| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00374/и |
| Дугаар | 350 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 350
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь С.Баатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
С.Баатар, Д.Цэцэгмаа нар нь 2007 оны 07 сарын 02-ны өдөр гэр бүл болсон нь 151/003223 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-4х/, гэрлэгчдийн дундаас хүү Б.Алтангэрэл 2009 оны 11 сарын 08-нд төрсөн нь 151/0003229 тоот төрсний бүртгэлийн лавлагаагаар /хх-5х/ тогтоогдож байна.
Хариуцагч С.Баатар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигч зөвшөөрөөгүй, гэрлэгчид эвлэрэх сонирхолгүй байна. Мөн С.Баатар, Д.Цэцэгмаа нарын гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрлэгчид тусдаа амьдарч байгаа эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул С.Баатар, Д.Цэцэгмаа нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
Хүү Б.Алтангэрэлийг эцэг С.Баатарын асрамжинд өгөхөөр талууд тохиролцсон, хүү Б.Алтангэрэл нь эцгийнхээ асрамжинд өсөж торниж байгаа мөн хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй тул 2009 оны 11 сарын 08-нд төрсөн Б.Алтангэрэлийг эцэг С.Баатарын асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгөө хуваан авсан, маргах дундын хөрөнгөгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч С.Баатар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн байх тул 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржгон овгийн Санжаасүрэнгийн Баатар, Монгол овгийн Даваасүрэнгийн Цэцэгмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 11 сарын 08-нд төрсөн хүү Баатар овогтой Алтангэрэлийг эцэг С.Баатарын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид эд хөрөнгөө хуваан авсан, маргах дундын хөрөнгөгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
5. Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлж, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
6. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА