| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/546 |
| Огноо | 2021-10-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/546
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Баярчимэг,
Нарийн бичгийн дарга Э.Одбаяр,
Улсын яллагч Г.Мижиддорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У,
Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Э.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х.М.Н-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ............. өдөр .... төрсөн, ... настай, ...тэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, ........ .....тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Х.М.Н-/РД:.........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 2019 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 24-01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.У-тэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт бүхий гэмтлийг учруулсны улмаас амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 9 дүгээр сарын 9-10 шилжих шөнө хуучин салсан эхнэр дээрээ очиж гурван хүүхдийнхээ хувцсыг авах гээд очсон. Намайг очиход гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байсан. Удалгүй цонхоор нь нэг залуу гарч ирсэн. Тэгээд намайг яах гээд байгаа талаар асуухаар нь би гурван хүүхдийнхээ хувцсыг авах гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд тэр залуу намайг энэ цонхоор ороод авчих гээд намайг дагуулаад цонхоор орсон. Би ороод Улаанаагаас гурван хүүхдийн хувцас авах гэж асуухад урдаас “юу яриад байгаа юм бэ гээд гэж хэлсэн. Мөн Бямбаа би чамд гурван шээс төрүүлж өгсөн биз дээ гэж хэлсэн. Бид хоёр маргаж байхад хажуу талаас хохирогч дайраад бид хоёр зодолдсон. Би Бямбаад хандаж “чи хүүхдийн эд зүйлийг зараад битгий архи уугаад бай гэж хэлсэн. Бямбаа бид хоёр өглөөний 6 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгээд удалгүй бид нар гэрээс гараад Жаргалантын 13 дугаар гудамжны үзүүр хүртэл хамт явж байгаад салцгаасан” гэв.
Шүүгдэгч М.Н өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, өмнөх хуралдаанд мэдүүлэг гаргасан...” гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа. 13-ны өдрийн өглөө ах чинь хүнд зодуулаад бие нь муу байна гэж над руу залгаж хэлсэн. Гэхдээ М.Н хүнийг үхтэл нь зодох ямар шалтгаан байсан бэ гэж асуумаар байна. Миний ах хүнд нэг ч муу зүйл хийж байгаагүй. М.Н хүүхдийнхээ хувцсыг аваад гараад явчихгүй яагаад миний ахыг үхтэл нь зодоод байна вэ. Би үнэхээр их гомдолтой байна. Би оршуулгын зардлын талаар 1.000.000 төгрөг авсан. Өмнө манай эгчид 4.500.000 төгрөг өгсөн гэж хэлсэн.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…9 сарын 13-ны өглөө ахыгаа зодуулаад амь насаа алдсаныг сонссон ажил явдал нь болоход нэг ч уучлалт гуйгаагүй, шүүх хуралдаанд харахад ч гэмшсэн шинж байдаггүй. Өнөөдөр чи өөрийнхөө амьдралыг бодоод ярьж байна, харин ахыг минь нэг удаа бодож үзсэн үү. Эзээгүй нэг удаа уулзсан өөрсдийнхөө талаар л ярьдаг бүхэл бүтэн 3 хүүхэдтэй хүний амьдралыг сүйрүүлсэн, чи яахав хийсэн хэргийнхээ ялаа эдэлж гарж ирээд өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлээд явна. Гэтэм миний ах шороонд хэзээ я хүүхдүүдээ харж чадахгүй гомдолтой байна. 9.000.000 сая төгрөгийн үнэтэй хүний амьдрал гэж юу байхав дээ хүний амийг хэдэн төгрөгөөр үнэлээд өөрийгөө бодож яриад байгаан. Хохирлын тооцоо манай эгчид мөнгөнүүд өгсөн надад өмнө 1 сая төгрөг өгсөн, зардал 150.000 төгрөг өгсөн. Өмнөх шүүх хурал дээр 5.100.000 төлсөн гэв.
Гэрч Э.Бямба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим байсан байхаа цагийг нь бас сайн мэдэхгүй байна. Яармагийн эцэс орчим явж байгаад Х.У- /талийгаач/-тай таарсан бөгөөд тухайн үед Х.У- ах архи уугаагүй байсан. ...Манай гэр болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 14-348 тоотод очсон. Манай байшингийн хаалганы түлхүүр алга болсон болохоор би цонхоороо орж гарч байгаа юм. Ингээд бид гурав цонхоор ороод Отгоо эгч том өрөөний орон дээр, би хүүхдийн өрөөнд, Х.У- жижиг өрөөнд хэвтсэн. Би өдөр нь архи уусан байсан болохоор нойрондоо дийлдээд нам унтсан байсан. ...Гэтэл шөнө эрэгтэй хүн чанга ярих чимээ гарахаар нь би бостол хуучин салсан нөхөр Н- /Нямкаа/ ороод ирчихсэн Х.У- ахтай маргаад байсан. Мөн тухайн үед Отгоо эгч сэрээд орон дээр суугаад болж байгаа зүйлийг ажиглаад суугаад байсан. Тухайн үед Н- хүүхдийн хувцас авах гээд надтай маргаад байхаар нь “чамд 3 шээс төрүүлж өглөө, одоо яах гээд байгаа, тэр гурвыгаа аваад зайлахгүй юу” гэж хэлсэн. Энэ үед Н- их уурласан бөгөөд миний хэлсэн үгийг Х.У- ах бас Н-д хандаад хэлчихсэн юм шиг байна лээ. Ингээд л Н- уурлаад Х.У- ахыг заамдаад авсан чинь Х.У- ах зөрүүлээд бариад авсан. Гэтэл Н- Х.У- ахын элэг рүү нь гараараа цохиод газар унагасан, гэхдээ Х.У- ах газар уначхаад босоод ханан пийшинг нуруугаараа налаад бөгсөөрөө газар суусан байхад Н- нүүрэн тус газарт нь хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Энэ үед Х.У- ах толгойгоо хойш нь саваад ханан пийшинг хүчтэй цохиод байсан. Бас гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би голоор нь ороод “наад хүн чинь бие нь муу ш дээ, чи яагаад агсам тавиад хүн зодоод байгаа юм бэ" гэж хэлсэн. Н- нэлээн согтуу байдалтай орж ирсэн. Тухайн үед Х.У- ахын хамраас нь цус гараад бас хоёр нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Отгоо эгч бид хоёр Н-гээс гуйж байгаад арай хийж аргалаад тайвшруулсан. Тэгээд Х.У- ахыг булангийн жижиг өрөөнд газар гудас тавьж өгөөд хэвтүүлсэн. Х.У- ах тухайн үед зодуулаад бараг ухаан алдаад сэргэсэн байхаа, яриа нь хачин болчихсон манараад байх шиг байсан. ...Х.У- ах “толгой өвдөөд байна аа, арай аймаар зодуулчихлаа, толгойдоо гэмтэл авчих шиг боллоо гэртээ харьж хэвтлээ” гэж хэлж байсан. Гэхдээ Х.У- ахын хоёр нүд нь хөхрөөд хавдчихсан, нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд хамт явж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цагийн орчим гэрлүүгээ орсон...Би Х.У- ахад хадгалуулсан байсан rap утсаа авахаар гэрт нь ороход Х.У- ахын бие нь тааруу хэвтэж байсан. Мөн би биеийг нь асуухад “ах нь үнэхээр босож чадахгүй байна аа, арай дэндүү зодуулчихсан байна” гэж хэлж байсан...Н- Х.У- ахыг элэгдэж унагаад, ханан пийшин нуруугаараа налаад сууж байхад нь нүүр рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Бас сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохиод байсан. Энэ үед Х.У- ах толгойн ар хэсгээрээ ханан пийшин мөргөөд байсан... Н- нь л зодоод ийм болгосон. Зөв зүгээр эрүүл саруул байсан. Гэхдээ Н- аймаар хүчтэй нүүр рүү нь өшиглөөд байсан... хүмүүс намайг Бямбаа гэж дууддаг анх мэдүүлэг өгөхдөө миний нэр Бямбаа гэж бичигдсэн байна. Иргэний үнэмлэх дээр Бямба гэж бичигдсэн байгаа.” гэх мэдүүлэг /1хх-25-29-р тал/
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...гэрт Х.У-, Улаанаа бид гурав үлдсэн Чимгээ яваад цаг гарины дараа хашааны хаалга нэлээн балбасан. Х.У- гэх залуу цонхоор гараад хашааны хаалгыг онцгойлсон. Удалгүй нэг шар залуутай хамт Х.У- цонхоор орж ирсэн. Би энэ хүн юун хүн бэ гэхэд Бямба энэ манай хуучин нөхөр гэж хэлсэн.Тэр залуу орж ирээд Улаанаа буюу Бямбааг хардаад байх шиг байсан. Орж ирээд учиргүй Х.У-г зодоод эхэлсэн. Х.У- байшинд орж ирээд диван руу юман дээр суусан. Тэр хамт орж ирсэн залуу хажууд суусан байсан. Хамт орж ирсэн залуу эхлээд толгой, тархи руу цохиод авсан ба Х.У-г газар унах үед өшиглөөд эхэлсэн. Бямбагаагийн хуучин нөхөр гэх залуу Х.У-г чирээд жижиг өрөө рүү аваад явсан. Тэнд оруулаад өшиглөөд байсан. Би харж байсан. Би гараад явах гэсэн чинь Бямба эгчээ та байж бай гэсэн. Би үгүй, эгч нь айгаад гэсэн чинь энэ зодоод байгаа залуу “хөгшин кулкааз минь байж бай” гэсэн...би буцаж очоод суусан. Зодоон хийгээд байгаад залууд жижиг өрөө рүү орохоос өмнө миний хүү яаж байгаа юм бэ болиоч гэхэд миний толгой руу хоёр цохиод дуугуй бай гэсэн. Жижиг өрөөнд байхад Х.У-г өшиглөөд байсан. Гаднаас орж ирж залуу том өрөөнд орж ирээд диван шиг юм дээр суугаад та тийшээ яваад тэр орон дээр очоод унт гэсэн. Би айгаад энэ залууг унтахаар очоод хэвтэхээс гээд жижиг өрөөнд байсан давхар орон дээр очоод доод талын орон дээр хэвтсэн. Энэ залуу диван шиг юман дээр хэвтсэн. Удалгүй Улаанаа буюу Бямба ирээд эгчээ энэ унтчихлаа, бушуухан гаръя гэсэн. Би цонхоор гараад замын цаад талын довжоон дээр сууж байсан. Бямба Х.У- 2 араас гарсан байх...тэгээд Бямба бид 2 алхаад нэг хашаанд байшинд орсон хэнийх гэдгийг мэдэхгүй. Шалан дээр зодуулдаг залуу хэвтэж байсан. Нүүр ам нь толгой тархи нь цус болсон байсан. Х.У- цагдаад очино гэхэд үгүй, би очихгүй, шууд харилаа гээд гэр рүүгээ явсан. Би гэртээ шөнө ирсэн. Хэдэн цагт ирснээ мэдэхгүй. Хэд хоногийн дараа Бямбатай гудамжинд тааралдсан чинь нөгөө хүн чинь өнгөрсөн ш дээ гээд байсан...эхлээд толгой, нүүр ам хэсэг рүү цохиод байсан. Олон удаа цохиод байсан. Таарсан газар руу толгой тархи, бие цээж рүү өшиглөөд байсан Би их л зэрлэг залуу байна гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31-р тал/
Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр унтаж байхад 07 цагийн орчим гаднаас Х.У- бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед нүд нь хөхөрсөн байдалтай, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “намайг шар Нямка зодчихлоо” гэхээр нь би “тэгвэл цагдаад хэлээч дээ” гэтэл “за яахав гайгүй байлгүй дээ, нүд юм харахгүй байна” гэж байсан. Ингээд нүүр гараа угааж байхад нь би босоод ажилдаа явсан. Тухайн үед гэрт миний том хүү Ганбуян үлдсэн. Ингээд би дэлгүүр дээр байж байтал 11 цагийн орчим Х.У- гаднаас орж ирсэн бөгөөд надад хандан “аниа миний толгой аймаар өвдөөд байна аа, нүд бас л юм харахгүй байх юм” гэж хэлсэн. Мөн би гэрэлтэйд сайтар хартал хоёр нүд нь хөхөрч нэлээн хавдсан, хамар нь мурийсан харагдаж байсан. Ингээд надаас тамхи аваад 12 цагийн орчим “үнэхээр толгой өвдөөд байна, би харьж хэвтлээ” гээд явсан. Мөн би дэлгүүр дээр сууж байгаад 14 цагийн үед цайгаа уухаар гэрт очиход Х.У- ганцаараа орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Намайг анзаарахад бие нь их зовуурьтай байх шиг байсан “босож чадахгүй байна, Нямкаа яаж байгаан болоо” гээд л байсан. ...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн орчим би ажилдаа явсан бөгөөд өдөр дэлгүүр дээр сууж байтал 13 цагийн орчим Х.У- ирсэн бөгөөд надад хэлэхдээ “аниа би шууд харилаа, Нямкааг зодсоноос хойш толгой өвдөөд байх болчихлоо, хүнтэй ч юм ярьж чадахгүй байна, шууд харьж амарлаа, уначих гээд байна” гээд явсан...Ингээд ажил дээр байж байтал манай нөхөр Ганзориг 09 цагийн орчим ирээд “Х.У- эвгүй болчихсон байна, гар нь татаад байна” гэж хэлэхээр нь яараад шууд гэрт иртэл Х.У- ухаангүй байдалтай юм ярихгүй өмдөндөө шээчихсэн, хурхираад байсан. Ингээд л бид нар 86241877 дугаараас 103 дугаарт 12 өнгөрч байхад дуудлага өгтөл удалгүй түргэн ирж үзээд “биеийн байдал муу байна, зүрхний пүльс муу байна” гэж хэлээд шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Улмаар толгойн томограф зураг авхуулсан. Ингээд тасаг руу орж амжаагүй амилахуйн тасагт байхад 12 цаг 30 минутад дүү маань нас барсан... Эмэгтэй Улаанаагийн хуучин нөхөр Нямкаа зодсон гэж байн байн хэлж байсан. Миний дүү надад огт худал хэлдэггүй л дээ. Учир надтай хамт амьдардаг болохоор тэр шүү дээ. Анх зодуулаад орж ирэхдээ л хоёр нүд нь хөхөрч хавдсан, хамар нь мурийгаад цус гараад шалбарсан байсан. Бас “Нямкаа яагаад намайг зодож байгаа юм болоо” гээд л байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-34-р тал/
Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас буугаад 10 цагийн орчим гудамжиндаа явж байтал Х.У-тэй таарсан. Тухайн үед Х.У-гийн хоёр нүд хөхөрч хавдсан, хамар нь мурийчихсан бас хацар нь халцарчихсан байхаар нь юу болсон талаар асуусан. Хариуд Х.У- “ах чимээгүй бай яв яв, Нямкаа зодчихсон юм аа” гэж хэлсэн...би эхнэрт хандаж “энэ одоо хэнд зодуулчихдаг юм бэ?” гэхэд “цаадхыг чинь Нямкаа зодсон гэсээн, өөрөө надад тэгж хэлж байна лээ” гэж хэлсэн...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа тараад 09 цаг 30 минутын орчим гэртээ ирэхэд Х.У- хэвтэж байсан бөгөөд гараараа хөнжлөө татаад байх шиг байхаар нь гараас нь барьтал миний гарыг сулавтар атгаад байсан. Мөн сэрэхгүй байхаар нь шууд л эхнэрийн дэлгүүр дээр гүйж очоод болсон явдлын талаар хэлээд гэрт дагуулан ирсэн. Гэвч яг л байдаг хэвээрээ ухаангүй байгаад байхаар нь түргэн дуудсан. Удалгүй түргэн ирж үзээд “энэ хүн тархиндаа гэмтэл авсан юм шиг байна, зүрхний пульс муу байна” гэж хэлсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан бөгөөд өдөр 12 цаг өнгөрч байхад нас барсан даа... “Нямкаа зодсон” л гэж надад хэлсэн...Намайг харахад 2 нүд нь хөхрөөд нэлээн их хавдсан. Бас хамар нь мурийсан байсан. Бас аль билээ дээ нэг хацар нь хамрын хамт халцарсан байсан. Гэхдээ л арай л аймаар зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36-р тал/
Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Х.У- надтай тааралдахдаа 2 нүд, дух, эрүү, шанаа хэсэгтээ хөх болоод хавдсан байхаар та нүүр чинь яагаад ийм больчихов гэж асуухад эмэгтэй Улаанаагийн хуучин нөхөр өнөөдөр намайг хардаад эмэгтэй Улаанаагийн гэрт зодчихлоо гэж хэлээд Түц-ний арын гудамжаар яваад өгсөн. Тэгээд би тэр гудамжны үзүүрт зогсож байхад Х.У- ах гудамжны голд явж байгаад таталт өгөөд газар унаад татаад байхаар нь би айгаад яваад өгсөн. Тэрнээс хойш Х.У- ахтай уулзаагүй...Намайг Х.У- ахтай уулзахад 2 нүд, дух, эрүү, шанаа хэсэгтээ нийлээн хавдаж хөхөрсөн байсан. Х.У- ах сайн алхаж явж чадахгүй гуйваад удаан алхаад байсан. Хурдан явахаар миний толгой эргээд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр орой 19-20 цагийн үед ажил тарах гэж байхад над руу залгасан...бид хоёр 10 дугаар хороололд нэг пабад орж...пиво уусан...би 22 цаг өнгөрөөд явсан...Н- ганцаараа пабад үлдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42-р тал/
Гэрч Б.Одгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...би тухайн үед Нийслэл түргэн тусламжийн төвийн ХУД дэх салбарт дуудлагын эмчээр ажиллаж байсан. 2019-09-13-ны өдөр ХУД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрт 40 орчим насны эрэгтэй ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу очиход байшин дотор диванархуу оронд хойшоо гэдийж налаад суусан ухаангүй бүр хөхөрсөн байдалтай байсан. Хойшоо хэвтүүлж хэлийг гаргаж амьсгалын замыг чөлөөлөхөд амьсгалсан. Амин үзүүлэлт нь муу багассан байсан. Хэвтүүлээд машинд насылкаар оруулж ГССҮТ-д сэхээн амьдруулах тасагт хүргэж өгсөн. Энэ талаар цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн...төрсөн эгч гэх эмэгтэй уйлаад байсан. “...энэ эмэгтэй хүүхдүүд нь архи ууж байхдаа 2 хоногийн өмнө зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн цогцост шинжилгээ хийсэн №1976 тоот дүгнэлт: “...Гавал тархи болон хэвлийн битүү гэмтэл тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт, зүүн бөөрний дээд булчирхай орчим болон зүүн бөөрний өөхөн эд, хальсан доорх цус хуралт. Хоёр нүдний дээд, доод зовхи ба нүдний алимын салстын цус хуралт, дух, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу ба үзүүр, хамрын доод хэсэг, зүүн чихний дэлбэн, хүзүү, зүүн мөр, шуу, баруун бугалга, шуу, цээж, нуруу, баруун гуя, өвдөг, шагай, зүүн тавхайн зулгаралтууд, баруун, зүүн хацар, уруулын дээд хэсэг, баруун мөр, эгмийн доод хэсэг, зүүн мөр, цээж, аюулхай орчим, зүүн шилбэ, тавхайн цус хуралтууд зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байх ба хэвлийн битүү гэмтэл буюу зүүн бөөрний эд булчирхай орчим болон зүүн бөөрний өөхөн эд, хальсан доорх цус хуралт гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан.” гэх дүгнэлт /1хх-ийн 56-60-р тал/
Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...ямар хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй...гавал тархины гэмтэл нь биеийн гадна хэсэгт үүссэн гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77-р тал/
Шүүх сэтгэц, гэм судлалын 1160 тоот дүгнэлтэд “... М.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Н нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Н нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн /1хх-67-р тал/
ШШҮХ-ийн Хавтаст хэргийн материалаар хийсэн 2019-12-20-ны өдрийн 2 дугаартай, ШШҮХ-ийн Хавтаст хэргийн нэмэлт материалаар хийсэн 2020-02-05-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт /1хх-ийн 182-187, 236-241/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч С.Одонхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-11-12, 13-18, 19-25, 26-30/ Амь хохирогч Х.У-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-15/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-105-113/, хохирлын баримтууд /1хх-122-158/, ял шийтгэлийг шалгах хуудас /1хх-193/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-194/, өвчний түүх /1хх-197-199/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн ар гэрээс хохирол төлсөн баримт, хүүхдүүдийн суралцдаг тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 2019 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 24-01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.У-тэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт бүхий гэмтлийг учруулсны улмаас амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Гэрч Э.Б-ын”... Н- “Х.У- ахыг элэгдэж унагаад, ханан пийшин нуруугаараа налаад сууж байхад нь нүүр рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Бас сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохиод байсан. Энэ үед Х.У- ах толгойн ар хэсгээрээ ханан пийшин мөргөөд байсан. Н- зодоод ийм болгосон. Зөв зүгээр эрүүл саруул байсан. Гэхдээ Н- аймаар хүчтэй нүүр рүү нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх25-29, гэрч Б.О-ийн “Тэр залуу орж ирээд Улаанаа буюу Бямбааг хардаад байх шиг байсан. Орж ирээд учиргүй Х.У-г зодоод эхэлсэн. Х.У- байшинд орж ирээд диван дээр суусан. Тэр хамт орж ирсэн залуу хажууд суусан байсан. Хамт орж ирсэн залуу эхлээд толгой, тархи руу цохиод авсан ба Х.У-г газар унах үед өшиглөөд эхэлсэн. Бямбаагийн хуучин нөхөр гэх залуу Х.У-г чирээд жижиг өрөө рүү аваад явсан. Тэнд оруулаад өшиглөөд байсан. Би харж байсан. Эхлээд толгой, нүүр ам хэсэг рүү цохиод байсан. Олон удаа цохисон. Таарсан газар руу толгой тархи, бие цээж рүү өшиглөөд байсан. Би их л зэрлэг залуу байна гэж бодож байсан” гэх мэдүүлэг /30-31/, шинжээч эмч Б.Ундармаагийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. 1976 дугаартай "... талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан” гэх дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч С.Одонхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-11-12, 13-18, 19-25, 26-30/ Амь хохирогч Х.У-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-15/ зэргээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 24-01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.У-тэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэснийг шүүх, шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн нолох баримтууд болон шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, мөргүүлэг зэргээр гавал тархины гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэл тул ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч М.Нд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж, амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч М.Нгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад хохиролд нийт 9.313.500 төгрөг нэхэмжилснээс хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч М.Н нь гэм хорын хохиролд 6.150.000 /зургаан сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан гэхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгээгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У гаргасан нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 3.165.500 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /11хх-192/ тогтоогдсон байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад цагдан хоригдсон нийт 532 /таван зуун гучин хоёр/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /1хх-85, 101, 104, 203, 213, 220, 248, 2хх-18 /
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М.Н-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Нд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нгийн цагдан хоригдсон 532 /таван зуун гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт М.Н нь 6.150.000 / зургаан сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хохирогчийн ар гэрт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 3.313.500 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.У нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт М.Нгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд М.Нгийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД Д.ДОРЖСҮРЭН
Х.ОДБАЯР