Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/550

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Нарангэрэл,

хохирогч З.Т-,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г.Ц-од холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ны өдөр ... төрсөн,... настай, ...гтэй, ...боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл-... хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б.Г.Ц- /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НЮ” ХХК-ийн 5 дугаар давхарт байрлах хурлын зааланд хохирогч З.Т-г “хуралд оруулахгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг өдөж үгийн муугаар доромжилж уур хүрсэн. Би босож ирээд гар гэж хэлсэн. Миний бөөр лүү эхлээд цохисон. Тэгээд хариу үйлдэл үзүүлээд цохисон ийм зүйл болсон.” гэв.

 

Яллагдагч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...миний хэвлийн хэсэг рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа шанаа хавь руу 1 удаа цохисон байх гэж бодож байгаа бөгөөд дараа дараагийн 3 удаа цохисон нь дал, мөр хэсэг рүү нь З.Т- цаашаа хараад тонгойчихсон байхад цохисон.” гэх мэдүүлэг /хх-65-р тал/

 

Хохирогч З.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би олон залуучуудын төлөөлөл болж энд байна гэж бодож байна. Би хохирол төлбөр нэхэмжлээгүй. Нэр хүнд, эдийн засгаараа хохирсон. Би ажил хэрэгч санал тавьсныхаа төлөө ийм зүйл болсон. Шүүгдэгч нь хувийн зан чанар гаргаж намайг зодсон. Энэ үйл явдал болоход миний буруутай зүйл байгаа гэж бодож байна. Юу вэ гэхээр ажил хэрэгч санал гаргасан нь би өөрийгөө буруутай гэж бодож байна. Би нэр хүнд, эдийн засгийн хувьд хохирсон. Намайг хүн заамдаад би өөрөөсөө холдуулж түлхсэнийхээ төлөө би Зөрчлийн арга хэмжээ авхуулж 100 нэгжээр торгуулсан. Намайг зодсон хүн 1 жил 6 сар зүгээр явж байна. Намайг заамдсан хүнийг түлхсэнийхээ төлөө би Зөрчлийн тухай хуулиар торгуулсан. Хүн зодсон хүнийг цагаатгах нь зөв үү гэж хэлмээр байна. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү..” гэв.

 

Хохирогч З.Т- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Ц- чи яасан том бацаан бэ? гээд босож ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Г.Ц-ын гарыг тавиулсан чинь эхлээд миний зүүн чихний орчим гараараа нэг удаа цохисон. Тэгээд дараа нь толгойны ар тал руу гараараа 3-4 удаа цохисон. ...би Г.Ц-од “та намайг хуралд оруулахгүй” гэсэн албан бичгээ өгчих, тэгвэл би гарч болно гэж хэлтэл дахиад миний толгойны ар тал руу гараараа дагз руу 5-6 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

 

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Ц-, З.Т- 2 дахиад маргалдсан бөгөөд Г.Ц- захирал З.Т-г гаргах гээд хажууд нь очоод хувцаснаас нь барьсан чинь З.Т- Г.Ц- захирлын бие рүү нь 1 удаа цохисон.Тэгтэл Г.Ц- захирал З.Т-гийн шанаа хэсэгт нь 1 удаа харин 2 дахь цохилт нь хаана цохьсныг би хараагүй. Тэгээд голоор нь ороод салгасан. ...тэгээд сууж байхдаа дахиад нэг цохисон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

 

Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би дэлгэц рүү хараад сууж байтал хойно чимээ гарахаар нь эргээд хартал Г.Ц- захирал, З.Т- нар маргаж байх шиг байсан бөгөөд би очоод голоор нь орж салгасан, надтай хамт Номиндарь мөн салгалцсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3250 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...З.Т-гийн биед тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/

 

Шинжээч эмч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гарт учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...З.Т-гийн биед учирсан тарх доргилт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл нь гэмтэл авсан гэх 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн эмнэлгийн ..эмчийн үзлэг, гэмтлийн амбулаторийн эмчийн үзлэг, томографын шинжилгээ болон тухайн үеийн зовиур болох толгой эргэх, гуйвах, бөөлжис цутгах, нүд харанхуйлж, бүрэлзэнэ гэж ярьж байсан ба үзлэгээр дагзны булчингийн хөшингөтэй, нүдний алимын чичирхийлэл илэрч байгаа нь шинэ гэмтлийг харуулж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 165/,

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол хх-1, Хохирогчийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл, гэрч Рагчаагийн өгсөн мэдүүлэг хх-19, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол хх-27, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-28-31,  Иргэний үнэмлэхийн лавлагаа хх-41, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-42, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд хх-43-48, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /2020.03.23/ хх-56, 176-р тал зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ...Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд... хянан хэлэлцлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.Ц- нь Хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлох баримтаар авсан СД-ий уншигдахгүй болсон. Хохирогчийн ээж нь албан тушаалаа бичиж өргөдөл гаргаж цагдаад нөлөөлөх гэсэн байж магадгүй, шаардлагатай гэрч нарыг дуудаж гэрчээр мэдүүлэг аваагүй байгаа. ...дахин шинжээч томилоод шалгуулах болон томографын зургийг хавтаст хэрэгт хавсаргуулах боломжтой байсан. Хавтаст хэрэгт үнэхээр ийм тийм гэх нотлох баримт байхгүй. Прокурор яллах дүгнэлтийн хавсралтад СД бичлэг хураагдсан уншигдахгүй гэж бичсэн. Хавтаст хэрэгт олон материал цугларсан ч миний үйлчлүүлэгчийг тухайн хэргийг үйлдсэн гэж тогтоогдохгүй байна. Мөн 1 жил өнгөрсний дараа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан тул цагаатгаж өгнө үү... гэж,

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ... гэмт хэрэг хэзээ хаана яаж үйлдэгдсэн талаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Г.Ц нь мөрдөн шалгах болон хэлэлцүүлгийн үеэр өөрөө Хохирогчийн толгой руу цохисон талаараа хэлсэн байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай холбоотой өмнө нь 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай гэдэг үг байгаагүй, хууль өөрчлөлт орсонтой өөрчлөлт оруулаад санаатай гэх үг орсныг би оруулаагүй байсан учир өөрчлөлт оруулсан байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой мэдүүлэг аваад тайлбарлуулсан учир дахин шинжээч томилоогүй. Бусад гэрч нараас мэдүүлэг аваагүй гэсэнтэй холбоотой ирж мэдүүлэг өгөөгүй байгаа ч бусад нотлох баримтаар тогтоогдоно гэж үзсэн байгаа. СД бичлэгтэй холбоотой тодруулсан ч Номин ... хамгаалалтын ажилтан хадгалагддаггүй дахин гаргаж өгөх боломжгүй гэсэн учир гарахгүй гэж тайлбар бичсэн байгаа. Гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэж тус тус мэтгэлцэв.

           

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НЮ” ХХК-ийн 5 дугаар давхарт байрлах хурлын зааланд хохирогч З.Т-г “хуралд оруулахгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Т- болон шүүгдэгч Г.Цын “...миний хэвлийн хэсэг рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа шанаа хавь руу 1 удаа цохисон байх гэж бодож байгаа бөгөөд дараа дараагийн 3 удаа цохисон нь дал, мөр хэсэг рүү нь З.Т- цаашаа хараад тонгойчихсон байхад цохисон.” гэх мэдүүлэг /хх-65-р тал/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №3250 дугаартай дүгнэлт гэрч М.Номиндарийн “...Г.Ц-, З.Т- 2 дахиад маргалдсан бөгөөд Г.Ц- захирал З.Т-г гаргах гээд хажууд нь очоод хувцаснаас нь барьсан чинь З.Т- Г.Ц- захирлын бие рүү нь 1 удаа цохисон. Тэгтэл Г.Ц- захирал З.Т-гийн шанаа хэсэгт нь 1 удаа харин 2 дахь цохилт нь хаана цохисныг би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/, гэрч О.Ганболдын “...би дэлгэц рүү хараад сууж байтал хойно чимээ гарахаар нь эргээд хартал Г.Ц- захирал, З.Т- нар маргаж байх шиг байсан бөгөөд би очоод голоор нь орж салгасан, надтай хамт Номиндарь мөн салгалцсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол хх-27, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-28-31 болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч З.Т-г зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Цын түүнийг цаашаа хараад тонгойх мөчид толгой тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Иймд дээр өмгөөлөгчийн цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан гэж маргасан ба прокуророос шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтаар прокурор 2020.03.23-ны өдрийн тогтоолдоо 2021.04.12-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “санаатай” гэсэн үгийн өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ц, хохирогч З.Т-ийг зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цод дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна. Уг торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 зааснаар өршөөл үзүүлэх саналтай байна гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Цод оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Түүнчлэн эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд уг хууль хамаарна гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээг тодорхойлжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн нөхцөл шаардлага хангагдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон  Г.Цод оногдуулсан торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ц торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Цод оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ