| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2017/00155/И |
| Дугаар | 146/ШШ2017/00188 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2017/00188
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж-ын Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-ийн Л-д холбогдох
“Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулж, хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л, хариуцагч Х.Л, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Л миний бие Х.Л-тэй 1996 онд танилцаж 1997 онд гэрлэлтээ батлуулсан. 1997 онд охин Л.Д, 2005 онд охин Л.М нар төрсөн. Х.Л нь хамт амьдрах хугацаанд ямарч шалтгаангүйгээр байнга архи ууж агсам, согтуу тавьж, зодож нүддэг байсан. Зодохдоо удаа дараа багалзуурдан боодог байсан. Сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байсан. Ингээд 2012 онд тусдаа амьдарч байгаад 2013 онд Л нь архи уухгүй, зодож нүдэхгүй гэж гуйгаад байхаар нь 2 охиноо бодож эргэж нийлээд амьдарсан боловч засрахгүй ахиад архи ууж эхэлсэн учраас 2014 оны намраас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд Х.Л 2 охиндоо тус дэм болж байгаагүй. Том охин Л.Д Монголын үндэсний их сургуульд суралцаж байхад нь Х.Л-тэй сургалтын төлбөрийг нь хувааж төлөхөөр амаар тохиролцсон. Ингээд миний бие төлбөрийн хагас болох 800.000 төгрөгийг төлсөн боловч Х.Л нь хэлсэндээ хүрэхгүй сургалтын төлбөрийг төлөөгүй учраас охин Д сургуулиас нь чөлөө авсан. 2017 оны 02 дугаар сард сургуулийн чөлөө дуусаж ааваасаа сургалтын төлбөрийн хандив гуйсан боловч өгөөгүй. Энэ үед Х.Л нь өндөр насны тэтгэмж болох 30 сая төгрөг авсан байсан боловч өгөөгүй. Харин 2 охиндоо хэрэглээний зардал 300.000 төгрөг өгсөн байсан. Мөн бага охин Л.М-ийн сургалтын төлбөр 50.000 төгрөгийг миний бие төлсөн. Цаашид том охин Д нь үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа тул сургалтын төлбөрийг хувааж төлөх хүсэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал болох 429.648 төгрөгийг, эвлэрүүлэн зуучлах 30.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хөрөнгийн үнэлгээ 110.000 төгрөг, үнэлгээний хураамж 219.648 төгрөгийг хувааж төлөх хүсэлтэй байна. Миний бие 2 охиноо өөрөө асран хамгаалах хүсэлтэй байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Мөн бидний өмч болох 524м2 газар, 28м2 өвлийн сууц, 20м2 зуны сууцыг миний бие болон хоёр охинд минь шилжүүлж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Би Х.Л-тэй 1996 онд танилцаж улмаар хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа архи ууж, агсам согтуу тавьж намайг зодож нүддэг байсан учир цаашдаа хамтдаа амьдрах боломжгүй болсон бөгөөд 2014 оны намар бид хоёр салж тус тусдаа амьдрах болсон. Би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулана. Хүүхдийн тэтгэлэг гаргуулана. Хашаа байшингаа хүүхдийнхээ нэр дээр өгсөн учраас маргах зүйл байхгүй. Эвлэрүүлэн зуучлагчид хандахад төлсөн 30000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад тушаасан улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Хариуцагч Х.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Л миний бие Ж.Л-тэй 1996 онд танилцаж 1997 онд охин Л.Д төрж гэрлэлтээ батлуулсан. 2009 онд охин Л.М төрсөн. Амьдарч байх хугацаандаа амьдралын төлөө байсан. Архи уух нь уудаг. 2013 оноос тусдаа амьдарсан гэхдээ Л нь өөр хүнтэй болсон байсан. Найз нар надад хань чинь өөр хүнтэй болоод байгаа юм биш үү гэхэд миний хань тийм хүн биш гээд тоодоггүй байсан. 2014 оноос тусдаа амьдарч эхэлсэн. 2015 онд Ж.Л нь Архангай аймаг руу хүнтэй гэрлээд явсан. 2015 оны төлбөр өгсөн. 2016 онд тэтгэвэр тогтоолгож чадахгүй 8 сар болсон болохоор мөнгөний хомсдолд орсон. Арай ядан банкны мөнгөө төлдөг байсан. Буцалтгүй тэтгэмж 30 сая төгрөгөөр банкны зээл 18 сая төгрөгийг дарсан. Хамтарч байх хугацаандаа Ж.Л-г наймаанд явуулах сургалтанд явуулж гоо сайханы болон тоног төхөөрөмж авч өгсөн боловч тууштай ажилуулаагүй. Миний бие 2 хүүхдээ байнга хэрэглээний мөнгө нэхэхэд нь өгч байсан. Л.Д-ын сургалтын төлбөр, газар байшин, өв залгамжлуулах талаар эвлэрүүлэн зуучлахад тохирсон боловч миний саналыг хүлээн аваагүй. Гэрлэлт цуцалж өгнө үү.
Би нэхэмжлэгч Ж.Л-тэй 1996 оноос эхлэн 2014 он хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа бүх зүйлээр нь хангаж ажил хийлгэдэггүй байсан. Би гоо сайхны сургалтанд хүртэл суулгаж, гоо сайхан ажлуул гэсэн боловч ажиллуулаагүй хүнтэй суугаад яваад өгсөн. Би хүүхэддээ хашаа байшингаа өгсөн учраас бусад нэхэмжилж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн тэтгэлэг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг нь төлж чадахгүй...” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л нь “Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулж, хүүхдийн сургалтын төлбөр хуваалцах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Ж.Л, Х.Л нар нь 1997 онд гэр бүл болсон, 1997 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Л.Д, 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин Л.М нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №357/016995 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ¹104 дугаартай төрсний гэрчилгээ, №019 дугаартай гэрлэлтийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Тус шүүхийн эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй байх бөгөөд цаашид амьдрах боломжгүй хэн хэн нь тусдаа амьдралтай болсон гэсэн тайлбаруудыг үндэслэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдээ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн ба хүүхдийн нас, эцэг, эхийн халамж зэргийг харгалзан 2005 онд төрсөн охин Л.М-г эх Ж.Л-ийн асрамжид үлдээж, эцэг Х.Л-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Х.Л-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Ж.Л нарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Зохигчид дундын эд хөрөнгө болох 524м2 газар, 28м2 өвлийн сууц, 20м2 зуны сууцыг охин Л.М-ийн нэр дээр шилжүүлсэн тул зохигчид дундын эд хөрөнгө дээр маргаангүй гэж үзэв.
Мөн хүүхдийн сургалтын төлбөр, тэмдэгтийн хураамж 219.650 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзсан болно.
Хариуцагч Х.Л-ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Л-ээс 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж, эвлэрүүлэн зуучлахад хандсан тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж.Л, Х.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Л.М-г эх Ж.Л-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Л.М-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Х.Л-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Х.Л, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Ж.Л нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Л-ээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Л-ээс 23.526 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА