| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00349/и |
| Дугаар | 357 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 357
2017 оны 06 сарын 30 өдөр Дугаар 129/ШШ2017/00357 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, ажилгүй, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг Улаан толгой 505-07 тоотод оршин суух Шинүүд овгийн Донхорын Долгорын /РД:ХГ62032104/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгор шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд намайг Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Долгор шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуульд орос хэлний багшаар 1991 оны 08 сараас ажилласан. 1991 онд хүүхэд асрах 2 жилийн чөлөө авч, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 1994 онд дахин амаржсан. Эхний хүүхэд маань 1992 оны 07 сарын 31-ний өдөр, дараагийн хүүхэд маань 1994 оны 04 сарын 10-ны өдөр төрсөн. Тухайн үед хүүхэд асрах 2 жилийн чөлөө өгөөд, амралтын мөнгө олгож байсан. Жирэмсний амралт авч байсан талаарх баримт ерөөсөө олдохгүй байгаа. Тухайн үедээ би жирэмсний амралтын мөнгө аваад цалингүй чөлөө авч байсан. Төрснийхөө дараа ажлаа хийгээгүй. 1995 онд ажилдаа эргэн очиход надад нийгмийн даатгалын дэвтэр нээгээд нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөөд бичилт хийчихсэн байсан. 1996 онд ажлаасаа гарч 1996 оны 03 сарын 01-ний өдөр Хүрээлэнд ажилд орсон. Миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал архиваас гарахгүй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Мөн би ажлаа хийж байгаад 2 хүүхэд төрүүлсэн учраас энэ хугацаа ажилласан жилд орно гэж бодож байна. Иймд миний Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуульд багшаар 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгор нь Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1991 оны 08 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар авч ажиллуулав, Сургуулийн захирлын 1991 оны 8-р сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар, 1996 оны 03 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуулийн орос хэлний багшийн ажлаас чөлөөлөв, сургуулийн захирлын 1996 оны 03-р сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий Донхорын Долгорын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Д.Долгорыг 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн орос хэлний багшаар авч ажиллуулсугай гэсэн “Д.Долгорыг орос хэлний багшаар авч ажиллуулах, нөхөн тушаал гаргасан тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Г.Дэмидийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын 1991 оны 08 сарын 25-ны өдрийн 21 тоот тушаал,
3. Д.Долгорыг 1996 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн орос багшийн ажлаас чөлөөлсүгэй гэсэн “Д.Долгорыг орос хэлний багшийн ажлаас чөлөөлөх, нөхөн тушаал гаргасан тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Г.Дэмидийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын 1996 оны 03 сарын 01-ний өдрийн 17 тоот тушаал,
4. 1991 оны 09 сарын 17-ны өдрөөс 1992 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл заасан хичээл, өгсөн даалгаврыг тэмдэглэж хичээлийн нэр Орос хэл, багшийн нэр Долгор гэсэн Архангай, Ихтамир сумын 10 жилийн сургуулийн 6б ангийн журнал,
5. Гэрч М.Одонтунгалагийн: “Дунд сургуульд Д.Долгор нь манай дээд ангид сурдаг байдаг байсан, бид бие биенээ сайн таньдаг байсан. Намайг Монгол Улсын Их сургуулийн химийн багшийн ангийг төгсөх жил Д.Долгор нь Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байсан. Би 1987 онд сургуулиа төгсөөд Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд химийн багшаар ажилд ороход Д.Долгор нөхрийгөө дагаад Улаанбаатар хот руу шилжээд явчихсан байсан. Ихтамир суманд Эрдэм шинжилгээний станц гэж байгуулагдахад Д.Долгорын нөхөр Гомбожав тус станцад ажиллахаар болж ахиж сумандаа ирэхэд Д.Долгор нь 1991 оноос манай сургуульд орос хэлний багшаар орж ажилласан. Д.Долгор нь биологийн багш мэргэжилтэй. Тухайн үед манай сургуульд орос хэлний багш дутагдалтай байсан учраас Д.Долгор нь орос хэлний багшаар ажилласан. Д.Долгор нь 1 жил ажиллаад жирэмсний амралтаа авч дарааллаад 2 удаа төрж байсан” гэх мэдүүлэг
6. Гэрч Х.Цээсүрэнгийн: “Би 1986 оноос 2004 он хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан. Намайг Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байх хугацаанд Д.Долгор нь 1991 онд тус сургуульд орос хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Д.Долгор нь биологийн багшийн мэргэжилтэй боловч орос хэлний багш дутагдалтай байсан учир орос хэлний багш хийж байсан байх. Д.Долгор нь ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авч байсныг би сайн санаж байна, харин хэдэн он хүртэл Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсныг мэдэхгүй. Д.Долгорыг ажиллаж байх үед манай сургуульд Саранцэцэг, Дарьсүрэн, Юмчирчмаа, Бямбажав, Ганбаатар, Батнасан, Оюунчимэг, Гүрсүрэн, Пүрэвдорж, Нямсүрэн, Чулуунбат, Чимидрэгзэн, Бурмаа ... гэх мэт багш нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ихтамир сумын 10 жилийн сургуулийн 1991 оны баримтыг шүүж үзэхэд Донхорын Долгорын ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 266 тоот тодорхойлолт,
8. 1992 оны 07 сарын 31-нд төрсөн Г.Ганхишиг, 1994 оны 04 сарын 10-нд төрсөн Г.Буянхишиг нарын эх Донхорын Долгор гэсэн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Д.Долгорын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан М.Одонтунгалаг, Х.Цээсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Ихтамир сумын 1 дүгээр 10 жилийн 6б ангийн 1991-1992 оны хичээлийн жилийн журнал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Д.Долгор “Би Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуульд орос хэлний багшаар 1991 оны 08 сараас ажилласан. 1991 онд хүүхэд асрах 2 жилийн чөлөө авч, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа 1994 онд дахин амаржсан. Тухайн үед хүүхэд асрах 2 жилийн чөлөө өгөөд, амралтын мөнгө олгож байсан. Тухайн үедээ би жирэмсний амралтын мөнгө аваад цалингүй чөлөө авч байсан. 1995 онд ажилдаа эргэн очиход нийгмийн даатгалын дэвтэр нээгээд нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөөд бичилт хийчихсэн байсан. Би ажлаа байгаад 2 хүүхдээ төрүүлсэн учраас энэ хугацааг миний ажилласан жилд орно гэж бодож байна. Би 1996 онд ажлаасаа гарсан” гэж тайлбарлаж байх бөгөөд Д.Долгор нь 1992 оны 07 сарын 31-нд төрсөн Г.Ганхишиг, 1994 оны 04 сарын 10-нд төрсөн Г.Буянхишиг нарыг төрүүлсэн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд эхэд жирэмсний болон амаржсаны амралт олгохоор, мөн хуулийн 106 дугаар зүйлд хүүхэд асрах чөлөө олгохоор заасан нь эхийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зохицуулалт биш юм. Иймд Д.Долгорын Ихтамир сумын сургуульд багшилж байгаад жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан хугацааг ажил хөдөлмөр эрхэлсэн буюу Ихтамир сумын сургуульд багшаар ажилласан хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Долгорын Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь гэрч М.Одонтунгалагийн “Ихтамир суманд Эрдэм шинжилгээний станц гэж байгуулагдахад Д.Долгорын нөхөр Гомбожав тус станцад ажиллахаар болж ахиж сумандаа ирэхэд Д.Долгор нь 1991 оноос манай сургуульд орос хэлний багшаар орж ажилласан. Д.Долгор нь 1 жил ажиллаад жирэмсний амралтаа авч дарааллаад 2 удаа төрж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Цээсүрэнгийн “Намайг Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байх хугацаанд Д.Долгор нь 1991 онд тус сургуульд орос хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Д.Долгор нь ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт авч байсныг би сайн санаж байна, харин хэдэн он хүртэл Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, 1992 оны 07 сарын 31-нд төрсөн Г.Ганхишиг, 1994 оны 04 сарын 10-нд төрсөн Г.Буянхишиг нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Д.Долгорын Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шинүүд овгийн Донхорын Долгорын Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн дунд сургуульд багшаар 1991 оны 08 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА