Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Г.Дэлгэрсайхан , Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Утаа овогт Нянгарын Мөнхтөрд холбогдох 2133000390075 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, Бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Мал малладаг ажилтай, ам бүл 4, ээж хоёр ахтайгаа хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Орхон сум 2 дугаар баг Бэлэндалай шийрийн өнгөт гэх газарт оршин суух, Утаа овогт *******/ РД:МЙ00000000/, Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2021 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн Шийрийн бригад гэх газарт тус сумын иргэн О.Пүрэвдоржтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр болон зүүн хавирганы нум орчимд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-наас 2021 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн Шийрийн бригад гэх газарт тус сумын иргэн О.Пүрэвдоржтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр болон зүүн хавирганы нум орчимд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч О.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орой ногоон модны хөлд Хишгээ, Бямбацогт Мөөрөө нартай таараад 1 тал пиво хувааж уусан. Тэгтэл тэр гурав танайд очиж хоол идье гэхээр нь манай эхнэр толгой чаначихсан байгаа тэрийг очиж идье гэж хэлээд манайд ирцгээсэн. Манайд ирээд 1 шил архины талыг 2 уугаад байж байхад Мөөрөө намайг “чи хужаагийн цустай хулгайчууд хулгайчийн гууныхан” гэх мэтээр доромжлоод байсан. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо муудалцсан ба манай эхнэр тал шил архиа аваад явцгаа гээд гэрээс гаргаад тавьчихсан. Тэгээд гэрээс гараад Мөөрөө бид хоёр хоорондоо ганц нэг удаа цохилцсон. Тэгтэл Хишгээ салгаж байхдаа дээрээс дарсан ба Мөөрөө миний нүүр лүү 3 удаа өшиглөсөн. Надад Мөнхтөр /Мөөрөө/ л халдсан өөр хүн халдаагүй. Би гомдолтой байна хуулийн хариуцлага тооцож өгнө үү..., ...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Шийрийн бригадын ард Ногоон модны гармын тэнд нэг бяруу хайгаад морьтой явж байтал нэг приус-20 маркийн машин над дээр давхиад ирсэн. Тэгсэн дотор нь Бямбацогт жолоо барьчихсан хажууд нь Хишигбаяр суучихсан байсан. Тэгсэн тал пиво гаргаж ирээд надад хийж өгөөд ганц татчих гээд байхаар нь ганц аяга пиво уучихаад байж байтал Мөөрөө /*******/ өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинтай ганцаараа ирсэн. Тэгээд тэнд байсан жаахан пиво ууж дуусгасан чинь Бямбацогт “би өлсөөд байна танай гэрт очиж хоол хийж идье” гэхээр нь би эхнэр хоол хийчихсэн байгаа гэрт очиж хоол идээрэй гэж хэлсэн. Тэгээд би бяруугаа хайж байгаад 19 цагийн орчимд гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал араас нөгөө хэд ирсэн. Тэгээд хоол идье гэхээр нь би чанасан толгой, гэдэс байхаар нь би гаргаж өгөөд бас гал түлж шөл халааж өгсөн. Тэд нар хоолоо идчихээд өөрсдөө авч ирсэн “Хараа” нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд тойруулсан. Би тэр архинаас нь 2 л хундага татсан байх. Тэгсэн ******* архи уухгүй алгасаад байсан. Тэгээд архи нь талдаа орж байтал ******* "Чамайг харахаар хужаа ч юм шиг Монгол ч юм шиг, муусайн хулгайчууд, хулгайчийн гууныхан" гэх мэтээр харааж доромжлоод байсан. Харин би өөдёөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Бие засах гээд боссон чинь Мөнхтөр шууд миний мөр хэсэг рүү цохисон. Харин би гараараа хаасан. Тэгээд хоорондоо барьцалдаад авсан чинь Хишигбаяр бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд намайг тэврээд авсан. Тэгээд зууралдсан чигээрэз гэрээс гарч байгаад Хишгээ бид хоёр давхралдаад уначихсан. Тэгсэн ******* араас гарч ирээд шууд миний нүүр лүү өшиглөсөн. Тэгсэн манай эхнэр уурлаад тал шил архиа аваад яв гээд хөөсөн чинь явахгүй байсан. Тэгсэн цагдаад дуудлага өглөө гэсэн чинь Хишигбаяр яваад өгсөн. Харин Бямбацогт маргаан эхлэх үед л яваад өгсөн байсан. Би гэрийн зүүн талд ширээний хажууд суусан. ******* миний хажууд баруун талд сууж байсан. Хишигбаяр ширээний баруун талд сууж байсан. харин Бямбацогт гэрийн баруун талын орны хөл хавьцаа орон дээр сууж байсан. Манай эхнэр гэрийн зүүн талын орон дээр хүүхдүүдээ хараад сууж байсан. Өөр хүн бол байгаагүй. *******, Бямбацогт, Хишигбаяр нар бага зэрэг архи уучихсан байсан. Манай гэрт ирээд архи нэг их уугаагүй 0,75 литрийн Хараа архийг талд нь ортол уусан. Тэгтлээ их согтож тасарсан хүн бол байгаагүй. Манай эхнэр архинаас огт уугаагүй эрүүл байсан. Би нэг нутаг усны хүмүүс болохоор бие биенээ сайн танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо бол байхгүй. Би ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй. ******* өөрөө ямар ч шалтгаангүй над руу дайраад муу хулгайч хужаа, чамайг хоёр хамар давуулж байхад, би гурван хамар давуулна, хулгайчийн гууныхан гээд л доромжлоод эхэлсэн. Урьд *******эй маргалдаж байсан удаа байхгүй энгийн мэндтэй устай л явдаг байсан. 2021 оны 10 дутаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байсан байх. ******* гараараа миний нүүр лүү 3-4 удаа цохисон, газарт унасан байхад миний цээжний зүүн хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Бас үсдээд байсан. Намайг цохиж өшиглөх үед миний нүүр хөхөрсөн, хамар муруйж халцарсан. Хавирга хэмжээр хөндүүрлэсэн байсан. Би өөрийгөө хамгаалж мөр гар хэсэг рүү нь 2 удаа л цохисон байсан. Би гомдолтой байна. Эмчилгээ хийсэн зардал болон шатахууны зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 18-19-р хуудас/, 2.Гэр М.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2021 оны 10 дугаар сарын 18-ны 21 цаг 40 минутын орчимд манай гадаа 2 машин ирээд зогссон ба манай нөхөр араас нь үхрээ туугаад орж ирсэн. Тэгээд манай нөхрийн хамт Бямбацогт Хишгээ Мөөрөө гурав орж ирсэн. Гэрт орж ирээд өлсөж байна гэхээр нь хоол халааж өгсөн. Хоол идчихээд архи гаргаж ирээд хувааж ууж эхэлсэн ба архи талдаа орж байхад манай нөхрийг Мөөрөө “харахад хужаа ч юм шиг, халх ч юм шиг удам судрыг нь судалбал Монгол ч юм шиг хулгайчийн 3 гууныхан” гэх мэтээр үг идэж байгаад босож ирээд манай нөхрийг цохисон ба Хишгээ голоор нь орж түлхсэн. Би гарцгаа гээд архийг нь гадаа гаргаад тавьчихсан. Манай нөхөр, Мөөрөө, Хишгээ гурав зууралдаад гарцгаасан. Гэрээс гарахад Хишгээ Улаанаагийн дээр дараад унахад нь Мөөрөө нүүр цээж рүү нь өшиглөсөн. Би Мөөрөөг татаж нөхрөөсөө холдуулах гэхэд миний үснээс зулгаасан. Тэгээд 03 цагийн үед Мөөрөөгийн ах нь ирж авч явсан..., ...Миний үснээс зулгаасан гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ******* манай гэрт орж ирээд 1 шил архи гаргаж ирсэн. Тэр архинаасаа огт уугаагүй маргаан болох үед ******* тийм ч их согтуу байгаагүй. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Хишигбаяр манай нөхрийг газарт унагаагаад дээр нь дарж хэвтчихээд босгохгүй байсан. тэр хооронд Мөнхбат манай нөхрийг цохисон. Би Хишигбаярт манай нөхрийг босго гээд хэлээд байхад босгохгүй байсан. Харин Н.Мөнхбат болохоор Хишгээ намайг өмөөрөөрэй гээд байсан. Би бодохдоо Хишигбаяр манай нөхрийг санаатай тэвэрч байгаад Мөнхтөрөөр цохиулсан гэж бодож байна. Шинэбаяр Пүрэвдоржийг огт цохиогүй, хэрүүл маргаан хийгээгүй. Хэлээр амаар доромжлоогүй зүгээр л дээр нь дарж хэвтчихээд босохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 35-р хуудас/, 3.Гэрч Б.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байсан. Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Шийрийн бригад гэх газарт байх гэрээсээ гараад үхэртээ явж байтал Бямбацогт гэх залуу машинтайгаа явж таарахаар нь би үхэр лүү дөхүүлээд өг гээд машинд нь суугаад Шийрийн бригадын Ногоон модны гарам дээр ирсэн. Тэгээд машинаас буусан чинь тэнд Улаанаа /О.Пүрэвдорж/ гэх зүс таних залуу морьтой явж тааралдсан. Тэгсэн Бямбацогт Улаанаа хоёр хоорондоо их сүрхий ярилцаад байсан. Тэгээд Бямбацогт “хөгшин нь шинэ Приус-30 машин авлаа энийгээ мялаагаад ганц пиво уугаад явж байна пивоноос уух уу” гээд тал пиво гаргаж ирээд Улаанаад өгсөн харин би пиво аягалаж өгсөн. Тэгсэн Мөрөө /*******/ гэх залуу машинтайгаа ирж таарсан. Тэгээд бид дөрөв 1 том пиво хувааж уучихаад одоо яах уу гэсэн чинь Бямбацогт “ганц юм авч ууя” гээд машинд нь бүгд суугаад шууд машинтайгаа 42 дугаар тоочиг орж Бямбацогт дэлгүүр ороод 2 тортой юм бариад гараад ирсан. Тэгээд буцаад Ногоон модны гарам руу явсан замдаа бид нар архинаас нэг нэг л татсан байх. Тэгээд Ногоон модны гарам дээр очсон чинь Бямбацогт хөгшин нь өлсөөд байна гэсэн чинь Пүрэвдорж тэгвэл манай гэрт очъё хоол ид гээд морио унаад биднийг дагуулаад явсан. Харин би Бямбацогттой хамт машинтай, ******* өөрийнхөө Портер машинтай дагаад Шийрийн бригадын хажууханд Пүрэвдоржийн гэрт очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очоод танай эхнэр хүүхэд байгаа юм уу зөвшөөрөл аваарай гэж хэлээд зөвшөөрөл авч гэрт нь орсон. Тэгсэн Пүрэвдорж чанасан толгой гаргаж ирээд идсэн. Харин Бямбацогт машин дотроосоо эхлээд 1 том пиво, дараа нь 0,75 литрийн Хараа архи авч орж ирээд бараг талдаа орж байтал Бямбацогт “Би чинь урианхай ш дээ юм л бол уурлаад цохилцох гээд байдаг” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхтөр Пүрэвдоржийг доромжлоод урианхай буриад гээд яс үндсээр нь үг хаялцаад байсан. Тэгсэн сүүлдээ тэр нь бүр хэрүүл болсон. Тэгээд Мөнхтөр, Пүрэвдорж хоёр гэрээс гарсан. Тэгээд гэрээс гараад л пид пад гээд цохилцоод явчихсан. Тэгэхлээр нь би араас нь гартал хоорондоо барьцалдаад авчихсан байхаар нь би дундуур нь очиж салгасан. Тэгээд гайгүй болчихоор нь цаашаа явж бие засаад тамхи татаад байж байтал Пүрэвдорж, Мөнхтөр хоёр хоорондоо дахиж барьцалдаж аваад дээр доороо ороод байсан. Тэгэхээр нь дахиж очоод Мөнхтөрийг дээрээс нь татаж босгочихоод Пүрэвдоржийг татаж босгох гэтэл ******* хажуугаар орж ирээд өшиглөчих шиг болсон. Нэг мэдсэн хамарнаас нь цус гарчихсан. Тэгээд тэр хоёрыг салгаад Пүрэвдоржийг газраас босгох гэсэн чинь эхнэр нь ирээд наадхаа тавь гээд байсан. Тэгээд би харьчихсан. Пүрэвдоржийн эхнэр нь байсан бас хүүхэд байсан өөр хүн бол байгаагүй. 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байсан байх би гэртээ орж ирэхэд 00 цаг 05 минут болж байсан. Мөнхтөр, Пүрэвдорж хоёр хоорондоо маргалдсан. Өөр маргалдсан хүн байхгүй. Бие биенийгээ яс үндсээр нь доромжилоод байсан. Уул нь эхэндээ тоглоом шоглоом байсан. Тэгсэн сүүлдээ хэрүүл болоод зодоон болсон. Би пивоноос ганц татсан. Архинаас 1-2 л татсан бараг эрүүл шахуу байсан. Харин Мөнхтөр, Пүрэвдорж нар бага зэрэг уусан согтолттой байсан. Бямбацогт нилээн согтолттой байсан. Тэр хоёр rap хөлөөрөө л цохиж ашиглаад байсан. Хэдэн удаа хаана цохисон гэдгийг ба хэлж мэдэхгүй байна. Дээр доороо ороод байсан. Тэр хоёрыг 4 салгахад Улаанаа хамраа барьчихсан хамраас нь цус гарсан байсан. Харин Мөнхтөрийн биед гэмтэл анзаарагдаагүй. Гадаа харанхуй байсан. Би Мөнхтөртэй нийлж Пүрэвдоржийг зодсон асуудал огт байхгүй. Харин эхнэр нь тэр талаар сайн мэдэж байгаа. Би Мөнхтөр, Пүрэвдорж хоёртой нийлээд байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, 4.О.Пүрэвдоржийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гомдол /хх-ийн 4-5-р хуудас/, 5. Орхон Эрүүл мэндийн төвийн эмч Г.Энхчимэгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 9-р хуудас/, 6.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №706 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.О.Пүрэвдоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр болон зүүн хавирганы нум орчимд цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.О.Пүрэвдоржийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/, 7.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр гол дээр дөрвүүлээ санаандгүй таараад 42 ороод намайг ханьтай цуг байгаач гэсэн юм. Тэгээд гэр лүү нь явахынхаа өмнө нэг пиво уугаад архинаас нь нэг амссан. Гэрт нь очоод нэг шил архи уусан өлсөөд байна гэхээр нь гэрт очиж хоол идсэн. Ийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь О.Пүрэвдоржийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар : *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 5 *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Утаа овогт ******* хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА