Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 438

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: СБД ПГ-ын ХП, ХЦДЗ С.Б

Хариуцагч: СБД-ийн ТХОТ-ийн ТУБ Ч.М,

Прокурорын дүгнэлт: “СБД-ийн ТХОТ-ийн ТУБ Ч.М-ын2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх” дүгнэлт бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор дүгнэлтдээ: “...тус дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Ч.М “...“Х Б” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “П” ХХК-ийн эзэмшлийн дансны гүйлгээг хаагаагүй, зарлага гарган мөнгөн гүйлгээг хийсэн” зөрчилд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 251201803 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн ******* дугаартай хэргийг хянавал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг буруу тогтоосон /хохирогч/, хохирогчоор тооцон мэдүүлэг авсан тэмдэглэлд холбогдогчоос гэж бичигдсэн, шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл ногдуулсан, шийтгэлийн хуудсанд эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зураагүй, шаардлагатай гэрч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан зөрчилтэй байна.

Иймд дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Ч.М-ын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 251201803 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулж холбогдогчийн үйлдсэн зөрчлийг бүрэн тогтоосны үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийг зөв хэрэглэн шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 251201803 дугаартай шийтгэлийн хуудсыг /шийдвэрийг/ хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлахдаа: “Дүгнэлтээс хуульд заагаагүй зүйл, заалт баримталсан гэсэн нь үндэслэлгүй байна. Харин байгууллагыг төлөөлөх эрх олгосон албан бичиг, итгэмжлэлгүйгээр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, мөн хохирогчоос авсан мэдүүлэгт “холбогдогчоос” гэж буруу бичсэн зөрчил байна. Мөн шийтгэлийн хуудас болон зөрчлийн тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан байна гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтны ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичнэ”  гэж заасны дагуу дүгнэлт бичсэн. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар Улсын ерөнхий прокурорын зааварчилгаанд заасан байна. Процессын алдаагаа эрх бүхий албан тушаалтан өөрөө зөвтгөх шаардлагатай байгаа учир нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас бичсэн. Прокурорын дүгнэлтэд дурдсан хуульд байхгүй зүйл заалт гэдэг нь сайн ойлгогдохгүй байна. хуулийн зүйл заалтыг зөв баримталсан байна. Хохирогчийг буруу тогтоосон, мөн шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй, нотлох баримт дутуу зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дүгнэлтийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч тогтоох ёсгүй, хууль зөрчигдөж, төр хохирч байна гэдгээр явах ёстой тул хохирогч тогтоосон нь буруу байна. Хууль хэрэгжээд удаагүй байсан тул процессын алдаа гаргасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах,” мөн зүйлийн 1.10 дахь хэсэгт “зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх” гэж заасан байдаг. Гэтэл прокурор 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тогтоол дээр нь дугаар өгөөд, гарын үсэг зураад явсан байсан. Нэгэнт анх хэрэг нээх үед хэргийн дугаар өгч, хяналт тавьсан учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж, тухайн үед алдааг нь засаад явах боломжтой байсан гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Ч.М нь “Х Б” ХХК-ийг “П” ХХК-ийн эзэмшлийн дансны гүйлгээг хаагаагүй, зарлага гарган мөнгөн гүйлгээг хийж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 251201803 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтаар 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хянаад “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогчийг буруу тогтоосон, хохирогчоос авсан мэдүүлэгт “холбогдогчоос” гэж буруу бичсэн, хуульд байхгүй зүйл, заалтаар шийтгэл ногдуулсан, шийтгэлийн хуудсанд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, шаардлагатай гэрч нараас мэдүүлэг аваагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан” гэсэн үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт бичжээ.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийн дээрх үндэслэлүүдээс “хуульд байхгүй зүйл, заалтаар шийтгэл ногдуулсан” гэх үндэслэлийг шүүх хуралдаанд оролцсон прокурор дэмжээгүй бөгөөд ийм үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “П” ХХК-ийн татварын өрийг харилцагчийн данснаас төсвийн холбогдох дансанд шилжүүлэх, харилцагчийн дансны гүйлгээг татварын өрийг барагдуулах хүртэл зогсоох мэдэгдлийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “Х Б” ХХК-д хүргүүлсэн байхад 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр харилцагчийн данснаас зарлагын гүйлгээ хийсэн, үүнийг “арилжааны банк харилцагч татвар төлөгчийн татварын өрийг шилжүүлэх талаарх татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй” зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн “татварын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь “банк татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг баримталсан нь хуульд нийцжээ.

Харин хохирогчийн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл эрх бүхий этгээдээс олгогдоогүй байхад хохирогч тогтоох үндэслэл бий эсэхэд дүгнэлт хийлгүй Сүхбаатар дүүргийн хэлтсийн /тогтоолд ийнхүү бичигдсэн/ хууль ёсны төлөөлөгчөөр Т.Н*******ийг тогтоож, түүнээс хохирогчоор авсан мэдүүлэгт “холбогдогчоос мэдүүлэг авав” гэж тэмдэглэсэн, мөн 251201803 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан өөрөө гарын үсгээ зураагүй, зөрчлийг тогтоох ажиллагааг дутуу хийсэн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эдгээр зөрчлийг арилгуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Хариуцагчийн төлөөлөгч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр бичсэн прокурорын дүгнэлтийн үндэслэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхийн шатанд хийгдэх боломжгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах, холбогдогчийн зөрчлийг тогтоох нэмэлт ажиллагааг хийж зөрчлийг шийдвэрлэх хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 251201803 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.            

 

        Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж шийдвэрлэх хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 251201803 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагааг хийж зөрчлийг шийдвэрлээгүй бол татварын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 251201803 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүйд тооцогдохыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА