Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 363

 

 

      2017 оны 07 сарын 05 өдөр              Дугаар 129/ШШ2017/00363               Эрдэнэбулган сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байрны жижүүр ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 11-02 тоотод оршин суух Боржгин овгийн Дарьсүрэнгийн Алтантуяагийн /РД:АЭ63101300/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...  Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд тасралтгүй машинистаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Налайхын Геологи уул уурхайн техник мэргэжлийн дунд сургуулийг төгсөөд 1981 оны 08 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт томилогдон ирж, 1981 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар тасралтгүй ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас гарсан тушаал бичигдээгүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэврээ тогтоолгох хүсэлттэй байгаа. Иймд намайг Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт ээлжийн машинистаар 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Налайхын ТМС-ийн дизелийн ангийг төгсөж АЭХҮНэгдлийн 35 тоот томилолтоор ирсэн Доржпалам овогтой Алтантуяаг 1981 оны 8-р сарын 1-нээс эхлэн дизелийн машинистийн дагалдангаар 1 сарын хугацаагаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 08 сарын 11-ний өдрийн 62 тоот тушаал,

1.2. Үйлдвэрийн ажилчдын 1982 оны ээлжийн амралтыг хавсралт хувиараар баталсугай. Хавсралтанд: Туслах Д.Алтантуяа, үндсэн амралт-15, нэмэгдэл амралт-11, бүгд амрах-26, 1982 онд хэдийд амрах-VIII/I гэсэн “Амралтын хувиар батлах тухай” Аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 03 сарын 01-ний өдрийн 10 тоот  тушаал,

1.3. Эрчим хүчний бүх ажиллагсдын 7-р сарын үр дүнгийн шагналыг хавсралт ёсоор баталсугай. Хавсралтанд: Д.Алтантуяа, үр дүн-10 хувь, бүгд олгох 10 хувь гэсэн “7-р сарын ажиллагааны үр дүн ба аваргүйн шагнал олгох тухай” Аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1983 оны 08 сарын 26-ны өдрийн 79 тоот тушаал,

1.4. Эрчим хүчний бүх ажиллагсдын 12-р сарын үр дүн аваагүйн шагналыг хавсралт ёсоор баталсугай. Хавсралтанд: Д.Алтантуяа, албан тушаал-машинист, олгох хувь-38 % 8 хаасан шалтгааны тайлбар-1 удаа сонсгол тасалсан гэсэн “1984 оны 12 дугаар сарын үр дүн аваргүйн шагнал олгох тухай” БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Архангай аймгийн социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тоот тушаал,

1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8-ны 75 жилийн ойн баярын өдөрт зориулж үйлдвэрийн ажилчин, эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Д.Алтантуяа, 6=60,  5=50, 0=75, 12=85 гэсэн “Шагнах тухай” БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр Геологийн яамны харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1988 оны 03 сарын 05-ны өдрийн 17 тоот тушаал,

1.6. Эх Д.Алтантуяа нь 1988 оны 10-р сарын 06-нд төрсөн хүүхдээ асрахаар хүсэлт гаргасан тул нярай хүүхдээ асрахад нь зориулж 1988 оны 12-р сарын 12-ноос 1989 оны 3-р сарын 13 хүртэл тэтгэмжтэй 90 хоногийн чөлөө олгосугай гэсэн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр Геологийн яамны харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1989 оны 01 сарын 03-ны өдрийн 02 тоот тушаал,

1.7. Аймгийн АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн 1990 оны 6-р сарын 29-ний өдрийн 9/16 тогтоолоор VIII таван жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнагдсан нэр бүхий 35 ажилчныг тус бүр 100 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Д.Алтантуяа, шагнал-100 гэсэн “Шагнах тухай” БНМАУ-ын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр Геологийн яамны харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 117 тоот тушаал,

1.8. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, мартын 8-ны 81 жилийн ойг тохиолдуулан үйлдвэрийн нийт эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Д.Алтантуяа-100 гэсэн “Шагнах тухай” БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 03 сарын 05-ны өдрийн 67 тоот тушаал,

1.9. Үйлдвэрийн автограшийн дарга,  туслах аж ахуйн даргын орон тоо хасагдсан, зарим орон тооны ажилтны тоог цөөрүүлсэн тул 4-р сарын 15-наас эхлэн доорхи нэр бүхий хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Үүнд: ... Д.Алтантуяа, дизельчин гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай”  БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Архангай аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1994 оны 04 сарын 18-ны өдрийн тушаал,

1.10. Эрчим хүчний үйлдвэрийн 1981 оны 8-12 сар, 1982 оны 1-6, 10, 11 сар, 1983 оны 1-8 сар, 1984 оны 1, 6-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1, 3, 4, 9 сар, 1987 оны 3-12 сар, 1988 оны 1, 2, 4-9 сар, 1990 оны 1, 3, 5-7 сар, 1993 оны 1-5, 7, 8 сар, 1994 оны 1, 2 сар, 1991 оны 1-3 сар, 1992 оны 8-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

2. Дизелийн машинч эх Д.Алтантуяад нярай хүүхдээ асрахад нь зориулж 1991 оны 12-р сарын 18-наас 1992 оны 4 сарын 23 хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай гэсэн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Архангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 12  сарын 12-ны өдрийн 310 тоот тушаал,

3. Дорждалам овогтой Алтантуяагийн Эрчим хүчний үйлдвэрт дизелийн машинистаар 1981-1994 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт,

4. Гэрч Т.Дуламжавын: “Би 1984 онд Дарханы политехникумыг цахилгааны техникчээр төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж байгаад 1991 оноос Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт цахилгаанчаар ажилд ороход Д.Алтантуяа нь тус үйлдвэрт машинистаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Д.Алтантуяатай 1996 он хүртэл Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт тасралтгүй хамт ажиллаж байсан. Намайг 1991 онд Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт цахилгаанчаар ажилд ороход даргаар Гомбосүрэн, боловсон хүчин Амараа, нягтлан бодогчоор Ренчиндорж ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ч.Оюунчимэгийн: “Би Налайхын ТМС-ийг 1980 онд,  Д.Алтантуяа 1981 онд төгсөөд би 1980 оноос Д.Алтантуяа 1981 оноос эхлэн Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Би Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1980 оноос машинист, цахилгаанчаар ажиллаж байгаад 1989 онд Эрчим хүчний үйлдвэр нь өндөр хүчдэлд холбогдоход диспетчер, техникчээр 1989 оноос 2013 он хүртэл ажилласан. Д.Алтантуяа нь Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинист, монтёроор 1981 оноос 1995 он хүртэл ажиллаж байсныг би Д.Алтантуяатай нэг үйлдвэрт хамт ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг,

6. 1981 оны 07 сарын 01-ний өдөр Тус сургуулийн Дизель станцын машинистийн мэргэжлийн ангийг төгссөн тул аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн боловсон хүчний мэдэл шилжүүлэв, захирлын 1981 оны 07-р сарын 01-ний өдрийн 108 тоот тушаалаар; 1981 оны 08 сарын 01-ний өдөр Налайхын ТМС-н дизелийн ангийг төгсөж АЭХҮНэгдлийн 35 тоот томилолтоор ирсэн учир Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистын дагалдангаар авч ажиллуулав, Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 60 тоот тушаалаар гэсэн бичилт, байгууллагын тамга бүхий Д.Алтантуяагийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Ч.Оюунчимэг, Т.Дуламжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Налайхын ТМС-ийн дизелийн ангийг төгсөж АЭХҮНэгдлийн 35 тоот томилолтоор ирсэн Доржпалам овогтой Алтантуяаг 1981 оны 8-р сарын 1-нээс эхлэн дизелийн машинистийн дагалдангаар 1 сарын хугацаагаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1981 оны 08 сарын 11-ний өдрийн 62 тоот тушаал, Аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа Архангай аймгийн Социалист хөдөлмөрийн Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 03 сарын 01-ний өдрийн 10 тоот, 1983 оны 08 сарын 26-ны өдрийн 79 тоот, 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тоот, 1988 оны 03 сарын 05-ны өдрийн 17 тоот, 1989 оны 01 сарын 03-ны өдрийн 02 тоот, 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 117 тоот, 1991 оны 03 сарын 05-ны өдрийн 67 тоот, 1991 оны 12  сарын 12-ны өдрийн 310 тоот тушаал, 4-р сарын 15-наас эхлэн Д.Алтантуяаг ажлаас /дизель/ нь чөлөөлсөн  “Ажлаас чөлөөлөх тухай”  БНМАУ-ын Хүнд үйлдвэрийн яамны харьяа Архангай аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1994 оны 04 сарын 18-ны өдрийн тушаал, Эрчим хүчний үйлдвэрийн 1981 оны 8-12 сар, 1982 оны 1-6, 10, 11 сар, 1983 оны 1-8 сар, 1984 оны 1, 6-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1, 3, 4, 9 сар, 1987 оны 3-12 сар, 1988 оны 1, 2, 4-9 сар, 1990 оны 1, 3, 5-7 сар, 1993 оны 1-5, 7, 8 сар, 1994 оны 1, 2 сар, 1991 оны 1-3 сар, 1992 оны 8-12 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, Дорждалам овогтой Алтантуяагийн Эрчим хүчний үйлдвэрт дизелийн машинистаар 1981-1994 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Дуламжавын “Би 1984 онд Дарханы политехникумыг цахилгааны техникчээр төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж байгаад 1991 оноос Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт цахилгаанчаар ажилд ороход Д.Алтантуяа нь тус үйлдвэрт машинистаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Д.Алтантуяатай 1996 он хүртэл Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Оюунчимэгийн “Би Налайхын ТМС-ийг 1980 онд,  Д.Алтантуяа 1981 онд төгсөөд би 1980 оноос Д.Алтантуяа 1981 оноос эхлэн Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Д.Алтантуяа нь Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинист, монтёроор 1981 оноос 1995 он хүртэл ажиллаж байсныг би Д.Алтантуяатай нэг үйлдвэрт хамт ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Д.Алтантуяаг Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овгийн Дарьсүрэнгийн Алтантуяаг Архангай аймгийн Эрчим хүчний үйлдвэрт машинистаар 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА