Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2014/0364/З |
Дугаар | 389 |
Огноо | 2015-11-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2015 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 389
С.Сүхбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч С.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0509 дүгээр магадлалтай, С.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан С.Сүхбаатарын Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар “Засаг даргыг огцруулах тухай” захирамж, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар “Засаг даргыг томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0509 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сүхбаатарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд С.Од-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Ерөнхий сайдын 75 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан ямар нэг эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг хангасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэргийн шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалах буюу сэргээх чиг үүрэгтэй. Уг захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй тул уг захирамжийг хүчингүй болгосны үр дагавар огт байхгүй юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 75 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр тогтоол хүчингүй болсон тул захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэсэн. Гэтэл шүүх нь хуулийн заалт үндэслэж, түүнд тулгуурлаж дүгнэлт хийх ёстой болохоос “хууль зүйн үндэслэлтэй” хэмээн бичсэнээр магадлал хууль зүйн үндэслэлтэй болохгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.
Маргааны үйл баримтаас үзвэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 75 дугаар захирамжаар С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргаас огцруулж, мөн өдрийн 76 дугаар захирамжаар С.Од-Эрдэнийг тус аймгийн Засаг даргаар томилсныг нэхэмжлэгч С.Сүхбаатар эс зөвшөөрч, дээрх захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан, шүүх 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Дээрх маргаан бүхий захирамжууд гаргах үндэслэл болсон 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03, “...Аймгийн Засаг даргыг огцруулах” тухай 04 дүгээр тогтоолуудыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.
Улсын Дээд шүүхийн 2015 оны 301 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 254 дүгээр захирамжаар С.Од-Эрдэнийг тус аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн 255 дугаар захирамжаар түүнийг Засаг даргаар томилсон эдгээр захирамжид хэргийн оролцогчид маргаагүй байна.
С.Сүхбаатарын нэхэмжлэлтэй хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй байх үед хэргийн нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдсөнөөр хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэлийн шаардлага хангагдсан...” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах,
харин нэхэмжлэгч нь “...Ерөнхий сайд С.Сүхбаатарыг огцруулсан захирамжаа хүчингүй болгоогүй, иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа,...хүчингүй болгуулах шаардлагын цаана зөрчигдсөн эрх ашиг хамгаалагдах ёстой...” хэмээн маргажээ.
С.Од-Эрдэнийг Засаг даргаас чөлөөлсөн, томилсон дээрх 2015 оны 254, 255 дугаар захирамжийн тухайд нэхэмжлэгч маргаагүй хэдий ч, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхээргүй юм.
Учир нь, “тухайн үед хууль бусаар Засаг даргын албан тушаалаасаа огцорсон” нөхцөл байдлыг шүүхээр тогтоолгохыг нэхэмжлэгч хүсч байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа С.Од-Эрдэнийг тус аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, томилсон, Ерөнхий сайдын 2015 оны 254, 255 дугаар захирамжууд гарсан нь тухайн нөхцөлийг тогтоосон үйл баримт биш болно.
Иймд С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргаас огцруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай” 75 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “С.Од-Эрдэнийг тус аймгийн Засаг даргаар томилох тухай” 76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх тул энэ талаар хяналтын шатны шүүх дүгнэх шаардлагагүй.
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Иймээс “... 75 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэг эрх сэргэхгүй...захиргааны хэргийн шүүх зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх үүрэгтэй ..., шүүх хуульд үндэслэж дүгнэлт хийгээгүй...” гэх гуравдагч этгээд С.Од-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын “тогтоох” хэсэгт хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг зөв бичсэн атлаа холбогдох захирамжийн дугаар “76” гэхийг “75” гэж алдаатай бичсэн байгааг залруулан тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0509 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ