| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00685/и |
| Дугаар | 00762 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 00762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Зузаан овогт Дашдоржийн Рэнчинханд / РК62071301 /-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Э.Сумьяажав, нэхэмжлэгч Дашдоржийн Рэнчинхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваажав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэнчинханд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 55 настайдаа, 7 дугаар сарын 13-ны өдөр тэтгэвэрт орно. Миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан хугацаа минь тооцогдохгүй байгаа юм. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр хаяж алга болгосон учир 2 жил ажилласан байдал дутах болсон юм.
Иймд миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний 1983 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан хугацааг ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваажав шүүх хуралдаанд: Д.Рэнчинханд гэж хүнийг сайн мэднэ. Би тэр үед боловсон хүчин хийж байсан.Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй ажиллаж байсныг нь сайн мэдэх учраас Д.Рэнчинханд намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өгөөч гэсэн. Өөрөө хуралд суух боломжгүй байсан. Д.Рэнчинханд нь 55 нас хүрээд тэтгэвэрт орохоор болоход ажилласан жилээс 1 жил 7 сар дутаж байгаа юм байна. Тухайн үеийн баримт материал байхгүй болохоор нийгмийн даатгалын байцаагч дутсан жилийг нь сэргээлгэ гэж хэлсэн. Нэгдлийн 70 дугаар данснаас шүүлгэхэд материал нь гарч ирсэн. Үүнийг нь үндэслээд нотлох баримтаар хавсаргасан байгаа.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Рэнчинханд нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний 1983 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1982-1983 онуудад хоньчноор ажилласан жил, авсан цалин хөлсийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/195 дугаартай цалингийн түүвэр, цалингийн цэсний хуулбар,
Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 4 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Д.Рэнчинханд нь Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад 1980 онд малчин, хоньчиноор анх ажиллаж эхлэсэн юм. Тэр үеэс хойш хувьчлал болж нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хоньчиноор ажилласан. Би 1875-1982 онуудад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт нярав, 1982 оноос 1992 оныг хүртэл Ардын зориг нэгдлийн шуудангийн жолооч, дараа нь 1992 оноос хойш Хүн эмнэлэгийн жолоочоор 2012 оныг дуустал ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт байна ...” гэх,
Гэрч Ц.Сувдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... Д.Рэнчинханд нь Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн Дашзэвэг даргатай 2 дугаар бригадад 1980 онд хоньчиноор анх ажиллаж эхлэсэн юм. Тэр үеэс хойш хувьчлал болж нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хоньчиноор ажилласан юм. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1973-1991 онуудад 2 дугаар бригад болон 4 дүгээр бригадад хоньчиноор тасралтгүй ажилласан ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10/209 дугаартай “...Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд Д.Рэнчинхандыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зузаан овогт Дашдоржийн Рэнчинханд / РК62071301 /-г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний 1983 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Рэнчинханд нь улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлүүлсэн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА