| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00332/и |
| Дугаар | 379 |
| Огноо | 2017-07-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 379
2017 оны 07 сарын 20 өдөр Дугаар 129/ШШ2017/00379 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, Архангай аймгийн Хангай сумын 1-рт багт оршин суугч Лувсаншарав овгийн Жигжиддоржийн Баяраагийн /РД:АЙ67011502/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Баяраа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн лавлагаа зэрэг бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1983 онд 8-р анги төгсөөд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Би Ардын зориг нэгдлээс өөр нэгдэлд ажиллаж байгаагүй. Миний хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагч зөрчилтэй гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Миний тэтгэвэрт гарах нас болсон. Иймд миний Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Баяраа нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Жигжиддоржийн Баяраагийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1983 оны 6-11 сар, 1984 оны 1-3 сар, 6-12 сар, 1985 оны 1-3 сар, 5-12 сар, 1987 оны 8-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1991 оны 1-8 сар, 12 сар, 1992 оны 1-5 сар, 7-12 саруудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
2. Ж.Баяраагийн хөдөлмөрийн дэвтэр,
3. Ардын зориг нэгдлийн гишүүн Жигжиддоржийн Баяраагийн 1988, 1990 оны ажлын тодорхойлолт,
4. Хүсэлт гаргагчийн шагнагдаж байсан:
4.1. Хангай сумын ХЗЭ-ийн хорооны сүргийн манлай дурсамж,
4.2. Хангай сумын ҮЭ-ийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 сарын 20-ны өдрийн сайшаалын үнэмлэх,
4.3. Хангай сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1985 оны 07 сарын 11-ний өдрийн сайшаалын үнэмлэх,
4.4. Хангай сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1985 оны 12 сарын 06-ны өдрийн баярын бичиг,
4.5. Хангай сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1986 оны 02 сарын 09-ний өдрийн баярын бичиг,
5. Гэрч Б.Өлзийбадрахын: “Би 1973 онд илгээлтээр гарч Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчин болж 1975 он хүртэл ажиллаад цэргийн албанд татагдсан. Би 1978 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ардын зориг нэгдэлд мал маллаж, уг ажлаа тус нэгдлийг хувьчлагдах хүртэл хийж, нэгдэлд хувьчлагдсаны дараа Ардын зориг ХК-д тус компанийг тарах хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байхад Ж.Баяраа нь 1983 онд тус нэгдэлд илгээлтээр ирж Долгоржавын фермд саальчнаар ажилласан. Тэр үеэс эхлэн би Ж.Баяраатай Ардын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт ажилласан. Би Ж.Баяраатай нэг нэгдэлд ажиллаж байсан учир түүнийг Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Рэгзэнбүтэдийн: “Би 15 насандаа илгээлтээр гарч Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд саальчнаар ажилласан. Тухайн үед надад хөдөлмөрийн түр дэвтэр гээд цагаан дэвтэр өгч байсан. Би илгээлтээр гарч ажилласнаас хойш Хангай сумын Ардын зориг нэгдэлд саалчьчнаар 1986 он хүртэл ажиллаад 1986 оноос тус нэгдлийн талхны цехэд талхчинаар орж уг ажлаа Ардын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Намайг Хангай сумын Ардын зориг нэгдэлд Долгоржавын фермд саальчнаар ажилладаг байхад Ж.Баяраа нь 1983 онд тус нэгдэлд илгээлтээр ирж манай фермд саальчин болсон. Би Ж.Баяраатай 1983 оноос 1986 он хүртэл нэг фермд хамт саальчнаар ажилласан бөгөөд 1986 онд намайг нэгдлийн талхны цехэд талхчинаар шилжин ажиллахад Ж.Баяраа нь фермдээ малчин, саальчнаар ажиллаад л үлдсэн. Ж.Баяраа нь малчин, саальчнаар Ардын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Өлзийбадрахын Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажилласан байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 сарын 04-ний өдрийн 550 дугаар шийдвэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ж.Баяраагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Б.Өлзийбадрах, Д.Рэгзэнбүтэд нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, манлай дурсамж, сайшаалын үнэмлэх, баярын бичиг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Ж.Баяраагийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Жигжиддоржийн Баяраагийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1983 оны 6-11 сар, 1984 оны 1-3 сар, 6-12 сар, 1985 оны 1-3 сар, 5-12 сар, 1987 оны 8-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1991 оны 1-8 сар, 12 сар, 1992 оны 1-5 сар, 7-12 саруудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт, 1988, 1990 оны ажлын тодорхойлолт, Хангай сумын ХЗЭ-ийн хорооны сүргийн манлай дурсамж, Хангай сумын ҮЭ-ийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1985 оны 02 сарын 20-ны өдрийн, 1985 оны 07 сарын 11-ний өдрийн сайшаалын үнэмлэх, Хангай сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын зориг нэгдлийн зөвлөлийн 1985 оны 12 сарын 06-ны өдрийн, 1986 оны 02 сарын 09-ний өдрийн баярын бичиг, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Өлзийбадрахын “Намайг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байхад Ж.Баяраа нь 1983 онд тус нэгдэлд илгээлтээр ирж Долгоржавын фермд саальчнаар ажилласан. Тэр үеэс эхлэн би Ж.Баяраатай Ардын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Рэгзэнбүтэдийн “Намайг Хангай сумын Ардын зориг нэгдэлд Долгоржавын фермд саальчнаар ажилладаг байхад Ж.Баяраа нь 1983 онд тус нэгдэлд илгээлтээр ирж манай фермд саальчин болсон. Би Ж.Баяраатай 1983 оноос 1986 он хүртэл нэг фермд хамт саальчнаар ажилласан бөгөөд 1986 онд намайг нэгдлийн талхны цехэд талхчинаар шилжин ажиллахад Ж.Баяраа нь фермдээ малчин, саальчнаар ажиллаад л үлдсэн. Ж.Баяраа нь малчин, саальчнаар Ардын зориг нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би 1983 онд 8-р анги төгсөөд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажилласан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ж.Баяраагийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лувсаншарав овгийн Жигжиддоржийн Баяраагийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА