Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/711

 

 

 

 

 

 

 

    2021         12          20                                       2021/ШЦТ/711

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, шүүгдэгч А.З-, нарийн бичгийн дарга  Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт А-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000000984 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт А-ийн З,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.З- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” супермаркетад 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.С-тай түүний охин Г.Цэнд-Аюушийн цалингийн зөрүүтэй холбоотой асуудлаар маргалдан үснээс нь зулгаан өшиглөж, биед нь зүүн бугалга, шуу, сарвуу, баруун хөх, умдагт цус хуралт, дагзны хуйхны цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч А.З-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хохирлын 612,500 төгрөгийг охины данс руу шилжүүлсэн, хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 17 цаг өнгөрч байхад охин Г.Цэнд-Аюушийн хамт цалингийн мөнгийг нь асууж нягтлантай уулзаад цалингийн зөрүүтэй холбоотой асуудал гарсан байна гэж халимаг үстэй эмэгтэйтэй уулзсан. Тэгсэн тус эмэгтэй ярилцаад цалингийн зөрүүтэй асуудлыг хэлэхэд ойлголцохгүй “би наадахыг чинь бодоогүй, нягтлантай уулзахгүй юу” гэхээр нь “чи мэдэхгүй юм бол нягтлантайгаа эхлээд уулзуулахгүй яасан юм” гэхэд ширээгээ нүдэж босож ирээд миний бичсэн цаасыг базаад газарт шидээд, ширээн дээр өөрийнхөө хажууд байсан цаас хэрчигч хутгатай том дөрвөлжин зүйлийг над руу шидэхээр нь би бултаад ширээний нөгөө талаар нь тойроод газар базаж хаясан цаасыг авах гээд очиход намайг тийрээд унагаахаар нь цаасаа аваад дээшээ өндийхөд миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдэхэд гаднаас нягтлан эмэгтэй бас нэг эмэгтэй орж ирээд нийлээд үстсэн. Энэ үед миний охиндоо аавыгаа, бас цагдаа дуудаарай гэж хэлсэн ...Тэр халимаг үстэй эмэгтэй гараараа толгой руу цохиж, гарын шуун дээрээс болон цээж хэсэгт маажсан. Мөн гэдэс рүү өшиглөсөн учраас хөндүүртэй байна...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эхнэр ...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ковид-19 өвчний улмаас нас барсан. ...Баримтаар 612,500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг А.З- миний охины данс руу шилжүүлж барагдуулсан...” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Гэрч Г.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой ажлын өрөөндөө сууж байхад хүмүүсийн муудалцах чимээ сонсогдсон. Тэгээд шууд санхүүгийн өрөө рүү ороод хартал ерөнхий нягтлан З-г манай ажилтны ээж үстчихсэн байсан...” /хх-ийн 36-37/ гэсэн,

 

Гэрч Г.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Золоо эгч уурлаж ээжийн цалин бодсон цаасыг авч шидсэн ба уг цаастай 2-3 ширхэг цаас байсан нь хийссэн. Ээж маань “менежер чинь чамтай уулз гэхэд чи урдаас уурлалаа, тайлбарлаж өгсөнгүй” гэж уурласан. Золоо нь “би цалин боддог нь биш, Уранаа боддог” гэж хэлсэн. Золоо цаас авч шидсэнийхээ дараа цаас зүсдэг хэрэгслээ татаж автал бариул нь салсан, улмаар уг бариулыг манай ээж рүү чиглүүлж шидтэл оноогүй хажуугаар гарч хана онож байгаа харагдсан. Манай ээж “чи яахаараа юм шиддэг юм бэ” гээд цалин бодсон цаасаа авах гээд тонгойх үед Золоо өсгийтэй гутлаараа ээжийн хэвлий орчимд жийж унагаасан. Гэтэл ээж босож ирээд шууд Золоотой маргалдаж харилцан зодолдож эхэлсэн. Энэ үед Урнаа эгч бид 2 салгах гэж дундуур нь орсон боловч салгаж чадаагүй. Би ээжийгээ авах санаатай байсан ч дийлээгүй, зодоод байгаа хүнийг нь бариад авбал зүгээр болох байх гэж бодоод Уранаа эгч бид хоёр Золоог барьж автал хэн ч салж өгөхгүй байсан. Золоо завсар гарвал ээжийг гараараа цохих, маажих үйлдэл гаргаж байсан. Мөн харилцан бие, биеэ үстсэн байсан, аавыгаа дууд гэж байсан...” /хх-ийн 41-43/ гэсэн,

 

Гэрч Э.Урангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ахлах нягтлан нөгөө эгчийн бичээд өгсөн цаасыг уурлаад газар аваад шидчихсэн. Тэгсэн чинь хүний юмыг авч шиддэг хэн бэ гээд нөгөө эгч уурлаад манай ерөнхий нягтлангийн үснээс зулгаалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдоод байхаар нь очоод салгах гээд очсон. Тэгсэн бас ерөнхий нягтлантайгаа нийлээд намайг зодлоо гэж тэр эгч хэлээд байсан. Тэр эгч ерөнхий нягтлангийн үснээс нь аймаар зулгаагаад доошоо дарчихсан байсан. Ерөнхий нягтлан маань доошоо тонгойчихсон байсан болохоор тэр эгчийн энгэрээс самардсан байх. Тэгээд тэр хоёрыг салгаж дийлэхгүй байж байтал Хонгорзул менежер гаднаас орж ирээд бас салгах гээд зулгааж эхэлсэн...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Шүүгдэгч А.З- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Цэнд-Аюуш ээжийнхээ хамт орж ирээд цалингийн маргаантай байгаа талаараа хэлсэн. Бидний бодож өгсөн цалинг цаасан дээр буруу тайлбарлан бичсэн байсан тул би нягтлангийн хамт тайлбарлан хэлсэн боловч сонсохгүй байснаас маргаан үүссэн. ...Бид хоёр цаасаа харилцан шидэлцэж байхад цаас миний хажууд унасан бөгөөд цаасаа авах гэж ирэхдээ намайг хана руу түлхэхээр нь буцааж түлхсэн, бид хоёр харилцан зууралдаж ноцолдож эхэлсэн...” /хх-ийн 71-73/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №9702 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.З-гийн биед баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 33-34/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/, 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22/,

- Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 85-92/,

- Хохирол төлсөн баримтын хуулбар /хх-ийн 100/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 120/,

- Шүүгдэгч  А.З-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 106-108/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.З- нь Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Хан-Уул Тауэр-ын 9 давхрын 903 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.С-тай түүний охин Г.Цэнд-Аюушийн цалингийн зөрүүтэй холбоотой асуудлаар маргалдан үснээс нь зулгаан өшиглөж, биед нь зүүн бугалга, шуу, сарвуу, баруун хөх, умдагт цус хуралт, дагзны хуйхны цээж, зүүн шуунд зулгаралт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь болох нь хохирогч Л.С-гийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 17 цаг өнгөрч байхад охин Г.Цэнд-Аюушийн хамт цалингийн зөрүүтэй холбоотой асуудал гарсан гэж нэг халимаг үстэй эмэгтэйтэй уулзсан. Тэгсэн тус эмэгтэй ярилцаад цалингийн зөрүүтэй асуудлыг хэлэхэд ойлголцохгүй “би наадахыг чинь бодоогүй нягтлантай уулзахгүй юу” гэхээр нь”чи мэдэхгүй юм бол нягтлантайгаа эхлээд уулзуулахгүй яасан юм” гэхэд ширээгээ нүдэж босож ирээд миний бичсэн цаасыг базаад газарт шидээд, ширээн дээр өөрийнхөө хажууд байсан цаас хэрчигч хутгатай том дөрвөлжин зүйлийг над руу шидэхээр нь би бултаад ширээний нөгөө талаар нь тойроод газар базаж хаясан цаасыг авах гээд очиход намайг тийрээд унагаахаар нь цаасаа аваад дээшээ өндийхөд миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн санагдаж байна. ...Тэр халимаг үстэй эмэгтэй гараараа толгой руу цохиж гарын шуу дээрээс болон цээж хэсэгт маажсан. Мөн гэдэс рүү өшиглөсөн учраас хөндүүртэй байна...” /хх-ийн 24-25/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганзоригийн “...Миний эхнэр ...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ковид-19 өвчний улмаас нас барсан. ...Баримтаар 612,500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг А.З- миний охины данс руу шилжүүлж барагдуулсан...” /хх-ийн 28-29/ гэсэн, гэрч Г.Хонгорзулын “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой өрөөндөө сууж байхад хүмүүсийн муудалцах чимээ сонсогдсон. Тэгээд шууд санхүүгийн өрөөнд ороход ерөнхий нягтлан З-г манай ажилтны ээж үстчихсэн байсан...” /хх-ийн 36-37/ гэсэн, гэрч Г.Цэнд-Аюушийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Золоо эгч уурлаж ээжийн цалин бодсон цаасыг авч шидсэн. Ээж “менежер чинь чамтай уулз гэхэд чи урдаас уурлалаа, тайлбарлаж өгсөнгүй” гэж уурласан. Золоо “би цалин боддог нь биш Уранаа боддог” гэж хэлсэн. Золоо цаас авч шидсэнийхээ дараа цаас зүсдэг хэрэгслээ татаж автал бариул нь салсан, улмаар уг бариулыг манай ээж рүү чиглүүлж шидтэл оноогүй, хана онож байгаа харагдсан. Манай ээж “чи яахаараа юм шиддэг юм бэ” гээд цалин бодсон цаасаа авах гээд тонгойх үед Золоо өсгийтэй гутлаараа ээжийн хэвлий орчимд жийж унагаасан. Гэтэл ээж босож ирээд шууд Золоотой маргалдаж харилцан зодолдож эхэлсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн, гэрч Э.Урангэрэлийн “...Манай ахлах нягтлан нөгөө эгчийн бичээд өгсөн цаасыг уурлаад газар аваад шидчихсэн. Тэгсэн хүний юмыг авч шиддэг хэн бэ гээд нөгөө эгч уурлаад манай ерөнхий нягтлангийн үснээс зулгаалцаад зодолдоод эхэлсэн. Тэгээд зодолдоод байхаар нь очоод салгах гээд очсон чинь ерөнхий нягтлантайгаа нийлээд намайг зодлоо гэж тэр эгч хэлээд байсан. Тэр эгч ерөнхий нягтлангийн үснээс нь аймаар зулгаагаад доошоо дарчихсан байсан. Ерөнхий нягтлан доошоо тонгойчихсон байсан болохоор тэр эгчийн энгэрээс самардсан байх...” /хх-ийн 48-49/ гэсэн, шүүгдэгч А.З-гийн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...Цэнд-Аюуш ээжийнхээ хамт орж ирээд цалингийн талаар маргаантай байгаа гэж хэлсэн. Бидний бодож өгсөн цалинг цаасан дээр буруу тайлбарлаж бичсэн байхаар нь би нягтлангийн хамт тайлбарлаж хэлэхэд сонсохгүй байснаас маргаан үүссэн. ...Бид хоёр цаасаа харилцан шидэлцэж байхад цаас миний хажууд унасан бөгөөд цаасаа авах гэж ирэхдээ намайг хана руу түлхэхээр нь буцааж түлхсэн, бид хоёр харилцан зууралдаж ноцолдож эхэлсэн...” /хх-ийн 71-73/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №9702 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт А.З-гийн биед баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 33-34/ гэсэн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/,  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Л.С-гийн эрүүл мэндэд учирсан “...баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.З-гийн түүнийг цохих, түлхэх, үстэх зэрэг санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.З-гийн хохирогч Л.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.З-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-гийн эрүүл мэндэд баруун гарын сарвуунд цус хуралт, баруун гарын шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганзоригоос баримтаар 615,500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  

Шүүгдэгч А.З- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.З- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110000000984 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганзориг нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт А-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.З-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110000000984 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.З- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганзориг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР