Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 637

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “ДДБМ” ХХК / /,

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Х,

Гомдлын шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ДДБМ” ХХК гомдлын шаардлагадаа: “Манай ажилтан Т.С 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр автомашины гаалийн бүрдүүлэлт бичиж гаалийн байгууллага руу илгээсэн байна. Үүнийг гаалийн байгууллагын бичиг баримтын болон хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нар шат шатандаа хянаж бүрдүүлэлт дууссан юм байна. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанаас 2018 оны гаалийн мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татвар ногдуулалтыг буруу тооцсон зөрчил 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр илэрч Т.С тэр дор нь зөрүү татварыг барагдуулсан. Энэхүү зөрчлийг шалгасан гаалийн улсын байцаагч Д.Х нь Т.С-өөс гэрчээр мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг Т.С-д гардуулсан юм байна. Мэргэжилтэн Т.С нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд, гэрээний 7.3-д заасны дагуу “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан ажил мэргэжлийн буруутай үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэсний дагуу өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зохих ёсоор өмгөөллийн туслалцаа авч холбогдох байгууллагад хандсан байна. Улмаар Т.С шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг нь шийтгэлийн хуудсыг хувь хүнд бус хуулийн этгээдэд ногдуулсан гэж үзэж, холбогдох этгээд нь энэ асуудлаар шүүхэд хандах ёстой гэж буцаасан байна. Манай байгууллага ажилтныхаа гаргасан хайхрамжгүй алдааны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй боловч шийтгэлийн хуудсыг байгууллага руу чиглэсэн гэж шүүх дүгнэсэн байгааг олж мэдлээ. Хэрэв гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага хүлээн зөвшөөрч шийтгэгдвэл, цаашлаад энэ нь давтагдах аваас байгууллагын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох асар хортой үр дагавартай учир манайх ажилтны өмнөөс хариуцлага тооцуулах үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар:

  1. Хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн 7 дугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан байна.
  2. Гаалийн улсын байцаагч Д.Х нь манай байгууллагыг холбогдогчоор огт тогтоогоогүй, мэдэгдэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар “...холбогдогч сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол” гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураараа хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн байна.
  3. Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг Гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа ба тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна.
  4. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан байгаа ба Т.С-ийн хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй, харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл учраас Т.С үүнийхээ хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх юм.

Иймээс Зөрчлийн тухай хууль 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан учир зөрчлийн үйлдэл, эс үйлдэхүйг зөв тодорхойлж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан бөгөөд хууль буруу хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн он сар өдөр бичигдээгүй ******* тоот шийтгэлийн хуудсын хүчингүй болгож өгнө үү... ” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-2/520 дугаартай удирдамжийн дагуу Улаанбаатар хотын Гаалийн газраас зөрчил гаргасан асуудалтай холбоотойгоор шалга гэсний үндсэн дээр зөрчлийн татварын зөрүүг арилгаад улмаар холбогдох байцаагч нарт арга хэмжээ аваарай гэсэн удирдамжийн дагуу гаалийн улсын байцаагч нар гаалийн мэдүүлэгч нарыг дуудаж барааны код буруу бичигдсэн асуудал дээр хариуцлага ногдуулсан асуудал байгаа. Хариуцлага ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийг баримталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн. Маш олон зөрчил илэрсэн талаар шалгаж тогтоосон. Мэдүүлэгч нараас гэрчээр мэдүүлэг аваад шийтгэлийн хуудсыг тухайн этгээдэд гардуулж өгсөн байдаг.

Шийтгэлийн хуудсыг хоёр утга агуулгын алдаа бүхий гаргасан. Гэрчээр асуугдсан гаалийн мэдүүлэгчийг буруутай мэтээр дурдаад, торгуулийн хэмжээг авч үзэхээр хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан. Хяналт тавьдаг прокурорт гомдол гаргасан. Мөн Улаанбаатар хотын Гаалийн газрын даргад гомдол гаргасан. Прокуророос албан ёсоор хариу өгөөгүй. Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаас шүүхэд ханд гэсэн хариу ирсэн. Улмаар мэдүүлэгч нар шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс тус шийтгэлийн хуудас мэргэжилтэн буюу хувь хүнд ногдуулаагүй. Харин хуулийн этгээд рүү чиглэсэн учраас хуулийн этгээд гомдол гаргах ёстой талаар дүгнэлт хийсэн. Ингээд тухайн үеэс хуулийн этгээдүүд гомдлоо гаргасан.

“ДДБМ” ХХК-ийн хувьд мэргэжилтэн н.С 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр авто машины кодыг буруу бичиж алдаа гаргасан. Гэрчээр асууж тэмдэглэл үйлдэж шийтгэл оногдуулахдаа н.Болормаа гэх хүнд гардуулж өгсөн. “ДДБМ” ХХК-д н.Б гэж мэргэжилтэн байхгүй. Хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан.

Нөгөө талаар “ДДБМ” ХХК нь мэргэжилтэнтэйгээ эдийн болон эдийн бус хохирлыг бүрэн хариуцна гэсэн заалттай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг.

Алдаа нь илт байсан учраас аж ахуйн нэгжийг торгосон гэж хариуцагчийн зүгээс тайлбарладаг. Алдаа нь илт байсан бол  хяналтын хоёр байцаагч юу хийж байсан бэ? гэдэг асуудал байна. Мэдүүлэгчийн мэдүүлгийг давхар хоёр гаалийн улсын байцаагч хянаж байгаа. Тэгэхээр илт байгаагүй. Үүнийг дотоод хяналт шалгалтаар жил гаруй хугацааны дараа илрүүлж байна. Илрүүлээд алдааг зас гэж байгаа. Хариуцлагыг холбогдох этгээдэд үүрүүлнэ гэж тайлбарлаж болохгүй.” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х миний бие “ДДБМ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Гаалийн зуучлагч байгууллага гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 0243049 дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Дээрх зөрчлийн үйлдлийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт “хариуцлага тооцон, хариу мэдэгд” хэмээн албан бичгээр ирүүлсний дагуу зөрчлийг шалгасан.

Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ" гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг “ДДБМ” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.С-д танилцуулж, шийтгэлийн хуудасны 1 хувийг гардуулан өгсөн бөгөөд гарын үсэг зурахаас татгалзсан. “ДДБМ” ХХК руу утсаар залгаж шийтгэл оногдуулсан тухай мэдэгдсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасны дагуу “ДДБМ” ХХК нь шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй нь шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.

Гаалийн тухай хуулинд зааснаар гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан оролцдог. Гаалийн мэдүүлэгт гаалийн зуучлагч байгууллагын нэрээр бичигддэг.

 “ДДБМ” ХХК нь манай байгууллагатай жил бүрийн эхэнд гэрээ байгуулан гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ бүх үйл ажиллагаагаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнээр дамжуулан хэрэгжүүлдэг.

Иймд дээрх автомашины онцгой албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд гаалийн зуучлагч байгууллага дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно.

 Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйлийн З. “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.” 4. “Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.”  5. “3өрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “ДДБМ" ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.Сайнтөгс нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн болно.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х нь “ДДБМ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гаалийн зуучлагч байгууллага Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

“ДДБМ” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.С нь Гаалийн тухай хуулийн 57.2-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-2/520 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг, гаалийн мэдүүлэг, татвар нөхөн төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн 18/047 дугаартай Т.С нь Монгол Улсын иргэн Г.Б гаалийн зуучлагчийн үйлчилгээ үзүүлэхдээ машины ангиллын кодыг алдаатай бичиж онцгой албан татварын зөрүү гарган 907.500 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байна.

Мэдүүлэгч Гаалийн тухай хуулийн 57.2-д заасан дараах үүрэг хүлээнэ. 57.2.1 Гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах; 57.2.2 Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх; 57.2.3 Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх; 57.2.4.мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах; 57.2.6.гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

Гаалийн тухай хуулийн 66.2.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. 67.1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага: 67.1.3.хоёроос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх, 67.3.Гаалийн зуучлагч болон бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална. 69.2.Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ: 69.2.1.мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийх тухай гэрээ байгуулах; 69.2.2.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох;

Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан оролцдог. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/82 тоот тушаалаар гаалийн мэдүүлгийн 9 дэх хүснэгтэнд гаалийн зуучлагч байгууллагын нэр, регистрийн дугаар, мөн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийн дугаар, утасны дугаар тус тус бичигдэнэ гэж заасан.

Мөн “ДДБМ” ХХК нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан ашиг олж буй ашгийн төлөө хуулийн этгээд юм. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан байна.

Иймд дээрх автомашины онцгой албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд гаалийн зуучлагч байгууллага дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно. Тухайн шийтгэлийн хуудас болон бусад холбогдох бусад бичиг баримт дээр зөрчил гаргагч “ДДБМ” ХХК-ийг төлөөлж тус ААН-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.Сайнтөгс нь гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Гаалийн улсын байцаагч Д.Х нь тухайн үед “Интерложистик” ХХК-д зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч байсан ба тус ААН-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Болормаа нь шийтгэлийн хуудасны 3 дахь хувь дээр андууран гарын үсэг зурсан байна. Гаалийн улсын байцаагч Д.Х нь шийтгэлийн хуудсыг “ДДБМ” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.С-д хүлээлгэн өгсөн, мөн тус аж ахуйн нэгж рүү утсаар залган мэдэгдсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэлийг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

“ДДБМ” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.С-ийн гаргасан алдааг Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн албанаас албан бичгээр нотолсон ба зөрчил үйлдсэн нь илт тодорхой байсан тул холбогдогчоос мэдүүлэг авалгүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэдүүлэгч н.С нь зуучлагч байгууллагыг гаалийн харилцаанд шууд төлөөлөн оролцдог хүн юм. Хялбаршуулсан журмаар яагаад шалган шийдвэрлэсэн гэхээр Зөрчил илт тодорхой ямар нэгэн нотлох баримт шаардлагагүй байсан учраас мэдүүлэгчээр нь кодыг засуулаад татварыг иргэнээр төлүүлээд зуучлагч аж ахуйн нэгжид арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан. Бүртгэгдсэн мэргэжилтэн н.С нь аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө гаалийн харилцаанд оролцдог. Байгууллагыг төлөөлөөд бүртгэгдсэн давуу эрхтэй мэргэжилтэн. н.С-ийн гаргасан зөрчилд шууд аж ахуйн нэгжийг торгоход ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Тухайн шийтгэлийн хуудас болон бусад холбогдох бичиг баримт дээр зөрчил гаргагч “ДДБМ” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн н.С нь гарын үсэг зураагүй байдаг. Д.Х байцаагчийн хувьд алдаа гаргаж сольж гарын үсэг зурагдсан асуудал байгаа.

“Интерложистек” ХХК-д бичсэн шийтгэлийн хуудсанд Сайнтөгс гарын үсэг зурсан байсан. Гаалийн улсын байцаагч Д.Х тухайн үед аж ахуйн нэгж рүү утсаар ярьсан гэж байгаа. н.С-д шийтгэлийн хуудсын 3 дугаар хувийг хүлээлгэж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар бид “ДДБМ” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 “ДДБМ” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ******* дугаартай /огноогүй/ шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т зааснаар тус компанид 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-2/520 тоот албан бичгээр “суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцож мэдүүлэн, гаалийн бүрдүүлэлтийн явцад байцаагч нар онцгой албан татварын ногдуулалтыг шалгаагүй бүрдүүлэлт хийсэн гэж үзээд хавсралтаар хүргүүлсэн автомашины онцгой албан татварыг хуулийн дагуу ногдуулан төлүүлж, бүрдүүлэлтийг залруулах”-ыг мэдэгдэж, энэ дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч хяналт шалгалт хийсэн байна.

Гаалийн зуучлагч “ДДБМ” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.С нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 02-2151010-18-IO2266 тоот гаалийн мэдүүлгээр Япон Улсаас иргэн Г.Б-ийн нэр дээр ирсэн 2009 оны 09 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойшхи хугацаа нь 7-9 жил, бензин, цахилгаан хосолмол хөдөлгүүртэй Toyota Prius маркийн суудлын автомашиныг Барааг кодлох уялдуулсан системийн 8703.40.23 кодоор ангилан гаальд мэдүүлэхээр байхад 8703.40.13 кодоор ангилан барааны ангиллын кодыг буруу мэдүүлж, онцгой албан татварын зөрүү гарган 907.500 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн байх бөгөөд  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгээр зөрчлийг арилгуулж, татварын зөрүү 907500 төгрөгийг төлүүлж, “ДДБМ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д зааснаар ******* дугаартай /огноогүй/ шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хэдийгээр гаалийн улсын байцаагч хуулийн этгээдэд буюу “ДДБМ” ХХК-д холбогдуулж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудсаар торгох шийтгэлийг ногдуулсан ч зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээд болох холбогдогчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, мэдүүлэг өгөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тэмдэглэл, баримт материалтай танилцах, нотлох баримт тайлбар гаргаж өгөх, хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтны болон прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах” зэрэг эрхийг эдлүүлээгүй, өөрөөр хэлбэл холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйн дээр холбогдогч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдээс олгосон итгэмжлэлгүйгээр, холбогдогчийн төлөөлөгчөөр тогтоогоогүй атлаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Т.Сайнтөгсийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан[1], эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан[2] хууль ёсны төлөөлөгчөөр[3] тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гаалийн зуучлагч байгууллага нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох[4] эрхтэй хэдий ч гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаалийн зуучлагч хуулийн этгээдийг төлөөлөн оролцох эрхгүй. Өөрөөр хэлбэл “ДДБМ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Д байх бөгөөд түүнээс итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийг холбогдогчийн төлөөлөгчөөр тогтоож  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой байна.  

Түүнчлэн шийтгэлийг хэдийд ногдуулсан нь тодорхойгүй буюу шийтгэлийн хуудас огноогүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр ... талаар тусгана” гэж заасантай нийцэхгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, огноогүй гаалийн улсын байцаагчийн  ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Гаалийн улсын байцаагчийн “ДДБМ” ХХК-д торгох шийтгэл ногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ч.Б гэх хүн “зөвшөөрөхгүй, хүлээн авсан” гэх тайлбартайгаар гардаж авсан байдаг бөгөөд үүнийг хариуцагч “И” ХХК-д мөн шийтгэл оногдуулж гарын үсэг зуруулахдаа андуурч зуруулсан гэж тайлбарласныг, үүнтэй талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн гаальд барааг мэдүүлэхдээ Барааг кодлох уялдуулсан системийн барааны ангиллын кодыг буруу мэдүүлж, онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн энэ үйлдлийг өөр байдлаар шалгахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “ДДБМ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ******* дугаартай /огноогүй/ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 


[1] /хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/

[2] /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах этгээд/

[3] /холбогдогч, хохирогчийн/

[4] Гаалийн тухай хуулийн 57.2.1 Гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах; 57.2.2 Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх; 57.2.3 Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх; 57.2.4.мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах; 57.2.6.гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;