Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/709

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00790 .... дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, их бууны захирагч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн ........ дугаар хороо, ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ............... дүүргийн .............. дугаар хороо, ................... байрны ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш овогт Бын И /РД:..................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, .............................. дугаар байрны .......... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Бтай “чи миний машин, байрыг зарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг лаазтай пивоор гар руу нь цохиж, толгойн тус газар нь хүүхдийн хуванцар сандлаар мөн хөл, нүүрэн тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон биед нь “тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, .............................. дугаар байрны .......... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Бтай “хүүхэд өгч явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний хөл, толгойн тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон бие нь “тархи доргилт, баруун гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 6 дугаар сарын 04ний өдрийн 565 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Б.Иыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх9-10, 32-40/,

2. Шүүгдэгч Б.И, хохирогч Э.Б нарын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх59-60/,

3. Хохирогч Э.Бгийн “...Эхний буюу 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, мөн зүүн бугалга руу лаазтай пиво барьж цохисон. Мөн хүүхдийн хуванцар гартаа барьж байгаад толгой руу цохисон байдаг юм. Одоо тухайн сандал нь байхгүй. Хагараад эвдэрчихээр нь хогон дээр гаргаад хаячихсан. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бол дандаа гар, хөлөөрөө цохиж гэмтэл учруулсан байгаа. ...Би одоо Б.Иаас нийтдээ 256.000 төгрөг нэхэмжилж байна. Би тус бүр 120.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан. Дээрх 2 асуудалд тус бүрд нь авхуулсан юм. Мөн шүүх эмнэлэгт 2 удаа үзүүлсэн. Тус бүр 8.000 төгрөг гэхээр нийт 256.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх113-114/,

4. Гэрч М.Мгийн “...Сая харин надад өөрөө хэллээ. Сүүлд Афганистан явж ирээд гар хүрдэг болсон, 2 удаа ингэж зодоод тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Одоо гэр бүл цуцлуулах болсон гэдгээ хэлсэн. Тэрнээс бол би энэ талаар болон манай гэрийнхэн сайн мэдэхгүй байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх123-124/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3434 дугаар “...Э.Бгийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх26-28/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4067 дугаар “...Э.Бгийн биед тархи доргилт,баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх128-129/,

7. Шүүгдэгч Б.Иы яллагдагчаар өгсөн “...намайг эхнэр гэрээс хөөж яв, зайл гэхэд нь би зөвшөөрсөн боловч мөнгө байхгүй гэсэн ба тэрнээс болж хоорондоо маргалдаад би эхнэрийг чамайг дахиад цохичихвол чи намайг шүүх цагдаад өгнө биз дээ гээд гараараа толгой дээгүүр нь 5-6 удаа хий цохиж байгаад 1 удаа бол шанаанд нь алгадсан. Тэгээд хөл нүцгэн байж байгаад баруун гуя руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би дахиж цохиж биед нь халдаагүй бөгөөд би ус ууж байсан аягаа гал тогооны хана руу шидэж хагалсан. Мөн буузны жигнүүр авч хана руу шидсэн. Тэгээд Б надаас уучлал гуйгаад одоо хоёулаа эвлэрье өглөө хоёулаа ярилцъя чиний олж ирсэн мөнгийг би үрсэн нь буруу, гэртээ гаргадаг ааш зангаа ч бас засъя ойлголцъё гээд ярилцаад байж байхад цагдаа орж ирээд намайг аваад явсан. ...Гэр бүлийн таарамжгүй харьцаа, мөнгөнөөс болж бид 2 муудалцсан. ...Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх139-141/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.И:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.И, хохирогч Э.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, нөхрийн харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх73/, зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэдүүлэг тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.И нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, .............................. байрны, .......... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Э.Бг гэр бүлийн маргаантай асуудлаас 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, мөн оны 5 дугаар сарын 13-ны өдрүүдэд 2 удаа цохиж зодон тус тус биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Бгийн “...Эхний буюу 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, мөн зүүн бугалга руу лаазтай пиво барьж цохисон. Мөн хүүхдийн хуванцар гартаа барьж байгаад толгой руу цохисон байдаг юм. Одоо тухайн сандал нь байхгүй. Хагараад эвдэрчихээр нь хогон дээр гаргаад хаячихсан. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бол дандаа гар, хөлөөрөө цохиж гэмтэл учруулсан байгаа...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхэд гаргасан мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /удаа дараа хохирогчийн биед халдаж/  буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Энэхүү үйлдлүүдийн улмаас хохирогч Э.Бгийн биед “тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3434 дугаар дүгнэлт, мөн “тархи доргилт,баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4067 дугаар дүгнэлтүүд болон дээр дурдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Б.И 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Э.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 256.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иаас 256.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бд олгуулах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ид 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Б.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баасанжавын Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иаас 256.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Бд олгуулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР