Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 139

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0139/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, ***** төрсөн, ***** настай, эмэгтэй, ******* оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ******ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, /***
Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь *****ы өдөр ******т хэвтэн эмчлүүлж байсан иргэн *** Самсунг эс-4 маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэг*** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байх сайн санахгүй байна. Нэгдсэн эмнэлгийн тасгуудаар зөгийн бал зарах гээд явж байсан. 3 давхарт дотрын тасгуудаар явж байгаад нэг палат уруу ороход бүдүүн, нүдний шилтэй эгч сууж байсан. Тэр эгчээс зөгийн бал авах уу гэж асуухад үгүй гэж хэлэхээр нь гарах гэтэл хажууд эзгүй байсан наад талын орон дээр гар утас байсан. Тэр палатад тэр эгчээс өөр хүн байгаагүй, тэгээд би гар утсыг нь авчихсан. Хулгайлсан гар утсаа үйлчилгээний төв дээр нэг махлаг ах явж байхаар нь тэр ахаас “гар утас худалдаж авах уу” гэж асуусан. Тэгсэн тэр ах үзэж байгаад, ахад нь байгаа нь 50,000 төгрөг байна гэхээр нь 50,000 төгрөгөнд зарчихсан. Тэр мөнгөөрөө гэртээ хоол ундны зүйл байхгүй байсан болохоор идэж, уух хоол хүнсний зүйл авсан. Би гар утас зарсан хүнээ харвал танина. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, тухайн үед мөнгө төгрөггүй, хүүхдүүд хоол ундгүй, өөрөө ч өлсөж байсан учраас гар утсыг авчихсан. Би авсан гар утасныхаа мөнгийг төлнө, манай эгч ажил хийдэг, надад тусална.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 20 дахь тал/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2016 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн *** тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад өөрийн Самсунг галакси эс-4 маркийн гар утсаа өрөөнийхөө орон дээр тавьчихсан байж байгаад хулгайд алдсан. Өрөөнд надаас гадна 2 хүн байсан, тэгээд гадаа салхинд гараад 15-20 минут орчим болоод орж ирээд хэвтэх гэж байгаад утсаа хайгаад олоогүй. Цагдаад дуудлага өгөөд хяналтын камер шүүлгэхэд зөгийн бал зарах гээд явж байсан эмэгтэй хүн авсан байсан. Намайг гадаа салхилахаар гарахад өрөөнд нэг хүн маань үлдсэн, тэр өрөөнд үлдсэн эмэгтэйгээс асуухад “зөгийн бал зарж байсан эмэгтэй миний орон дээр суугаад зөгийн бал авах уу гэж асуусан” гэж хэлсэн. Тэр эмэгтэй миний гар утсыг авсан байсан. Тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмээд 2 хоногийн өмнө 10,000 төгрөгөөр зөгийн бал зарсан байсан, тэгээд тэр эмээ дахин зөгийн бал авч магадгүй гээд утасны дугаарыг нь бичиж авсан байсан. Тэр эмээгээс миний гар утсыг авсан эмэгтэйн дугаарыг авч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гар утас авсан эмэгтэйг дуудаж уулзахад миний утсыг авснаа хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 11 дүгээр сарын дундуур Теди худалдааны төвөөс 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нэг эмэгтэй орж ирээд зөгийн бал авах уу гэхээр нь авахгүй гэхэд *** эгчийн орон дээр дөхөж ирээд юм яриад суугаад байсан. Тэр эмэгтэйг гарснаас хойш хэдэн минутын дараа *** эгч, *** хоёр орж ирээд *** эгч орон дээр орхисон миний гар утас алга болсон байна гээд хайгаад байсан. *** эгчийн гар утсыг тэр зөгийн бал зараад явж байсан хүүхнийг авсан гэж бодож байна. Тухайн үед би тасгаасаа гараагүй, тэр хүүхнээс өөр хүн манай тасагт орж ирээгүй, Одончимэг эгчийн ор уруу ч ойртоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, 

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр зөгийн бал зарах гэж орж ирсэн эмэгтэйг сэжиглэж байна. Би тэр эмэгтэйн зүс царайг хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, 

2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ****т хэвтэн эмчлүүлж байсан иргэн *** самсунг эс-4 маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч *** шүүхэд ирүүлсэн: “...миний бие Майцэцэгийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, Майцэцэг нь хохирлыг бүрэн барагдуулсан тул бид эвлэрсэн. Дахин нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэх хүсэлтээр *** нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч *** бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан *** холбогдох эрүүгийн ***  дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД