Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 109/2023/0008/З |
Дугаар | 221/МА2023/0641 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0641
Ц.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Б , өмгөөлөгч Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 109/2023/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2., 27 дугаар зүйлийн 27.1.1., 30 дугаар зүйлийн 30.2, 32 дугаар зүйлийн 32.2., 44 дүгээр зүйлийн 44.1., 65 дугаар зүйлийн 65.6., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.Б ын Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. “...Орон нутагт Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны шаардлага хангасан, туршлагатай хүн хэрэгтэй байна гэсэн хүсэлтийн үндсэн дээр төрийн нэг албанаас нөгөө албанд хуульд заасан шаардлагыг хангасан хүн шилжин ажиллах, тэдгээр байгууллагууд хоорондоо ийнхүү тохиролцох нь Төрийн албаны тухай хуулийн зорилго, тодорхой заалт, төрийн албаны хүний нөөц хуваарилах зарчимд нийцэх билээ.
3.2. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэл болгосон тухайд: Архангай аймгийн Засаг даргаас Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд намайг шилжүүлэн авч ажиллуулах хүсэлт хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01/4927 тоот албан бичгээр зөвшөөрсөн тухай хариу ирүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/35 тоот тушаалаар намайг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн болно. Бүтэн жил ажилласанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Төрийн албан зөвлөлийн тогтоол, мэдэгдлийг тухайн үед ажиллаж байсан Засаг дарга хуулийн дагуу хүлээн авч танилцаж, холбогдох хариуг хүргүүлсэн, харин уг тогтоол төрийн албан хаагч миний эрхийг зөрчиж байсан учир миний бие захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх “шууд үр дагаваргүй шийдвэр байна” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан ... Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон түүнийг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрт шилжүүлэн томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 заалтыг зөрчсөн хэмээн гол үндэслэлээ болгожээ. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргаанд шилжин ажиллуулах заалт хамаарахгүй байна.
3.3. Шийдвэрт “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан шаардлага зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийн гол үндэс нь “мэргэшүүлэх сургалтад сүүлд нь суусан байгаа” байна. Гэтэл энэ нь тухайн шилжин томилогдож буй албан тушаал нь тухайн албан хаагчийн өмнө нь ажиллаж байсан албан тушаалаас зэрэглэл, өөрийнх нь зэрэг дэв доогуур байгаа тохиолдолд мэргэшүүлэх шаардлага байх бөгөөд нэхэмжлэгч миний хувьд тэргүүн түшмэлийн албан тушаалд ажиллаж байсны хувиар эрхэлсэн түшмэлд тавигдах шаардлагыг аль эрт хангаж, түүнээс дээш албан тушаалд ажиллаж байсан учир шилжин ажиллаж буй албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй бөгөөд хэт хэлбэрийн дүгнэлт юм. Нөгөө талаараа өмнө нь шаардлага ханган ажиллаж байсан төрийн албан хаагч шүүхийн шийдвэрээр эгүүлэн томиогдсон тохиолдолд энэхүү сургалтад заавал хамрагдах, хамрагдаагүй бол дахин сургах тухай хууль, журамд тусгайлан заасан зүйл огт байхгүй. Энэхүү заалтын мэргэшүүлэх сургалтын заалт нь хуульд шинээр туссаны дараа уг албан тушаалд шинээр томилогдох хүмүүст үйлчлэх заалт гэж үзэхээр байна.
3.4. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь орон тооны бус болсон байсан гэжээ. Ажиллаж байсан албан тушаал өөрчлөгдөж орон тооны бус болсон, энэ үндэслэлээр нэхэмжлэгч намайг яамны бүтэц дэх ангилал доогуур албан тушаалд томилж, Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг хавсруулсан нь би тэр ажлыг эрхлэх мэдлэг, ур чадвар, туршлага дутсанаас болоогүй. Ийнхүү төрийн байгууллагын өөрчлөн байгуулалтаас үүдэн миний эрхэлж байсан албан тушаалыг өөрчилсөн нь намайг өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу тэргүүн түшмэл, удирдах албан тушаалын шалгалт шаардлагыг хангаад томилогдон ажиллаж байсныг үгүйсгэх, өмнөхөөс доогуур албан тушаалд шилжин ажиллах “шаардлагыг хангахгүй” болоход хүргэх мэт логикгүй, Төрийн албаны хуулийн шатлан дэвших, мэргэшин ажиллах, мерит зарчмуудыг үгүй хийсэн хууль бус шийдвэр боллоо. Шүүхийн шийдвэрийн 35-т “Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр түүгээр тогтоогдсон үйл баримт нь энэ хэргийн тухайд үйл баримтын цаг хугацаа болон тухайн тохиолдолд хамаарахгүй байна” гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг илт үгүйсгэсэн, нэхэмжлэгч миний төрийн албанаас үндэслэлгүй халагдсаныг шүүх тогтоож, эгүүлэн томилохыг даалгасан байхад Захиргааны байгууллагууд шүүхийн шийдвэрийн биелүүлэхгүй байгааг өөгшүүлсэн.
3.5. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-д “Төрийн албаны зөвлөлөөс шалган тогтоож, заавал биелүүлэх үр дагавар бүхий шийдвэрийг гаргасантай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж нэхэмжлэгчийг маргаан бүхий актаар ажлаас чөлөөлсөн” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг сохроор дагаж мөрдөх, заавал биелүүлэх зарчим, зохицуулалт хуульд байхгүй. Миний хувьд Төрийн албаны зөвлөлийн тогтоолын үндэслэлийг эрх нь зөрчигдсөн, хууль бус үйлчлэлд нь өртсөн иргэний хувьд шүүхэд өгч хянуулахаар хандсан боловч шүүх шууд үр дагаваргүй акт гээд хэрэг үүсгээгүй. Гэтэл тэр хууль зүйн үндэслэл нь шүүхээр хянагдаагүй тогтоолыг шинээр солигдсон Засаг дарга биелүүлсэн дүрээр төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж буй иргэнийг улс төрийн зорилгоор халж, огт шаардлага хангаагүй өөрийн хүнээ үүрэг гүйцэтгэгчээр томилох хууль бус зорилгод нь захиргааны хэргийн шүүх энэхүү шийдвэрээрээ үйлчилж байна.
3.6. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хуульд өөрчлөлт оруулсан буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө дээрх хуулийн заалтад тавигдсан шаардлагыг хангасан төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгох нь буруу гэж үзэж байна. Миний бие тэргүүн түшмэлийн албан тушаалд энэхүү заалтад заасан хугацаанаас илүү хугацаагаар ажиллаж байсан нь мөн заалтад заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн гэх шаардлагыг давхар хангасан гэж үзэж байна. Учир нь өмнө нь шаардлага хангасан төрийн албан хаагч энэхүү сургалтад заавал хамрагдах, хамрагдаагүй бол дахин сургах тухай хууль, журамд тусгайлан заасан зүйл огт байхгүй, хэрэв энэ үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас чөдөөлбөл ижил төстэй олон төрийн албан хаагчийн эрх ашиг зөрчигдөх байсан. Энэ тухай анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбарласаныг авч үзсэнгүй. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэгч намайг төрийн байгууллагад ажиллаагүй, төрийн албан хаагч биш гэж үзсэнтэй ижил болсон байна. Захиргааны болон иргэний хэргийн шүүхээс өмнө нь намайг ажилд эгүүлэн томилсон шийдвэр хүчин төгөлдөр, төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж удаа дараа тогтоосныг анхан шатны шүүх эсрэгээр нь дүгнэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. Шатлан дэвших зарчмын тухайд тэргүүн түшмэлийн зэрэг дэвтэй хүн эрхэлсэн түшмэлийн албыг хашиж болохгүй буюу ихээс бага зэрэглэлтэй ажилд шилжвэл шаардлага хангахгүй гэж үзсэнтэй адил, хуулийг буруу хэрэглэсэн байна. Төрийн албаны “Мерит” зарчим нь алдагдаж байна.
3.7. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг хэрэглэсэн нь “Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтын дүнг өмнө нь танилцуулаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцэх үед л танилцсан, энэ шийдвэрийг огт хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэг талын байр суурийг хангаж шийдвэр гаргахдаа хэрэглэсэн нь буруу” гэж үзэж байна. Хамгийн гол нь Төрийн албаны зөвлөлийн энэхүү шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан боловч, эцсийн шийдвэр биш, урьдчилан шийдвэрлэсэн шууд үр дагаваргүй захиргааны акт гэж үзэж, энэ шийдвэрийг агуулгад дүгнэлт өгөөгүй, энэ тогтоолд үндэслэж болно гэж үзсэн шүүхийн шийдвэр байхгүй, шүүх шийдвэрлэхээс татгалзсан байхад одоо энэхүү Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг шууд үндэслэж гаргасан Засаг даргын шийдвэрийг тэрхүү Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр зөвтгөж байгаа нь иргэний шүүхэд хандаж, захиргааны шийдвэр үйл ажиллагааны бодит болон хууль зүйн үндэслэлийг хянуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх Үндсэн хуулийн эрхийг эдлүүлэхгүй, хязгаарлаж байгааг давж заалдах шатны шүүх хянаж засаж өгнө үү.
3.8. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тогтоолын дагуу тухайн үед ажиллаж байсан Засаг дарга 14 хоногтоо хариу тайлбараа гаргасан байх учиртай, Засаг дарга хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн учраас шийдвэрээ хүчингүй болгоогүй нь төрийн албан хаагч надаас шалтгаалаагүй. Төрийн албан хаагч миний бие Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг буруу гэж үзэж хуулинд зааснаар шүүхэд хандсан байх тул мөн нэг талын байр суурийг хангаж буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Төрийн албаны сонгон шалгаруулж томилох, сонгон шалгаруулалт явуулж томилох зэрэг процессын утга учир, ялгааг авч үзсэнгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж өмнө нь гаргасан нэхэмжлэлийн тайлбарыг авч үзсэнгүй, ямар үндэслэлээр үгүйсгэж буй тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 6 дахь заалтыг хэрэглэсэн нь төрийн албан хаагч миний буруутай үйлдлээс шалтгаалаагүй харин ч төрийн албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгааг заасан Төрийн албаны тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг баримтласан нь мөн хуулийн бусад буюу 25, 26, 27 дугаар зүйлүүдийг үгүйсгэж, зөрчсөн байна. Адил зэрэглэлтэй, илүү зэрэг дэвтэй, хууль тогтоомжид заавал эргэн суралцах заалт байхгүй ч эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 2022 онд өөрийн болон захиргааны санаачлагаар суралцаж төгссөнийг буруутгах үндэслэл болгож байгаа нь ямар ч хуулинд харшлана гэж үзэж байна.
3.9. ... хүчин төгөлдөр шийдвэрүүд, тэдгээрийг албадан биелүүлэх захирамжууд гарч намайг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорыг олгож, Ц.Б нь ТЗ-13 албан тушаалын ангилал, зэрэглэл, төрийн Тэргүүн түшмэлийн зэрэг дэвтэйг удаа дараа нотолсныг авч үзсэнгүй. Одоо ч шүүхийн зарим шийдвэрүүд биелэгдээгүй байна. Уг үндэсний хорооны нарийн бичгийн даргыг зөвхөн Сайдын тушаалаар челееж, томилохыг яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар чөлөөлсөнийг анхан шатны шүүх нотлох үндэслэл болгосон нь хууль зөрчиж байна. Хэдийгээр Засгийн газрын тогтоолоор уг албан тушаал орон тооны бус байхаар тогтоосон ч шүүхийн өмнөх шийдвэрүүд хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүх авч үзсэнгүй. Төрийн байгууллага өөрчлөгдсөн, төрийн байгууллагаас шилжин ажилласан энэ хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргаж, төрийн албан хаагч өөрийн албан үүргээ алдаа дутагдалгүй биелүүлж ирсээр байтал ажлаас чөлөөлөгдөх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үндсэн эрх, төрийн албан хаагчийн баталгаа алдагдаж байна.
3.10. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-н давж заалдах гомдлын агуулга:
4.1. Архангай аймгийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн 574 дугаартай тогтоолыг үндэслэхдээ уг тогтоолд дурьдсан үйл баримт, энэ хэргийн хувьд бүрэн хангалтай тогтоогдсон эсэх, тогтоол үндэслэлтэй эсэх талаас нь нарийн бүрэн гүйцэт судлаж үзэлгүй, үйл баримттай холбоотой шүүхийн шийдвэрүүд байгаад анхаарч, судлалгүйгээр шийдвэрлэсэн байна.
4.2. ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06 ны өдрийн Б/41 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдох хүртэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн захиргааны албан тушаал хашиж байсан нь шүүхийн шийдвэрүүдээр нотлогддог. Хэдийгээр Ц.Б ыг Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5138 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Б ыг урьд эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06 өдрийн 0856 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, Дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24 өдрийн 73 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авхаас татгалзаж шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
4.3. Шүүхийн шийдвэрийг Монгол улсад оршин сууж байгаа иргэн албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд одоог хүртэл биелэгдээгүй байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04 өдрийн 01214 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23 ны өдрийн 1146 дугаар магадлал зэргээр Ц.Б ыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд ажиллаж байгаа гэж үзэж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байжээ. Шүүхээс Ц. Б ыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд ажиллаж байгаа гэж үзэж байгаа цаг хугацаанаас өмнө тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар чөлөөлж байгаа нь хууль зүйн үнэдслэлгүй, хүчин төгөлдөр эрх зүйн чадамжгүй акт байх бөгөөд энэ нь мөн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29 өдрийн Б/35 дугаартай тушаалаар шилжүүлэн ажиллуулж байгаа нь тушаалаар нотлогдож байна. Иймд Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06 ны өдрийн 641 дүгээр захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдох хүртэл Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
4.4. Шүүхийн шийдвэрүүдээс дээгүүр хүчин чадалтай гэж үзэж, үйл баримтыг буруу дүгнэн тогтоосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн 574 дугаартай тогтоолыг Архангай аймгийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг гаргахдаа үндэслэсэн нь буруу. Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргыг зөвхөн тухайн Яамны сайдын тушаалаар чөлөөлж, томилохыг яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар чөлөөлснийг анхан шатны шүүх нотлох үндэслэл болгосон нь хууль зөрчиж байна. Архангай аймгийн Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 тоот албан бичгээр Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Ц.Б ыг шилжүүлэн авч ажиллуулах хүсэлт хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01/4927 тоот албан бичгээр зөвшөөрсөн тухай хариу ирүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дүгээр сарын 29- ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Ц.Б ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Ц.Б ыг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан журмуудыг зөрчөөгүй байна. Мөн Ц Б нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт заасан бүх л шаардлагыг хангаж байна. Учир нь Ц.Б нь тэргүүн түшмэл албан тушаалын зэрэг дэвтэй бегеед Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал тул мэргэшүүлэх багц сургалтыг хангасан байхаар байна.
4.5. Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны үйл ажиллагааны зарчмыг мөрдлөгө болгох хуультай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох буюу Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор” заасан байх ба Засаг дарга нь Ц.Б ад тайлбар гаргах санал гаргах боломж гаргаагүй. Ц.Б ад 2023 оны 03 дугаар сарын 09 өдөр мэдэгдсэн боловч мөн өдрийн 11 цагт сонсох ажиллагаа хийсэн болж тэр даруйдаа маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
4.6. Анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн санаачилгаар бус, харин Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж тус маргаан бухий актыг гаргасан байх тул уг акттай холбоотойгоор тусгайлан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн эсэх нь тус актыг хүчингүй болгох үр дагварт хүргэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж хуулиас гадуур эрх зүйн хэм хэмжээ тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.7. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0018 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэлгүй, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байна.
2.1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.2. Нэхэмжлэгч Ц.Б нь “Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
2.3. Анх Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...Хуульд зааснаар шаардлагатай байгаа мэдлэг боловсрол мэргэжил, мэргэшил, ур чадвар туршлага бүхий хүний нөөцийн бүрдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга ажилтай Цэнд овогтой Б ыг тус аймгийн Засаг дарганы Тамгын газарт шилжүүлэн авч ажиллуулах саналыг” хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/4927 дугаар албан тоотоор Архангай аймгийн Засаг даргад “... Ц.Б ыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар ... шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй болно” гэх хариуг өгч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар ... Ц-н Б ыг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01/1070 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн байна.
2.4. Улмаар Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/10256 дугаартай “... Ц Б ыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэх хариуг өгч, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41 дүгээр захиармжаар Ц.Б ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар Б/41 дүгээр захирамжид “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг” нэмсэн өөрчлөлт оруулжээ.
2.5. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс “...Дээрх Б/41, Б/42 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэж дүгнэж, зөрчил арилгах хугацаатай үүрэг өгсөн тул Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Ц.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.
2.6. Гэтэл анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; гэж заасан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.5-д Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна. гэж заасантай нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ц.Б ыг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалтын баримт, тайлангаар тогтоосон үйл баримт түүнийг үндэслэж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дугаартай тогтоолд дурдсан үндэслэл нь энэ хэргийн маргааны үйл баримттай нийцэж байна ... Маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2.7. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
2.8. Архангай аймгийн Засаг дарга нь дээрх хуульд зааснаар шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага буюу тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт зэрэг нөхцөл, байдал байгаа гэж үзэж нэхэмжлэгч Ц.Б тай шилжүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцсон байхад Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дүгээр захирамжаар “... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
2.9. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэж, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж тус тус заажээ.
2.10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь 2006 онд Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч төдийгүй, эрхэлсэн түшмэлийн ангиллаас дээгүүр буюу захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалын болзол шаардлагыг хангасан, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан болох нь тогтоогдож байна. Харин Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж, тус хуульд заасан нөхцөл журам нь шинэчлэгдсэн, нэхэмжлэгч Ц.Б ад хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа сууж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/50 тоот тушаалаар 1148 дугаар сертификат авсан байна.
2.11. Иймд маргаан бүхий актын гол үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тус тус заасантай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2.12. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 09 дүгээр сарын 29, 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 207, 71 дүгээр тушаалуудаар “Ц.Б ыг Усны хэрэг эрхлэх газрын даргаар” томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр тушаалаар “Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар” томилогдон ажиллаж байжээ.
2.13. Улмаар Усны үндэсний хороо ажлын алба татан буугдаж, чиг үүргийг Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд шилжүүлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтэц орон тоо, ажлын байрны нэрийг батлахдаа Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг батлалгүй, орон тоо, чиг үүргийн дагуу шилжин ирсэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойгүй орхигдуулан, улмаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан тул нэхэмжлэгч Ц.Б нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 714 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 856 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.14. Гэвч дээрх шүүхийн шийдвэрүүд биелэгдээгүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1214 дүгээр шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1146 дугаар магадлал болон нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад жил бүр хүсэлт өгдөг. Сар бүр байгууллагын ажилчидтай очиж уулздаг. Сайд, Төрийн нарийн бичгийн даргад шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж өгөөч гэсэн өргөдлөө өгсөн. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрүүд биелэгдээгүй” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн биелүүлэх нь биелэлтэд хамаатай захиргааны байгууллагын үүрэг юм.
2.15. Анхан шатны шүүх хуульд заасан нөхцөл шаардлагыг зөв үнэлж, дүгнэж, тогтоогоогүй нь хариуцагчийн буруутай үйлдэл байхад “нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэж заасан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж заасантай нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ц.Б ыг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалтын баримт, тайлангаар тогтоосон үйл баримт түүнийг үндэслэж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолд дурдсан үндэслэл нь энэ хэргийн маргааны үйл баримттай нийцэж байна” гэж нэхэмжлэгчийн өмнөх албан тушаал орон тооны бус байхаар тогтоосонтой холбон дүгнэлт хийж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж заасныг тус тус заасныг зөрчсөн шийдвэр болжээ.
2.16. Учир нь нэхэмжлэгч Ц.Б 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болон 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, Төрийн албаны шатлан дэвших зарчмын дагуу Тэргүүн түшмэл /ТЗ-13/ зэрэг дэв олгож, төрд тасралтгүй 27 жил ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж заасантай нийцээгүй байна.
2.17. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохоос өмнө Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, уг албан тушаалыг орон тооны бус байхаар тогтоосон ч нэхэмжлэгч Ц.Б ын буруугаас болоогүй, хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон, энэ талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
2.18. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.1, 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Ц.Б ын Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгон, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахыг хариуцагчид даалган, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ