Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1183

 

 

 

 

 

 

 

 

     2021         11         25                               2021/ШЦТ/1183

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Улсын яллагч С.Энхням,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01609 1389 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 гудамжны ....тоот хаягт  оршин суух хаягтай, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял /Энхцэцэгийн Б.Э- нэрээр/ -аар,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар тогтоож, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Э- нарт холбогдох 2014260004994 дугаартай эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

 

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5/ тав/ жилийн хугацаагаар тогтоосныг 2020 оны Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 472 дугаартай магадлалаар  Б.Э-ын биечлэн эдлэх хорих ялыг 03 /гурав/ жил болгож өөрчилсөн,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 209 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б Б.Э-ыг эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон,

Б.Э- /РД:УМ8806***********/.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

  Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр хохирогч Д.Ц- хоолой, хувцас гинжнээс нь татаж, хөлөөрөө тийрч хүч хэрэглэн довтолж “Самсунг А10” маркийн гар утсыг нь авсны улмаас нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 966 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх47/, шүүгдэгчийн эцэг *********** нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх49-50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх52/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх127/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх57/,  эд хөрөнгөтэй эсэх /хх54/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх52/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх127/эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58, 156/, урьд шийтгэгдэж байсан талаарх шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх60-77, 131-133/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /хх81-82/, эрэн сурвалжлалт зарлах тухай цагдаагийн сангийн лавлагаа, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх85-89, 92-102/   болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э- нь өөрөө өмгөөлөгч сонгон авч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Э-аас “ар гэрээс минь өмгөөлөгч авч өгөөгүй” тул томилолтын болон улсын өмгөөлөгчтэй хуралд оролцохгүй, өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гаргасны дагуу тэрээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон болно. Тодруулбал шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн 2108 01609 1389 дугаартай хэрэгт шүүгдэгчийг Батсайхан овогтой Б.Э-, Энхцэцэг овогтой Б.Э- гэсэн баримтууд цугларчээ. Тодруулбал: Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх61/,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58/ зэрэг хэрэгт цугларсан баримтад Энхцэцэгийн Б.Э-, харин 2010, 2017, 2020 оны шийтгэх тогтоол, прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх156/ зэрэгт  Б.Э- гэсэн овогтой байна. Харин нь прокуророос иргэний бүртгэлийн байгууллагаас энэ талаарх лавлагаа тодорхойлолт авч хэрэгт хавсаргаагүй, тодруулаагүй байгааг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Э- эцгийг . /хх49/, эхийг /рд: / /хх50/ гэдэг нь иргэний үнэмлэхийн зурагт лавлагаагаар тогтоогдсон. Шүүгдэгчийн овог 2006 оны шийтгэх тогтоолд Б.Э- гэж бичигдсэнийг шүүгдэгч Б.Э-аас “би тэр үед өөрийн ээж Энхцэцэгээр овоглож шийтгүүлсэн, овгоо сольсон зүйл байхгүй” гэсэн тайлбар болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудад бичигдсэн регистрийн дугаарууд хоорондоо тохирсон зэргээс үзэхэд 2006 оны таслан шийдвэрлэх тогтоолд Э. Б.Э- гэсэн овог нэрээр шийтгэл хүлээсэн хүн нь Б. Б.Э- мөн гэж дүгнэлээ.

Мөн Б.Э- 2015 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн угаартай хэрэгт ял шийтгүүлсэн боловч прокуророос уг хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг олдоогүй гэдэг шалтгаанаар хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч нь Давж заалдах шатнаас уг шийтгэх тогтоол хүчингүй болгосон гэх тайлбарыг өгсөн, Баянгол дүүргийн Прокурорын 2017 оны 47 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Э- нарт холбогдох 2014260004994 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2015 онд анхан шатны шүүхээр шийтгүүлсэн болон 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийн дугаар, шүүгдэгчийн овог, нэр тохирч байх тул шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгт заавал хавсаргах шаардлагагүй гэж үзсэн болно.

НЭГ: Гэм буруугийн дүгнэлт: Хохирогч Д.Ц-, шүүгдэгч Б.Э- хэн аль нь хэрэг гарсан цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Болсон үйл явдлыг сэргээн дүгнэвэл: Хохирогч Д.Ц- нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Үйлчилгээний төвийн автобусны буудал дээр зогсож байсан, шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг чиглэн алхахаар нь хохирогч Д.Ц- зам дагаад зугтааж гүйсэн,

шүүгдэгч Б.Э- араас нь гүйж ирээд хохирогчийн хоолой хэсгийн хувцас гинжнээс нэг гараараа зуурч нөгөө гараараа хохирогчийн гарт байсан “Самсунг А10” маркийн гар утсыг нь авч улмаар хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө тийрч унагасан болох нь:

- Иргэн Д.Ц-аас ирүүлсэн “...Бусдад дээрэмдүүлсэн...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх5-6/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх8-9/,

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх1-12/

- Хохирогч Б.Ц-ын “...тэр залуу намайг чиглээд алхаад байхаар нь би буцаж дээшээ зам дагаад зугтаж гүйсэн чинь тэр залуу миний араас гүйж ирээд миний хоолойноос хувцас гинжтэй хамт зуурч нөгөө гараараа миний гарт байсан гар утсыг булааж аваад миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө тийрч намайг хойш түлхэх үед нь миний нэг өрөөсөн гутал сугараад үлдсэн тэгээд би орилж авраарай туслаарай гээд орилж байх үед намайг дээрэмдсэн залуу зам дээр явж байсан нэг машиныг гар өргөж зогсоогоод суух үед нь би тэр автомашины зөвхөн дугаар хэсгийг нь цээжилж аваад орилж байх үед ард нь явж байсан машинтай хоёр залуу надад тусалж автомашиныг шахаж зогсоогоод намайг дээрэмдсэн залууг буулгаж ирээд надад цагдаа дуудаж өгөөд тэр залуугаас миний гар утсыг авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх15/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх122-125/

- “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-иас хохирогч Б.Ц-ын монетон кулон, гинжийг 750,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Самсунг А10 маркийн гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх43, 117/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Д.Ц--н биед баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх26-27/

- Гэрч Д.Б-ийн “...манай найз наад эмэгтэйг суулгачих сая хүнд дээрэмдүүлчих шиг боллоо гэж замын хажууд орилоод зогсож байсан 50 орчим насны эмэгтэй хүн рүү заасан. Тэр эмэгтэйг бид хоёр автомашиндаа суулгаад  дээрэмдсэн залуугийн сууж явсан гэх приус-20 маркийн саарал автомашиныг зам дээр шахаж зогсоогоод хойд суудал дээр сууж явсан дээрэмдсэн гэх 35 орчим насны өндөр туранхай залууг машинаас буулгаж ирсэн. Тэгэхэд нөгөө эмэгтэй тэр залуугийн өмсөж явсан якны халааснаас гар утас гаргаж ирээд миний утас байна гээд аваад одоо миний гинж хаа байна гээд нөгөө залуугаас нэхээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26/

- Гэрч Э.Э-ийн “... нэг залуу гүйж очоод хоорондоо хэрэлдээд байсан юм. Тэгээд би эхнэр нөхөр юм байх гэж бодоод хараад зогсож байсан чинь залуу нь эмэгтэйн хүзүүн дэх гинжийг нь мулт татаж аваад гартаа барьсан гар утсыг нь булаах гэж ноцолдоод байсан юм. Тэгээд тэр эмэгтэй хүн байна уу туслаарай намайг дээрэмдэж байна гэж орилсон юм. Тэгэхээр нь би хөөе чи болиоч гэж 2-3 удаа орилсон юм тэгтэл намайг залуу нь харснаа эмэгтэйг чирээд дугуй засварын ар луу орсон юм. Тэгээд би яваад очих гэсэн зугтаад машинд суугаад явчихсан юм. Би араас нь дугаарыг нь харах гээд очих гэсэн хөдлөөд явчихсан юм. Тэгээд намайг зам дээр зогсож байхад манай найз Батдорж ирж таараад тэгэхээр нь би машинд нь суугаад араас нь очоод тэр үл таних эмэгтэйг суулгаад залуугийн зугтаасан тээврийн хэрэгслийн араас хөөж урдуур шахаж зогсоож байгаад машинаас нь буулгаж ирэхэд залуугийн якны халааснаас гар утсаа гаргаж аваад миний гинж хаана байна гэсэн...Эхлээд тэр эмэгтэй халааснаас нь өөрийнхөө Самсунг маркийн гар утсыг авч байсан юм. Сүүлд цагдаа нар ирээд дахин тэр залууг шалгахад халааснаас нь шаргал өнгийн гинжний өөдөс /тасархай/ гарч ирснийг тэр эмэгтэй миний гинжний өөдөс байна гээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх28/

- Гэрч А.Б-ын “... эмэгтэй хүн дээрэмдүүлсэн байна гэх дуудлагын дагуу шуурхай очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто сургуулийн автобусны буудал дээр нэг эмэгтэй хүн дээрэмдүүлсэн гээд хажууд нь 3 залуу байсан бөгөөд сууж байсан өндөр нуруутай өөрийгөө Б.Э- гэж хэлж байсан залууг заагаад энэ залуу намайг дээрэмдээд авто машинд суугаад зугтаах үед хажуугаар явж байсан машинтай хоёр залуу надад тусалж энэ залууг барьж өглөө гээд байсан...дээрэм хийсэн хүнийг Б овогтой Б.Э- гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх22/

- Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх109, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох, түлхэх зэргээр хүний бие махбод руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг.

 

Тодруулбал: Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй хүч хэрэглэж буюу хохирогчийн хоолой хэсгийн хувцас, гинжнээс зуурч нөгөө гараараа гарт нь байсан гар утсыг булааж аваад хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө тийрч  “хохирогчийн гар утас”-ыг нь авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн, уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна. Нөгөөтэйгөөр хохирогч Д.Ц- хоолойг боож, хэвлийн тус газар тийрч унагасан үйлдэл нь хүч хэрэглэсэн идэвхтэй болно. Хохирогч Д.Ц- биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл буюу түүний баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь хүч хэрэглэсэн нөхцөл байдлыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн байцаалтын шатанд “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны газраас хохирогч Б.Ц-ын монетон кулон, гинжийг 750,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Самсунг А10 маркийн гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх43, 117/-ээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоожээ.

 

Мөн хохирогч Д.Ц-д 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шаргал өнгийн гэртэй хар өнгийн Самсунг маркийн гар утас, үзүүрийн цоожлох хэсэг нь тасарч байхгүй болсон шаргал өнгийн /монет/ гэх гинжийг хүлээлгэн өгснийг дурдаж, шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Ц-д 750,000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн шүүгдэгч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 209 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсаныг нэмж нэгтгэн нийт 04 жил 05 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Б.Э- нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар болон бэлэн мөнгөөр нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай, бөгөөд шүүгдэгч Б.Э-ын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсныг дурдах нь зүйтэй. 

 

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогчид хохирол нөхөн төлсөн, улсын яллагчийн дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ын эдлээгүй үлдсэн 01 жил 05 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоогдон шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь хорих ялаас хугацааны өмнө суллаж шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчим дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 03 жилийн хорих ял дээр, дээрх хугацаанаас өмнө суллагдсан 01 жил 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн түүний нийт эдлэх ялыг 04 жил 05 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар хугацааны өмнө суллагдсан 01 жил 05 хоногийн ялын хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Б.Э- нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2014260004994 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Энэ нь 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж заасан тул шүүгдэгч Б.Э-ын 2017 оны Өршөөлийн хуульд хамрагдсан хэрэг нь зөвхөн хорих ялтай байсан тул шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй гэж дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх
хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Э-ыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ад энэ тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 01 жил 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГ