цалингийн түүвэр, цалингийн цэсний хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай “... 1. Дунд сургуулийн 8 дугаар ангиас МХЗЭ-ийн илгээлтээр гарч байгаа ... Г.Даваажаргалыг саальчнаар ... тус тус томилон ажилуулсугай...” гэх Ажилд томилох тухай тушаал,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаартай “... 1.Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчин, малчин 9 эхчүүдийн хүүхдийг 6 сартай болтол 40 төгрөгийн тэтгэмжийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 165 дугаар тогтоолын 12 дугаар зүйлд зааснаар олгоосугай” гэх Эхчүүдэд тэтгэмж олгох тухай тушаалын “... 3. Овог нэр - Г.Даваажаргал, бригад-4, албан тушаал- хоньчин, олгох он, сар, өдөр- 1984-6-14 ...” гэх хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай “... 1.Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчин, малчин 9 эхчүүдийн хүүхдийг 6 сартай болтол 40 төгрөгийн тэтгэмжийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 165 дугаар тогтоолын 12 дугаар зүйлд зааснаар олгоосугай” гэх Эхчүүдэд тэтгэмж олгох тухай тушаалын “... 3. Овог нэр-Г.Даваажаргал, бригад-3, албан тушаал- хоньчин, олгох он, сар, өдөр- 1986-5-26 ...” гэх хавсралтын хуулбар,
Гэрч С.Даваажавын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... Г.Даваажаргал нь сургуульд сурч байгаад 4 дүгээр анги төгссөн бөгөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд хөдөлмөрийн насанд хүрч, Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд нэгдлийн гишүүнээр элсэж улмаар 3 дугаар бригадад эцэг Готов, эх Цэнд-Аюуш нарын туслах хоньчиноор анх бие даан ажиллаж эхлэсэн юм. Тэр үеэс хойш хувьчлал болж нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хоньчиноор ажилласан. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1973-1990 онуудад боловсон хүчинээр тасралтгүй ажилласан. Манай Ардын зориг нэгдлийн даргын 1987 оноос хойшхи тушаал, 1989 оноос хойш цалин хөлсний буюу 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтууд аймаг, сумын архив шүүхэд огт гарч ирдэггүй юм. Мөн манай сумын засаг даргын Тамгын газрын барилга 1997 онд шатаж дээрх баримтууд болон сумын хэмжээний төсвийн байгууллагуудтай холбоотой баримтууд шатсан гэдэг юм. Миний хувьд сумынхаа нэлээн олон хүний ажиллаж байсан байдал тогтоолгох баримтуудыг хөөцөлдөхөд баримт дутуугаас болоод ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй хоцорч байгаа хүмүүс мэр сэр гарч байна. Үүнд л сэтгэл дундуур байдаг, учир тэр хүмүүс яах аргагүй надтай хамт мөр зэрэгцэн ажиллаж явсан юм...” гэх,
Гэрч Ц.Оюундалайн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Г.Даваажаргал нь сургуульд сурч байгаад 4 дүгээр анги төгссөн бөгөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд хөдөлмөрийн насан хүрч, Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд нэгдлийн гишүүнээр элсэж улмаар 3 дугаар бригадад эцэг Готов, эх Цэнд-Аюуш нарын туслах хоньчиноор анх бие даан ажиллаж эхлэсэн юм. Тэр үеэс хойш хувьчлал болж нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хоньчиноор ажилласан. Би 1875-1982 онуудад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт нярав, 1982 оноос 1992 оныг хүртэл Ардын зориг нэгдлийн шуудангийн жолооч, дараа нь 1992 оноос хойш Хүн эмнэлэгийн жолоочоор 2012 оныг дуустал ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт байна “ гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/211 дугаартай “... Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд Г.Даваажаргалыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ... ” гэх,
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шатаж 2.736.534 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолт тус тус хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Готовын Даваажаргал / РК62110207/- г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваажаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА