Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 473

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х даргалж, шүүгч Н.Д, шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овгийн Ж-ын Э

Хариуцагч: НДЕГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо 1979-1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанаас хасаж тооцсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/99 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 1979-1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа болохыг тогтоож, 7.598.614 төгрөгийн тусламжийг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Миний бие нь улсад 35 жил ажиллаж байна. 1979 оноос 1986 онд Савхин эдлэлийн үйлдвэрт /1990 оноос өмнө Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Савхин эдлэлийн үйлдвэр, 1992 оноос 1994 онд Уян ТӨХК гэж нэрээ өөрчлөн 1994 оны 2 дугаар сараас нэр өмчийн хэлбэрээ өөрчлөн Монгол савхи ХК болсон/ тухайн үед ажиллаж байсан. 2001 оноос Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээд Төрийн албаны тухай хуулийн зааснаар 36 хүртэл сарын тусламж авах гэтэл манай салбарын дээд байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газар /хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Н/ 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Үүнээс шалтгаалан миний ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон 35.3 жилд ноогдох 21.529.514 төгрөгийн тэтгэмжээс 7 жил нь хасагдаж 13.930.900 төгрөгийг төсөвт тусган олгохоор болсон юм. Иймээс:

1. 1990 оноос өмнө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан бүх байгууллага төрийн байгууллага байсан бөгөөд тухайн цаг үед хувийн байгууллага гэсэн нэр томьёо байгаагүй тул 1990 оноос өмнөх ажилласан хугацааг төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд тооцож үлдсэн 7 жилд тооцогдох 7.598.614 төгрөгийн тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.

 2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/99 тоотод миний 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацаа нь төрийн албанд хамаарах эсэх, түүнээс үндэслэн төрийн албанд ажилласан жилээс хамаарах тусламжийн асуудалд хариу өгөхдөө Төрийн албаны тухай хуульд заасан 1996 оноос 2008 оны хоорондох хугацаанд хамаарагдах эрх зүйн зохицуулалтыг барьж тусламж хассан нь үндэслэлгүй байгаа учраас дээрх шийдвэрийг хүчингүйд тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна.

3. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль нь 1990 оноос өмнөх онд ажиллаж байсан надад хамаарахгүй. Цаашлаад 1990 оноос өмнө улсын байгууллагаас өөр өмчийн хэлбэр байгаагүй. Монгол Улсын нийт иргэд тухайн цаг үеийн улсын байгууллагад ажиллаж байсан, хувийн хэвшил гэсэн ойлголтгүй байснаас үзэхэд миний 1979 оны 10 сарын 08-ны өдрөөс 1986 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан хугацаа мөн гэж үзэж байна.

Иймд Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу нэг удаагийн тусламжаас дутуу тооцогдсон 7.598.614 төгрөгийг олгуулах асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хариуцагчаа Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа “төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанаас хасаж тооцсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/99 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 1979-1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа болохыг тогтоож, 7.598.614 төгрөгийн тусламжийг олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлж байгаа.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний ажилласан хугацааг тооцон явуулахад Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолд үндэслэж миний 1979-1986 оны хооронд ажилласан 7 жилийг хасаж тооцсон. Энэ талаарх нотлох баримтаа өөрөө авч ирвэл оруулж тооцох боломжтой гэж хэлсэн. Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргахад бичгээр хариу авах шаардлагатай байсан тул 2018 оны 09 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас бичгээр хариу авсан. Уг өргөдлийн хариунд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүйгээр) бусад ажилтан 1996-2008 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаагаар тооцож буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан. Тухайн үед буюу 1979-1986 оны хооронд оёдолчин байсан. Хөлсөөр түр ажиллагч байгаагүй учраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилласан хугацааг хасч тооцсон үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 06 дугаар сараас хойш шүүхээр явж байна. Олон шатны шүүхээр явахад төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцох ёсгүй гэсэн хууль, журам байхгүй байгаа. Уг нь  1990 оноос өмнө социалист нийгмийн үед бүгд төрийн албанд ажилладаг байсан. Хувийн байгууллага гэж байгаагүй. Олон нийтийн байгууллага гэж үйлдвэрчний эвлэл байсан. Гэтэл экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том үйлдвэрт ажиллаж байсан хугацааг минь төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохгүй гэж хасч байгаад үнэхээр гомдолтой байгаа. Надтай ойролцоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн 1990 оноос өмнө ажилласан хугацаа төрийн албанд ажилласан хугацаагаар тооцогдоод явж байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас намайг ажиллаж байсан гэдгээ өөрөө батал гэж хэлсэн. Энэ талаар батлах боломж байхгүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолд бусад ажилтан гэж орсон байгаа. Тухайн үед би оёдолчин байсан. Одоогийнхоор бол “М с” ХК-д 7 жил ажиллаж байгаад дунд нь дээд сургуульд сураад эргээд технологич инженерээр ажиллаж байсан. Тэгэхээр миний сүүлд ажилласан жилийг оруулж тооцсон мөртлөө 1990 оноос өмнөх хугацааг хасч тооцсон.

Би 1986-1992 оны хооронд дээд сургуульд сурч байсан. 1992 онд сургууль төгсөж ирээд “М С” ХК-даа инженер технологич хийж байгаад, 1995 оноос хойш “М С” ХК-д захиргааны ажилтан хийж байсан. 1997 онд савхин эдлэлийн үйлдвэр татан буугдсан учраас ажлаас гарсан. Нийгмийн даатгалд 2001 онд ажилд орсон.

1979-1986 онд ажиллаж байсан үйлдвэрийн оёдолчин нь үйлдвэрийн газрын ажилтан гэдэг байсан. Орон тооны бус ажилтан байгаагүй. Дадлагажигч оёдолчин гэдэг нь ажилд ороод дадлагын 3 сар дотроо ажиллаж байгаа оёдолчин гэж ойлгоно. Тэгээд жинхэлсэн. 1980-1986 он хүртэл оёдолчин байсан. 1990 оноос өмнөх ажилласан оныг хөдөлмөрийн дэвтэрт байгаагаар ажилд томилсон, чөлөөлсөн тушаалаар ажилласан хугацаанд оруулж тооцдог. Савхин эдлэлийн үйлдвэр нь Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн яамны харьяа улсын байгууллага байсан.

1990-1995 оны хооронд ажилласан жилийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг архивын ажилтны тодорхойлолтын үндсэн дээр тооцдог. Тэгж байхад миний ажилласан жилийг хасаж тооцсон нь нэг хүний хуулийн мэдлэггүй үйлдлээс болсон гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор хөлсөөр ажиллагчаас бусад гэдэгт хамаарч байгаа. Мөн оны харьяалал хамаарахгүй учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Төрийн албан хаагчийн цалин хөлс бодоход улсад ажилласан хугацаа, төрд ажилласан хугацаа гэж 2 өөрөөр тооцдог. Хяналт шалгалтын байцаагч, улсын байцаагчийн цалин хөлс, төрд ажилласан хугацаа, улсад ажилласан хугацаагаар тооцдог. Тухайн үед хувийн үйлдвэр, улсын үйлдвэр гэж байгаагүй тул бүгд л төрд ажилласанд тооцогддог.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Иргэн Ж.Э нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З-д өргөдөл гаргахдаа “Миний бие нас 57 хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн учраас Төрийн албаны хуульд зааснаар нэг удаагийн тусламжийн асуудал тавьж байгууллага маань тодорхойлолт гаргасан. Манай хэлтэс хүний нөөц, хуулийн зөвлөх тооцож 34 жил ажилласан гэж тодорхойлж Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Н 1990 оноос өмнөх ажилласан хугацааг маань төрийн албанд ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн үндэслэл амаар өгч 1979-1986 оны хооронд ажилласан хугацааг маань хассанаас 10-аад сая төгрөг хасагдаж ирлээ. Иймд ямар үндэслэлээр хассан болохыг тодорхой тайлбар гаргуулж өгөхийг хүсье” гэсэн байна.

Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/99 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүйгээр) 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан.

Иймд “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн 1979 оноос 1986 оны хооронд Ж.Эийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзэж, хасаж тооцсон талаар дэлгэрэнгүй хариу өгсөн.

Мөн нэхэмжлэл гаргасан иргэн Ж.Э-ийн нийгмийн даатгалын байгууллагад төрийн үйлчилгээний ажлыг үр бүтээлтэй ажиллаж байсныг нь харгалзан үзээд төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын санаачлагаар олгосон.

Иймээс “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн 1990 оноос өмнө Ж.Э-ийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа болохыг тогтоолгох, 7.598.614 төгрөгийн тусламжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтаар тухайн хугацааг ажилласан жилээр тооцож олгох боломжгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг хамаарахгүй гэж үзэж буй заалт юм. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу архивчаар ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн. Сүүлд төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан. Энэ нь нэг удаагийн тусламж авах эрхгүй ажлын байр дээр ажиллаж байсан. Архивч нь архивын байцаагч гэсэн орон тоогоор явдаг. Нэхэмжлэгчийг удаа дараа өргөдөл гаргаж байсныг хүлээн зөвшөөрөөд ажлын ачааллаар архивчийн ажлын хажуугаар байцаагч хийж байсан гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэг удаагийн тусламжийг олгосон.

1979-1986 оны хооронд оёдолчноор ажилласан тэр хугацааг төрийн албан хаагчаар ажилласан хугацаанд оруулж тооцох талаар тусгайлан хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэгчээс манай Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний ажилласан жилийг 34 жил гэж тооцсон гэж байгаа боловч энэ баримт нь манай бодлогын газар хүний нөөцөд огт ирээгүй гэсэн. Нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Тэрнээс биш бичгийн нотлох баримт байхгүй байгаа. Зөвхөн 1979-1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцох эсэх дээр маргаж байгаа. Бусад ажилласан жилийн тооцоолол дээр маргаан байхгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын батлагдсан журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу олгохгүй гэж үзэж байгаа. Хөлсөөр түр ажиллагч гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол дээр 1979-1986 оны хооронд ажилласан хугацааны талаар зохицуулсан зүйл байхгүй.

Манай хүний нөөцийн мэргэжилтнүүд тухайн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилийн бодолтыг авч хяналт хийж, дараа оны төсөвт суулгадаг.” гэв.  

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Төрийн алба нь сүүлд төрийн үйлчилгээний алба, захиргааны алба гэж ялгаатай болсон. Тэрнээс өмнө нэхэмжлэгчийн 1979-1986 оны хооронд ажилласан үе дээр эргэлзэж байна. Тухайн үед ямар байсныг сайн мэдэхгүй эргэлзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь 1961 онд төрсөн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болох нийгмийн даатгалын байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөхдөө Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид олгодог төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж” авсан боловч, түүний 1979 оноос 1986 оны хооронд улсын үйлдвэрт ажилласан хугацааг уг тусламжийг олгохдоо харгалзах төрийн албанд ажилласан хугацаанд тооцолгүй хасч, 7.598.614 төгрөгийн тусламжийг дутуу олгосон хэмээн маргаж, “төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо 1979 оноос 1986 оны хооронд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/99 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 1979-1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа болохыг тогтоож, 7.598.614 төгрөгийн тусламжийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Энэ маргааны гол үндэслэл нь “1990 оноос өмнөх буюу 1979 оноос 1986 оны хооронд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг олгоход харгалзах төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдох эсэх” бөгөөд нэхэмжлэгчийн хамгийн сүүлд эрхэлж байсан албан тушаал төрийн жинхэнэ алба мөн эсэх, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг олгосон нь зөв эсэх, мөн төрийн албанд ажилласанд тооцогдсон бусад хугацааны тухайд зөв тооцсон эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэхийг тэмдэглэх нь зүйтэй.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/ -ийн 30 дугаар зүйлийн 30.2-т “энэ хуулийн 24.1.1 /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн/ -д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тоооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Энэ журмын 3-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1,... -т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно.” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөхөд төрийн албанд өмнө нь ажилласан хугацааг болон сүүлд хашиж байсан албан тушаалын цалинг харгалзан тооцож  36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг нэг удаа олгохоор журамлажээ.

Төрийн албанд өмнө нь ажилласан хугацааг тооцох талаар энэ журмын 5 дугаар зүйлд тухайлбал, 5.1-д “Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг”, 5.2-т “Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хугацааг”, 5.3-т “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацааг” оруулан тооцохоор заасан байна.

Үүнээс 5.1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд энэ ангилалд яамны харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал хамаардаг.  

Энэ журмаас өмнө уг харилцааг зохицуулж байсан Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан одоо энэ харилцааг зохицуулж байгаа “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д төрийн албанд ажилласан хугацааг тооцоход “төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх, туслах албан тушаалд ажилласан хугацаа” хамаарахаар адил агуулгаар журамласан, өөрөөр хэлбэл 2002 оны Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаал гэж тодорхойлсон яамны харьяа төсвөөс санхүүждэг байгууллагын гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд хамруулан тооцож, төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгох тусламжийн хэмжээг тогтоодог байна.

Тэгвэл нэхэмжлэгч Ж.Эийн 1979 оноос 1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг маргаан үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан журмын дээрх 5.1 дэх заалтаар адилтган ойлгож яамны харьяа төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газарт оёдолчноор буюу төрийн үйлчилгээний алба хааснаар тооцож 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж олгох үндэслэлтэй байна.

Ж.Э нь Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182 дугаар тушаалаар тус үйлдвэрт дагалдан оёдолчноор, 1980 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалаар оёдолчноор томилогдон ажиллаж байгаад 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар “дээд сургуульд орох болсон” үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

Улмаар БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Савхин эдлэлийн үйлдвэр хувьчлагдаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болсны дараа тус үйлдвэрийн газрын даргын 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тушаалаар технологчоор ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр 2001 онд нийгмийн даатгалын байгууллагад томилогдон төрийн албанд ажиллах хүртлээ ийнхүү хувийн хэвшлийн үйлдвэрийн газарт ажилласан байх тул Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5-д заасан “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэн” гэх ойлголтод хамаарахгүй буюу Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.2 дахь заалтад хамаарахгүй байна.

Мөн хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.3 дахь заалт нь “1996 оны 8 дугаар сарын 01-нээс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл” гэж ажилласан хугацаагаар нарийвчлан зохицуулсан тул 1990 оноос өмнөх ажилласан хугацаанд хэрэглэх нь төдийлөн оновчгүй гэж шүүх үзлээ.      

Нөгөөтэйгүүр 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс нь олон хэвшил бүхий эдийн засагтай байхаар тогтоож, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, ингэснээр улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсэн, энэ үеэс хөдөлмөрлөхтэй холбоотой хувийн хэвшил, төрийн алба гэсэн ялгаатай ойлголтууд үүссэн, харин үүнээс өмнө ажилласан жилийг тогтоож байсан шүүхийн практикаас үзвэл улсад ажилласан хугацаа л гэх ойлголт байсан.  

Иймд Ж.Э-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор төрийн албанаас чөлөөлөгдөхдөө Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар авах 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийн тусламжийг олгоход тооцогдох төрийн албанд ажилласан хугацаанд түүний 1979 оноос 1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг хамааруулан тооцож олгох үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн төрөлтэй уялдуулан 106.3.4-т зааснаар “нэхэмжлэгчийн 1979 оноос 1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 1/99 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож”, мөн зүйлийн 106.3.5-д зааснаар “түүний 1979 оноос 1986 оны хооронд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласныг төрийн албанд ажилласан болохыг тогтоож”, мөн 106.3.4-т зааснаар “7.598.614 төгрөгийн тусламжийг олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэлээ.   

Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь олгох тусламжийн талаарх нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэх үндэслэлд оруулаагүй болно. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэвэр, тэтгэмж гэдэг ойлголтыг тодорхойлсон бөгөөд үүнд энэ маргааны “тусламж” гэх ойлголт хамаарахгүй байна.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хууль /2002 оны/ -ийн 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Эт Төрийн албаны тухай хууль /2002 оны/ -ийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламж олгохдоо 1979 оноос 1986 оны хооронд Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 1/99 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний 1979 оноос 1986 оны хооронд Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн үйлдвэрт ажилласныг төрийн албанд ажилласан болохыг тогтоож, 7.598.614 төгрөгийн тусламжийг Ж.Э-т олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.Х

                            ШҮҮГЧ                        Н.Д

                                    ШҮҮГЧ                         Ц.О