| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0301/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Тд холбогдох эрүүгийн 2138000000658 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Я.Отай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, уруулын талстад няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлсөн, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2138000000658 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Я.Отай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, уруулын талстад няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Я.Оын өгсөн: “ ... Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хамтран амьдрагч Т охин Амин-Эрдэнэ нарын хамт 1 сар болсон. Тэгээд охинтойгоо хамт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн суманд гэртээ буюу өвөө, эмээ дээрээ ирсэн. Тэгтэл манай хамтран амьдрагч Т 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хатгал тосгоноос охин бид хоёрын араас ирсэн байсан. Ингээд ирсэн өдрөө Т гадуур явж архи уусан. Гэрт маань ирж хоноогүй шөнөжин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өнөөдөр Т 16 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 13-р багийн 37-р гудамжинд найз Маам гэдэг залуугаар намайг дуудуулсан бололтой байсан. Тэгээд Ттэй уулзахад согтуу эзэнгүй хашаан дотор тасраад унасан байхаар нь гэртээ оруулах гэсэн чинь босохгүй байснаа өөрөө босоод надтай хэрүүл маргаан хийсэн. Намайг хардаад байх шиг байснаас газарт намайг хавсарч унагаад намайг босоод ирсэн чинь миний хамар, ам хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний хамар, амнаас цус гарсан. Би хамар, амаа дараад сууж байтал дахиж Т миний зүүн талын хавирга хэсэгт 1 удаа өшиглөөд газарт унагасан. Би айсандаа босоод гэр рүүгээ гүйгээд хашаан дотор байсан аав Од хэлсэн. Аав цагдаад мэдэгдсэн.... Миний биед Б.Т уурлах үедээ их бага хэмжээгээр цохиж байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх 9-10 тал/,
Гэрч Я.Огийн өгсөн: “ ... Миний төрсөн охин О өвөө, эмээ дээр өссөн. Т гэдэг хүнтэй танилцаад 2 жил болсон. Дундаасаа нэг охинтой тэр нь 2 настай. Сүүлийн сар О маань Хатгал тосгон Ттэй байсан. Тэгээд гэртээ ирээд 2 хонож байхад нь Т ирж архи уугаад охиныг маань 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Мөрөн сумын 13-р багийн 37-р гудамжны эзэнгүй хашаан дотор согтуу байхдаа зодсон байсан. О намайг хашаан дотор байхад ааваа намайг Т зодчихлоо гэсээр нүүр, амнаас нь цус гоожсон ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан.... Т өнгөрсөн жил бас Оыг зодсон сураг гарч байсан. Би яг зодож, цохиж байхыг нь хараагүй. О маань надад Т намайг цохиж, хэл амаар доромжлоод гэж хэлж байсан. Тд би энэ талаар хэлэхэд худлаа гэмшсэн хүн болоод өнгөрдөг. Та 2 сал гэж хэлж үзсэн салахгүй юм байна лээ. Т, О 2 алба ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,
Гэрч Э.Мын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Түнэл суманд амьдардаг. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би Мөрөн сумын 3 дугаар багт ахындаа байж байтал Т, О нар 1 шил архи, 1 том савтай Сэнгүр гэдэг пивотой ирсэн. Тэгээд манай ахын гэрт Т бид 2 нөгөө архи, пивоо хувааж уусан. О архи, пиво уугаагүй, гэртээ очлоо гээд гараад явсан. Орой 17 цагийн үед байхаа Мөрөн сумын 13 дугаар багт Оын гэрийн гадаа очоод Оыг утсаар Т уулзахаар дуудаад, гудамжинд нь хоосон эзэнгүй хашаан дотор ороод хэвтсэн. Тэгээд О гарч ирээд Тийг босоод манай гэрт орж унт гэж хэлсэн. Тэгсэн чинь Т хоёулаа Хатгал явах уу гэхэд О явахгүй гээд гэр рүүгээ явах гэтэл Т Оын толгой хэсэгт цохиод өшиглөх шиг болохоор нь би боль гээд салгасан. Ингээд О гэр рүүгээ яваад өгсөн. Т бид 2 хамт явж байгаад Тийг гар утсаар эхнэр О нь дуудлаа гээд надаас салаад явсан. Үүнээс хойш Ттэй уулзаагүй. Би одоо Тийг хаана байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 545 дугаартай: “Я.Оын биед дээд урууланд зулгаралт, уруулын салстад няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Я.Оын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 27 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 3 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн эхнэр буюу хамтран амьдрагч Я.Отай амьдраад 2 жил орчим болох гэж байна. О бид 2 дундаасаа 2 настай Амин-Эрдэнэ гэдэг охинтой. Гэхдээ Отай гэрлэлтээ батлуулж амжаагүй. Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Би өөрийн танил залуу Маам / бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт айлд 1 шил /нэрийг мэдэхгүй/ архи хувааж уусан. Тэгээд орой Мөрөн сумын 13 дугаар багийн 37-25 тоотод байрлах хадам өвөө Ягийн хашааны гаднаас Отай уулзахаар Маамаар дуудуулсан. Тэгтэл О гарч ирсэн. Тэгээд өвөөгийн хажуу талын эзэнгүй, хоосон хашаан дотор уулзаад Отай маргалдсан. Би архины халуунд Оын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Ингээд О гэр рүүгээ яваад өгсөн. Маам бид хоёр 2 Оын гудамжнаас 2 тийшээ салаад явсан. Одоо Оаас уучлалт гуйж эвлэрсэн болохоор бид 2 Хатгал тосгонд хамт амьдарч байгаа. Би дахин ийм асуудал гаргахгүй. Өөрийн буруутай асуудалд гэмшиж байна. Үр хүүхдээ бодоод эцэг хүн шиг байж чадна...” гэх мэдүүлэг /хх 34 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Тийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Б.Тийн гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Я.Оын өгсөн мэдүүлэг, гэрч Я.О, Э.М нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Тийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Я.Отай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, уруулын талстад няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Я.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.Т, Я.О нар нь “2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх 51 тал/ ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Тийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Тийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 37-39 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Т нь ам бүл 5, ээж, 3 дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөшөөт 2 дугаар хороо 6-602 тоотд оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй гэх тайлбарыг өгсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Бын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бын Тийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН