Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1803

 

Ү.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01498 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг,

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох,

 

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630, 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Х.Мөнхзул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, өмгөөлөгч Р.Болдбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Өнөрцэцэг нь 2013 оны 07 дугаар сараас 12 дугаар cap хүртэл Баянгол тооцооны төв болон Их Монгол тооцооны төвд эрхлэгч эдийн засагч, захирал албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Хамгийн сүүлд Төрийн банкны Баянзүрх дүүрэг салбарын харъяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Банкны дүрэм журмыг боловсронгуй болгох, дотоод хяналтыг сайжруулах, зээлийн багцыг нэмэгдүүлэх, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхэд өөрийн авъяас чадвар, нөөц боломжоо дайчлан ажиллаж байсан. Гэтэл Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар ажилтан Ү.Өнөрцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хууль бусаар ажлаас чөлөөлж, Налайх салбарын харъяа Хонхор тооцооны төвийн захирлын ажил албан тушаалд шилжүүлсэн байдаг.

Төрийн банкны гүйцэтгэх захирал нь Ү.Өнөрцэцэгийг Б/560 тоот тушаалаар ажлаас нэгэнт чөлөөлсөн атлаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот тушаалыг гаргасан. Ү.Өнөрцэцэгтэй харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан ажилтнаа дахин чөлөөлөх тушаал гаргасан нь ойлгомжгүй байна. Ү.Өнөрцэцэгийн хувьд Хонхор тооцооны төвийн захирлаар ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Энэ талаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Гэтэл ажил олгогч нь зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу Ү.Өнөрцэцэгийг ажлаас чөлөөлсөн атлаа харилцан тохиролцсон гэж байгаа нь үндэслэлгүй.

Тэгэхээр Б/560, Б/630 тоот тушаалуудаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн мэт харагдаж байгаа. Гэтэл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах хуулийн шаардлагыг хангаагүй байгаа. Ийм учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/719 тоот тушаал гарган Ү.Өнөрцэцэгийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалаар Хонхор тооцооны төвийн захирлын ажлаас халсан. Хонхор тооцооны төвийн захирлын ажил албан тушаалыг ажил олгогчтой тохиролцож томилогдсон зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байтал ийм тушаал гаргасан нь бас үндэслэлгүй юм.

Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/560, Б/630, Б/719 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, Баянзүрх дүүрэг салбарын харъяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дунджаар авч үзвэл 1 өдрийн цалин 81 813 төгрөг, ажлын нийт 52 хоног гэж үзэн нийт 4 254 276 төгрөг тооцогдож байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд өөр ажилд шилжүүлж ажиллуулах тухай цөөхөн тохиолдол зохицуулагддаг. Ийм тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх ёстой. Төрийн банкны зүгээс Ү.Өнөрцэцэгийг шилжүүлэн томилохдоо хуульд заагаагүй үндэслэлээр томилсон. Өөрөөр хэлбэл тодорхойгүй буюу тооцооны төвийн захирлын ажлын байр санал болгосныг харилцан тохиролцсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин харилцан тохиролцох гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцоно гэж байгаа. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тохиролцсон гэдгийг гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар харилцан тохиролцсон байхыг ойлгоно гэж тайлбарласан. Түүнээс зөвшөөрсөн асуудлыг шууд тохиролцсон байна гэж үзэн ажил олгогч дур мэдэн тухайн асуудлыг тайлбарлаж, ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчаас Хонхор тооцооны төвийн захирлын ажлын байрыг санал болгосон гэсэн зүйл харагдахгүй байна. Төрийн банкинд олон тооцооны төв байдаг. Тийм учраас энэ талаар нэмэлт   гэрээ   байгуулж,   тодорхой   заах  ёстой.   Хэрвээ   ажил   олгогчийн санаачлагаар дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг үндэслэл болгосон байх ёстой. Ү.Өнөрцэцэгийн хувьд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Харин ч эсрэгээрээ зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандсан байгаа юм. Тийм учраас ажилд шилжүүлэн томилсон тушаал нь хууль бус, ажлаас халсан тушаал нь Хонхор тооцооны төвийн ажлыг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй байна. Мөн нэмэлт гэрээ болон харилцан тохиролцсон зүйл байхгүй. Тийм учраас ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Х.Мөнхзул нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны дүрэм болон дотоод журамд заасан зохицуулалтын хүрээнд ажилтнуудыг өөр ажил албан тушаалд шилжүүлэх зохицуулалт байдаг. Төрийн банкны бизнес хариуцсан захирал Н.Энхтайван, Улаанбаатар салбарын газрын захирал Н.Зоригт нар нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй уулзаж, Төрийн банкны тооцооны төвийн захирлын ажлын байранд шилжин ажиллах саналыг тавьсан байдаг. Ү.Өнөрцэцэг нь мөн өдөр өөрийн гараар ажлын байр санал болгох хуудсыг хүлээн зөвшөөрч байна, өөр тооцооны төвийн захирлаар ажиллахад татгалзах зүйлгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иймд түүнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын албан тушаалаас шилжиж, Хонхор тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэн тушаал гаргасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоноор тухайн өмнөх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон учир 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б/560 тоот тушаалыг гаргаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлаас чөлөөлж, Налайх дүүрэг дэх салбарын харъяа Хонхор тооцооны төвийн захирлын албан тушаалд томилсон. Гэвч Ү.Өнөрцэцэг нь ажилдаа ирээгүй, ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй, сураг чимээгүй алга болсон байдаг. Гэхдээ ажил олгогчийн зүгээс тухайн тушаалыг ажилтанд мэдэгдээгүй, заасан хугацаанд хүргүүлээгүй гэж үзэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьд гаргасан Б/560 тоот тушаалыг хүчингүй болгож, Б/630 тоот тушаалыг гаргасан.

Урьд гаргасан тушаалаас хойш ажиллаагүй байсан хугацааг ажил тасалсан гэж үзэхгүйгээр цалинг нөхөн олгохоор болсон. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Хонхор тооцооны төвийн захирлын ажилд шилжүүлэн ажиллуулахаар тушаалд зааж, тушаалыг Ү.Өнөрцэцэгт 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн ба энэ тухай баримт хэрэгт авагдсан. Ү.Өнөрцэцэг нь тухайн тушаалыг хүлээж аваад томилогдсон ажлын байранд очих, ажиллах эсэхээ ажил олгогчид утсаар болон бичгээр мэдэгдээгүй, мөн алга болсон. Тус хугацаанд Хонхор тооцооны төвийг удирдлагаар хангах, мэдээллийг авах гэж Ү.Өнөрцэцэгтэй Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Болормаа холбогдож, хүний нөөцийн хорооны хурлаар таны асуудлыг хэлэлцэх гэж байгаа, та яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тайлбараа өгөхийг шаардахад "би тушаалыг хүлээж авсан, эргээд холбогдоё" гээд ирээгүй байдаг. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Б/719 тоот тушаал гаргаж, Налайх дүүрэг дэх салбарын харъяа Хонхор тооцооны төвийн захирлын албан тушаалаас Ү.Өнөрцэцэгийг чөлөөлсөн.

Уг үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 2 буюу түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажлын байрыг орхисон, ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзсэн. Өмнөх тушаалаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, байгуулахаар хуний нөөцийн газрын даргад даалгасан байсан учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ тухай Ү.Өнөрцэцэгт Хүний нөөцийн газрын ажилтан утсаар мэдэгдсэн. Гэтэл Ү.Өнөрцэцэг ажлаас халсан тушаалыг авахгүйгээр, ажлаас халагдсан тушаалыг цайруулах зорилгоор хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгох гэж, мөн өөрчлөгдсөн тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг хариуцагч тал эс зөвшөөрч тайлбараа гаргасан.

Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байгаа юм. Дээрх нөхцөл байдлаас харвал ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаанд 2 тал хүсэл зоригоо илэрхийлдэг. Өөр ажлын байр санал болгосныг хүлээн зөвшөөрсөн, энэ тухай өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл бичгээр гаргасан гэж үзсэн. Үүнийг ажилтан зөвшөөрөх, эс зөвшөөрөх хүсэл зоригоо илэрхийлэхгүйгээр санаатайгаар ажлын байраа орхисон нь ажлаас халах шийдвэрийн үндэс болсон юм. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч нь бизнес төвийн захирлын ажлаас өөрийн хүсэл зоригоор татгалзсан учраас гэрээг дуусгавар болгож, өөрчлөх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан 2 баримтаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн хотын төв дэх тооцооны төвийн захирлын ажилд томилох тохиролцоо байсан гэж байгаа нь нотлогдохгүй байна. Ажил олгогч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд банкны ач холбогдол бүхий салбарт харилцан тохиролцсоны дагуу ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах эрхтэй. Уг захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар мэдэгдэх ёстой. Гэтэл хөдөлмөрийн дотоод журам зөрчин ажил тасалсны дараа хүсэл зоригоо цайруулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэдгийг анхаарахыг хүсэж байна. Бизнес төвийн захирлаар ажиллаж байсан гэрээг дуусгавар болгосон гэдэг нь ажил олгогчийн төлөөлөл болох Н.Энхтайван болон Н.Зоригт захирал нартай уулзахдаа Хонхор тооцооны төвийн захирлын ажлыг санал болгосон, ажилтан түүнийг хүлээж авсан байдаг юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэгийг Төрийн банк ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харъяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 077 681 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тоот, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 тоот, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ү.Өнөрцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80 193 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Х.Мөнхзул нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг гаргаж байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн “Ү.Өнөрцэцэгийг өөр ажилд шилжих өргөдөл, хүсэлтээ өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажил олгогч байгууллагад гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ажил олгогчийн зүгээс Ү.Өнөрцэцэгт Хбнхор тооцооны төвийн захирлын ажлын байранд ажиллах саналыг гаргасан бөгөөд ажилтан саналыг хүлээж авах эсэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй бөгөөд саналыг хүлээж авах эсэх нь дан ганц ажилтны хүсэл зоригийн асуудал байсан. Ажилтан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил олгогчийн зүгээс ажилтныг шийдвэр гаргахад нөлөөлсөн талаар огт дурдаагүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй байхад ажилтныг өөрийн хүсэл зоригийн дагуу өргөдөл гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн өөр ажилд шилжин ажиллах тухай өргөдлийг Ү.Өнөрцэцэг өөрийн гараар бичиж, мөн ажлын байр санал болгох хуудасны загварт өөрийн гараар тооцооны төвийн захирлын ажлын байр гэсэн хэсгийг бөглөж, зөвшөөрөв гэж гарын үсэг зурсан байдаг. Эдгээр баримтаас үзвэл ажилтан өөр ажилд орох, өмнө ажиллаж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахгүй гэсэн хүсэл зоригоо өөрөө бие даан илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь ажлаас буруу шилжүүлсэн тухай биш ажлаас халагдсан тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “ажилтан ажил олгогчийн Б/560, Б/630 тоот тушаалуудыг эс зөвшөөрч өөр ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байна” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна.

Шүүх энэхүү буруу ойлголтын дагуу “ажилтанд өөр ажилд шилжих хүсэл зориг байсан уу, ажил олгогч ажилтныг өөр ажилд зөв шилжүүлсэн үү” гэдэгт анхаарал хандуулан үнэлэлт дүгнэлт өгч “ажилтан өөр ажилд шилжих өргөдөл хүсэлтээ өөрийн хүсэл зоригийн дагуу илэрхийлээгүй байна, Төрийн банкны салбаруудын тооцооны төвүүдээс аль салбарын тооцооны төвийн захирлын ажил санал болгосон нь тодорхойгүй байна. Хонхор тооцооны төвийн захирлын албан тушаалд ажиллахаар хүлээн зөвшөөрсөн нь өмнөх хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохоор өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэх зэргээр дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх маргааны гол зүйл болох ажилтан, ажил олгогч нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тооцооны төвийн захирлын ажлын байр дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Ажилтан өөр яг ямар ажилд шилжин ажиллах хүсэл зоригтой байсан эсэхээс үл хамаарч Ү.Өнөрцэцэгийн хувьд Төрийн банкин дахь өөр ажилд шилжин ажиллах хүсэл сонирхолтой байсан. Тэрээр цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тооцооны төвийн захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориггүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас тодорхой харагдаж байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь Ү.Өнөрцэцэг өмнөх ажлын байр болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын албан тушаалдаа ажиллах хүсэл сонирхол байгаагүй, өөр ажилд шилжихийг зөвшөөрч байсан. Одоо хотын дотор тооцооны төвийн захирлаар ажиллах нөхцөлөөр эвлэрэх хүсэлтэй байгаа гэдгийг удаа дараа шүүх хуралдаанд илэрхийлж байсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ү.Өнөрцэцэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлаар цаашид ажиллах хүсэл зориггүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын ажлын байран дахь хөдөлмөрийн харилцааг талууд харилцан тохиролцож дуусгавар болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Төрийн банкны хувьд ажилтан Ү.Өнөрцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан “ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох” гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж маргасан. Ажилтан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Болсон үйл явдлын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөхөд ажилтан болон ажил олгогч нарын хэн алины санал тусгагдаж, харилцан ярилцаж зөвшилцсөн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд “...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан. Үүний дагуу Ү.Өнөрцэцэгийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход ажилтны сүүлийн гурван сарын цалин буюу 2017 оны 02, 03, 04 дүгээр саруудын дундаж цалин хөлсөөр тодорхойлох ёстой байтал ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 12, 2017 оны 01, 02 дугаар сарын цалин хөлс болон ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой баримтанд үндэслээгүй, дээрх хууль болон журмын заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ч.Өнөрцэцэг нь “Төрийн банк” ХХК-д холбогдуулан тус банкны Гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/630, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Төрийн банкны “Баянзүрх дүүрэг” салбарын харьяа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Ажил олгогч “Төрийн банк” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1-д гэрээний гол нөхцөл болох албан тушаал буюу ажлын байрны нэрийг ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бизнес төв”-ийн захирал гэж харилцан тохиролцож тодорхойлсны дагуу уг ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан Ү.Өнөрцэцэгийг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн “Налайх” салбарын харьяа “Хонхор” тооцооны төвийн захирлаар томилсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргажээ.

             Хариуцагчаас Ү.Өнөрцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банкинд гаргасан гараар бичсэн өргөдөл, /хх-75/ мөн өдрийн “Ажлын байр санал болгох тухай хуудас” /хх-85/ гэх хоёр баримтыг шүүхэд гаргаж, тооцооны төвийн захирлын ажлын байранд ажиллахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж тайлбарласан ч уг баримт нь “Налайх” салбарын харьяа “Хонхор” тооцооны төвийн захиралд очихыг зөвшөөрсөн агуулгагүй байна.

Түүнчлэн ажилтантай  2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1-д заасан гол нөхцөл буюу албан тушаал, ажлын байрыг өөрчилсөн гэрээ, харилцан тохиролцсоныг нотлох өөр бусад баримт хэрэгт авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэрээг шинэчлэн байгуулагдаагүй гэж үзнэ.

Дээрх байдлуудыг дүгнэвэл ажил олгогчоос “Налайх” салбарын харьяа “Хонхор” тооцооны төвийн захирлын ажлын байр санал болгосныг зөвшөөрсний дагуу ажилтан Ү.Өнөрцэцэгийг ажлаас чөлөөлж, томилсон тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1 дэх заалтад нийцүүлэн гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгээр аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчлөхийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардахыг хориглосныг зөрчсөн байна.

Мөн уг шийдвэр нь “Төрийн банк” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын “Тав” дахь хэсгийн 5.14.7-д ”...ажилтантай харилцан тохиролцсоноор өөр ажил, албан тушаалд ажиллуулж болно” гэж, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.3-д “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасанд нийцэхгүй байна.

Иймд хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын заалтыг мөрдөж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардсан нэхэмжлэл үндэслэлтэй, шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь зөв байна.

Хариуцагч Төрийн банкны Гүйцэтгэх захирал 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/560 тушаалаар Ү.Өнөрцэцэгийг өөр ажилд томилсон нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдсон тул уг тушаалын үр дагаврыг лавшруулсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/630 дугаар тушаал нь мөн нэгэн адил хууль бус болно. 

Улмаар дээрх хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандсан үед 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/719 дүгээр тушаалаар ажилтныг ажил тасалсан зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг шүүх нэгэнт ажилд нь эгүүлэн тогтоосноор хууль бус шийдвэрүүд үр дагаврыг арилгаж, нэхэмжлэгчийн эрх шүүхийн шийдвэрээр сэргээгдэх тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАЙГАЛМАА

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ