Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1020

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч ____ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ____ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ бүрэн дунд боловсролтой, хувиараа алт, мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ____тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ овогт _________ /РД:__________/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч ____ нь _____ тоотод 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн ____ыг өөрийн эцгийг дээрэлхсэн гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд халдаж тархи доргилт, зүүн хацар, дагзны хуйх, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ____ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиад согтуу хүмүүстэй зодолдохгүй. Би хохирогчийн биед халдсан. Дахин гэмт хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн ______ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ____ын:2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нараагийн гэрт очиж хүмүүстэй архи уугаад сууж байсан. Гаднаас том биетэй 20 гаран насны залуу орж ирээд хэн миний аавыг зодсон гээд намайг бариад авахаар нь би аавыг чинь зодоогүй гэж хэлтэл намайг хана руу шахаж, хоолой боож, зууралцаж гэрээс гартал миний зүүн хацар луу нэг удаа цохиод унагасан. Намайг газраас чирж босгоод толгой руу цохиж байгаад уруул руу нэг удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна. Хажуунаас хүмүүс салгаж болиултал цагдаа ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-16),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.07.29-ний өдрийн ___ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ____ын биед тархи доргилт, зүүн хацар, дагзны хуйх, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, 2021.07.24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-32-33),

Гэрч ____гийн: “...Бид нар ууцгааж байхад ____, ____ хоёр муудалцаад байсан. ...ямар ч байсан гадаа нөхөр ____ муудалцаад байсан. Удалгүй манай хүү Билүүн ирээд “та нар яагаад манай аавыг дээрэлхээд байгаа юм бэ” гээд байсан. Тэр хооронд нөгөө хүмүүс бүгдээрээ хоорондоо зууралдаад байсан. ____тай манай хүү ____ муудалцаж барилцсан байсан. ____ыг ганц нэг цохиж байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хх-26-28),

Гэрч ____ийн: “2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай хойд талд байдаг ____ хүүхдийнхээ үсийг авна гээд эхнэр бид хоёрыг дуудсан. ...Яаж зодоон болж эхэлснийг мэдэхгүй, ____ гэх залуу над руу цамцаа тайлж шидчихээд согтуураад дайраад байхаар нь “чи яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Маргаан шуугиан болоод байхаар нь гэртээ очиж хүү ____д хэлээд буцаж бид хоёр очсон. Тэд нар хоорондоо зодолдож байхад нь манай хүү дундуур нь орж бүгдийг салгасан. Тэр үед ____ээ хүнтэй зодолдоогүй, харин ____гийн 14 настай хүүхэд сайн мэдэж байгаа. ____ гээд байгаа хүн л их далжигнаад хүмүүстэй муудалцаад яваад байсан. ____ тэр залууг огт гар хүрч цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-29-30),

Шүүгдэгч ____ий яллагдагчаар өгсөн: “...____ эгчийн гэрт ороод хэн миний аавыг дээрэлхэж зодох гээд байгаа юм гэхэд ____ гэдэг хүн ах нь яагаа ч үгүй гэхээр нь миний уур хүрчихсэн байсан болохоор ____ ахыг заамдаж боогоод гэрээс нь чирч гаргаад нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Надаас өөр хүн ____ын биед халдаагүй. Би өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөв ярьж байгаа болохоор хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ____ нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ____ тоотод хохирогч ____ыг өөрийн эцгийг дээрэлхсэн гэх шалтгаанаар цохиж зодон “тархи доргилт, зүүн хацар, дагзны хуйх, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

               Энэ нь хохирогч ____ын “...намайг хана руу шахаж, хоолой боож, надтай зууралцаж гэрээс гартал миний зүүн хацар луу нэг удаа цохиод газар унагасан. Газраас чирж босгоод толгой руу цохиж байгаад уруул руу нэг удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-15), шүүх эмнэлгийн ____ дүгээр “1. ____ын биед тархи доргилт, зүүн хацар, дагзны хуйх, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2021.07.24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-32-33), шүүгдэгч ____ий яллагдагчаар өгсөн “...миний уур хүрчихсэн байсан болохоор ____ ахыг заамдаж боогоод гэрээс чирч гаргаад нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-68) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ____ий хохирогч ____тай маргалдан гараараа нүүрэнд цохих, хоолой боох, газар чирэх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ____ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-15)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ____ нь ____ тоотод 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн ____ыг өөрийн эцгийг дээрэлхсэн гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд халдаж тархи доргилт, зүүн хацар, дагзны хуйх, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох бармитаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ____ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд гараараа нүүрэнд цохих, хоолой боох, газар чирэх үйлдлээр халдаж, гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.    

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг харгалзан шүүгдэгч ____ийг 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____ овогт ____гийн ____ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ____ийг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацааанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ____ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ____ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ____д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР