Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/29

 

Т.П, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Д.Лханаасүрэн

Прокурор Ц.Сайнхүү

Шүүгдэгч Т.П-н өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.М,

Шүүгдэгч Т.Пж нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-н гаргасан давж заалдах гомдлоор Т.П , Э.Б р нарт холбогдох эрүүгийн 17160006800031 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын П нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Л.Ц, Э.Бр нарыг “гар утас хулгайлсан гэлээ” гэх шалтгаанаар зодож, Л.Ц, Э.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд Т.П зодолдож, Т.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.П-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар  450  нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.П-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийэ 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-н цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохооор, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225000 төгрөгөөр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Т.П хохирогч нарт хохирлыг төлсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.П-н өмгөөлөгч Д.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.А би тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/74 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Өөрөөр хэлбэл болсон үйл явдлаа санадаг, мэддэг хүн байгаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг. Хохирогч Б-н мэдүүлэгт Би Ц-г аваад цагдаа дээр очсон гэх ХХ-н 23-рт. гэрч -Сн мэдүүлэг Б ганцаараа ирсэн ХХ-н 47-рт сүүлд дахин мэдүүлэг авахад гэрч Сн ХХ-н 49-50, хохирогч Б ХХ-н 24-26. Цн ХХ-н 17-22 нарын мэдүүлэг нэгтгэгдэж санахгүй мэдэхгүй байсан зүйлээ ярьж урьд егснөөсөө өөр мэдүүлэг өгдөг.

2.  Шинжээч томилсон ХХ-н 61. 81. 101-рт байгаа тогтоолууд хуулийн шаардлага хангахгүй, нөхөж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх техникийн алдаа гэж үзэж дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-р зүйлийн 3-т Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийлгэх хугацаа. шинжилгээний объектьш талаарх мэдээллийг тусгахаар хуульчилсан боловч холбогдох тогтоолуудад пшнжилгээний хугацаа нөхөж бичигдсэн, шинжилгээний объект огт хүргэгдээгүй байдаг.

3.  Шинжээчийн ХХ-н 62, 82. 102-рт байгаа дүгнэлтүүд мөн хуулийн шаардлага хангаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь

1.  Хавтаст хэрэгт авагдсан шинжээч томилсон тогтоолууд нь 2017 оны 09-р сарын 24- ний   өдөр үйлдэгдсэн гэтэл шинжээчийн дүгнэлтүүд нь 2017 оны 09-р сарын 25-ны өдөр үйлдэгдсэн хавтаст хэрэгт байхгүй шийдвэрийг үндэслэн гарсан байдаг.

2.  Шинжээчийн   дүгнэлтэд   шинжилгээний   объектын   талаар   тусгаагүй   атлаа мөрдөгчөөс хүргүүлээгүй эмнэлэгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан эмнэлэгийн бичиг баримт болох хохирогч нарын эмнэлэгт хэвтсэн сторын хуулга нь дүгнэлт гарснаас хойш 1 сар 20 хоногийн дараа хавтаст хэрэг нотлох баримтаар бэхжигдсэн байдаг.   Үүнээс харахад нэг шинжээчийн гаргасан дүгнэлт хохирогч нарын өвчний түүх буюу сторын хуулгад байгаагүй зүйлийг бичиж дүгнэлт гаргаснаас тодорхой харагдана. Тиймдээ ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байсан.

Түүнчлэн сторын хуулга нь зарим зүйл нь уншигдах боломжгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байхад дээрх сторын хуулгуудад үндэслэн удаа дараа шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч холбогдох 3 шинжээч болон 5 шижээчийн бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчийн дүшгнэлтүүд нь өөр хоорондоо болон өвчитний түүхэд бичигдсэн гэмтэл, зэргээс өөрөөр гэмтэл нэмж хасагдаж гарч ирж байгаагаас шинжээчийн дүгнэлт үнэн бодитой гарч байгаа гэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл өвчитний түүхэд хохирогч нарын хавирганы хугарал дурьдагдаагүй байхад дүгнэлтүүдэд оншилж эмчилсэн байна гэж бичсэн. Анх аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилж оншлоход нь шинжилгээнд хохирогч Ц-н хавирга ясанд хугарал үгүй гэсэн байхад 2, болон 3 дахь удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд 2,3,4-р хавирганы хугарал, 3,4,5-р хавирганы хугарал гэж гэмтэл өөрөөр тогтоогддог. Шинжээч нар эмнэлэгт уг гэмтлийг оншилж эмчилсэн гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй, хохирогч Ц-н өвчитний түүхэд хавирга яс хугарч түүнийг нь эмчилсэн талаар зүйл тусгагдаагүй харин ч КТГ-н шинжилгээгээр хавирга яс хугаралгүй талаар оншлогдсон байхад оншилж эмчилсэн гэсэн дүгнэлтийг шинжээч нар гаргаж байгаа нь учир дутагдалтай төдийгүй шинжээчийн дүгнэлт үнэн бодитой гэхэд эргэлзээ төрж байна.

Мөн хамгийн бодитой гарах, оншлогдох хавирганы хугаралыг л ийнхүү янз янзаар оншилж тогтоож байгаагаас харахад уушигны авчилт гэх гэмтэл бодитой тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын тогтоосон оношоор л дүгнэлт гарч байна гэхэд хэлсдэхгүй байна.

Иймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй. хууль зөрчсөн, зөрүүтэй, эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзхэд П-г буруутгаж байгаа үндэслэл  нь өөрөө гэмтэл учируулсанаа хүлээн зөвшөөрсөн гэхдээ болгоомжгүй хүнд гэмтэл учируулсан байх магадлалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.яагаад ингэж үзэж байна вэ гэвэл санаатай гэмт хэргийн тухайд гэвэл хор уршигийг  хүсэж зорьж заавал учируулна гэсэн зорилготой байх ёстой. П-н тухайд тэр хоёр хүнд уушигний авчийлт гэдэг хүнд гэмтлийг учируулна гэж үнэхээр бодоогүй. Хийж байгаа үйлдэл нь хууль бус гэхдээ гэм буруугийн холимог хэлбэр үйлдэл нь санаатай хор уршиг нь болгоомжгүй гэж үзсэн. Энэ хавтаст хэргээр хүн хувь заяаг шийднэ гэхэд  хэцүү. Гэхдээ энэ хүн хохирсон гэмт хэргийг зүгээр ингээд өнгөрөөнө гэхэл хэцүү. Өмгөөлөгчийн зүгээс энэ хүнийг болгоомжгүй  гэдэг талаас  нь зүйлчилж өгөөч аль эсвэл энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд нь буцааж дахин шалгуулж өгөөч. Уушигний авчийлт гэдэг өвчинг нарийн мэргэжилийн эмч, шинжээч нар тайлбарлахдаа  10 хоногт эдгэрээд гардаг  гэмтэл  биш гэж үздэг.Сторийн хуулгаас хархад энэ  2 хүн аравхан хоногт эмчлэгдээд гарсан түүнээс хойш ямар ч эмчилгээ хийгдээгүй. Өнөөдөр  зүгээр ажлаа хийгээд явж байна. Тэгэхээр энэ нь бодитой уушигний авчийлт байсан уу гэвэл эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлтэнд итгэхэд үнэхээр бэрхшээлтэй хавирганы хугарлийг л янз янзаар гаргаад байгаа хүмүүс ерөөсөө нэгдсэн эмнэлэгийн эмч нарийн оношоор дүгнэлт гаргадаг байгуулга болоод байна. Тиймээс ийм эргэлзээтэй нөхцөл байгаа учраас  өмгөөлөгчийн  хувьд гомдлоо  гаргахдаа  хэргийг хэрэгсэхгүй  болгож өгөөч гэсэн байр суурьнаас гаргасан гэв.

     Шүүгдэч Т.Пж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед бид 3 юу болсныг санахгүй байгаа. ирж явах хугацаандаа тэгсэн байх гэж ярисанаараа мэдүүлгээ өгөөд явсан. Тухайн үед хүнд гэмтэл учруулна гэж учруулаагүй. Миний ялыг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б-н тухайд шүүгдэгч, хохирогчоор давхар орж байгаа. Одоо ямар нэг гомдол санал байхгүй. Тухайн үед би согтуу байсан болсон явдлыг бид 3 аль аль нь санахгүй байгаа гэдэг. Энэ хэргээс болж нэг удаа эмнэлэгт хэвтээд гарсан.Түүнээс хойш дахин эмчлүүлээгүй биеийн байдал сайн байгаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлдэг. Тухайн үед Пж уг гэмтэлийг Б-т санаатай учируулсан гэдэг нь эргэлзээтэй байгаа гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзээд давж заалдах шатны шүүхээс  хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх 2 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байдаг. Шинжээч томилсон тогтоол шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасах үндэслэл байхгүй. Дахин шинжээч томилох болгонд хохирогч нарын биеийг үзсэн, уушигны компютер томограпийн шинжилгээ хийлгэж, урьд авсан рентген зургийг дүрс оношлогооны эмчээр уншуулах зэргээр дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хавирганы хугарлаас гадна уушигны авчилт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа. Тиймээс хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Т.П нь үйлдэлдээ санаатай, хор уршигтаа болгоомжгүй хандсан гэж ярьж байгаа боловч болсон асуудлыг мэдэхгүй тасарчихсан байсан хүнийг хор уршигт болгоомжгүй хандсаныг өмгөөлөгч яаж мэдээд байгаа нь ойлгосжгүй байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч ямар нотлох баримтыг үндэслэж мөрдөгч нь шүүгдэгч нараас тулгаж мэдүүлэг авсан гээд байгаа эь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгч нар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт баталсан мэдүүлэг өгсөн байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж шүүгдэгч Т.П-н өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Пүрэвдорж нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд Л.Ц-г зодож газарт унагаж цээжин дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны авчилт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд цагдаагийн хэсгийн байранд  Э.Б-г зодож, газар унагаж цээжин дээр нь дэвсэж Э.Б-н эрүүл мэндэд зүүн 4 ба 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн уушигны авчилт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд цагдаагийн хэлтсийн байранд Т.П зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 Эдгээр үйл баримт нь хохирогч Э.Б-н “Т.П Л.Ц машинд сууж байхад хөлнөөс нь татаж газарт унагаад цээжин дээр нь 2-3 удаа дэвссэн тухай” мэдүүлэг, гэрч Т.С “Ц-г сугадаж өргөөд эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд 4 дүгээр хавирга хугарсан байна. Дотуур цус алдаж байж магадгүй яаралтай аймаг руу яв гэж хэлсэн. Цагдаагийн байранд буцаж ирэхэд Э.Б миний цээжээр хатгаад би босч чадахгүй байна гэхээр нь Ч.Г-г авч явж эмчид үзүүлэхэд хавирга нь хугарсан байх магадлалтай, яаралтай аймаг авч яв гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч Ч.Г  “машин дээр яваад очиход Т.П Л.Ц-г газарт унагааж цээжин дээр нь дэвсэж нүүрэнд нь гараараа цохьсон бөгөөд дараа нь цагдаагийн эрүүлжүүлэх байранд нь Т.П, Э.Б  нар хоорондоо зодолдож, Т.П нь Э.Болдбаатарыг унагаж байгаад дээр нь дэвссэн” тухай мэдүүлэг, шүүгдэгч Т.П-н хохирогч нарт хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тухайн үйл явдлууд болоход Л.Цр, Э.Бр, Ч.Гг, Т.Пж нар байсан бөгөөд хохирогч Л.Цр, Э.Бр нар нь Т.Пж өөрт нь хүч хэрэглэж халдсан талаар шууд зааж хэлснээс гадна гэрч Ч.Г үйл явдлыг хөндлөнгөөс харснаа тодорхой мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Т.П-н дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Ц, Э.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээч нарын удаа дараагийн бие биеэ баталсан Л.Ц-н биед зүүн 2-5 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий, шингэн, хуралдалт зүүн уушигны авчилт, Э.Б-н биед зүүн 4, 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн уушигны авчилт гэмтэл учирсан талаарх  дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Б-н үйлдлийн улмаас Т.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн “Т.П-н биед баруун бугалга, баруун мөр, зүүн эгэм, зүүн бугалганд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлтээр   тогтоогдсон байна.

Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, ноцтой зөрүүгүй шүүхээс  нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.

Т.П-н дээрх үйлдэл нь учрах үедээ амь насанд аюултай буюу яаралтай эмнэлгийн тусламж аваагүй бол амь насанд нь аюул учруулж болохуйц эрүүл мэндийн хүнд хохирлыг санаатайгаар хоёр хүний эрүүл мэндэд учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хоёр ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Т.П нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үнэлэх буюу үйлдсэн гэмт хэргийг нь хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

Мөн санаатай, гэм буруутай үйлдлээрээ Т.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-н  хавтаст авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй, хууль зөрчсөн,  хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.П-н өмгөөлөгч Д.А давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.П авсан цагдан хорих,  шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ                              Ш.БАТТОГТОХ

                                      ШҮҮГЧ                              Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                             Ч.ЭНХТӨР