Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00532

 

“Р Ж Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02994 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2378 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Р Ж Х” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-т холбогдох,

1 103 916 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баатархүүгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Р Ж Х” СӨХ нь 2016 онд байгуулагдсан ба Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 46а, 46-б байрнуудыг хариуцан ажилладаг. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, лифт ашиглалт үйлчилгээ, хог тээвэр, дулаан ус, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дахь заалтын дагуу Б.С-аас 2016 оны 05 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1 103 916 төгрөгийг гаргуулан “Р Ж Х” СӨХ-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Байрны өмчлөгч мөн эсэх талаараа, нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргахгүй. Гэхдээ миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал надаас СӨХ-ны зардалд нийт 1 003 560 төгрөгийг нэхэмжилсэн байна. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг “Р Ж Х” СӨХ-ны Хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 003 560 төгрөг нь миний төлсөн 1 046 518 төгрөгт багтаж байгаа болно. Төлбөр төлсөн утга дээр нь ...46 байр, Ромео-122 тоот Б.С-, 2016 оны 4 сар дуустал гэж байгаа нь үнэн.

Гэхдээ уг төлбөрийг би хүнээр дамжуулж төлүүлсэн, энэ хүн буруу бичүүлсэн байсан. Би 2016 оны 4 дүгээр сараас өмнө манай байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан “Дорра” ХХК-д холбогдох бүх төлбөрөө төлсөн бөгөөд ямар нэг өргүй. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1 046 518 төгрөгийг би 2016 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрт урьдчилан төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02994 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С- 1 003 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р Ж Х Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд 28 635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р Ж Х Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2378 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/02994 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.С-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний 102/ШШ2018/02994 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 1 003 560 төгрөгийг Б.С-аас гаргуулж “Р Ж Х” СӨХ-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хэвээр үлдээж шийдвэрлэх ёстой байтал Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Р Ж Х” СӨХ нь хариуцагч Б.С-т холбогдуулан 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1 103 916 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.С- шаардлагыг эс зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 046 518 төгрөгийг “Р Ж Х” СӨХ-ны Хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан учир нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 003 560 төгрөг нь миний төлсөн 1 046 518 төгрөгт багтаж байгаа гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч “Р Ж Х” СӨХ-д  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур толгой, 46а байранд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах эрхийг дүүргийн Засаг даргаас олгосон байна. Нэхэмжлэгчээс өмнө тухайн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг “Дорра” ХХК хэрэгжүүлж байжээ. “Дорра” ХХК-с 46а, 46б байрны 2013 оноос 2016 оны 4-р сар хүртэлх хугацааны өрхийн хэрэглээний болон дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээний төлбөрөө төлөөгүй айл өрхийн тооцоог “Р Ж Х” СӨХ-д 2016 оны 4-р сард жагсаалтаар хүлээлгэн өгсөн, төлбөр нь төлөгдөөгүй байгаа айлуудын жагсаалт хэрэгт авагджээ.

Энэхүү жагсаалтад 46а байрны 122 тоотод оршин суух хариуцагч Б.С- 2014 оны 08 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар дуустал 1 482 066 төгрөгийн өртэй гэж тусгагдсан байна.

Хариуцагч Б.С- 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Р Ж Х” СӨХ-ны дансанд 1 046 518 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Уг мөнгөн гүйлгээний утгад “2016 оны 4-р сар дуустал” гэж зааснаас үзвэл тухайн шилжүүлэг ирээдүйд гарах СӨХ-ийн төлбөрийн урьдчилсан төлөлт гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэлийн зүйл нь 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр байхад давж заалдах шатны шүүх энэ хэргийн оролцогч биш “Дорра” ХХК хариуцагч Б.С-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал шаардах эрхтэй эсэхийг, улмаар хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг СӨХ-ны зардлын урьдчилгаа төлбөр байж болох эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, хариуцагч тал хэрэгт нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцсан, хугацаа авах шаардлагагүй гэж мэдэгдсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан, зохигчийн хэн алин нь хэргийн материалтай танилцаагүй, мэтгэлцэх боломжоор хангагдаагүй гэж гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг талуудад шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалыг танилцуулснаар мэтгэлцэх эрхийг нь хязгаарласан гэж буруутгасан нь үндэслэл муутай болжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2378 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  102/ШШ2018/02994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 31 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН