Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1133

 

 

 

 

 

 

 

 

     2021       11          11                                2021/ШЦТ/1133

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн /томилолтоор/,

Хохирогч Б.Д,

Иргэдийн төлөөлөгч О.Б,

Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч О.Аззаяа, С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох 2108 00000 0135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, З3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б.Г- /рд:ак87123 /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 9 дүгээр байрны .... тоот гэртээ тоот гэртээ “найз алгадсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Дын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 195/А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх114/, оршин суугаа газрын тодорхойлолт, лавлагаа /1хх116, 127/, Хөдөлмөрийн чадварын алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх117/, Хаан банкны дансны хуулга /1хх118-126, 130-131/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх128-129/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх26/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, оролцсон болно.

 

Хохирогч Б.Доос: Миний эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Тэгэхдээ бага ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:

2021 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 9 дүгээр байрны 35 тоотод байрлах өөрийн гэртээ шүүгдэгч Б.Г- нь гэрч ..... хохирогч Б.Д нарын хамтаар согтууруулах ундааны зүйл ууж байх үедээ Б.Г- нь “найзыг минь алгадлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Дын баруун суга болон хөхний орчим хоёр удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Дын “... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 29 хороо Москва хорооллын 6 дугаар байрны 35 тоотод хүргэн дүү Б.Г- гэрт өдөр 14 цагийн орчим очсон. Тэдний гэрт очсон шалтгаан нь 2020 оны 8 дугаар сард 800,000 төгрөг зээлсэн байсан мөнгөө буцааж авах талаар ярих гэсэн утсаа аваагүй түүний хадам ээжтэй ярихад Б.Г- Москва хороололд гэртээ байгаа гэж хэлэхээр нь очиход манай нутгийн дүү .эх залуутай унтаж байсан. Тэгээд би Б.Г-ыг сэрээгээд мөнгөө өгөхгүй юм уу гэхэд өнөө маргаашгүй олж өгнө гэж хэлсэн. ...Бид гурав тэдний гэрт буцаж ороод доод дэлгүүрээс нь 0,5 литрийн Хараа архи авсан дараа нь Б.Г- 0,75 л Хараа архи авч уусан. Тэр үед Б.Г- хадам аав нь болох хүн залгаад 22 товчооноос хонины мах тосож аваадах гэж ярихад Б.Г- эрүүл найзыгаа утсаар дуудаж манай нутгийн Галаагийн хамтаар явсан. Тэр үед би гэрт нь унтаж байсан. Хэсэг хугацааны дараа Б.Г-, . хоёр ирж тэр үед машин барьж байсан нэг жолооч эмэгтэйн хамт орж ирээд байж байтал гаднаас Б.Г- найз .... ирсэн, дараа нь түүний найз болох гурван эмэгтэй ирсэн. Тэгээд авч ирсэн архи дарсаа уугаад юм яриад сууж байхад . хоёр хоорондоо барьцалдаж аваад байж байхад аль нэгнийх нь хамраас цус гарсан байхаар нь Галаа, .... хоёрыг алгадсан. Тэр үед Б.Г- гал тогооны шүүгээгээ ухаад над дээр хүрээд ирсэн. Би тухайн үед Галаа, Б.Г- хоёртой яриад зогсож байсан. Ингээд би эргээд харахад Б.Г- хутга барьчихсан байж байхаар нь чи болиорой гэж хэлээд хойшоо ухарсан чинь миний баруун суга руу нэг удаа хутгалсан, тэр үед би хойшоо ухраад хананд тулсан чинь дахиж баруун мөөмний орчим нэг удаа хутгалсан. Тэр үед .... ноцолдож байгаад хутгийг нь булааж аваад юм руу нуусан гэж хэлж байсан. ... Ингээд цагдаа, 103 дуудаж би 103-аар ГССҮТ эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх7-20/

- Хохирогчоор дахин өгсөн “...Би Б.Г-тай маргалдаж муудалцсан зүйл байхгүй, Б.Г- гэрт байсан . нар хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгаж улмаар хоёуланг нь тус бүр 2 удаа алгадсан. Тэр үед Б.Г- хутга барьж ирээд хутгална гэж бодоогүй байхад хутгалчихсан юм. ... Би тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор санаж байгаа, би дунд зэргийн согтолттой байсан. Надад эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг Б.Г- болон ар гэрийнхнийх нь зүгээс өгч хохирол барагдуулсан. ...Б.Г- бид хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед би унтаад сэрсэн болохоор архи гайгүй болчихсон байсан. Би архины шил хагалж ....ын гарыг зүссэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх02-05/,

Хохирогч Б.Д нь ГССҮтөв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1хх86-96/

- Гэрч Ж.....ын “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчимд би  найз нарын хамт архи уучихсан явж байсан. Тэр үед найз Б.Г- над руу яриад     манай  гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид дөрвийг ороход Б.Г- найз Галаа, Б.Д тэр гурав архи уучихсан сууж байсан. Бид нар хамт хоёр шил архи уучихсан сууж байсан. Бид нар хамт хоёр шил архи уугаад сууж байхад Б.Г- найз Галаатай маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэр үед Б.Д ах Галаа бид хоёрыг нэг, нэг удаа алгадсан. Тухайн үед би сэргэж Б.Д ахтай барьцалдаж аваад подволкийг нь урсан. Энэ үед Б.Г- Б.Д ах бид хоёрыг салгах гэж байгаад Б.Дт Б.Г- нэг удаа цохиулаад цааш явсан. Яг хаанаа цохиулсныг хараагүй, тэгээд эргэж ирэхдээ Б.Г- хутга барьчихсан хүрч ирээд Б.Дын баруун суга руу хатгах үед хойшоо болоод хананд тулсан, түүний дараа би ширээний тэндээс босоод очих хооронд дахин нэг удаа баруун цээж орчимд дахин нэг удаа хутгалсан юм. Энэ үед би Б.Г-аас хутгийг нь булааж аваад шидсэн. Тэгээд надтай хамт явсан хүмүүсийн нэг нь цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр үед миний баруун гарын ядам хурууны дотор талд зүсэгдсэн шарх үүссэн байсан. Б.Г- намайг ороход нэлээд согтолттой байсан. Б.Г-аас хутгыг нь булааж аваад нэг тийш шидсэн. Б.Д ах Галаа бид хоёрыг муудалцлаа гээд нэг нэг удаа цохиход, Б.Г- салгах гэж байгаад нэг удаа цохиулснаас биш өөрөөр маргалдаж муудалцаагүй. ...Б.Г- бид нарыг өмөөрч Б.Дтой маргалдан улмаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /1x45- 46, 2хх249/,

- Гэрч А.Г-ийн “...Додов ах айлд маргалдаж муудалцлаа гээд бид хоёрыг цохисон. Үүний дараа удаа ч үгүй гэрт цус нөж болсон байдалтай байсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн. ... цагдаа ирсний дараа Б.Г- ах Б.Д ахыг хутгалсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх51-52/,

- Гэрч Э.С-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найзууд болох ........ бид нар уулзсан... бид дөрөв архи ууж байх үед орой 23 цагийн үед ....ын найз Б.Г- яриад Москва хороололд хүрээд ир гэж хэлсэн. Бид нар Б.Г- гэрт ирэхэд Б.Г-, хутгалуулсан гэх залуу бас нэг танихгүй залуу нар архи ууж байсан. Бид нар тэр айлд ороод архи уугаад сууж байтал... .... нүцгэн биетэй ах нар хоорондоо маргалдаад ....ыг тэр ах тэр ах цохиод авсан. ... гэнэт Б.Г- хутга хаанаас авсныг мэдэхгүй... цээж нүцгэн залууг нэг удаа баруун суга орчим хутгалсан, дахин боль гэх зуурт Б.Г- тэр залууг нэг удаа баруун хөхний орчимд хутгалсан. Тэгээд .... бид Б.Г- үйлдлийг таслан зогсоох зорилгоор .... найз Б.Г- хутгыг булааж аваад цонхоор шидэх шиг болсон, түүнээс хойш удаагүй 5-10 минутын дараа цагдаа ирсэн... .... бид хоёр хараад болиулахын хооронд шууд хутгалсан... Б.Г- нэлээн согтолттой байсан. Би ....ын найз учраас Б.Г- зан байдал хувийн байдлын талаар мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх53-55, 245/,

- Гэрч Б.О-йн “...Тэгээд би хутгалуулсан найз руу нь очоод подволкийг нь сөхөөд хартал баруун суга болон хөхний дээд талаас цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх35-36/,

- Гэрч Ш.Х-ын “...би унтлагын өрөөнөөс гүйгээд гараад ирэхэд” цээж нүцгэн ах сандал налчихсан харин манай найз Сарантуяа Б.Г-ыг чи хүн аллаа шүү дээ гээд орилоод байсан, тэр үед Б.Г- тэнд байсан ахыг хутгалсныг би мэдсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлгийнхэн ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх56-58/

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20 өдрийн 667 дугаартай “...Б.Дын баруун талд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврын хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн мэдүүлэг/1хх63-65/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх6-12/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 289 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн цамцны урд талд 70мм, 19мм, ард талд 20мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн даавуун өмдөнд Юм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гомдолтой байна. Цэнхэр өнгийн жинсэн өмд гэмтэлгүй байна...” гэсэн дүгнэлт/1хх68-71/,

- Эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн 11см урт, өргөн 2см, ажлын хэсгийн урт 14см, нийт урт 25см нэг ширхэг хутгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх14/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 607 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутга болон хувцаснууд дээр цус илэрсэн, цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Уг илэрсэн цус нь АВ/4 бүлгийн харьяалалтай байна. ДНХ бүтцийг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга болон хувцаснууд дээрх цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутга болон хувцсанд илэрсэн цус нь хоорондоо бүлгийн харьяаллаараа ижил байна..." гэсэн дүгнэлт /хх72-74/,

- Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Б.Д ах манай гэрт ирээд ...Б.Д ах манай доод талын дэлгүүрээс 0,5 нэг шил архи худалдан авч манай гэрт Б.Д ах найз .... бид 3 хувааж уусан. ...манай гэрт Б.Д ах унтаад үлдсэн. Би Б.Д ахыг сэрээгээд оройтсон юм чинь дахиад нэг шил архи уучих уу гээд, тэд зөвшөөрч дахин 0,75 архи авч ууж байхад ....... удалгүй манай гэрт 3 эмэгтэй найзын хамт ирсэн. Тэгээд бид бөөнөөрөө бужигнаад байж байснаа санаж байна. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд цагдаа ороод ирсэн. Чи хутгалсан байна гээд намайг авч явахад би ухаан орсон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Би Б.Д ахын биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна...” гэсэн /1хх102-107, 2хх25/,

- Б.Г-ын эрүүлжүүлсэн бүртгэлийн тэмдэглэлийн хуулбар /1хх31-32/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг хийсэн гэм буруутай байна гэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь үл ялих зүйлээр шалтаглан хутгаар хохирогчийг хоёр удаа хутгалсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн,  хохирогч Б.Дын эрүүл мэндэд “... цээжний хөндийд нэвтэрсэн шарх, плеврын хөндийн шингэн, хий хуралдалт, баруун суганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий...” амь биед аюултай хүнд хохиролд зориуд хүргэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хууль тогтоогчийн тайлбараар Зэвсэгт хамаарна.

Иймд шүүхээс иргэдийн төлөөлөгч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг /хутга/ хэрэглэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд: Хохирогч Д.Б.Д нь шүүх хуралдаанд 1,100,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Г-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Хохирогч Б.Доос: Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирлыг нөхөн төлсөн, эрүүл мэндийн хувьд нэг нүд юм хардаггүй, 50 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 03 жил 06 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар оногдуулсан ялаас 02 жилийг хасаж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчмын гол илрэл бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 90 дугаартай “...Б.Г- ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. Б.Г- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г- хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт/хх78-81/-ийг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн..." зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах …” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, өмгөөлөгчийн дүгнэлт, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Харин өмгөөлөгч нарын Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглүүлэх, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно. Хохирогч Б.Дын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус зааснаас үзэхэд Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах хууль зүйн үндэслэлтэй.

Харин ялтан гэдэг нь “Шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон” ял эдэлж буй этгээдийг ойлгоно. Иймд шүүгдэгч Б.Г-ыг шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан боловч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй түүнийг ялтан гэж үзэх боломжгүй мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана гэж заасан тул Б.Г-ын ялыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар энэ удаад шүүхээс шууд өршөөн хасах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч . Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-т 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ