| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00353/и |
| Дугаар | 354 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 354
2017 оны 06 сарын 29 өдөр Дугаар 129/ШШ2017/00354 Эрдэнэулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 төрсөн, Улаанбаатарын хотын Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 21-75 тоотод оршин суух Бээсийнхэн овгийн Зулайгийн Жаргалын /РД:АП67051065/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтайхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Энэ байдлаа бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул хохироход хүрээд байна. Иймд архивын лавлагааг үндэслэн миний Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 02 сарын 01-нээс Дашийн худгийн моторчноор 1986 оны 11 сарын 01-нийг дуустал, Батцэнгэл сумын Хөнөг багт 1986 оны 11 сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 сарын 01 хүртэл малчнаар ажилласан хугацааг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Зулайн Жаргал нь 1983 оны 06 сард Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1990, 1991 онуудад хэдийгээр нэгдэлд ажилласан боловч 1990 оноос эхлэн нийгмийн даатгалаа шимтгэлээ нөхөн тооцуулсан байгаа. З.Жаргал хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Тэтгэвэрт орох болсон учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч З.Жаргалын 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Жаргал нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. З.Жаргалын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын 2007 оны 05 сарын 08-ны өдрийн 2/65 тоот архивын лавлагаа,
2. Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1983.06.17-ны өдрийн 45-р тушаалд: Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж нэгдлийн үйлдвэрлэл дээр ажиллахаар МХЗЭ-ийн илтгээлтээр шилжиж ирсэн залуучуудыг дор дурьдсан ажилд томилсугай. Үүнд: З.Жаргал-Халуун ус бригадад тугалчнаар /48-рт/ гэсэн Архангай аймгийн Архивын албаны 2008 оны 03 сарын 11-ний өдрийн 164 тоот архивын магадлагаа,
3. Тус архивын сан хөмрөгт Чулуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны цалингийн баримт шилжиж ирээгүй тул З.Жаргалд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 282 тоот албан бичиг,
4. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1984-1991 онуудын цалингийн баримтыг шүүн үзэхэд З.Жаргалд холбогдох материал гараагүй тул нотлох баримт гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 331 тоот албан бичиг,
5. Архангай аймгийн Архивын тасгийн 2008 оны 06 сарын 20-ны өдрийн 379 тоот архивын лавлагаанд бичигдсэн:
а. Чулуут сумын “Шинэ-амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983-10-21-ний өдрийн № 27-р тогтоолд: 1984 онд төлийн штабт гарч ажилласан төлчид штабын бусад бүрэлдэхүүнд олгосон зүйлийг зарлага болгосугай. Хавсралтад: З.Жаргал үзэг 1 ш/138-рт/
б. Мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985-12-10-ны өдрийн №91-р тогтоолд: Нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавраар өгөгдсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн малчдын ашиг шимийн төлбөр гарсныг баталсугай: Хавсралтад З.Жаргал 13 кг ааруул /11-рт/
в. Мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986-06-30-ны өдрийн №49-р тогтоолд: Гурван үеийн чуулга уулзалтанд оролцогчид 1-р хавсралтын дагуу бэлэг дурсгалын зүйлээр шагнасугай. Үүнд: З.Жаргал – Дурсамж, тэмдэглэлийн дэвтрээр /160-рт/
г. Мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988-05-12-ны өдрийн № 28-р тогтоолд: Оны эхний 468-509 эм хонио 3 жил дараалан хорогдолгүй онд оруулсан малчин З.Жаргал 110 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. /59-рт/
д. Мөн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989-01-27-ны өдрийн № 15-р тоггоолд: 1990 онд зарласан “Мал тарган, сүрэг мэнд” социалист уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн малчид, төлчдийг шагнаж урамшуулсугай. Хавсралтад: З.Жаргал - баярын бичиг, халуун саваар /90-рт/ гэжээ.
6. Гэрч М.Цэцэглэнгийн: “З.Жаргал нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. З.Жаргал бид хоёр Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн сургуульд хамт сурдаг байсан. Би З.Жаргалаас нэг жилийн дараа 1984 онд 8 дугаар ангиа төгсөж байсан. Би 8 дугаар ангиа төгсөөд гэртээ 1 жил орчим байж байгаад Улаанбаатар хотод СОТ-3-ын харьяа барилгын ТМС-д суралцахаар явахад З.Жаргал нь Шинэ-Амьдрал нэгдэлд ажлаа хийж л байсан. Манайх Жаргалын аав Зулай гуайнхтай намайг бага байхаас л айл саахалт байдаг байсан. Намайг 1987 онд сургуулиа төгсөөд ирэхэд З.Жаргал Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж л байсан. Л.Жаргал нь Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 8 дугаар ангиа төгсөөд саальчнаар ажилласнаас хойш тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй уг ажлаа хийж байсныг нь би мэднэ” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ц.Баасанжавын: “Би Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд Халуун ус багийн бага эмчээр 1983 оноос нэгдлийг хувьчлагдах хүртэл, нэгдэл хувьчлагдсаны дараа 2005 он хүртэл Халуун ус багт бага эмчээр ажилласан. Намайг Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багт бага эмчээр ажиллаж байхад З.Жаргал нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оноос Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд Халуун ус багт саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн З.Жаргал нь Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсныг би З.Жаргалтай хамт ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтээр З.Жаргалтай хамт ажиллаж байсан М.Цэцэглэн, Ц.Баасанжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт эх хувиараа авагдсан архивын лавлагаа, магадлагаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч З.Жаргалын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1983.06.17-ны өдрийн 45-р тушаалд: Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж нэгдлийн үйлдвэрлэл дээр ажиллахаар МХЗЭ-ийн илтгээлтээр шилжиж ирсэн залуучуудыг дор дурьдсан ажилд томилсугай. Үүнд: З.Жаргал-Халуун ус бригадад тугалчнаар /48-рт/ гэсэн Архангай аймгийн Архивын албаны 2008 оны 03 сарын 11-ний өдрийн 164 тоот архивын магадлагаа, Чулуут сумын “Шинэ-амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983-10-21-ний өдрийн № 27-р тогтоолд: 1984 онд төлийн штабт гарч ажилласан төлчид штабын бусад бүрэлдэхүүнд олгосон зүйлийг зарлага болгосугай. Хавсралтад: З.Жаргал үзэг 1 ш/138-рт/, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985-12-10-ны өдрийн № 91-р тогтоолд: Нэгдлийн үйлдвэрлэлийн даалгавраар өгөгдсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн малчдын ашиг шимийн төлбөр гарсныг баталсугай: Хавсралтад З.Жаргал 13 кг ааруул /11-рт/, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986-06-30-ны өдрийн №49-р тогтоолд: Гурван үеийн чуулга уулзалтанд оролцогчид 1-р хавсралтын дагуу бэлэг дурсгалын зүйлээр шагнасугай. Үүнд: З.Жаргал–Дурсамж, тэмдэглэлийн дэвтрээр /160-рт/, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988-05-12-ны өдрийн № 28-р тогтоолд: Оны эхний 468-509 эм хонио 3 жил дараалан хорогдолгүй онд оруулсан малчин З.Жаргал 110 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай /59-рт/, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989-01-27-ны өдрийн № 15-р тоггоолд: 1990 онд зарласан “Мал тарган, сүрэг мэнд” социалист уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн малчид, төлчдийг шагнаж урамшуулсугай. Хавсралтад: З.Жаргал - баярын бичиг, халуун саваар /90-рт/ гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2008 оны 06 сарын 20-ны өдрийн 379 тоот архивын магадлагаа, гэрч М.Цэцэглэнгийн “З.Жаргал нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. З.Жаргал бид хоёр Архангай аймгийн Чулуут сумын 8 жилийн сургуульд хамт сурдаг байсан. Л.Жаргал нь Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 8 дугаар ангиа төгсөөд саальчнаар ажилласнаас хойш тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй уг ажлаа хийж байсныг нь би мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баасанжавын “Намайг Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багт бага эмчээр ажиллаж байхад З.Жаргал нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оноос Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд Халуун ус багт саальчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн З.Жаргал нь Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсныг би З.Жаргалтай хамт ажиллаж байсан учир мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул З.Жаргалыг Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд З.Жаргалын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
З.Жаргалын 1984-1991 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын тамгын газрын 2007 оны 05 сарын 08-ны өдрийн 2/65 тоот архивын лавлагаа Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй нь Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 331 тоот албан бичгээр тогтоогддог тул уг лавлагааг үнэн зөв гэж үзээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бээсийнхэн овгийн Зулайн Жаргалыг Архангай аймгийн Чулуут сумын Шинэ амьдрал нэгдэлд малчнаар 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА