| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2017/0025/Э |
| Дугаар | 2018/ДШМ/30 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2018/ДШМ/30
Т.Ц холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд
Прокурор Д.А
Цагаатгагдсан этгээд Т.Ц-н өмгөөлөгч Ж.Мн,
Хохирогч Х.Д-н өмгөөлөгч Ж.Д,
Нарийн бичгийн дарга Г.Лханаасүрэн нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/64 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Дн өмгөөлөгч Ж.Дм давж заалдах гомдол, Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ан эсэргүүцлээр Т.Црт холбогдох эрүүгийн 201707000023 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хойд овогт Т Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 3-1 тоот хашаанд иргэн Д.А гэрт иргэн Х.Д маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Т.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Ц холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хохирогч Х.Д нэхэмжилсэн 20860200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хохирогч Х.Д-н өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, саналдаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Хэргийн бодит байдалд хийсвэр дүгнэлт хийж цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү?” гэжээ.
Прокурор Д.А шүүхэд гаргасан эсэргүүцэл, дүнэлтдээ: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх, хэргийн бодит байдалд нийцсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Мөрдөгч прокуророос хэрэгт заавал хийгдэх ажиллагаа буюу гэрчээр заавал асуух ёстой этгээдүүдийг асуусныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн нь учир дутагдалтай.
Хохирогч Х.Д-н биед хүнд хохирол учирсан нь нотлогдсон боловч уг гэмтлийг Т.Ц учруулсан гэдэг нь эргэлзээтэй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Хэргийн газарт хохирогч Х.Д, гэрч Д.А, Т.Ц нараас өөр хүн байгаагүй бөгөөд гэрч, хохирогч нар Т.Ц уг гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлсээр байхад уг мэдүүлгүүдийг үл ялих зүйлээр халхавчлан үнэлээгүй нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийхэд нөлөөлсөн байна.
Иймд шүүгдэгч Т.Ц-н үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү?” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.Ц-н өмгөөлөгч Ж.Д тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.
Шүүгдэгч Т.Ц өөрт нь хүч хэрэглэн халдсан талаар хохирогч Х.Д тодорхой зааж хэлсэн, гэрч Д.А энэ талаар “Т.Ц , Х.Дхоёр хоорондоо маргалдаад байхаар нь гэрээс гарч маргалд гэж хэлээд гаргасан боловч удалгүй гаднаас заамдалцан орж ирээд Т.Цр нь Х.Д-г түлхэх шиг болоход Х.Д гэрийн зуух руу унаад босгож суулгахад зүүн шанаа, чихний орчим нь түлэгдсэн, цус гарсан байсан.” гэж өөрийн харсан зүйлийг тогтвортой мэдүүлсэн бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүгүй байна.
Мөн гэрч Д. хохирогч Х.Д , шүүгдэгч Т.Ц нар нь найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Д.А нь Х.Д эхнэрт түүний гэмтлийн талаар Т.Ц, Х.Д нар согтуу давхралдаж унасан гэж, Д.А дүү Д.Ц нь Х.Дг гэрт нь хүргэж өгөхдөө мотоциклоос унасан юм шиг байна гэж, Ё.С нь Х.Д эмнэлэгт үзүүлэхдээ хүнд зодуулсан гэж хэлээгүй харин мотоциклоос унасан гэж тухайн үед бодит байдлыг гуйвуулж хэлсэн, Т.Ц-н уг үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад удаан хугацааны дараа гомдол мэдээлэл гаргасан зэрэг нь хэргийн үйл баримтыг нотлоогүй ч дээрх гэрч нарын мэдүүлэг хэргийн бусад байдлыг болон гэрч нар Т.Ц-г хамгаалах зорилготой байсныг илэрхийлж байна.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд хохирогч Х.Д нь прокурорын яллах дүгнэлтэд тусгаснаас өөр газар, цаг хугацаанд, өөр байдлаар гэмтсэн байх боломжгүй байна.
Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар болон бусад байдалтай харьцуулан судалж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, бүхэлд нь үнэлэхийн оронд уг үйл явдлыг шууд гэрчилж буй хохирогч Х.Д, гэрч Д.А-н мэдүүлгийг эргэлзээтэй гэж үнэлэн “Хэрэг учрал болсон гэдгийг эргэлзээгүйгээр хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг мөрдөгч, прокурор нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.
Тиймээс энэ талаар бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2018/шцт/64 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.Ц холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хохирогч Х.Д-н өмгөөлөгч Ж.Д-н давж заалдах гомдол, прокурор Д.А-н эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Ч.ЭНХТӨР