Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1839

 

Б.Цэрэндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                               

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2017/00243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цэрэндуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох

 

Бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Б.Цэрэндуламын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний бие 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/176 дугаартай тушаалаар Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар анх ажилд орсон. Нэг сарын туршилтын хугацаанд ажиллаад 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/219 тоот тушаалаар жинхэлж ажиллах болсон. Намайг жинхэлж ажиллах болоход өмнө нь ажиллаж байсан архив, бичиг хэргийн ажилтан Ш.Сарантуяа нь тэтгэвэрт гарсан. Би 2014 оноос хойш 2017 оны 04 дүгээр capын 25-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласаар ирсэн. Гүйцэтгэх захирлыг солигдож ажил авснаас хойш Б.Цэрэнпил гэгч хүн ирээд 2013 оны шүүгчийн захирамжаар ажилдаа эргэж ормоор байна гэх болсон, Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний хөдөлмөрийн гэрээг   дуусгавар болгож Б.Цэрэнпилийг ажилд томилсон. Миний хувьд гомдолтой байна. Учир нь би тэтгэвэрт гарсан хүний оронд ажилд орсон, энэ хүнээс ажлаа аваагүй, намайг тус байгууллагад орж ажилласнаас хойш ажилдаа орно гэж нэг ч удаа ирээгүй. Би архив, бичиг хэрэг гэдэг албан тушаалыг байнга хамтад нь хийсээр ирсэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод, бичиг хэрэг, архивч гэж заагдсан байдаг. Миний бие одоогоор 19 долоо хоногтой жирэмсэн болно. Жирэмсэн гэдгээ байгууллагын удирдах ажилтнуудад мэдэгдэж хэлсэн. Мөн 7 дугаар сард жирэмсний амралтаа авах байсан, үүнийгээ удаа дараа ойлгуулсан боловч байгууллагын дарга авч хэлэлцэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би ажлаас халагдах хүртлээ ажлын байран дээрээ ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мөн жирэмсэн байхдаа халагдсандаа гомдолтой байна. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяагийн тайлбарт: Багануур дүүргийн шүүхийн 2013.08.13-ны өдрийн 378 дугаартай шийдвэрээр талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр Б.Цэрэнпилийг Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ний архивчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор эвлэрэн хэлэлцсэн. Захирамж гарсны дараа 2013.08.14-ний өдөр Б.Цэрэнпил компани дээр ирж гэрээ байгуулах явцдаа уг ажилд орохоос татгалзаад явсан. Гэхдээ энэ үед байгууллагаас ямар нэгэн эрх зүйн акт гараагүй учраас шүүгчийн захирамж биелэгдэх үндэслэлтэй юм. Нэгэнт ажилд орохоос татгалзаад явсан тул архивч, бичиг хэргийн албан тушаалыг нэг болгоод өмнө нь бичиг хэргийн ажил хийж байсан Д.Сарантуяа гэж хүнийг байгууллагын архивч, бичиг хэргийн албан тушаалд томилсон. 2014 оны 8 дугаар сард Д.Сарантуяа ээлжийн амралтаа авах болсон тул Б.Цэрэндуламыг 2014.08.18-ны өдөр архивч, бичиг хэргийн албан тушаалд томилж түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар Д.Сарантуяа тэтгэвэрт гарснаар 2014.09.18-ны өдрөөс жинхлэн ажиллах болсон. Гэтэл 2017.03.27-ны өдөр Б.Цэрэнпил шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн томилуулах тухай өргөдлийг манай байгууллагад өгсөн. Ажил олгогчийн зүгээс одоогийн бүтэц зохион байгуулалтаар архивчийн орон тоо дангаараа байхгүй болсон. Мөн уг ажлын байранд ажиллаж байгаа Б.Цэрэндулам жирэмсэн тул ажлын байраар хангах боломжгүй тухай мэдэгдсэн. Гэтэл Б.Цэрэнпил шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж улмаар 2017.04.19-ний өдрийн 01/446 тоот Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн даргын албан тоот манай байгууллагад ирсэн. Тус албан бичигт Б.Цэрэнпилийг 2017.04.24-ний өдрийн дотор ажилд эгүүлэн томилж хариу ирүүлэх тухай дурдсан байсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болсон тул Б.Цэрэндуламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Б.Цэрэнпилийг архив, бичиг хэргийн ажилд томилсон. Б.Цэрэндуламын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа жирэмсэн эхийг ажлаас халах хуулиар хориотой гэдгийг мэдэж байсан хэдий ч шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэж байгаа болохоор өөр арга байгаагүй. 2013 онд бичиг хэрэг, архивчийн орон тоо нэг болсон, 2017.04.12-ны өдрийн 11 тоот ТУЗ-ийн зөвлөлийн тогтоолоор байгууллагын орон тоо, бүтцийг шинэчлэн баталсан, энэ тогтоолоор ч бичиг хэрэг, архивчийн орон тоо нэг байгаа. Ганцхан орон тоо байгаа учраас Б.Цэрэндуламыг өөр ажилд ажиллуулах боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгийг дахин хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,5, 128 дугаар зүйлийн   128.1.2 дахь хэсэгт зааснаар Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Цэрэндуламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэндуламын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агууллага, зорилгод нийцүүлэн оновчтой зөв хэрэглэх мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, нөхцөл байдлыг бүрэн, бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Шүүхээс нөхцөл байдалд хууль, шударга ёсны үүднээс хэргийг тал бүрээс нь бүрэн судлаж шинжлээгүй.                                                                        

Миний бие анх уг байгууллагад 2014.08.18-ны өдөр ажилд орж, 2014.09.18-ны өдөр жинхэлж байнгын ажлын байранд ажиллах болсон. Өөрөөр хэлбэл, урьд ажиллаж байсан Б.Цэрэнпил 2013.08.14-д ажилдаа орох боломжтой байсан ч ороогүй атлаа 4 жилийн дараа ажилдаа орох гэж зүтгэх болсон талаар шүүх тодруулаагүй. Мөн орон тоо бүтэц 2017.04.12-нд өөрчлөн баталсан байдаг. Б.Цэрэнпилийг ажилдаа ор гэсэн өдрөөс хойш 12 сарын дараа буюу хоосон орон тоон дээр би ажилд орсон. Нөгөө талаар Багануур зүүн өмнөд бүсийн   Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК шүүхийн шийдвэрээр Б.Цэрэнпилийг ажилд нь авч ажилуулна гэсэн атлаа ажиллуулаагүй. Тэр талаараа ямар нэг эрх зүйн акт гаргаагүй буруутай үйлдэлд миний бие хохирч байна. Б.Цэрэнпилийг ажиллуулах шүүхийн захирамжтай байж яагаад надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, урьдах асуудлаа бүрэн гүйцэт шийдээгүй байж дараагийн хүнийг ажилд авч 3 жил гаран ажиллуулчихаад гэнэт нэг өдөр шууд үндэслэлгүй ажлаас халж байгаад гомдолтой байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад Б.Цэрэнпилийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад гуравдагч этгээдээр татаж оролцуулаагүй нь процессын алдаа болсон гэж үзэхээр байна. Хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацааг хэрхэн авч үзэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй" гэжээ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 15 дах хэсэгт "байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг" гэж заасан байна. Эндээс Б.Цэрэндуламын ажлын байр бол байнгын ажлын байр бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульд заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т "Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч шүүхийн шийдвэрээр Б.Цэрэнпилийг авч ажлуулж байгаа бол Б.Цэрэндуламд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын хөдөлмөрийн нөхцөлийг дордуулалгүй өөр ажил албан тушаалд шилжүүлэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд өөр ажил, албан тушаал санал болголгүй шууд халсан. Хариуцагч өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажилуулах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нотлох барит хэрэгт байдаггүй. Мөн шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн хариуцагчийн нэг талын тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тушаал гарсан огноо нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хугацаатай давхацаж байгаа. Өөрөөр хэлбэл Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны захирал 2017.04.25-ны өдөр Б/189 тоот тушаал гаргасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй атал үүнийг өчүүхэн ч тооцож, тоогоогүй учир уг тушаалыг хүчингүй болгох ёстой.

Иймд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.12-ны өдрийн 103/ШШ2017/00243 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэндулам нь хариуцагч “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Б.Цэрэндуламтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болгосон, өөр орон тоонд ажиллуулах боломжгүй” гэж маргажээ.

 

Б.Цэрэндулам нь “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/176 тоот тушаалаар Бичиг хэрэг, архивын ажилтнаар түр томилогдон, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тус компанийн гүйцэтгэх захирлын Б/219 тоот тушаалаар Архив, бичиг хэргийн ажилтнаар жинхлэн томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх.5, 7, 8-15/ тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/189 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дах заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 378 дугаар захирамж, Нийслэлийн Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/446 тоот албан бичгийг тус тус үндэслэл болгожээ./хх.4/

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Цэрэнпилийг “Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг өгөх тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг Б.Цэрэнпил шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх бөгөөд /хх-29/ хариуцагч “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шүүхийн шийдвэрийг биелүүлж, архив, бичиг хэргийн ажилтан Б.Цэрэндуламыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт нь уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход хамаарахгүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно.

 

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмнөх ажилтан ажилдаа эргэж орсон, тухайн ажлын байр 1 орон тоотой учраас Б.Цэрэндуламыг өөр ажилд ажиллуулах боломжгүй тухай тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9-р зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах, сунгах талаар тусгасан бөгөөд 9.1-д энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болохоор заажээ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч Б.Цэрэндуламын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2017/00243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                             ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                   Б.НАРМАНДАХ