| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00312/и |
| Дугаар | 365 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 365
2017 оны 07 сарын 05 өдөр Дугаар 129/ШШ2017/00365 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, малчин, Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт оршин суух Аюуш овгийн Бямбасүрэнгийн Оюунчимэгийн /РД:АП64010665/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын хөдөлмөрийн хөлс авч байсан жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 1 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 16 настайгаасаа эхлэн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэл хувьчлагдтал саальчнаар ажилласан. Би сургуульд соёлд сураагүй. Би Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлээс хөдөлмөрийн дэвтрээ аваагүй. Одоо тэтгэвэр тогтоолгох нас болсон. Иймд миний Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд саальчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Тус нэгдлийн малчин гишүүдийн 1987 оны ээлжийн амралтыг МАА-н хэсэг тус бүрээс ирүүлсэн хуваарийн дагуу хүн тус бүрд 15 хоногоор тооцон малчдын нэрийн жагсаалтыг хавсаргав. Хавсралтанд: Хайрхан хэсгийн 9, 10 сард амрах малчид, саальчдын нэрсийн жагсаалтанд Б.Оюунчимэг гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 сарын 15-ны өдрийн 53 тоот тушаал,
1.2. Сумын төвийн сүү тосны заводод шаардлагатай доорхи 1990 оны 6-р сарын 1-нээс эхлэн туслах ажилчнаар авч ажилуулсугай. Үүнд: ... 3. Б.Оюунчимэг, идээ хийгч гэсэн “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 сарын 01-ний өдрийн 32 тоот тушаал,
1.3. Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалд: Бямбасүрэн Оюунчимэг гэжээ,
1.4. Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Хайрхан хэсгийн 1982, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын 70-р дансны хуулбар,
2. Бямбасүрэн овогтой Оюунчимэгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1982, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 176 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Л.Хүрэлбаатарын “Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оноос эхлэн Дангайгийн фермд саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Б.Оюунчимэг нь 1980 оны үед тус нэгдэлд миний ажиллаж байсан Дангайгийн фермд саальчнаар ирж ажилласан. Тэр үеэс эхлэн би Б.Оюунчимэгтэй Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт саальчнаар ажилласан. Бид Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Хайрхан хэсэгт саальчнаар ажиллаж байсан. Б.Оюунчимэг нь манай фермийн тэргүүний саальчдын нэг байсан. Би Б.Оюунчимэгтэй нэг нэгдэлд, нэг фермд хамт ажиллаж байсан учир түүнийг Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар 1980 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
4. Гэрч З.Хорлоосүрэнгийн “Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 13 насандаа 10 үнээ авч ээжийнхээ хамт сааль сааж байгаад 15 наснаасаа 16 үнээ сааж эхэлсэн. Намайг Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Б.Оюунчимэг нь 1981 оноос тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. 1981 оны 3 сарын эхээр хонь төллөхийн өмнө “Сайн саальчдын зөвлөгөөн” болоход би тус зөвлөгөөний ахлагчаар ажиллаж байсан. Тухайн үед Б.Оюунчимэг нь Дангайгийн фермээс сайн саальчнаар шалгарч 45-н гутлаар шагнуулж байсан. Би саальчдын авсан шагналыг нэг бүрчлэн нэртэй нь бичиж тэмдэглэж байсан учир Б.Оюунчимэгийн шагнал авч байсныг сайн санаж байна. Би Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд Шаавайгийн фермд саальчнаар ажилладаг байсан. Манайх Б.Оюунчимэгийн фермтэй ойрхон байдаг байсан учраас би Б.Оюунчимэгийг Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар 1981 оноос хойш тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ. Бид Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй, тасралтгүй л Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Б.Оюунчимэгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Л.Хүрэлбаатар, З.Хорлоосүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Б.Оюунчимэгийн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 сарын 15-ны өдрийн 53 тоот, 1990 оны 06 сарын 01-ний өдрийн 32 тоот тушаал, Бямбасүрэн овогтой Оюунчимэгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1982, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 176 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдлийн Хайрхан хэсгийн 1982, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын 70-р данс, гэрч Л.Хүрэлбаатар, З.Хорлоосүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “Би 16 настайгаасаа эхлэн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд саальчнаар ажилласан. Би сургуульд соёлд сураагүй. Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан” гэх тайлбар, гэрч Л.Хүрэлбаатарын “Б.Оюунчимэг нь 1980 оны үед тус нэгдэлд миний ажиллаж байсан Дангайгийн фермд саальчнаар ирж ажилласан. Тэр үеэс эхлэн би Б.Оюунчимэгтэй Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг, гэрч З.Хорлоосүрэнгийн “Намайг Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байхад Б.Оюунчимэг нь 1981 оноос тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Би Б.Оюунчимэгийг Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар 1981 оноос хойш тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг, Бямбасүрэн овогтой Оюунчимэгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1982, ... 1989, 1990 ... онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 176 тоот цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн Б.Оюунчимэгийг Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд саальчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аюуш овгийн Бямбасүрэнгийн Оюунчимэгийн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд саальчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА