Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0098

 

С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, С.Эрдэнэболор, хариуцагч Цөмийн энергийн комиссын ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Доржпүрэв, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан гомдлоор С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга, Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Цөмийн энергийн газарт 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газрын даргын 147 дугаар тушаалаар анх ажилд томилогдож, Монгол Улсын Сангийн яамны 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 9-2/5270 тоот шийдвэрээр, Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрлийн дагуу 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн газрын даргын 05 тоот тушаалаар албан ёсоор байгууллагын 2-р гарын үсэг зурах эрх бүхий ерөнхий нягтлан бодогчоор, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Цөмийн энергийн газрын даргын Б/185 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах нягтлан бодогчоор томилогдон ТЗ-9-5-аар цалинжиж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар тогтоолгон ажиллаж байсан.

Н.Батбаатарт Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх бүрэн эрх 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгогдоогүй юм. Тийм учраас 2015 оны төсөв нээгдсэн байсан боловч, гарын үсэг зурах эрх байхгүй гэж үлдсэн албан хаагчдын асуудлыг шийдэж чадахгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төсвийн захирагч иртэл, түр шийдвэр гаргаж, протокол үйлдэн, данснаасаа зөрчилтэй гаргасан тушаалаар тэтгэмж олгож байснаар батлагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь заалтуудыг зөрчсөн. ”

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 387 дугаар тогтоолын дагуу Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гарсан. Уг тогтоолын 3-д татан буугдаж байгаа Цөмийн энергийн газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасан байдаг.

25 албан хаагчийн хувьд цалин хөлсөө авч чадалгүй /миний бие энэ 25-н нэг/ шинээр байгуулагдсан ажлын албанд шилжиж ажиллана гэсэн байдлаар хүлээж байсан ба бидэнд татан буулгах комисс болон холбогдох албаны тушаалтнууд тийм ойлголтыг өгч байсан. Энэ талаар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга н.Мөнх-Эрдэнэ тухайн албан хаагчтай уулзсан хурлын тэмдэглэлээс харах боломжтой юм. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралд дахин баталгаажуулан хэлсэн байгаа юм. Ийнхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Цөмийн энергийн газрын шинэ дарга хүрч ирээд та бүхнийг ажилд авна гэсэн ойлголтыг удаа дараа өгч байсан.

Монгол Улсын Засгийн газрын 72 дугаар тогтоолын 2 дахь хавсралтын 7.2.3 -д санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж байхаар тогтоосон байдаг. Энэ нэгжийн чиг үүрэг нь Цөмийн энергийн газрын санхүү аж ахуйн хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдэж байна гэсэн үг юм.

Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр томилогдон ирсэн Цөмийн энергийн газрын ажлын албаны дарга Г.Манлайжав нь суурь байгууллагын албан хаагчдаа хүлээж авахгүй, бид шинээр байгуулагдсан гэсэн ганцхан тайлбарыг хийж, ямар нэг шийдвэр гаргахаас татгалзаж намайг ажилд авахгүй байна. Үүнээс болж цалингүй, ажилгүй хохирч байна.

Иймд Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын "Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, тэтгэмж, тэтгэлэг олгох тухай" 2015 оны 02 сарын 17 өдрийн Б/01 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалингаа авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Цөмийн энергийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор татан буугдаж, тус газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасан. Энэ ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 35, Уул уурхайн яаманд 2, Ашигт малтмалын газарт 6 хүнийг тус тус шилжүүлсэн байдаг. Үлдсэн албан хаагчдын хувьд холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн.

Цөмийн энергийн газар татан буугдсан ч Цөмийн энергийн комисс үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Цөмийн энергийн комиссын Ажлын албыг шинэчлэн зохион байгуулсан нь иргэн С.Оюунцэцэгийг ажилд авах эрх зүйн үндэслэл болохгүй бөгөөд хууль бус үйлдэл гэж тооцох боломжгүй юм.

Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагчдыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгон шийдвэрлэсэн нь иргэн С.Оюунцэцэгт хамааралтай байх тул Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье." гэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... Төрийн өмчийн хорооны даргын "Комисс томилох тухай" А/271 дугаар тушаал гарч Татан буулгах комисс томилсон юм. Тус комисс нь төв комиссоос чиглэл авч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус газарт очиж хурлаа хийж ажлаа хуваарилан зохицуулж эхэлсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, яам, агентлагуудыг татан буулгах төв комиссын дарга С.Баярцогтын ирүүлсэн албан тоотын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 35, Уул уурхайн яаманд 2 хүн, Ашигт малтмалын газарт 6 хүнийг архив, албан хэрэг, эд хөрөнгийн хамт тус тус шилжүүлж актаар хүлээлцэх ажлуудыг хийсэн.

Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлт Улсын Их Хурлаар батлагдахгүй удааширснаас шалтгаалж, Цөмийн энергийн газрын суурин дээр байгуулагдах хуулийн этгээд байгуулагдахгүй байсан тул шилжиж ажиллана гэсэн хүлээлттэй, зохицуулалтын гадна үлдсэн хүмүүсээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Татан буулгах комисст цалин хөлс, тэтгэмж авах талаар удаа дараа гомдол гарган шаардаж байсан тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын өгсөн үүргийн дагуу Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ, Татан буулгах комиссын дарга Н.Батбаатар нар болон комиссын гишүүд, Цөмийн энергийн газрын үлдсэн ажилтнуудыг байлцуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, нэр бүхий хүмүүст 6 сарын тэтгэмж олгох, эх үүсвэрийн 100,3 сая төгрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцаас гаргаж тооцоо хийх, тухайлбал: Цөмийн энергийн комисс, хороонд шилжиж ажилласан тохиолдолд ажилд орсноосоо хойших зөрүүг тушааж тооцоо хийх, даатгал шимтгэлээ өөрсдөө хариуцна гэж тохиролцон, хэн тушаал гаргахаа хүртэл ярьж байгаад Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас хуучин дарга нь болохгүй, Татан буулгах комиссын дарга гарга гэхээр нь, надад хүн ажлаас чөлөөлөх эрх байхгүй гэхэд чамаас өөр хэн гаргах юм бэ?, хуучин тамга тэмдэг нь чамд байгаа гэснээр энэ асуудлыг дуусгасан, хурлын тэмдэглэлд зарим зүйл нь бичигдээгүй байна.

Надад хуулиар олгогдоогүй эрхийг дээд байгууллагын дарга нарын зөвшөөрснөөр хүмүүст ашигтайгаар хэрэгжүүлсэн. С.Оюунцэцэгийн гаргасан нэхэмжлэлээр энэ шийдвэрийн өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгочихвол өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх, мөнгөө буцааж тушааснаар ажиллах эрх нь шууд үүсэхгүй байх. Үлдсэн хүмүүсээс заримыг ажилд аваад өөртөө таалагдахгүй хүмүүсийг ажилд авахгүй байна.” гэжээ.

Хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрыг татан буулгасан.

            Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу агентлагийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг бөгөөд дээр дурдсанаар Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан тул эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж үзнэ. Төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нь өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах нэмэгдэл баталгаагаар хангагдахаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т хуульчилсан байна. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь Цөмийн энергийн газар татан буугдсаны улмаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч, хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж С.Оюунцэцэгийг Цөмийн энергийн комисст, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан болон ажилгүй хүлээлгэсэн хугацаанд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зохих бичилт хийхийг тус тус хариуцагч Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжавт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан хугацааны цалингаа авах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд…” шүүхийн үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цөмийн энергийн газар татан буугдаж зарим чиг үүрэг шилжсэн агентлагуудад холбогдох албан хаагчдыг орон тоо, бүтэц, цалингийн сангийн хамт шилжүүлж үлдсэн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулиар тэтгэмж олгон чөлөөлсөн байдаг. Харин нэр бүхий 22 албан хаагчийг эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр Цөмийн энергийн хороо гэж байгууллага байгуулагдана, тэнд та нарыг ажиллуулна гэж үлдээсэн байдаг. Цөмийн энергийн газар татан буугдаж бусад газар шилжсэнээс бусад бүх албан хаагчдыг чөлөөлөөгүй нь хууль бус үйлдэл бөгөөд Цөмийн энергийн комиссын Ажлын алба байгуулагдах эсэх нь тодорхой бус, Цөмийн энергийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэсэн хэм хэмжээ тусаагүй байсан юм. Энэ асуудлыг татан буулгах комиссын дарга эрх бүхий байгууллагаас авсан шийдвэрийн үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон шийдвэрлэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлтэй юм. Учир нь эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр нэр бүхий 22 албан хаагчдын асуудлыг шийдвэрлээгүй орхисон, цаашид ямар эрх зүйн үр дагавар гарах нь тодорхой бус, энэ үед Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга тушаал гаргаж асуудлыг шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон, хууль, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гэж бид үзэж байна. Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатар анхан шатны шүүх хурал дээр би энэ тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй мэт хэлсэн ба өөрөө энэ асуудлыг буруу гэж үзэж буй боловч эрх зүйн хувьд гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж бид үзэж байна. Нөгөө талаас хэрвээ энэ шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзвэл зөвхөн С.Оюунцэцэгт хамааралтай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчиж байна. Учир нь тушаалын агуулга нь нэг хүнд зориулагдсан биш 22 хүний тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн баримт бичиг юм.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавын ажилд авахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож ажилд авахыг даалгах, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын холбогдох бичилтийг хийлгэх, Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан хугацаанд холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэх шаардлагын тухайд Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 251 дугаар бүхий тогтоолын 5 дахь заалтаар Цөмийн энергийн газарт ажиллаж байсан төрийн албан хаагч 22 иргэнийг Цөмийн энергийн комиссын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарт нийцүүлэн ажлын байраар хангахыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавт үүрэг болгосон байна... Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 тоот "Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, тэтгэмж, тэтгэлэг олгох тухай" тушаалаар нэр бүхий албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авч төрийн албаны нэмэгдэл баталгаагаар хангагдсан. Хэрвээ энэ шийдвэрийг цалин өгсөн шийдвэр гэж үзэх бол хийгээгүй ажлынх нь төлөө урьдчилан мөнгө олгодог систем төрийн байгууллагын цалингийн тогтолцоонд нэвтэрсэн гэж үзэж болохоор байна. Мөн энэ олгосон мөнгөө буцааж төлөх ёстой талаар шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцсэн боловч одоогийн байдлаар энэ асуудалтай холбоотой мөнгө манай байгууллагад төлөгдөөгүй байна. Нөгөө талаас энэ шийдвэр нь цаг хугацааны хувьд хожуу боловч хуульд заагдсан баталгааг хангасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Байгууллага татан буугдсан тохиолдолд төрийн албаны нэмэгдэл баталгааг сонгож хэрэглэх хуульд заасан боломжуудаас тэтгэмж авах сонголтыг хийсэн нь дээрх тушаалын дагуу олгогдсон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрэм, орон тооны хязгаарыг баталж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 76 тоот захирамжаар Ажлын албаны даргыг томилсноор Цөмийн энергийн комиссын Ажлын алба хуульд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Цаг хугацааны хувьд албан хаагчдыг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон болон Цөмийн энергийн комиссын ажлын алба байгуулагдсан нь зөрүүтэй байх бөгөөд Цөмийн энергийн комиссын дүрмийн 6.1-д "Комиссын ажлын албаны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ" гээд , 6.1.4-д "хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах", 6.3-д "Комиссын ажлын албаны дарга энэ дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна" гэж заасны хүрээнд албан хаагчдыг ажилд томилсон.

Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 5 дахь заалтад 22 иргэнийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон боловч албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх ажлын албаны даргын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал юм. Энэ заалт нь чиглэл өгсөн заалт бөгөөд заавал биелүүлэх үүрэг хүлээх боломжгүй. Нөгөө талаас бүх албан хаагчдыг томилсоноос 1 сарын дараа ийм үүрэг чиглэл өгсөн нь томилогдсон албан хаагчдын эрхийг зөрчих, мөн Цөмийн энергийн комиссын ажлын алба байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 30 өдрийн дараа энэ чиглэл ирсэн нь төрийн алба тасралтгүй байх үндсэн шинжийг алдагдуулсан хэрэгжүүлэх боломжгүй, эрсдэлтэй шийдвэр юм.

Цөмийн энергийн газарт ажиллаж байгаад тэтгэмж аван ажлаас чөлөөлөгдсөн, татан буулгах комисст ажиллан ажилласан хугацааны цалингаа авсан хүнийг ажилд томилохыг даалгасан, мөн ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олгох шүүхийн шийдвэр гарсан нь хэт нэг талыг барьсан, хуульд заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан шийдвэр гэж үзэж буй тул энэ шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хэрвээ энэ шийдвэр хүчинтэй болвол өөр 21 хүний ажлын байр болон тэтгэмжийн асуудал яригдаж хоёр зуун сая орчим төгрөгийн маргаан, мэтгэлцээн эхлэх эрх зүйн эрсдэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн агуулга тодорхой бус байгааг анхаарч үзэхийг хүсье. Учир нь шүүхийн шийдвэрт С.Оюунцэцэгийг Цөмийн энергийн комисст, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгох талаар шийдвэрлэсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар "Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн энергийн комисс ажиллана", 10.2-т "Комиссын дарга нь Ерөнхий сайд байна", 10.3-т "Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална" гэж зааж өгсөн. Энэ хүрээнд дээрх шийдвэр нь тодорхой бус мөн Засгийн газрын бүрэн эрхийн асуудал бөгөөд ажлын чиг үүрэгт санхүүгийн асуудал тусгагдаагүй болно.

Иргэн С.Оюунцэцэг нь Цөмийн энергийн газарт ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 23 ны өдөр гаргасан Б/253 тушаалын цалингийн хэмжээг буруу бодож үндсэн цалингаас тэтгэмжийг тооцох байтал бүх нэмэгдлийг тооцон тэтгэмж олгон мэргэжлийн алдаа гаргаж төсвийг буруу зарцуулан улсыг ойролцоогоор гуч гаруй сая төгрөгөөр хохироосон байх магадлалтайг өөрт нь анхааруулж хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй байгааг өөрт нь хэлж байсан.

Бид хууль зөрчсөн ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд хууль болон дүрэмд заагдсан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн “Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Уг тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1, 42.2, 43 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны А/271 дүгээр тушаалыг үндэслэн Цөмийн энергийн газар татан буугдсантай холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон үүрэг ажлаас чөлөөлөгдөж буй албан хаагчийн нэрсийг нэгдүгээр хавсралтаар баталж, албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмж, тэтгэлгийн зардлыг 2 дугаар хавсралтаар баталж, уг зардлыг олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан байх тул үүнтэй холбоотой уг газарт ажиллаж байсан С.Оюунцэцэгийг чөлөөлж буй албан хаагчдын нэрсэд оруулж чөлөөлсөн нь буруу биш байна. Учир нь нэгэнт түүний ажиллаж байсан байгууллага татан буугдсан байх тул ажил, албан тушаалаас чөлөөлж, төрийн жинхэнэ албан хаагчийн аль баталгааг хэрхэн хангахыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Иймд тушаалын нэгдүгээр хавсралтын С.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Засгийн газрын 387 дугаар тогтоолын 3-д татан буугдаж байгаа Цөмийн энергийн газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Төрийн өмчийн хороонд даалгасан, Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаарыг 33 байхаар тогтоосон зэргээс үзвэл Цөмийн энергийн газрын чиг үүргийг Цөмийн энергийн комисст шилжүүлсэн, өөрөөр хэлбэл Цөмийн энергийн газрыг татан буулгасан нь үйл ажиллагаа, чиг үүргийг нь бүр мөсөн дуусгавар болгоогүй, харин төрийн өөр байгууллагад чиг үүргийг нь шилжүүлж өөрчлөн байгуулсан гэж үзэхээр байна.

Засгийн газрын агентлагийг татан буулгаж чиг үүргийг нь өөр байгууллагад шилжүүлсэнтэй холбоотой албан хаагчдыг нь тухайн байгууллагад шилжүүлж үргэлжлүүлэн ажиллуулахыг Засгийн газраас үүрэг болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан хаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасанд нийцсэн байна.

Гэтэл дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан ... тохиолдолд ... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгоно” гэж заасныг баримтлан нэг удаагийн тэтгэмж, тэтгэлэг олгон төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуульд заасан нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар” хангагдах эрхийг зөрчжээ. Иймд Б/01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын С.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэлийн “Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав нь ажилд авахгүй байгааг хууль бус болохыг тогтоож ажилд авахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагын тухайд:

Засгийн газрын тогтоол болон Төрийн өмчийн хорооны 2015 оны 251 дүгээр тогтоолоор Цөмийн энергийн газарт ажиллаж байсан 22 иргэнийг ажлаар хангахыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргад үүрэг болгосон, уг ажлын албанд Тамгын газарт ахлах нягтлан бодогчтой байхаар тогтсон, өөрөөр хэлбэл С.Оюунцэцэгийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, түүнийг ажилд авах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжавын давж заалдах гомдолд “... Төрийн өмчийн хорооны тогтоолоор үүрэг болгосон боловч албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх Цөмийн энергийн комиссын дүрмийн 6.1.4-д зааснаар ажлын албаны даргын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал юм. Энэ чиглэл нь 30 өдрийн дараа ирсэн тул төрийн албаны тасралтгүй байх үндсэн шинжийг алдагдуулсан хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр юм...” гэжээ. Цөмийн энергийн комисс нь Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан бөгөөд Цөмийн энергийн газрын зарим чиг үүргийг шилжүүлсний дараа 33 хүний орон тоотой болсноос үзвэл Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга нь Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-д “Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна” гэж заасны дагуу хуульд нийцсэн Засгийн газрын шийдвэр, уг шийдвэрээр үүрэг болгосны дагуу гаргасан Төрийн өмчийн хорооны шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч С.Оюунцэцэгийг ажилд авах үүрэгтэй тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь Цөмийн энергийн газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах нягтлан бодогчоор томилогдон ТЗ-9-5-аар цалинжиж байснаас үзэхэд төрийн захиргааны албан хаагч болон үйлчилгээний албан тушаалд хавсарч ажиллаж байсан бөгөөд анхан шатны шүүх нь “... өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож ...” гэж шийдвэрт ямар албан тушаалд томилохыг тодорхой заагаагүй нь биелүүлэхэд хүндрэл учруулахаар байна.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь “... одоо Цөмийн энергийн комиссын ажлын албаны хэлтсийн даргын албан тушаалд заавал томилуулна гэхгүй, ахлах нягтлан бодогчоор томилоход татгалзахгүй, өндөр насны тэтгэвэрт гарахад нэг жил дутуу байхад байгууллага маань өөрчлөгдөж ийм байдалд орсноос тэтгэвэр тогтоолгох, төрийн албанд олон жил үнэнчээр ажиллачихаад хуулийн дагуу тусламж дэмжлэг авах эрх маань зөрчигдсөн. Төрийн албанд үргэлжлүүлэн томилогдож энэ эрхээ эдэлмээр байна” гэж тайлбарлаж байх тул түүнийг Цөмийн энергийн комиссын ажлын албаны даргын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар баталсан Цөмийн энергийн комиссын ажлын албаны Тамгын газрын ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах гэж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилд авахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан Цөмийн энергийн комиссын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д зааснаар комиссын ажлын албаны дарга хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх халах эрхтэй байх тул Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь нэхэмжлэгч С.Оюунцэцэгийг ажилд авах үүрэг хүлээх этгээд биш бөгөөд түүний эрхийг хөндсөн аливаа захиргааны акт (үйлдэл, эс үйлдэхүй) гаргаагүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн харьяаллын бус гэж үзэж хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 841 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Цөмийн энергийн газрыг татан буулгах комиссын дарга Н.Батбаатарын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын С.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгон, С.Оюунцэцэгийг ажилд авахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, түүнийг зохих ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан С.Оюунцэцэгийн “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилд авахгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоож, ажилд авахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Цөмийн энергийн газрыг татан буулгах комисст ажилласан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Цөмийн энергийн комисс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ