Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0597/З |
Дугаар | 221/МА2023/0640 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0640
Д.Э ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У-н худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “У” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0557 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д
Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хариуцагч Орон сууц нийтийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2018/0597/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь “Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0557 дугаар шийдвэрээр: “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “У” ТӨХК-д тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хангай нар” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “У” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн төлөвлөлт, ерөнхий хот төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Иргэн Н.У нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд 678 м2 газрыг эзэмшдэг. Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 1 давхар нь 12х18, 2-оос дээш давхар 18х18 хэмжээтэй 12 давхар зоорьтой, төмөр бетон карказтай барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, “Эдшил” ХХК-иар загвар зургийг боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлуулсан.
3.2. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан тул Н.У т 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Иргэн Д.Э ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон М3Х2017/25-25 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн М3Х2018/15-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаар хүчингүй болсон.
3.3. Иргэн Д.Э ийн гомдлын дагуу иргэн Н.У ийн барилгын дулааны шугамын ажлын зураг төслийг “Х” ХХК нь өөрчлөн ДХ-1-ээс ЭӨ-4 цэг хүртэл 16м дулааны шугам угсрах, тус худгаас төлөвлөж буй барилга руу шууд угсрахаар боловсруулан “УБ дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын эрх бүхий хүмүүс зөвшилцсөн. Тус ажлын зургийг гомдол гаргаж буй Д.Э ийн 69/1 дугаартай барилгаас холдуулан шугамын хамгаалалтын зурвасыг хангуулан боловсруулж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай зохицож зөвшилцөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцсөн гадна дулааны ажлын зураг төслийг хүчингүй болгосон болно.
3.4. Тус газраас иргэн Н.У ийн барилгатай холбоотойгоор олгосон захиргааны актууд нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, БНбД 30-01-04-ийн 12, БНбД-ийн 21-01-02-ийн 5.14, Барилгын тухай хуулийн 28.2 зэрэг хууль тогтоомжид нийцүүлэн, норм дүрмийг хангуулж гарсан тул иргэн Д.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0557 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Анх нэхэмжлэгч Д.Э нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Н.У т 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн олгосон МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.У т олгосон МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, Х ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “У” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Хангай нар” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2.3. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Х” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулааны байгуулалтын М1:500 /ТГ шифр: ХН-05/05/18/ дугаартай зурагт нэхэмжлэгч Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй хариуцагч “У” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б, нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б нарын үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, Д.Э ийн 120 м.кв хэмжээтэй нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг уг зурагт тусгахыг хариуцагч нарт даалгах” гэж өөрчилж, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзсан байх тул анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Э 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 19-р хороо, 4 хороолол /16607/, Л.Э-н өргөн чөлөө 69/1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205011618 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших гэрчилгээ авч, гуравдагч этгээд Н.У нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг ба тухайн газар дээрээ худалдаа, үйлчилгээний зориулалттай, 1 дүгээр давхар нь 12х18 метр, 2-оос дээш давхар нь 18х18 метр хэмжээтэй 12 давхар, зоорьтой, төмөр бетон каркас бүхий барилга барихаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан байна.
2.5. Анхан шатны шүүх “…Уг барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Э ийн барилгыг дэвсгэр зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гүйцэтгэсэн болох нь “У” ТӨХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/1477 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/2110 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/2204 тоот албан бичиг, тухайн зурагт гараар тэмдэглэсэн тэмдэглэгээ зэргээр тус тус нотлогдож байна ... схем зураг, кадастрын мэдээллийн сангийн зургууд нь үнэн зөв, бодиттой, хөтөлбөргүй байх ёстой бөгөөд маргаан бүхий зургийг хийлгэхээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нэхэмжлэгчийн барилгыг тухайн зурагт тусгаагүй, уг мэдээлэл дутуу байхад түүнийг баталсан хариуцагч нарын үйлдэл хуульд нийцээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
2.6. Учир нь, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-д “эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзэлхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй” гээд 22.1.1-д “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, 22.1.2-д “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх”, “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3-д “Энэ дүрмийн 3.2-д заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна” гэж, 4.2-д “Эх загвар зураг /эскиз/-т Барилгын тухай хуулийн 4.1.43-д тодорхойлсон асуудлыг тусган боловсруулах” гэж тус тус заасан.
2.7. Дээрх хууль болон журмын зохицуулалтын дагуу гуравдагч этгээдийг газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, барилгын схем зураг батлуулахад нэхэмжлэгч Д.Э нь зэргэлдээ газар хууль ёсоор эзэмшиж байхад түүний үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг схем зурагт тусгаагүй, энэ талаар судалгаа хийж, нягтлан шалгалгүйгээр, барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулж баталсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн байна.
2.8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Д.Э ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон М3Х2017/25-25 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн М3Х2018/15-15 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаар хүчингүй болсон. Д.Э ийн гомдлын дагуу иргэн Н.У ийн барилгын дулааны шугамын ажлын зураг төслийг “Хангай нар” ХХК нь өөрчлөн ДХ-1-ээс ЭӨ-4 цэг хүртэл 16м дулааны шугам угсрах, тус худгаас төлөвлөж буй барилга руу шууд угсрахаар боловсруулан “УБ дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын эрх бүхий хүмүүс зөвшилцсөн. Тус ажлын зургийг гомдол гаргаж буй Д.Э ийн 69/1 дугаартай барилгаас холдуулан шугамын хамгаалалтын зурвасыг хангуулан боловсруулж 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай зохицож зөвшилцөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөвшилцсөн гадна дулааны ажлын зураг төслийг хүчингүй болгосон” гэжээ.
2.9. Хэрэгт авагдсан шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн “... Н.У ийн худалдаа үйлчилгээний барилгын гадна дулаан хангамж, ТГ шифр: ХН05/18 дугаартай зурагт иргэн Д.Э ийн үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй байна ... 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн МЗ/2018/15-15 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын “Барилгын талбайн схем зураг”-т иргэн Д.Э ийн үл хөдлөх хөрөнгийг тусгасан боловч 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зураг болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гадна дулааны шугамын зураг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай хуулбар хувь загвар зурагт Д.Э ийн үл хөдлөх хөрөнгийг тусгаагүй” гэх дүгнэлт, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/1477 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/2110 тоот албан бичиг, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/2204 тоот албан бичиг, хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... зурагт барилгыг оруулах ёстой” гэх тайлбар зэргээр гуравдагч этгээд нь барилгын үйл ажиллагааны хүрээнд ХН-05/18 шифр бүхий барилгын гадна дулааны шугамын зураг төслийг “Х” ХХК-иар боловсруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан ч “Х” ХХК-иас тухайн барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Э ийн барилгыг зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.10. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ