| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00382/и |
| Дугаар | 385 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 385
2017 оны 07 сарын 21 өдөр Дугаар 129/ШШ2017/00385 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг, Жаргалант хорооллын 32 тоотод оршин суух Боржгин овгийн Колягийн Бямбажавын /РД:АА66070902/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч К.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 05 сарын 11-ний өдрөөс 1988 оны 04 сар хүртэлх хугацаанд сүү тосны ажилчнаар, 10 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч К.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1975 оноос 1988 оны 04 сар хүртэл сүү тосны заводод ажилчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш Архангай аймгийн Батцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1988 оны 04 сараас өдрөөс 1991 оны 10 сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд ажилтнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 10 сарыг дуустал ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.Бямбажав нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 сар хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Завод, тасгийн бэлтгэл ажлыг хангах, нүүдэллэх график ажилчдыг 1, 2-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: 1981 оны завод тасаг ээдэмцэрт ажиллах хүмүүст: Тосны тасаг-I, Бямбажав, тосны ажилчин, нас-33, эм, завод тасагт хэдэн жил ажиллаж байгаа-7 гэсэн “1981 оны тасаг заводын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 05 сарын 11-ний өдрийн 36 тоот тогтоол,
1.2. “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 12 сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолын хавсралтанд: Бямбажав гэжээ,
1.3. Коля овогтой Бямбажавыг цэвэрлэгчийн орон тоон дээр түр хугацаагаар 1988 оны 4-р сарын 7-ноос эхлэн ажиллуулсугай гэсэн “Ажилд түр томилох тухай” 1988 оны 04 сарын 12-ны өдрийн 41 тоот захирлын тушаал,
1.5. Танай 1989 оны 36 тоот тушаалд Хөдөлмөрийн хуулийн 156, 159-р зүйлүүд, СнЗ-ийн 1977 оны 165-р тогтоол, Үйлдвэрчний хорооны шийдвэрийг үндэслэн цэвэрлэгч К.Бямбажавт 1989 оны 1-р сарын 5-наас 90 хоногийн тэтгэмжтэй чөлөө олгсугай гэснийг Хянавал: Бямбажавт ямар учраас тэтгэмжтэй чөлөө олгосон нь ойлгогдохгүй байна.... гэсэн “Тушаал зөвтгүүлэх тухай” Архангай аймгийн прокурорын 4-р хэсгийн 1989 оны 12 сарын 06-ны өдрийн 4/27 дугаар прокурорын эсэргүүцэл,
1.6. Хичээлийн байрын цэвэрлэгч К.Бямбажавын жирэмсний амралт тэтгэмжтэй чөлөө дуусах хүртэл хугацаанд Д.Эрдэнэжаргалыг хичээлийн байрны цэвэрлэгчийн орон тоон дээр 3 сарын хөдөлмөрийн гэрээтэй ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 сарын 22-ны өдрийн 08 тоот тушаал,
2. Коля овогтой Бямбажавын Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1985 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 472 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Д.Доржсүрэнгийн: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1975 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1981 оны зун төв рүү орж сүү тосны заводод ажилчинаар ажиллахад К.Бямбажав нь тус заводод ажилчнаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн би К.Бямбажавтай Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводод ажилчнаар 1988 он хүртэл ажилласан. Бид сүү тосны заводод сүү машиндаж цөцгий болон ааруул боловсруулдаг байсан. Би 1988 оноос Улаан туг нэгдлийн Баян-Уул бригадад мал малласан бөгөөд 1988 оноос К.Бямбажавыг ямар ажил хийснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Лхамрагчаагийн: “Би 1988 онд Дарханы ТМС-ийн тогоочийн анги төгсөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд тогоочоор ажилд ороход К.Бямбажав нь тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан. Би 1988 оноос эхлэн 1991 он хүртэл К.Бямбажавтай Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд хамт ажиллаад К.Бямбажав ажлаасаа гарсан. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд тогоочоор 1988 оноос 2001 он хүртэл ажилласан. Би К.Бямбажавтай нэг сургуульд хамт ажиллаж байсан учир түүнийг 1988 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч Ж.Баярсайханы: “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1972 оноос нэгдлийн үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байгаад 1972 онд Шаамарын ТМС-д трактор, комбайны 10 сарын курст суралцаж төгсөж ирээд 1973 онд цэрэгт явсан. 1976 онд цэргээс халагдаж ирээд Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Нэгдэл тарсны дараа 1991 оноос 1995 он хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд тракторын жолоочоор ажилласан. Намайг Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад К.Бямбажав нь тус нэгдэлд 1981 оноос эхлэн сааль сүүний үеэр сүү тосны заводад ажилчнаар, өвлийн цагт чанар тордлогын цехэд ажилчнаар ажиллаж, уг ажлаа 1988 он хүртэл хийж, 1988 оноос Батцэнгэлд сумын сургуульд үйлчлэгчээр ажилласан. К.Бямбажав нь намайг 1991 онд Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд тракторын жолоочоор ажилд ороход тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж л байсан. Би К.Бямбажавтай Батцэнгэлд сумын Улаан туг нэгдэлд болон Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд хамт ажиллаж байснаас гадна түүний аав Коля нь Улаантуг нэгдэлд техникийн нярав, колонкийн эрхлэгчээр ажилладаг байсан учир би К.Бямбажавын ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Батцэнгэл сумын 10 жилийн сургууль, захирлын тушаал гэсэн 1 хавтас 111 хуудас баримт байв. Баримтын эхэлсэн огноо 1987-09-04, дууссан огноо 1988-06-22 гэжээ. Уг баримтыг 43 дугаар хуудсанд: “Ажилд түр томилох тухай” 1988 оны 04 сарын 12-ны өдрийн 41 тоот захирлын тушаал байх бөгөөд уг хуулбартай адил тушаалын толгой байхгүй байв. Тушаалын тамга нь тод дарагдсан бөгөөд БНМАУ Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль гэсэн бичигтэй байв гэсэн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч К.Бямбажавын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Доржсүрэн, Ц.Лхамрагчаа, Ж.Баярсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч К.Бямбажавын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар ажиллаж байсан нь “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 12 сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоол, Коля овогтой Бямбажавын Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа 1985 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 472 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Д.Доржсүрэн, Ж.Баярсайхан нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар,
Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 сар хүртэл ажиллаж байсан Коля овогтой Бямбажавыг цэвэрлэгчийн орон тоон дээр түр хугацаагаар 1988 оны 4-р сарын 7-ноос эхлэн ажиллуулсугай гэсэн “Ажилд түр томилох тухай” 1988 оны 04 сарын 12-ны өдрийн 41 тоот захирлын тушаал, “Тушаал зөвтгүүлэх тухай” Архангай аймгийн прокурорын 4-р хэсгийн 1989 оны 12 сарын 06-ны өдрийн 4/27 дугаар прокурорын эсэргүүцэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 сарын 22-ны өдрийн 08 тоот тушаал, гэрч Ц.Лхамрагчаагийн “Би 1988 онд Дарханы ТМС-ийн тогоочийн анги төгсөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд тогоочоор ажилд ороход К.Бямбажав нь тус сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан. Би 1988 оноос эхлэн 1991 он хүртэл К.Бямбажавтай Архангай аймгийн Батцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд хамт ажиллаад К.Бямбажав ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Баярсайханы “Намайг Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад К.Бямбажав нь тус нэгдэлд 1981 оноос эхлэн сааль сүүний үеэр сүү тосны заводад ажилчнаар, өвлийн цагт чанар тордлогын цехэд ажилчнаар ажиллаж, уг ажлаа 1988 он хүртэл хийж, 1988 оноос Батцэнгэлд сумын сургуульд үйлчлэгчээр ажилласан. К.Бямбажав нь намайг 1991 онд Батцэнгэл сумын 10 жилийн дунд сургуульд тракторын жолоочоор ажилд ороход тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж л байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуульд үйлчлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 10 сарыг дуустал ажиллаж байсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагч К.Бямбажавын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл ажиллаж байсан нь түүний “би Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд ажилтнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл тосны заводад ажилчнаар ажилласан” гэх тайлбар, гэрч Д.Доржсүрэнгийн “Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1975 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1981 оны зун төв рүү орж сүү тосны заводод ажилчинаар ажиллахад К.Бямбажав нь тус заводод ажилчнаар ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн би К.Бямбажавтай Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводод ажилчнаар 1988 он хүртэл ажилласан. Бид сүү тосны заводод сүү машиндаж цөцгий болон ааруул боловсруулдаг байсан. Сүү тосны заводын дарга Цогт 1988 онд нас барсны дараа тус тасгийн зарим ажилчид ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Баярсайханы “Намайг Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад К.Бямбажав нь тус нэгдэлд 1981 оноос эхлэн сааль сүүний үеэр сүү тосны заводад ажилчнаар, өвлийн цагт чанар тордлогын цехэд ажилчнаар ажиллаж, уг ажлаа 1988 он хүртэл хийсэн” гэх мэдүүлэг, зэргээр тогтоогдож байна.
Иймд К.Бямбажавын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овгийн Колягийн Бямбажавын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 06 сараас 1988 оны 04 сар хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд цэвэрлэгчээр 1988 оны 04 сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА