| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00367/и |
| Дугаар | 374 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 374
2017 оны 07 сарын 18 өдөр Дугаар 129/ШШ2017/00374 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, тогооч ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бор толгойн 50-21 тоотод оршин суух Андад овгийн Доржийн Ганцэцэгийн /РД:АО67080805/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалууд зэргийг үндэслэн намайг 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын ахлах сургуульд үйлчилгээний ажилтанаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн сургуульд 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаад Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тогооч, туслах ажилтнаар ажиллаж байсан. Би ажилд орсноосоо хойш 1989 он хүртэл хүний оронд ажиллаж байсан. Тэгээд 1989 оноос хойш жинхлэн томилогдон Архангай аймгийн Цэнхэр сумын сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас тэтгэвэрт орж чадахгүй байгаа. Иймд миний Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жил, 10 жилийн дунд сургуульд туслах ажилтнаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогооч, туслах ажилтнаар 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ганцэцэг нь Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн /10 жил/ сургуульд туслах ажилчнаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл, Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогооч, туслах ажилчнаар 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Сургуулийн хүүхдийн халуун усны угаагч Д.Пүрэвжавын цалингүй нэмэгдэл чөлөөтэй байх хугацаанд Д.Ганцэцэгийг угаагчаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс мөн оны 08 сарын 23-ны өдрийг дуустал түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 05 сарын 31-ний өдрийн 47 тоот тушаал,
1.2. Өргөдөл өгсөн Д.Ганцэцэгийг Ө.Оюуны чөлөөтэй байх хугацаанд хүүхдийн хоолны газрын цэвэрлэгчээр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 88 тоот тушаал,
1.3. Хүүхдийн хоолны газрын туслах тогооч Ч.Ширнэн өвчний акт авсан учир Д.Ганцэцэгийг туслах тогтоочоор 1986 оны 12 сарын 19-ний өдрөөс эхлэн түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 12 сарын 19-ний өдрийн 94 тоот тушаал,
1.4. Сургуулийн хичээлийн байрны хувцас өлгөгч Дашпэлжид нь хүүхдээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот явсан тул ажиллах өргөдөл өгсөн Д.Ганцэцэгийг 1987 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн хувцас өлгөгчөөр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 04 сарын 01-ний өдрийн 16 тоот тушаал,
1.5. Сургуулийн хүүхдийн цайны газрын туслах тогооч Д.Тунгалаг жирэмсний амралт авсан тул Д.Ганцэцэгийг 1987 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн туслах тогоочоор түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 сарын 06-ны өдрийн тушаал,
1.6. Сургуулийн жижүүр А.Лхагважав 1987 оны 09 сарын 15 хүртэл цалингүй чөлөө авсан тул Д.Ганцэцэгийг жижүүрээр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 09 сарын 22-ны өдрийн 83 тоот тушаал,
1.7. Сургуулийн хоолны газрын цэвэрлэгч О.Наранцэцэг туслах тогоочоор түр ажиллах болсон учир Д.Ганцэцэгийг 1987 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн цэвэрлэгчээр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 сарын 12-ны өдрийн 90 тоот тушаал,
1.8. Хоолны газрын цэвэрлэгчээр түр ажиллаж байсан Наранцэцэгийг 1988 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн туслах тогоочоор түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 01 сарын 16-ны өдрийн 10 тоот тушаал,
1.9. Сургуулийн хүүхдийн хоолны газрын цэвэрлэгч Ө.Оюунчимэг өвчтэй хүүхдээ асрамжлах эмчийн магадлагаа авсан учир Д.Ганцэцэгийг 1988 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн цэвэрлэгчээр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 06 сарын 10-ны өдрийн 62 тоот тушаал,
1.10. Сургуулийн хүүхдийн хоолны газрын туслах ажилчин Бямбажав тогоочоор ажиллах болсон учир Д.Ганцэцэгийг 1989 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн хоолны газрын туслах ажилчнаар авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 22 тоот тушаал,
1.11. Сургуулийн хоолны газрын цэвэрлэгч Г.Цэцэгмаа жирэмсний амралт авсан учир ажиллахыг хүсэж өргөдөл өгсөн Д.Ганцэцэгийг 1989 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчээр түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал,
1.12. ... Д.Ганцэцэг ... нарыг хүүхдийн хоолны газрын туслах ажилчны үүрэгт ажлаас 1992 оны 4-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж тус тус чөлөөлж Бүрдний анхан шатны сургуулийн эрхлэгчийн мэдэлд шилжүүлэн ажиллуулсугай. Бүрдний анхан шатны сургуульд ажлын шаардлага өөрсдийн санал хүсэлтийн дагуу шилжин ажиллах дээрх нэр бүхий хүмүүсийг доорхи албан тушаалд томилсугай. Үүнд: ... Д.Ганцэцэг-тогооч гэсэн “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 сарын 12-ны өдрийн 30 тоот тушаал,
1.13. Тус сургуулийн тогооч-туслах ажилчин Д.Ганцэцэгийг өөрийн хүссэний дагуу 2007 оны 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын бага сургуулийн эрхлэгчийн 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 14 тоот тушаал,
2. Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас хүсэлт гаргагч Д.Ганцэцэгийг шагнасан 1990 оны 11 сарын 26-ны өдрийн баярын бичиг,
3. Гэрч Д.Оюунгэрэлийн: “Би 1981 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг төгсөөд 1981 оноос 1983 он хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуульд номын санч лаборантаар ажилласан. Дараа нь 2 жил байрны багшаар ажиллаж байгаад бага ангийн багшаар 1991 он хүртэл ажилласан. 1991 оноос 1992 он хүртэл Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтанд сууж ирээд 1992 оноос 2001 он хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулийн захирлаар ажилласан. Би Д.Ганцэцэгийг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр болон Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд байрны хүүхдүүдийн тогоочоор ажиллаж байсныг мэднэ. Намайг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг байхад Д.Ганцэцэг нь тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан. Харин хэдэн оноос ажиллаж эхэлснийг одоо санахгүй байна. Би 2001 оноос Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулиас гарч аймгийн төв рүү шилжиж ирэхэд Д.Ганцэцэг нь Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогоочоор ажиллаад л үлдсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургууль болон Цэнхэр сумын Бүрд багийн сургуульд Д.Ганцэцэгтэй тасралтгүй олон жил хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Нарангэрэлийн: “Би Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд 1993 оны 08 сард бага ангийн багшаар анх очиход Д.Ганцэцэг нь тус сургуулийн гал тогоонд тогооч, үйлчлэгчээр ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн Д.Ганцэцэгийг Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулиас гарах хүртэл би Д.Ганцэцэгтэй хамт ажилласан. Д.Ганцэцэг 2007, 2008 оны үед Эрдэнэт хот руу шилжихээр болж сургуулиа гарч байсан. Тэрнээс хойг Д.Ганцэцэгийг ямар ажил хийж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
5. Гэрч Н.Алгаагийн: “Би Архангай аймгийн Цэнхэр сумын ахлах сургуулийг 8-н жилийн дунд сургууль байхаас нь эхлэн ажиллаж байсан. Би Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1980 оноос 2016 он хүртэл ажилласан. Намайг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр ажиллаж байхад Д.Ганцэцэг нь 1986 онд манай сургуулийн халуун усны газар үйлчилгээний ажилчнаар ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Д.Ганцэцэгтэй Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуульд Д.Ганцэцэгийг Бүрд багийн сургууль руу шилжин ажиллах хүртэл хамт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Бүрд багийн сургууль нь Цэнхэр сумын дунд сургуулийн салбар сургууль болон шинээр байгуулагдаж байсан. Д.Ганцэцэг нь Цэнхэр сумын Бүрд багийн сургуулийг татан буугдах хүртэл тус сургуульд тогоочоор ажилласан. Цэнхэр сумын Бүрд багийн сургууль нь татан буугдаж Цэнхэр сумын дунд сургуультай буцаад нийлж байсан. Тухайн үед миний тушаал гал тогооны туслах ажилчнаар гарч байсан боловч зарим үед байрны жижүүр, халуун усны газар зэрэг хаашаа ч хамаагүй сул чөлөөтэй газар ажиллуулдаг байсан. Д.Ганцэцэг ч гэсэн үйлчлэгчээс гадна туслах ажилчнаар ажиллаж байсан байх” гэх мэдүүлэг,
6. 1986 оны 05 сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтийг үндэслэн сургуульд үйлчилгээний ажилчнаар авч ажиллуулав, сургуулийн захирлын 1986 оны 05 сарын 31-ний өдрийн 47 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий Доржийн Ганцэцэгийн 405445 тоот хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Д.Ганцэцэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Оюунгэрэл, Ц.Нарангэрэл, Н.Алгаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, баярын бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Д.Ганцэцэгийн Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн /10 жил/ сургуульд туслах ажилчнаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь “Ажилчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 05 сарын 31-ний өдрийн 47 тоот, 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 88 тоот, 1986 оны 12 сарын 19-ний өдрийн 94 тоот, 1987 оны 04 сарын 01-ний өдрийн 16 тоот,1987 оны 07 сарын 06-ны өдрийн, 1987 оны 09 сарын 22-ны өдрийн 83 тоот, 1987 оны 10 сарын 12-ны өдрийн 90 тоот, 1988 оны 01 сарын 16-ны өдрийн 10 тоот, 1988 оны 06 сарын 10-ны өдрийн 62 тоот, 1989 оны 22 тоот, 1989 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал, ... Д.Ганцэцэгийг хүүхдийн хоолны газрын туслан ажилчны үүрэгт ажлаас 1992 оны 4-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж Бүрдний анхан шатны сургуулийн эрхлэгчийн мэдэлд шилжүүлэн ажиллуулсугай гэсэн “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 сарын 12-ны өдрийн 30 тоот тушаал, 1990 оны 11 сарын 26-ны өдрийн баярын бичиг, гэрч Д.Оюунгэрэлийн “Намайг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг байхад Д.Ганцэцэг нь тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан. Би 2001 оноос Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулиас гарч аймгийн төв рүү шилжиж ирэхэд Д.Ганцэцэг нь Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогоочоор ажиллаад л үлдсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургууль болон Цэнхэр сумын Бүрд багийн сургуульд Д.Ганцэцэгтэй тасралтгүй олон жил хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Н.Алгаагийн “Намайг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр ажиллаж байхад Д.Ганцэцэг нь 1986 онд манай сургуулийн халуун усны газар үйлчилгээний ажилчнаар ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Д.Ганцэцэгтэй Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуульд Д.Ганцэцэгийг Бүрд багийн сургууль руу шилжин ажиллах хүртэл хамт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Бүрд багийн сургууль нь Цэнхэр сумын дунд сургуулийн салбар сургууль болон шинээр байгуулагдаж байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрээр,
Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогооч, туслах ажилчнаар 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь ... Д.Ганцэцэгийг тогоочоор 1992 оны 05 сарын 12-ны өдөр томилсон “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай” Архангай аймгийн Цэнхэр сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 сарын 12-ны өдрийн 30 тоот тушаал, тус сургуулийн тогооч-туслах ажилчин Д.Ганцэцэгийг өөрийн хүссэний дагуу 2007 оны 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын бага сургуулийн эрхлэгчийн 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 14 тоот тушаал, гэрч Д.Оюунгэрэлийн “Би 2001 оноос Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулиас гарч аймгийн төв рүү шилжиж ирэхэд Д.Ганцэцэг нь Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогоочоор ажиллаад л үлдсэн. Би Архангай аймгийн Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургууль болон Цэнхэр сумын Бүрд багийн сургуульд Д.Ганцэцэгтэй тасралтгүй олон жил хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нарангэрэлийн “Би Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд 1993 оны 08 сард бага ангийн багшаар анх очиход Д.Ганцэцэг нь тус сургуулийн гал тогоонд тогооч, үйлчлэгчээр ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн Д.Ганцэцэгийг Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуулиас гарах хүртэл би Д.Ганцэцэгтэй хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Н.Алгаагийн “Намайг Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр ажиллаж байхад Д.Ганцэцэг нь 1986 онд манай сургуулийн халуун усны газар үйлчилгээний ажилчнаар ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Д.Ганцэцэгтэй Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуульд Д.Ганцэцэгийг Бүрд багийн сургууль руу шилжин ажиллах хүртэл хамт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Бүрд багийн сургууль нь Цэнхэр сумын дунд сургуулийн салбар сургууль болон шинээр байгуулагдаж байсан. Д.Ганцэцэг нь Цэнхэр сумын Бүрд багийн сургуулийг татан буугдах хүртэл тус сургуульд тогоочоор ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Ганцэцэгийг 1986 оны 06 сараас 1989 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл түр ажилчнаар томилж байсан байх боловч дээрх хугацаанд жил бүр ажил эрхэлж байсан нь 1986, 1987, 1988, 1989 онуудын Цэнхэр сумын сургуулийн захирлын тушаалууд, гэрч Д.Оюунгэрэл, Н.Алгаа нарын “Д.Ганцэцэг нь 1986 оноос Бүрдийн сургууль руу шилжтлээ тасралтгүй Цэнхэр сумын сургуульд үйлчлэгчээр ажилласан” гэсэн мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн сургуульд 1986 оноос хойш тасралтгүй ажилласан гэж үзлээ.
Иймд Д.Ганцэцэгийн Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн /10 жил/ сургуульд туслах ажилчнаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл, Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогооч, туслах ажилчнаар 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Андад овгийн Доржийн Ганцэцэгийн Архангай аймгийн Цэнхэр сумын 8 жилийн /10 жил/ сургуульд туслах ажилчнаар 1986 оны 06 сарын 02-ны өдрөөс 1992 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн бага сургуульд тогооч, туслах ажилчнаар 1992 оны 05 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА