| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00360/и |
| Дугаар | 377 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 377
2017 оны 07 сарын 19 өдөр Дугаар 129/ШШ2017/00377 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багийн Нарангийн тээл гэх газар оршин суух Баатуд овгийн Мишкагийн Долгорсүрэнгийн /РД:АЯ67072960/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1986 оны 06 сарын 30-наас 1992 он хүртэл Тунгалаг тамир хоршоололд орж ажилласан, 1992 оноос 1994 оны 12 сарын 30 хүртэл “Хойд тамир” ХК-д ажилласан жилийг тогтоолгох хүсэлттэй байна гэжээ
Хүсэлт гаргагч М.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоонд 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл хүртэл, Тунгалаг тамир ХК-д 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан. Би өөр газар шилжиж ажиллаж байгаагаагүй. Би 50 настай, 4 хүүхэдтэй учир тэтгэвэрт орох гэж байгаа. Миний хөдөлмөрийн дэвтэр тамга буруу дарагдсан зөрчилтэй болоод шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоонд ногоочноор 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл хүртэл, Тунгалаг тамир ХК-д ногоочноор 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Долгорсүрэн нь Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд ногоочноор 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь Тунгалаг тамир хувьцаат компанид ногоочноор 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... Хувийн хэрэг, хөдөлмөрийн дэвтэр цэгцлэх график, энэ ажилд оролцох хүмүүсийн нэрсийг намын үүрийн зөвшөөрснөөр баталж нэрсийг хавсаргав. Хавсралтанд /хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэргийг ногоочид, тэжээл бэлтгэгчид/ М.Долгорсүрэн гэсэн “Комисс томилох тухай” Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын даргын 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тушаал,
1.2. Нарийн ногоочин Мишка овогтой Долгорсүрэнг өөрийн нь хүсэлтийн дагуу 1994 оны 04 сарын 01-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Тунгалаг тамир хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 04 сарын 14-ний өдрийн 21 тоот тушаал,
2. Мишкагийн Долгорсүрэнгийн Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байхдаа 1987, 1988, 1989, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 304 тоот цалингийн тодорхойлолт,
3. 1983 оны 10 сараас 1990 оны 12 сарыг дуустал төлж байснаас 1986 оны 09 сараас 1987 оны 12 сарыг дуустал, 1988 оны 3 сараас 1990 оны 12 сарыг дуустал цалингаасаа татвар төлж байсныг тэмдэглэсэн Мишкагийн Долгорсүрэнгийн 634549 тоот үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх,
4. Мишкагийн Долгорсүрэнгийн Тунгалаг тамир хоршоололд ногоочноор ажиллаж байхдаа 1992 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 367 тоот цалингийн тодорхойлолт,
5. Гэрч Р.Нарантуяагийн: “Би Архангай аймгийн ТМСургуулийг 1984 онд төгсөөд илгээлтээр гарч Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд ногоочноор ажиллаж эхэлсэн. Намайг Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байхад М.Долгорсүрэн нь 1986 онд манай хоршоонд ногоочноор ирж, бид Тунгалаг тамир хоршооллыг хувьчлагдах хүртэл хамт ажилласан. Тунгалаг тамир хоршоолол хувьчлагдаж хувьцаат компани болж би ажлаасаа гарсан. М.Долгорсүрэн Тунгалаг тамир хувьцаат компанид шилжин ажилласан. Бид нарийн ногооны бригадад ажиллаж лууван, манжин, байцаа, сонгино, сармис зэргийг тариалдаг байсан. Би М.Долгорсүрэнтэй хамт Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд ногоочноор 1986 оноос тус хоршоог хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Я.Чулуун-Эрдэнийн: “Би 1984 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Тунгалаг тамир хоршооллын туслах үйлдвэрт ажиллаж байгаад сүүлдээ жолоочоор ажилласан. Намайг Тунгалаг тамир хоршооллын туслах үйлдвэрт ажиллаж байхад М.Долгорсүрэн нь 1986 онд тус хоршоонд ногоочноор ирж ажиллаж, уг ажлаа тус хоршоог хувьчлагдах хүртэл хийсэн. Тунгалаг тамир хоршоолол нь Тунгалаг тамир ХК болон Хойд тамир ХК болон 2 хуваагдахад М.Долгорсүрэн бид 2 Тунгалаг тамир ХК-д шилжин ажиллаж, би 2000 он хүртэл ажилласан. М.Долгорсүрэнг Тунгалаг тамир ХК-иас хэзээ гарсныг нь би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
7. Гэрч Р.Нарантуяаг Тунгалаг тамир хоршооллын Намын үүр, зөвлөлөөс шагнасан 1988 оны 12 сарын 17-ны өдрийн баярын бичиг,
1986 оны 06 сарын 30-ны өдөр Тунгалаг тамир хоршоололд ногоочноор томилон ажиллуулав, Тунгалаг тамир хоршооллын даргын 1986 оны 06 сарын 30-ны өдрийн 59-р тогтоолоор; 1994 оны 12 сарын 30-ны өдөр Хойд тамир хувьцаат компаниас өөрийн хүсэлтээр гарч буй тул ногоочноос чөлөөлөв, ХТХК-ий захирлын 1994 оны 12 сарын 30-ны өдрийн 71-р тогтоолоор гэсэн бичилт Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоолол гэсэн тамга бүхий М.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч М.Долгорсүрэнгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Р.Нарантуяа, Я.Чулуун-Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт, үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч М.Долгорсүрэнгийн Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд ногоочноор 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл ажиллаж байсан нь 1983 оны 10 сараас 1990 оны 12 сарыг дуустал төлж байснаас 1986 оны 09 сараас 1987 оны 12 сарыг дуустал, 1988 оны 3 сараас 1989 оны 12 сарыг дуустал цалингаасаа татвар төлж байсныг тэмдэглэж, тэмдэг дарж баталгаажуулсан Мишкагийн Долгорсүрэнгийн 634549 тоот үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир хоршооллын даргын 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 тоот тушаал, Мишкагийн Долгорсүрэнгийн Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байхдаа 1987, 1988, 1989, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 304 тоот, 1992 онд авч байсан цалинг түүвэрлэсэн 367 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Р.Нарантуяагийн “Намайг Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байхад М.Долгорсүрэн нь 1986 онд манай хоршоонд ногоочноор ирж, бид Тунгалаг тамир хоршооллыг хувьчлагдах хүртэл хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Я.Чулуун-Эрдэнийн “Намайг Тунгалаг тамир хоршооллын туслах үйлдвэрт ажиллаж байхад М.Долгорсүрэн нь 1986 онд тус хоршоонд ногоочноор ирж ажиллаж, уг ажлаа тус хоршоог хувьчлагдах хүртэл хийсэн” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоонд 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл ажилласан” гэх тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэргээр,
Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Тунгалаг тамир хувьцаат компанид ногоочноор 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь гэрч Р.Нарантуяагийн “Тунгалаг тамир хоршоолол хувьчлагдаж хувьцаат компани болсны би ажлаасаа гарсан. М.Долгорсүрэн Тунгалаг тамир хувьцаат компанид шилжин ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Я.Чулуун-Эрдэнийн “Тунгалаг тамир хоршоолол нь Тунгалаг тамир ХК болон Хойд тамир ХК болон 2 хуваагдахад М.Долгорсүрэн бид 2 Тунгалаг тамир ХК-д шилжин ажиллаж, би 2000 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, Нарийн ногоочин Мишка овогтой Долгорсүрэнг өөрийн нь хүсэлтийн дагуу 1994 оны 04 сарын 01-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Тунгалаг тамир хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 04 сарын 14-ний өдрийн 21 тоот тушаал, хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн “би Тунгалаг тамир ХК-д 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр ногоочиноор ажиллаж байсан” гэх тайлбараар тогтоогдож байх тул М.Долгорсүрэнг Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд ногоочноор 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь Тунгалаг тамир хувьцаат компанид ногоочноор 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатуд овгийн Мишкагийн Долгорсүрэнг Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг тамир хоршоололд ногоочноор 1986 оны 06 сарын 30-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь Тунгалаг тамир хувьцаат компанид ногоочноор 1992 оны 06 сараас 1994 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА