Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 329

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ф У” ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.И, Я.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч татварын улсын байцаагч Ж.И, Я.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Нэхэмжлэлийн шаардлага: татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг 2500******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох.

Нэхэмжлэлийн утга: Нэхэмжлэгч “Ф У” ХХКнь барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг 2500******* дугаартай актаар 49.874.652 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд: “Баянгол дүүргийн Прокуророос 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот тогтоол гарсныг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэр бүхий татварын байцаагч нар шалгаж татварын улсын байцаагчийн акт үйлдсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно. ...”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “....3ахиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана... 9.1.8. захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн заалтыг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох падааны асуудлыг сайн дурын үндсэн дээр тайлагнахаар шийдвэрлэсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хяналтын прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу татварын улсын байцаагчийн захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гаргаагүй байхад тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.”, 10 дугаар зүйлийн 10.7-д “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн 2599******* тоот актаар нөхөн татвар ногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлж захиргааны акт гаргасан байна.

Иймд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* тоот актаар ногдуулсан орлого бууруулсан гэж аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг торгууль, алдангийн хамт ногдуулсан нь /Өршөөлийн хуулинд хамрагдах хугацаа/ илт хууль бус захиргааны акт тул дээрх актыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 070 дугаартай тогтоолоор гомдлыг хянан хэлэлцээд тодорхой хуулийн заалтыг баримтлан 49.874.652 төгрөгийн татвараас 24.937.326 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 24.937.326 төгрөгийг төлүүлэхээр актыг өөрчилсөн тухай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдээд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг 2500******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох” шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тайлбарлахдаа: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа тодруулан гаргаж байна. Бид актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас төлөөгүй. Хэрэгцээтэй үедээ барилгын зах дээрээс бид материал авчихдаг байсан. Тэгээд дараа нь бөөнд нь падаан бичүүлдэг. Д ХХК, Ц ХХК-иуд хаана байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэдэхгүй. Тухайн үедээ бид бараагаа зах дээрээс аваад дараа нь падаан бичүүлчихдэг байсан. Цементийг нэг дор бөөнөөр нь авахгүйгээр, цувуулж авдаг. Хэн гэдэг хүнээс худалдан авалт хийснээ мэдэхгүй. Худалдан авалтыг бэлэн мөнгөөр хийдэг. Зах дээр зардаг учраас дансаар гүйлгээгээ хийдэггүй байсан. Худалдан авалтын дэвтэр дээр падаануудыг шивсэн байх. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдсанаар татварын улсын байцаагчийн актыг алдаатай байна гэсэн. Нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан бол бичилт хийсэн нь буруу байна гэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслэн маргаан бүхий акт нь утга агуулгын хувьд алдаатай акт гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт н.Т гэдэг хүн шалгагдаж байгаа. Гэтэл улсын байцаагч нар акт тавихдаа Фүжи-Алтай ХХК-ийн захирал н.Д гэдэг хүнээр тавьсан нь утга агуулгын илэрхий алдаатай. Гүйцэтгэх захирлаар Д.Г гэдэг хүн байгаа.

Татварын улсын байцаагч нарын акт нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно.”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.”, “Захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж заасан учраас илт хууль бус гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй 27******* тоот регистрийн дугаартай, “Ф У” ХХК-ийн 2012.01.01-2012.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэл, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот Прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 25161100887 тоот томилолтын дагуу, татварын улсын байцаагч Ж.И, Я.Н нар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний хугацаанд иж бүрэн шалгалт хийсэн.

Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын 8, 9, 10, 14, 15, 18-ны өдрийн 10/5...дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн хавсралт 1-д дурьдсан мэдээллийг үндэслэн Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.М, Ж.Э нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр татварын улсын байцаагчийн 220056 тоот дүгнэлт бичиж Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлснийг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар хянаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1524 тоот тогтоол үйлджээ.

Уг тогтоолд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 27******* тоот регистрийн дугаартай, “Ф У” ХХК-ийн захирал Т.Т нь 56******* тоот регистрийн дугаартай Ц ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0012358984 тоот падаанаар 85.061.000.00 төгрөгийн, 12 дугаар сарын 21-ний өдрийн 0012358989 тоот падаанаар 63.206.060.00 төгрөгийн, 55******* тоот регистрийн дугаартай Д ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0012359046 тоот падаанаар 101.106.200.0 төгрөгийн, нийт 249.373.260.00 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 24.937.326.0 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Гэвч нөхөн төлбөрөө төлөөгүй “Ф У” ХХКнь 56******* тоот регистрийн дугаартай Ц******* ХХК, 55******* тоот регистрийн дугаартай “Д” ХХК-тай ажил гүйцэтгэсэн гэрээ хийгээгүй, кассаар гүйлгээ хийсэн боловч кассын тайланд тусгаагүй нийт 249.373.260.00 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар бараа материал худалдан авсан мэтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “ иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 24.937.326.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг зааж өгсөн бөгөөд татварын улсын байцаагчдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* тоот акт нь дээрх заалтуудад хамаарахгүй, тухайн тохиолдлуудыг агуулаагүй байх тул илт хууль бус гэж үзэхээргүй байна.

Мөн татвар төлөгч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь буюу нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдсан “цемент нийлүүлэх хамтран ажиллах гэрээ” шалгалт хийхэд байгаагүй. Худалдан авалтын дэвтэр, кассын тайлан байгаагүй. Хөтөлдөггүй байсан.” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь татварын улсын байцаагчаас дүгнэлт бичиж, дүгнэлт нь хянагдаж, томилгооны дагуу шалгалт хийж, эрх хэмжээний хүрээнд акт тавьсан. Захиргааны акт нь захиргааны албан тушаалтан буюу татварын улсын байцаагчийн гаргах шийдвэр учраас утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлыг бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тодорхойлсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актаар “Ф У” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх татвараа бууруулсан 249.373.260.00 төгрөгийн зөрчилд 24.937.326.00 төгрөгийн нөхөн татвар, 7.481.197.80 төгрөгийн торгууль, 12.468.663.00 төгрөгийн алданги, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Борлуулсан барааны өртөг” хэсэгт тусган татвар ногдох орлогоо бууруулсан 249.373.260.00 төгрөгийн зөрчилд 24.937.326.00 төгрөгийн нөхөн татвар, 7.481.197.80 төгрөгийн торгууль, 12.468.663.00 төгрөгийн алданги ногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /2015 оны/ -ийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар торгууль, алдангийг өршөөлд хамруулж чөлөөлөн, нөхөн татварт тогтоосон 49.874.652 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолоор “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтөд хэсэгчилсэн шалгалт хийх томилолт олгогдсон байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж татвар нөхөн ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж дүгнээд, актаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоо бууруулсан 249.373.260.00 төгрөгийн зөрчилд 24.937.326.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгож,  төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан 249.373.260.00 төгрөгийн зөрчилд 24.937.326.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ф У” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, утга агуулгын илэрхий алдаатай үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч “Ф У” ХХКнь 56******* тоот регистрийн дугаартай Ц******* ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0012358984 тоот падаанаар 85.061.000.00 төгрөгийн, 12 дугаар сарын 21-ний өдрийн 0012358989 тоот падаанаар 63.206.060.00 төгрөгийн, 55******* тоот регистрийн дугаартай Д******* ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0012359046 тоот падаанаар 101.106.200.0 төгрөгийн, нийт 249.373.260.00 төгрөгийн худалдан авалтыг 2012 оны 12 дугаар сарын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг тэр хэмжээгээр бууруулсан байна.

Гэтэл “Ф У” ХХК-д ажилладаг гэх Т.Тамир нь Ц******* ХХК, Д******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж бусдад ашиглуулахаар борлуулж “Ф У” ХХК-д татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн 201626020533 дугаартай хэрэг үүсгэгдэн сэжигтнээр тооцогдон мөрдөн байцаалтын ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн, энэ үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /2015 оны/ -ийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл татварын албанаас Ц ХХК, Д ХХК-ийн авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг уг компаниуд борлуулалт хийгээгүй байхад хий бичиж тараасан болох нь эрүүгийн хэрэгт шалгагдаж тогтоогдсон, ийнхүү хий бичиж тараасан этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өршөөлд хамрагдсан байна.

“Ф У” ХХК-ийн ийнхүү хий бичилттэй падаанаарх худалдан авалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа тэр хэмжээгээр бууруулж тайлагнасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар барааг борлуулсан тухай бүрт борлуулагч нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, худалдан авагч нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох ба 14.3-т худалдан авагч нь борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөө нотлоогүй бол тэр хэмжээгээр хасалт хийхгүй гэж зохицуулжээ.

Мөн татвар төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”-г Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д, татварын алба нь “татвар төлөгч хуулийн дагуу төлвөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах”, татварын улсын байцаагч нь “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, ... зөрчлийг тогтоон акт үйлдэх ...” бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Ф У” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр эдгээр худалдан авалтын талаар “Хэрэгцээтэй үедээ барилгын зах дээрээс бид материал авчихдаг байсан. Тэгээд дараа нь бөөнд нь падаан бичүүлдэг. Д ХХК, Ц ХХК-иуд хаана байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэдэхгүй. Тухайн үедээ бид бараагаа зах дээрээс аваад дараа нь падаан бичүүлчихдэг байсан. Цементийг нэг дор бөөнөөр нь авахгүйгээр, цувуулж авдаг. Хэн гэдэг хүнээс худалдан авалт хийснээ мэдэхгүй. Худалдан авалтыг бэлэн мөнгөөр хийдэг. Зах дээр зардаг учраас дансаар гүйлгээгээ хийдэггүй байсан.” хэмээн тайлбарласан байдаг.  

“Ф У” ХХК-ийн тухайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан байхыг үгүйсгэхгүй ч 249.373.260.00 төгрөгийн худалдан авалт нь үйл ажиллагаа явуулаагүй компаниас хий бичилттэй падаанаар хийгдсэн, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авалт хийсэн болох нь нягтлан бодох бүртгэлийн баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл бараа материал худалдан авахдаа борлуулагч этгээдэд буюу Ц ХХК, Д ХХК-д  нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн баримтаар, тухайлбал худалдан авалтын дэвтэр, кассын бүртгэл, дансны хуулгаар нотлогдоогүй тул ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж төсөвт төлөх татвараа бууруулсан нь зөрчил байна.     

Актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор “акт тогтоох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээ нэхэмжлэгч нь Захиргааны хариуцлагын тухай хууль /1992 оны/ -ийн 5 дугаар зүйлийн 2-т “...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно. ...”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул /2002 оны/ -ийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.” гэсэн заалтаар тайлбарлажээ.

Татварын ерөнхий хууль нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулдаг нарийвчилсан зохицуулалттай хууль юм. Өөрөөр хэлбэл татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заасан байна.

Иймд 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчилд 2017 онд татвар нөхөн ногдуулсныг татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй төдийгүй “актыг илт хууль бус” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан “захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт агуулсан 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт бүхий Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ нь татварын улсын байцаагч 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр акт тавихаас өмнө 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүй болсон байсныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн актыг утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлээ “... “Нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан л бол баримтгүй зардал гэж дүгнэлт хийсэн нь буруу байна” гэсэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслэн маргаан бүхий акт нь утга агуулгын хувьд алдаатай акт гэж үзэж байна.” гэж тайлбарлажээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолд “тус компани нь сургууль цэцэрлэгийн барилга барих ажил хийсэн нь ажил хүлээлгэж өгөх акт, борлуулалтын орлого дансаар орсон нь дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд нөгөө талаас Д ХХК-тай хар цаас нийлүүлэх гэрээ, Ц ХХК-тай цемент нийлүүлэх гэрээ байгуулсан. Материал авсан уу, материалаа юунд ашигласан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үү зэрэг асуудалд дүгнэлт хийлгүйгээр нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаан л бол баримтгүй зардал гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.” гэж дүгнэсэн ч мөн “... тус компани нь 249.373.260.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь ... зөрчил ... ” гэж дүгнээд 24.937.326.00 төгрөгийн татвар нөхөн ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийг барилгын үйл ажиллагаа явуулсан талаар үгүйсгээгүй ч 249.373.260.00 төгрөгийн хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан актыг үндэслэлтэй гэж дүгнэжээ.  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт нь утга агуулгын илэрхий алдаатай тохиолдолд захиргааны актыг илт хууль бусад тооцох зохицуулалт бөгөөд татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг энэ үндэслэлд хамааруулах огт боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалт хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүйн дээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ф У” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2500******* дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА